Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 882

 

 

 

 

 

 

   2019           10           24                                      2019/ШЦТ/882

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч: Д.Г өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Г-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905036400969 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ___ ХХК-д арматурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт __ тоотод оршин суух, урьд 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 238 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 4 сар 11 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, мөн хугацаагаар хянан харгалзсан, ___ тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хархорин” худалдааны төвийн зогсоолд байрлуулсан ____ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто машин дотор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Э.М-ыг маргааны улмаас нүүрэн тус газар нь цохиж тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаа орчмын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хархорин худалдааны төвийн хажууд барилга дээр ажиллаж байсан. Тухайн үед бариач руу явах гэж байсан. Тэгсэн Э.М ээжид сүү аваачиж өгье гэсэн. Тэгэхээр нь би бариач дуудаад байна, бариач дээр оччихоод хүргэж өгье гэхэд миний ээж хүн биш юм уу гэж уурласан. Тэгээд маргаан болсон. Тэгэхээр нь больё гэхэд миний нүүр рүү маажсан. Толинд харахад нүүр шалбарсан байхаар нь би одоо нүүр мааждаг болсон уу гээд нэг удаа нүүр рүү нь цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хохирогч Э.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр би нөхөр Д.Г-ын хамт Хархорин захын хашаан дотор  машин дотроо явж байгаад манай ээжид цайны сүү аваачиж өгнө, өгөхгүй гэж маргалдсан. Хэрүүл маргаан нь сүүлдээ хүүхэд болон өөр бусад зүйл рүү орсон. Тэгээд би Д.Г-ын нүүр рүү нэг удаа алгадаад хацрыг нь гараараа урсан. Тэгтэл Д.Г- зөрүүлээд миний баруун нүд рүү гараараа цохьсон ...Энэ гэмтлийг миний биед нөхөр Д.Г- учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/,

Шинжээчийн 10969 тоот дүгнэлтэд: “...Э.М-ын биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаа орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 18/,

Яллагдагчаар Д.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна ...2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр эхнэр Э.М-ын хамт Хархорин захаас машинтайгаа гарч явсан юм. ...Мөнхзул уурлаж бид хоёр маргалдсан. Тэгтэл Мөнхзул миний нүүрийг маажихаар нь би зөрүүлээд Мөнхзулын нүүр рүү гараараа нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 41/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, компьютерт томографийн оношилгоо /хх-н 11/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 29-35, 45-49/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хархорин” худалдааны төвийн зогсоолд байрлуулсан ____ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто машин дотор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Э.М-ыг маргааны улмаас нүүрэн тус газар нь цохиж тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаа орчмын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.М-ын: “...2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр би нөхөр Д.Г-ын хамт Хархорин захын хашаан дотор  машин дотроо явж байгаад манай ээжид цайны сүү аваачиж өгнө, өгөхгүй гэж маргалдсан. Хэрүүл маргаан нь сүүлдээ хүүхэд болон өөр бусад зүйл рүү орсон. Тэгээд би Д.Г-ын нүүр рүү нэг удаа алгадаад хацрыг нь гараараа урсан. Тэгтэл Д.Г- зөрүүлээд миний баруун нүүр рүү гараараа цохисон ...Энэ гэмтлийг миний биед нөхөр Д.Г- учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/, шинжээчийн 10969 тоот дүгнэлт /хх-н 18/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч Д.Г нь хамтран амьдрагч Э.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г нь хохирогч Э.М-тай маргалдаж, нүүр маажлаа гэх шалтгаанаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.М-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Э.М- нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Д.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Д.Г-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялаас доогуур хэмжээгээр торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Г-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР