Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 880

 

 

 

 

 

 

    2019          10           24                                     2019/ШЦТ/880

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга:  Н.Зулаа,

Улсын яллагч: Н.Энхболд,

Хохирогч: Б.С , С.А , П.Б ,

Шүүгдэгч: Н.Н, түүний өмгөөлөгч В.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Н-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905027480852 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Н, ___ настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 охины хамт ___ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ___ тоот регистртэй,

Шүүгдэгч Н.Н  нь бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж буюу иргэн Б.С т Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хэлж хуурч 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, бичил хорооллын Хаан банкны салбараас 4.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ____дугаартай дансаар шилжүүлэн авсан, мөн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1.195.000 төгрөгийг бэлнээр, нийт 5.195.000 төгрөгийг залилан авсан,

- 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ____ тоот 2 өрөө орон сууцыг иргэн П.Б т түрээслэнэ гэж хэлж хуурч бэлнээр 5.000.000 төгрөг, 500.000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны _____ дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 5.500.000 төгрөгийг залилан авсан,

- 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ____ тоот 2 өрөө орон сууцыг иргэн Х.М-д түрээслэнэ гэж хэлж хуурч 3.500.000 төгрөгийг Хаан банкны ___ дугаарын дансаар шилжүүлэн авч залилан авсан,

- иргэн С.А т Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хэлж хуурч 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Стандарт цогцолбор хотхоны Хаан банкны салбараас 4.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ____дугаартай дансаар шилжүүлэн авсан, мөн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1.195.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, нийт 5.195.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Н гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч Б.С ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н.Н гэх энэ хүн Солонгос Улс руу виз найдвартай гаргаж өгнө гэхээр нь би түүнд 5.195.000 төгрөг виз гаргуулахаар өгсөн. Тэгээд виз гаргаж өгөхгүй болохоор нь цагдаагийн газарт хандсан.1.500.000 төгрөг авсан. Үлдэгдэл хохирлоо гаргуулж авмаар байна..” гэв.

Хохирогч С.А ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Солонгос Улсын виз гаргуулах гэж байсан. Тэгсэн Н.Н гэх энэ хүн Солонгос Улсын элчинд хэл хариуцсан мэргэжилтэн гээд виз гаргаж өгнө гэхээр нь  5.195.000 төгрөг өгсөн. Одоо надад үлдэгдэл 3.695.000 төгрөг төлөөгүй байгаа...” гэв.

Хохирогч П.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эхнэр бид хоёр 2 өрөө байр түрээслэхээр хайж байгаад 2 өрөө байр түрээслэнэ гэсэн зар байсан. Тэр зарыг хараад Н.Н-тэй холбогдоод тухайн түрээслэнэ гэсэн байрыг очиж үзсэн. Тэгээд бид уг байрыг түрээслэхээр тохиролцож би газар дээр нь 5 сая төгрөгийг бэлнээр Н.Н-д өгсөн. Дараа нь барьцааны 500.000 төгрөг өг гэхээр нь мөн өгсөн. Хохирлоо барагдуулж авсан. Гомдол, саналгүй..” гэв.

Хохирогч Б.С ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Н.Н  гэх хүнтэй бага ангид байхаасаа эхэлж одоог хүртэл найзалж байгаа юм. Бид хоёр Завхан аймгийн Отгон суманд хамтдаа нэгдүгээр ангиасаа эхэлж сурсан. Ер нь холбоотой байдаг байсан. 2019 оны 3 дугаар сарын дундуур манай 10 жилийн ангийнхан маань бага ангийн багштайгаа очиж золгосон. Тэгэхэд багшийндаа Н.Н тэй уулзсан. Багшийндаа  манай ангийнхан хоорондоо ярилцаад байж байхад Н.Н  өөрийгөө Солонгосын элчинд ажилд орсон тэнд ажиллаж байгаа гэж хэлсэн. Манай найз болох С.А  бид хоёр Н.Н гээр Солонгос улсад гэрээгээр ажиллах виз гаргуулах сонирхолтой байсан учраас Н.Н тэй холбогдсон. Н.Н  хэлэхдээ гэрээгээр ажиллах виз 6.000.000 сая төгрөгөөр гарна. Би элчинд өөрөө хэлний шалгалтын хэсэгт нь ажилладаг, хэлний шалгалт бол 2.000.000 төгрөг байдаг гэхдээ би тэрийг нь өөрөө аргалаад өгье гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа буюу 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би Н.Н гийн данс руу 4.000.000 төгрөгийг БГД-ийн Бичил хорооллын хаан банкнаас шилжүүлсэн. 4.000.000 төгрөг өгсөнөөс хойш Н.Н  нь заримдаа холбоотой байж байгаад 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 98124788 гэсэн дугаараас миний 98112091 гэсэн дугаар руу С.А  та хоёрын виз гарсан гэж мессэж бичсэн байсан. Би мессэж уншаад Н.Н  рүү залгасан.  Н.Н  рүү залгаж ярихад 2019 оны 6 дугаар сарын 25-нд ниснэ шүү гэсэн. Би тэр үед Завхан аймагт байсан. Тэр өдөр нь баасан гараг байсан. Би Н.Н тэй яриад Завханаас Улаанбаатар хот руу гараад ням гарагийн орой ирээд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр болох даваа гарагт Н.Н тэй уулзсан. Н.Н тэй 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Солонгос элчингийн баруун талд байрлалтай Хоум плазагийн АТМ-нээс 1.195.000 төгрөг өгсөн байсан. Н.Н  надаас мөнгө авчихаад Солонгос элчин рүү ороогүй өнгөрөөд явчихсан. Тэрийг нь манай найз бид хоёр харж байсан болохоор Н.Н  рүү буцаагаад залгатал утсаа авахгүй байсан. Надаас мөнгө авсан өдрөөсөө хойш Н.Н  нь утсаа авахгүй байнга тасалдаг, залгаад байхаар авахгүй хариуд нь дандаа мессэж бичдэг. Одоо бол утсаа тасална, ганц нэг мессэж бичдэг...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 14-15, 192/,

Хохирогч С.А ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны хавар 10 жилийн ангийн багштайгаа уулзах гээд би С , Н.Н-, Алтангэрэл бид дөрөв хамт очсон юм. Тэр үед хоорондоо ярилцаад сууж байхад Н.Н нь өөрийгөө Солонгос улсын элчин сайдын яамны хэл хариуцсан мэргэжилтнээр ажилладаг гэж ярьсан. Маргаашнаас эхлээд С  бид хоёр Н.Н-тэй утсаар холбогдож ярьж эхэлсэн. Н.Н Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хэлж байсан. Н.Н Солонгос улсын виз гаргаж өгөхөд 4.000.000 төгрөг болно гэж хэлж байсан. Тэгээд Н.Н-тэй ярилцаж байгаад С  бид хоёр виз гаргуулахаар хөөцөлдөж эхлээд би 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эхнэр Сансарнямын цалингийн зээл, хадам аав болох Эрдэнтунгалагийн группийн зээлийг аваад 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянхошууны Жанцанд байрлах Хаан банкны теллерээс бэлнээр 5225336586 гэсэн Нанзаддоржийн Н.Н эзэмшигчтэй дансанд 4.000.000 төгрөг анх шилжүүлсэн. 2019 оны 5 дугаар сарын 21-ний 11:00 цагийн орчим өөрийн эхнэр Сансарнямын интернэт банкийг ашиглан Н.Н-гийн 5225336586 гэх данс руу 1.195.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 18-19, 189-190, 200-201/,

Хохирогч П.Б ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би одоогоор Улаанбаатар хотод эхнэр, хүүхдийн хамт түрээсийн орон сууцанд амьдарч хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа юм. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Фэйсбүүк дээрээс “Баянгол дүүрэгт 2 өрөө тавилгатай орон сууц удаан хугацаагаар түрээслэнэ” гэсэн зарын дагуу холбогдож байрыг нь үзэхээр болж 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 89104888 дугаарын утсаар Н.Н гэх эмэгтэйтэй холбогдож Модны 2-т байх орон сууцыг нь үзэж хараад, байранд нь нэг жилийн хугацаатай орохоор болсон юм. Ингээд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 83Б байрны 70 тоот орон сууцанд тэр охин түрээсийн гэрээ гаргаж ирээд би тэр байран дотор бэлэн 5 сая төгрөг буюу 1 жилийн төлбөрөө төлөөд түлхүүрээ аваад явсан. Тэгээд тавилганы барьцааны үнэ 500.000 төгрөг гэхээр нь би удахгүй өгье гэж хэлсэн юм. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс хойш тухайн байрандаа амьдарч байгаа бөгөөд тэр өдрийн орой барьцааны 500.000 төгрөгөө шилжүүлээрэй гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах Айраг худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс тэр хүний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд амьдарч байтал 07 дугаар сарын 12-ны өдрийн орой нэг хүн ирээд би бас наад байрыг чинь түрээсэлсэн байсан юм. Би тэр хүнд 3.5 сая төгрөг өгчихсөн гээд бөөн хэл ам болоод байрны жинхэнэ эзэн Н.Н гэгчтэй уулзахад би энэ байрыг 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл түрээсэлсэн байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 118-119/,

Хохирогч Х.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 20-ноос хойшоо байр түрээслэхээр хайгаад Үнэгүй.мн сайтнаас 2 өрөө тавилгатай байр байна гэхээр нь би тухайн зарын дагуу 89104888 гэсэн дугаартай холбогдож байгаад тухайн байрыг үзсэн. Тухайн байрыг үзүүлсэн Н.Н гээд байгаа эмэгтэй өөрийгөө эзэн нь гэж хэлж байсан. Тэгээд одоогоор өөр хүн түрээслээгүй байгаа гэхээр нь би түрээслэхээр болоод Н.Н-гийн хаан банкны 5225336586 гэсэн дугаарын дансруу 6 сарын түрээсийн мөнгө болох 3.500.000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлэн өгөөд түлхүүрээ авсан. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед очиход дотроо айлтай байсан ба тухайн байрны эзэн нь гэх залуутай уулзахад би энэ байрыг 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс түрээсэлсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 157-158/,

Яллагдагчаар Н.Н гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би анх өөрөө Сарантуяа гэдэг хүнээр зуучлуулж явах гэж байгаа тухайгаа С.А , Б.С  нарт хэлсэн. Тэгээд тэр хоёр надтай хамт явна гээд над руу мөнгөө шилжүүлсэн ...Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, би бусдад учруулсан хохирлоо бүгдийг нь нөхөн төлөх болохоор хөнгөн шийдэж өгөхийг хуулийн байгууллагын хүмүүсээс хүсье...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 224,232/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 5, 82, 148/, хохирогч нарын өргөдөл /хх 1-н 6, 83, 149, 186-187/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 26-28, 69-72, 100-102, 136-139, 169-173, 233-237, 2-н 66-70/, Орон сууц хөлслөх гэрээ /хх 1-н 88-89/, мөнгө шилжүүлсэн баримт /хх 1-н 8, 205, 204/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 98-99, 2-н 1-/, хэргийг харъяаллын дагуу шилжүүлсэн прокурорын тогтоол /хх 1-н 141-142/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 1-н 180, 2-н 62/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Н.Н  нь бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж буюу иргэн Б.С т Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хэлж хуурч 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо бичил хорооллын Хаан банкны салбараас 4.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ____дугаартай дансаар шилжүүлэн авсан, мөн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1.195.000 төгрөгийг бэлнээр, нийт 5.195.000 төгрөгийг залилан авсан,

- 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ____ тоот 2 өрөө орон сууцыг иргэн П.Б т түрээслэнэ гэж хэлж хуурч бэлнээр 5.000.000 төгрөг, 500.000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны ____ дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 5.500.000 төгрөгийг залилан авсан,

- 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ____ тоот 2 өрөө орон сууцыг иргэн Х.М-д түрээслэнэ гэж хэлж хуурч 3.500.000 төгрөгийг Хаан банкны ____ дугаарын дансаар шилжүүлэн авч залилан авсан,

- иргэн С.А т Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хэлж хуурч 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Стандарт цогцолбор хотхоны Хаан банкны салбараас 4.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ____дугаартай дансаар шилжүүлэн авсан, мөн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1.195.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, нийт 5.195.000 төгрөгийг тус тус залилан авсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.С ын: “...Н.Н  өөрийгөө Солонгосын элчинд ажилд орсон тэнд ажиллаж байгаа гэж хэлсэн. Манай найз болох С.А  бид хоёр Н.Н гээр Солонгос улсад гэрээгээр ажиллах виз гаргуулах сонирхолтой байсан учраас Н.Н тэй холбогдсон. Н.Н  хэлэхдээ Гэрээгээр ажиллах виз 6.000.000 сая төгрөгөөр гарна. Би элчинд өөрөө хэлний шалгалтын хэсэгт нь ажилладаг, хэлний шалгалт бол 2.000.000 төгрөг байдаг гэхдээ би тэрийг нь өөрөө аргалаад өгье гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа буюу 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би Н.Н гийн данс руу 4.000.000 төгрөгийг БГД-ийн Бичил хорооллын хаан банкнаас шилжүүлсэн. 4.000.000 төгрөг өгсөнөөс хойш Н.Н  нь заримдаа холбоотой байж байгаад 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ____ гэсэн дугаараас миний 98112091 гэсэн дугаар руу С.А  та хоёрын виз гарсан гэж мессэж бичсэн байсан. ...Н.Н тэй 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Солонгос элчингийн баруун талд байрлалтай Хоум плазагийн АТМ-с 1.195.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15, 192/, хохирогч С.А ын: “...Н.Н нь өөрийгөө Солонгос Улсын элчин сайдын яамны хэл хариуцсан мэргэжилтнээр ажилладаг гэж ярьсан. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянхошууны Жанцанд байрлах Хаан банкны теллерээс бэлнээр _____ гэсэн Н.Н эзэмшигчтэй дансанд 4.000.000 төгрөг анх шилжүүлсэн. 2019 оны 5 дугаар сарын 21-ний 11:00 цагийн орчим өөрийн эхнэр Сансарнямын интернэт банкийг ашиглан Н.Н-гийн 5225336586 гэх данс руу 1.195.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19, 189-190, 200-201/, Хохирогч П.Б ийн: “...Фэйсбүүк дээрээс “Баянгол дүүрэгт 2 өрөө тавилгатай орон сууц удаан хугацаагаар түрээслэнэ” гэсэн зарын дагуу холбогдож байрыг нь үзэхээр болж Н.Н гэх эмэгтэйтэй холбогдож Модны 2-т байх орон сууцыг нь үзэж хараад, байранд нь нэг жилийн хугацаатай орохоор болсон юм. Ингээд Баянгол дүүргийн 18 дугаар хороо 83Б байрны 70 тоот орон сууцанд тэр охин Түрээсийн гэрээ гаргаж ирээд би тэр байран дотор бэлэн 5 сая төгрөг буюу 1 жилийн төлбөрөө төлөөд түлхүүрээ аваад явсан. Тэгээд тавилганы барьцааны үнэ 500.000 төгрөг гэхээр нь би удахгүй өгье гэж хэлсэн юм. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс хойш тухайн байрандаа амьдарч байгаа бөгөөд тэр өдрийн орой барьцааны 500.000 төгрөгөө шилжүүлээрэй гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах Айраг худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс тэр хүний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 118-119/, Хохирогч Х.М-гийн: “...Би Үнэгүй.мн сайтнаас 2 өрөө тавилгатай байр байна гэхээр нь би тухайн зарын дагуу 89104888 гэсэн дугаартай холбогдож байгаад тухайн байрыг үзсэн. Тухайн байрыг үзүүлсэн Н.Н гээд байгаа эмэгтэй өөрийгөө эзэн нь гэж хэлж байсан. Тэгээд одоогоор өөр хүн түрээслээгүй байгаа гэхээр нь би түрээслэхээр болоод Н.Н-гийн хаан банкны 5225336586 гэсэн дугаарын дансруу 6 сарын түрээсийн мөнгө болох 3.500.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлэн өгөөд түлхүүрээ авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 157-158/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, орон сууц хөлслөх гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Н гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Н  нь Солонгос Улсын виз гаргах болон түүнд зуучлах ямар нэгэн эрхгүй, өөрт нь ямар нэгэн боломжгүй байгааг мэдсээр байж виз гаргаж өгнө гэж хэлэн бэлнээр болон дансаар хохирогч Б.С , Б.А  нараас тус бүр 5.195.000 төгрөг залилан авсан, мөн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ____ тоот 2 өрөө орон сууцыг өөрөө  түрээслэн сууж байхдаа бусдад өөрийн байраа түрээслэнэ гэж хэлэн хуурч хохирогч П.Б ээс 5.500.000 төгрөг, хохирогч Х.М-гаас 3.500.000 тус тус залилан авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Түүнчлэн, Солонгос улсад зорчих визийг тухайн орны Элчин сайдын яамнаас олгодог байхад шүүгдэгч нь тухайн улсад зорчих виз гаргаж өгнө гэсэн нь анхнаасаа хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч П.Б , Х.М- нар нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирлын мөнгөө авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогч П.Б , Х.М- нарт төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь хохирогч Б.А , Н.С  нарт тус бүр 1.500.000 төгрөг өгсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд үлдэгдэл хохирол болох 7.390.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.А т 3.695.000 төгрөг, хохирогч Н.С т 3.695.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Н.Н г гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Н.Н гийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Шүүгдэгч Н.Н  нь шүүх хуралдаанд хохирогч нарын хохирлыг 11 дүгээр сард багтааж төлөхөө илэрхийлсэн хүсэлтийг бичгээр болон мэдүүлгээрээ илэрхийлсэн болно.

  Иймд шүүхээс шүүгдэгч Н.Н гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, бага насны 2 хүүхэдтэй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь бага насны хоёр хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал, мөн хохирогч Б.А , Н.С  нарын хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй тул түүний өмгөөлөгчийн торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн хүн хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Н.Н д ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 1908034061223, 1908038030853, 1905030160858 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь 02 хоног шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Н-г “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н д хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Н.Н гийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, 1908034061223, 1908038030853, 1905030160858 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь 02 хоног баривчлагдсан болохыг дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н гээс нийт 7.390.000 төгрөг гаргуулж хохирогч Б.А т 3.695.000 төгрөг, Н.С т 3.695.000 төгрөг тус тус олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР