Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 5158

 

2016 оны 09 сарын 21 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05158

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нью майнд төв /New mind/ 205 тоотод байрлах, “Арбаян шанд” ХХК /РД: 2892413/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, АОС 3-3 тоотод байрлах, “Солонгоженко” ХХК /РД: 5710995/,

 

Хариуцагч: БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/-д холбогдох,

 

120 959 820 төгрөг гаргуулах, Пажеро маркийн УНЧ 92-02 улсын дугаартай автомашины 10 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани”-ийн 65 498 955 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дэлгэрмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чой Чун Нам /Choe Chun Nam/, орчуулагч З.Эрдэнэсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК-ийн төлөөлөгч С.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Арбаяншанд” ХХК нь БНАСАУ-ын Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/-тай 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулан 2013 оны 11 дүгээр сараас эхлэн Солонгос ажилчдыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ”И СИ СИ” ХХК-ийн барилгын ажилд ажиллуулж эхэлсэн. Гэтэл БНАСАУ-ын Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/ нь хууль болон гэрээгээ зөрчин 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрүүдэд ажилчдаа ажилд гаргалгүй авч явсны улмаас ажил зогсож, “И СИ СИ” ХХК манайд 1 068 949 төгрөгийн алданги тооцож албан бичиг ирүүлсэн, улмаар 2014 оны 4 дүгээр сарын 15-ны шөнө 04 цагт дахин хийж гүйцэтгэсэн ажлаа орхин явснаас хойш одоог хүртэл ажил зогсонги байдалтай байна. Энэ үйлдлийн улмаас “И СИ СИ” ХХК-тай байгуулсан гэрээ болон бусад барилгын ажлын гэрээний дагуу 23 775 706 төгрөгийн алдангийг Солонгос ажилчдын ажил хаялтаас шалтгаалан төлөхөөр гарч байна. Мөн Солонгос 17 ажилчдыг урих, виз гаргуулах, ХХАА-ны хувцас, ажлын багаж болон бусад зардал, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, Монгол улсад оршин суух зөвшөөрөл авахад манай компаниас 60 669 747 төгрөгний зардал гарсан. Иймд БНАСАУ-ын Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/-ийн хууль зөрчсөн үйлдлийн улмаас манай компанид учирсан нийт хохирол болох 84 445 453 төгрөгийг “Солонго Женко” ХХК болон БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/-иас гаргуулж өгнө үү. Мөн манай компанийн захирал С.Дэлгэрмаагийн нэр дээр бүртгэлтэй Pajero маркийн УНЧ 92-02 улсын дугаарын авто машиныг тус корпорацийн ажилтан авч барьцаалчихаад өгөхгүй байгаа тул уг автомашины үнэ 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК-ийн төлөөлөгч С.Дэлгэрмаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагдаа: Солонгос ажилчид олон удаа дур мэдэн ажлын байр орхин ажил хаяж явсан тул манай компани Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газарт хүсэлт гарган, уг ажилчдыг олуулсан. Миний автомашин худалдан авсан үнэ 15 000 000 төгрөг, “Оффис сервис” ХХК-ийн ажлыг орхин явсан ажлын гүйцэтгэлийн Монгол ажилчдад олгох цалингийн нэхэмжлэл 11 373 492 төгрөг, “Эрэлт Импекс” ХХК-иас ажлын чанарын торгууль 700 000 төгрөг, Солонгос ажилчдад зарцуулсан шатахууны зардал 3 626 250 төгрөг, Солонгос ажилчдын билет урьдчилан захиалсан билетийн төлбөр 67 600 төгрөг, Солонгос ажилчдын буцахад төлсөн билетийн зардал 761 250 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 4 000 000 төгрөг, шүүхийн нэхэмжлэлийн төлбөрт 586 447 төгрөг, нотариатын төлбөрт 60 500 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн төлбөрт 338 828 төгрөг, нийт нэхэмжлэлийн шаардлагыг 36 514 367 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/-ийн төлөөөлөгч Жу Чан Ён шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чой Чун Нам /Choe Chun Nam/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Арбаяншанд” ХХК нь манай компанитай 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрээ хийсний дагуу 15 ажилчин 2013 оны намраас ирсэн. Гэрээний 3.1-д зааснаар “А тал буюу “Арбаяншанд” ХХК нь Б тал буюу солонгос ажиллах хүчийг Монгол Улсын нутаг дэвсгэрт саадгүй үйл ажиллагаа явуулах нөхцлөөр хангаж холбогдох эрх бүхий байгууллагаас ажиллах зөвшөөрлийг авна”, мөн 3.2-т зааснаар “А тал нь Б талын ажиллах хүчний ирэх зардал, оршин суух зардлыг /оршин суух зөвшөрлийн сунгалтын зардлын хамт/ хариуцна”, мөн гэрээний 3.3-т зааснаар “ А тал нь Б талын ажиллах хүчнийг амьдрах нөхцлөөр /байр, дулаан, ус/ болон ажилд хэрэглэгдэх эд зүйлсээр /ажлын хувцас, каск/ хангана” гэж заасан тул нэхэмжлэлийн 60 669 747 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 2013 оны 10 дугаар сараас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээний дагуу харилцан тохиролцож 15 ажилчдын цалин хөлсийг бүрэн хүлээж авсан. Харин 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл манай компанийн 15 ажилчин ямар нэгэн гомдол гаргалгүй хий гэсэн бүх ажлыг нь өдөр шөнөгүй хийсэн боловч нэхэмжлэгч нь биднийг хууран “И Си Си” ХХК нь хөлсөө өгөхгүй байна гэж худал тайлбар өгч бүтэн 108 хоногийн туршид цалингүй ажиллуулсан болох нь тэр “И Си Си” ХХК-ийн инженер н.Лхагвасүрэнгийн өгсөн мэдээллээр тодорхой болсон тул дээрх “И Си Си” ХХК-д төлөх 1 068 949 төгрөгийн алданги болон бусад барилгын ажлын гэрээний дагуу төлөх 23 775 706 төгрөгийн алданги буюу нийт 24 844 659 төгрөгийн алданги тус тус манай компанид огт хамааралгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Автомашиныг манай солонгос ажилчин өөрийн хөрөнгө мөнгөөр худалдан авсныг бичиг баримтыг цэгцлэн өгөх нэрийдлээр С.Дэлгэрмаа өөрийн нэр дээр шилжүүлэн авсан асуудлаар ЦЕГ-ын дэргэдэх Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт гаргасан гомдолд эрүүгийн хэрэгт холбогдогчоор С.Дэлгэрмаа тогтоогдон мөрдөн шалгагдаж байгаа. Энэ машиныг манай ажилчин Рю Мён Нам худалдан авсан бөгөөд дэргэд нь байсан Жан Ён Шиг энэ талаар гэрчилнэ. Эхний нэхэмжлэлд 10 000 000 төгрөг гэж нэхэмжилсэн байснаа одоо 15 000 000 төгрөг болгож нэмэгдүүлснийг үзэхэд ямар үнээр худалдан авсныг нь ч мэдэхгүй байгаа бололтой. Энэ машины асуудал бидэнд хамааралгүй юм. “Оффис Сервис” ХХК-ийн ажлыг орхин явсан ажлын гүйцэтгэлийн Монгол ажилчдад олгох цалингийн нэхэмжлэлд 11 373 492 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь  Солонгос ажилчид “Арбаяншанд” ХХК-иас цалингаа авч чадаагүй учир 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш ажиллаагүй, энэ компаний барилгын талбайд ажиллаагүй тул хаана байрладгийг ч мэдэхгүй. “Эрэл Импекс” ХХК-ийн засал чимэглэлийн ажлын хөлсөнд нийт 7 632 096 төгрөг авахаас манай ажилчид 3 880 000 төгрөг л авсан. “Арбаяншанд” ХХК нь зуучийн хөлс гээд 3 752 096 төгрөгийг суутгаж авсан тул бид 700 000 төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй. “Арбаяншанд” ХХК нь манай ажилчдын цалингийн 5 хувийг байнга барьцаанд авч үлддэг. Солонгос ажилчидад зарцуулсан шатахууны зардал болох 3 626 250 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Арбаяншанд” ХХК-ийн гэрээлсэн обьектуудад 2-3 удаа нүүлгэн шилжүүлэхэд л гарсан тээврийн зардал, яагаад ч ийм өндөр гарахгүйн дээр өглөө болгон зөөгөөд ч ийм өндөр зардал гарахгүй тул хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Харин Солонгос ажилчдын буцах галт тэрэгний билетийн зардалд нийт 828 850 төгрөг төлсөн гэх нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манай 15 ажилчны цалин хөлсийг өгөөгүй учир энэ хохирол төлбөрийг өөрөө гаргах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Автомашин манай эзэмшилд байгаа бөгөөд буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь 2013 оны 9 дүгээр сард “Арбаяншанд” ХХК- тай гэрээ байгуулан, 15 ажилтан гэрээгээр ажиллуулахаар харилцан тохирч барилгын засал хийсэн. 2013 оны 10, 11, 12 дугаар сард хийсэн ажлын хөлсийг ямар ч асуудалгүй авсан болохоор 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 108 хоног цалингүй ажилласан. Учир нь “Арбаяншанд” ХХК-ийн зүгэс “И Си Си” ХХК нь ажлын хөлсөө өгөхгүй байгаа тул түр хүлээзнэхийг хүссэн учир тэвчээртэй хүлээсэн, харин үнэн чанартаа биднийг хуурсан байсан. Тиймээс манай ажилчид хөлсөө өгөхгүй бол цаашид ажиллахгүй гэснээс зөрчилдсөн. Улмаар манай ажилчидтай зүй бус харьцаж Монголоос албадан гаргуулан гэж сүрдүүлж, Иргэний шилжилт хөдөлгөөний газарт хорьж саатуулж “ажлын хөлсөө авахгүй гэж бич” гэж дарамталаж байсан бөгөөд ажилчдын заримын биеийн эрүүл мэнд муудсаны улмаас нутаг буцахын тулд дээрх агуулга бүхий бичгийг албадан бичүүлэхэд эсэргүүцэл үзүүлээгүй байсан. Итгэмжлэл өгсөн нэр бүхий 15 иргэн Буянт-Уха хорооллын А2, АЗ, А4 блокын өрлөг, дотор шавар, хар цагаан замаска, эмульс плита наах, хаалга суулгах, обой паркет шахах, амалгаа хийх, тавцан гаргах, зүлгүүрдэх ажил гүйцэтгэсэний хөлс нийт 54 330 000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/ сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагдаа: “Арбаяншанд” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу тус улсын 20 иргэн “Арбаяншанд” ХХК-ийн хүсэлтээр “Өндөр буянт” ХХК-ийн барилга дээр 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдөр дуустал ажилласан ажлын хөлс нийт 11 488 545 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Өмнө нь нэхэмжилсэн 54 310 410 төгрөг дээр 11 488 545 төгрөгийг нэмж нийт 65 498 955 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК-ийн төлөөлөгч С.Дэлгэрмаа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:  БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/-тай 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00150120 тоот албан тамгагүй, гарын үсэггүй, баталгаагүй албан бичгийн тайлбарыг хянаж үзээд тайлбарын 1, 2, 3, 4-р хариунуудын нотолгоо болох манай өгсөн баримтаараа байгааг хянаж үзээгүй санаагаар баримтгүй гүггэн гүжирдэж, ямарч баталгаагүй мөнгө нэхсэн, гүтгэлгийн үг хэллэг хэрэглэсэн, ажил хамтран хийсэн 2 талын баталгаажсан акт байхгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямарч нэхэмжлэлийн хариуцлага нь нотолгоо, баталгаа, гарын үсэг зурсан, компани тамга тэмдэг дарсан байж баталгаатай баримт боддог хууль бий. “Арбаяншанд” ХХК-ийн зүгээс Зуучлагч болох БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/ нь манай байгуулагатай ажиллах хүч оруулж ирэх 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 13\88 тоот гэрээгээр Б тал болсон боловч ажиллах хүч зуучлах гэрээний 2.2, 3.5, 4.4, 6.3 заалтуудыг Б тал зөрчсэн ба Гадаадын иргэний эрх зүйн байдлын хуулийн 37.1.7, 8.1.6 ба Засгийн газрын 2010 оны 339-р тогтоолын хавсралтдах журамын 3.7 эдгээр гэрээний заалтыг удаа дараа зөрчиж байсаныг урьдчилан бидний зүгээс сануулсаар байхад санаатай гаргасан үйлдэл нь манай байгууллагад санаатайгаар хохирол гаргавал хохиролоо төлнө гэсэн гэрээний 3.5 дахь заалтын дагуу Б тал өөрсдөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан байгаа тул нэхэмжилсэн хохиролоо бүгдийг барагдуулан авах хүсэлтэй байна. Иймд 65 498 955 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Арбаяншанд” ХХК нь хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/ болон “Солонгоженко” ХХК-д холбогдуулан хохирол 120 959 820 төгрөг гаргуулах, хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/ нь нэхэмжлэгч “Арбаяншанд” ХХК-д холбогдуулан ажлын хөлс 65 498 955 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/ нь нэхэмжлэлийн шаардлагыг “...нэхэмжлэгч нь ажилчдын ажлын хөлсийг төлөөгүй ...гэрээнд зааснаар нэхэмжлэгчид учирсан зардлыг хохиролд тооцохгүй” гэж, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “...сөрөг нэхэмжлэл баримтаар тогтоогдохгүй” гэж тус тус үгүйсгэн маргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэл болон хариуцагч  “Солонгоженко” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч болон хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/ нарын хооронд байгуулагдсан 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 13/88 дугаар гэрээгээр хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/ нь нэхэмжлэгчийн барилгын ажил явуулж байгаа Хан-Уул дүүрэг, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал таун” барилга дээр 50 ажилтанг гэрээгээр ажиллуулах, нэхэмжлэгч нь хариуцагчийн ажиллах болон амьдрах нөхцөлөөр хангах, холбогдох эрх бүхий байгууллагаас ажиллах зөвшөөрөл авах, ажилчдын оршин шуух зөвшөөрлийн зардлыг хариуцах, гэрээгээр тохирсон ажлын хөлсийг төлөх, хариуцагч нь мэргэжлийн ажилчдаар хангаж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг баримтлуулах зэргээр гэрээг 1 жилийн хугацаатай харилцан тохиролцож байгуулсан байна.

 

Дээрх гэрээний агуулга, шинж, талуудын эрх үүрэг, хийж  гүйцэтгэх ажил, хөлс төлөх журам зэргээс үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/ нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн, талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээнд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлсэн талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд дээрх гэрээний дагуу талууд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийсэн ажил болон хөлсний талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн “...2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрүүдэд ажилчдаа ажилд гаргалгүй авч явсны улмаас ажил зогсож” гэх тайлбар болон хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/-ийн “...2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл манай компанийн 15 ажилчин бүх ажлыг хийсэн боловч нэхэмжлэгч хөлс өгөөгүй” гэх тайлбараас үзвэл талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид тохирсон хөлсийг төлөөгүй гэх хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна. Харин хариуцагч нь ажилчдыг ажилд гаргаагүй нь талуудын дээрх тайлбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч ажилчдаар хангах үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй ба хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/ нь гэрээгээр тохирсон ажлыг хийгээгүй буюу ажлыг хаяж явснаас нэхэмжлэгч тухайн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн болон БНАСАУ-ын иргэдэд зарцуулсан шатахууны зардал, өмгөөлөгчийн хөлс, нотариатын төлбөр зэрэг нийт 95 494 070 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Харин БНАСАУ-ын иргэдийн оршин суух зөвшөөрөлтэй холбоотой нийт 14 636 900 төгрөгийн зардал, мөн тэдгээр иргэдийг Монгол улсаас төмөр замаар зорчих тасалбарын үнэд 828 850 төгрөгийн зардал гарсан болох нь банкны орлогын мэдүүлэг болон Монголын төмөр замын тасалбарт дэвтэрээр нотлогдож байхаас гадна хариуцагч дээрх баримтыг үгүйсгээгүй байна. Иймд хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/ нь гэрээний үүргээ зөрчиж, гэрээ цуцлагдсанаар нэхэмжлэгчид 15 465 750 төгрөгийг хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар нэхэмжлэгч “Арбаяншанд” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай буюу нэг гишүүн нь С.Дэлгэрмаа байна.

 

92-02 УНЧ улсын дугаартай, Мицубиши Пажеро /Mistubishi Pajiro/ маркийн автомашины эзэмшигч нь Ч.Чулуунхүү улсын бүртгэлд бүртгэлтэй байх боловч “Арбаяншанд” ХХК-ийн захирал С.Дэлгэрмаа болон Ч.Чулуунхүү нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан “Автомашин худалдах-худалдан авах гэрээ”-ээр С.Дэлгэрмаа нь уг автомашиныг 10 000 000 төгрөгөөр Ч.Чулуунхүүгээс худалдан авсан нь гэрээ болон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байхаас гадна нэхэмжлэгч нь уг автомашиныг ашиглуулахаар хариуцагчид шилжүүлсэн, уг автомашин хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/-ийн эзэмшилд байгаа нь нэхэмжлэгчийн болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, дээрх автомашиныг ашиглуулах талаар талуудын хооронд үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар автомашиныг буцаан шаардах эрхтэй. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь тухайн автомашиныг нэхэмжлэгчид буцаан өгөх талаар маргаагүй, зөвшөөрч байна.

 

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дээрх автомашин нь 2014 оны 4 дүгээр сараас хойш хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/-ийн эзэмшилд байгаа нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.7-д зааснаар автомашин худалдах-худалдан авах гэрээний үнэ 10 000 000 төгрөгөөр тооцон шаардах эрхтэй байна. Түүнчлэн, хариуцагч нь дээрх үнийг үгүйсгэн маргаагүй байх тул нэхэмжлэгч “Арбаяншанд” ХХК нь С.Дэлгэрмаагийн эзэмшлийн автомашины үнийг бусдаас шаардсан нь хуульд харшлахгүй.     

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Талуудын хооронд Буянт-Ухаа болон “Өндөр буянт” ХХК-ийн барилга дээр ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/-ийн ажилчдыг дээрх барилга дээр ажиллуулсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/ нь ажилчдын хөлс нийт 65 498 955 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй байна.

 

Хариуцагч “Солонгоженко” ХХК-д холбогдох шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч болон “Солонгоженко” ХХК нарын хооронд маргааны зүйлийн үндэслэл болж ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч “Солонгоженко” ХХК-иас гэрээний хохирлыг шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/-иас нийт 25 465 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Арбаяншанд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 95 494 070 төгрөгийг, нэхэмжлэгч “Арбаяншанд” ХХК-иас 65 498 955 төгрөг гаргуулах тухай БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч “Солонгоженко” ХХК-д холбогдох 120 959 820 төгрөг гаргуулах, Пажеро маркийн УНЧ 92-02 улсын дугаартай автомашины үнэ 10 000 000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/-иас 25 465 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Арбаяншанд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 95 494 070 төгрөгийг, хариуцагч Солонгоженко” ХХК-д холбогдох 120 959 820 төгрөг гаргуулах, Пажеро маркийн УНЧ 92-02 улсын дугаартай автомашины үнэ 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Арбаяншанд” ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Арбаяншанд” ХХК-д холбогдох, 65 498 955 төгрөг гаргуулах тухай БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 925 275 төгрөгийг, хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/-иас төлсөн 620 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БНАСАУ-ын “Гадаад барилгын ерөнхий компани” /Женко/-иас улсын тэмдэгтийн хураамжинд 285 279 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН