| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07074/И |
| Дугаар | 102/ШШ2016/05460 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2016/05460
2016 оны 10 сарын 18 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05460 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Ч.Цэнд би, даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 08 байр, 13 тоотод оршин суух, Тайж нар овогт Цэрэндоржийн Мөнхбаяр /РД-ЧЗ73020921/-ын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18 дугаар байр, 5 тоотод оршин суух, Харчин овогт Чулуунбатын Лхагвачулуун /РД-ЧИ64112508/-д холбогдуулан гаргасан
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,356,790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Ц.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрх-1621/, хариуцагч Ч.Лхагвачулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхбаяр шүүхэд болох шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний түрээслэн ажиллуулдаг барилгын материалын дэлгүүрээс 2014 оны 4 дүгээр сард Ч.Лхагвачулуун 3 удаагийн зээл авалтаар паркетан шал 12,500 төгрөгийн үнэтэйгээс 603,573 м.кв, нийт үнэ нь 7,551,790 төгрөг, 12,800 төгрөгийн үнэтэй паркетан шалнаас 531,641 м.кв, нийт үнэ 6,805,000 төгрөг, бүгд 14,356,790 төгрөгийн бараа материал аваад өнөөдрийг хүртэл зээлээ төлж барагдуулаагүй байна.
Иймд Ч.Лхагвачулуунаас зээлээр өгсөн бараа материалын үнэ болох 14,356,790 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Манай дүүгийн дансанд н.Баттулга паркетны үнэ 2,000,000 төгрөг, н.Батаа ажлын хөлс 2,000,000 төгрөг гэж орж ирсэн байгаа. Хэнээс яаж орж ирсэн баримт байвал би хасахад татгалзах зүйлгүй. Дараа нь ч хасч болно гэв.
Хариуцагч Ц.Мөнхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Мөнхбаяраас 3 удаа зээл авч хүнд өгсөн. Авсан паркетан шал нь хоёр тусдаа эзэнтэй тул миний хувьд өөрөө идэж, ууж ашигласан зүйлгүй. Гэхдээ авсан эзнийг холбогдуулж хохиролгүй болгож өгнө. Миний хувьд энэ хүмүүстэй холбогдоход хугацаа орох байх гомдлыг нь барагдуулахад хугацаа өгөөч. Хоорондоо тохиролцох байх гэж бодож байна.
Паркетан шал авсан хүмүүс 2,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 500,000 төгрөг нийт 3,500,000 төгрөгийг Ц.Мөнхбаярын данс руу шилжүүлсэн гэж надад утсаар хэлсэн.
Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхбаяр нь Ч.Лхагвачулуунаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,356,790 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдааны үеэр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, харин талууд зээл төлөх хугацааны хувьд харилцан тохиролцож байна.
Шүүх хариуцагчийн дээрх зөвшөөрлийг хуульд нийцсэн, бусдын эрхийг хөндөөгүй байна гэж дүгнэлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Лхагвачулуунаас 229,734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнхбаярт буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ц.Мөнхбаярын нэхэмжлэлтэй, Ч.Лхагвачулуунд холбогдох иргэний хэргийн хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлага болох 14,356,790 /арван дөрвөн сая гурван зуун тавин зургаан мянга долоон зуун ерэн/ төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ц.Мөнхбаярт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Лхагвачулуунаас 229,734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнхбаярт буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |