Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 883

 

 

 

 

 

 

      2019          10           24                                      2019/ШЦТ/883

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч: Э.Д өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Болдгор овогт Энхбаатарын Доржнамжинд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905038101079 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүний нөөц мэргэжилтэй, __ ХХК-нд борлуулалтын менежер ажилтай, ам бүл 1, __ тоотод оршин суух бүртгэлтэй боловч __ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ___ тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 24 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Стелла нэртэй баарны орчим Д.Б-ыг маргааны улмаас нүүр, толгой хэсэгт цохиж хуйханд шарх, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...гэв.

Хохирогч Д.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ колонк болон Ефес худалдааны төвийн урдаас 2 залуу гар өргөхөөр нь аваад хашаа явах уу гэтэл 10 хороолол бааранд орно гэхээр нь туслах замаар ороод явж байтал намайг машинаа тавьчих, бааранд оръё гээд байхаар нь би чадахгүй эхнэр, хүүхэд хүлээж байгаа гэж яриад 1 км хүрэхгүй газар яваад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла баарны үүдэнд ирээд зогстол хамгаалагч нь үүдэнд зогсохгүй гэхээр нь би буцаж эргээд баарны урд зогсоод хойшоогоо эргээд хартал ах нь гэх залуу миний уруул руу гараараа нэг удаа цохихоор нь би машинаасаа буугаад надтай барьцалдаад авахад хамт явж байсан дүү нь дундуур орж салгах гэж байхад гартаа барьж байсан утсаараа миний толгой руу 2-3 удаа цохитол толгойноос цус гартал өөрөө холдчихсон. ...Миний биед учирсан гэмтлийн бүгдийг нь ах нь гэх хүрэмтэй залуу машин дотор эргээд харахад уруул руу гараараа нэг удаа цохиж уруул язалсан. Машинаас буугаад барьцалдах үед толгой руу утсаараа 2-3 удаа цохиж толгой хагалсан. ...Э.Д надаас уучлалт гуйн миний эмчилгээний зардалд 400.000 төгрөгийг гарган өгч бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо ямар нэг маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Гэрч С.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Машин дотор нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон. Мөн машинаас буугаад цонхоор нь нэг удаа цохьсон. Сүүлд нь утсаараа толгой руу нь 2 удаа цохьсон. Уруул болон толгойноос нь цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

Шинжээчийн 11386 тоот дүгнэлтэд: “...Д.Б-ы биед хуйханд шарх, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарханд анхдагч цэгцлэлт хийгдсэн тул ямар зүйлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

Яллагдагчаар Э.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Батсайханы биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Толгой руу нь гар утсаараа цохьсон. Нүүрэн дэх гэмтлийг нь гараар цохиж учруулсан. ...Би Батсайхан ахаас уучлалт гуйн эмчилгээний зардал болох 400.000 төгрөгийг бэлнээр өгч бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо ямар нэгэн маргаангүй болсон тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 22-27/, хохирогчийн хүсэлт /хх-н 42/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 24 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Стелла нэртэй баарны орчим Д.Б-ыг шалтгаангүйгээр нүүр, толгой хэсэгт цохиж хуйханд шарх, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Д-гийн: “...баарны урд зогсоод хойшоогоо эргээд хартал ах нь гэх залуу миний уруул руу гараараа нэг удаа цохихоор нь би машинаасаа буугаад надтай барьцалдаад авахад хамт явж байсан дүү нь дундуур орж салгах гэж байхад гартаа барьж байсан утсаараа миний толгой руу 2-3 удаа цохитол толгойноос цус гартал өөрөө холдчихсон. ...Миний биед учирсан гэмтлийн бүгдийг нь ах нь гэх хүрэмтэй залуу машин дотор эргээд харахад уруул руу гараараа нэг удаа цохиж уруул ялзалсан. Машинаас буугаад барьцалдах үед толгой руу утсаараа 2-3 удаа цохиж толгой хагалсан” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, гэрч С.Б-гийн: “...Машин дотор нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон. Мөн машинаас буугаад цонхоор нь нэг удаа цохьсон. Сүүлд нь утсаараа толгой руу нь 2 удаа цохьсон. Уруул болон толгойноос нь цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, шинжээчийн 11386 тоот дүгнэлтэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Д-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Д нь согтуурсан үедээ хохирогч Д.Б-ыг тодорхой шалтгаангүйгээр гараараа болон гар утсаар толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бичгээр хүсэлт /хх-н 42/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Э.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял,” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Д-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР