Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 871

 

 

 

 

 

 

      2019           10          21                                      2019/ШЦТ/871

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

Улсын яллагч: Г.Хатанцэцэг,

Хохирогч: Н.Р , түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,

Гэрч: П.Г ,

Шүүгдэгч: Н.Т , түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Т-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905030490905 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Т, ___ настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “__” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, _ тоот регистртэй,

Шүүгдэгч Н.Т  нь 2019 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтаргана эмийн санд иргэн Н.Р ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Т  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би гаднаас согтуу орж ирээд орлогоо авах гээд эмийн сан руу 2 хүнтэй орж ирсэн ба араас 2 хүн орж ирсэн. Тэр хоёр хүн намайг согтуу байна, чамаар үйлчлүүлэхгүй, эрхлэгчээ дууд гэсэн. Би заавал ингэх шаардлага байна уу, манайх хааж байна гэж хэлсэн. Тэр үед цагдаа дуудна, ажлын байран дээрээ согтуу байж болдог юм уу? гээд байхаар нь би тухайн үед гаргах гэж оролдсон ч гарахгүй болохоор нь цохьсон. Миний хажууд байсан 2 хүн салгах гэж оролдсон. Би цаашаа бай гээд түлхсэн. Тухайн үймээний үеэр орлогоны мөнгө хулгай хийж явсан байсан. Р-ыг гаргах гэж оролдсон үед цагдаа дуудлаа гэхээр нь би лангууны араар суусан чинь намайг өдөөн хатгаж буруу хүнээр оролдлоо гээд намайг татаад байсан. Тэгээд дайраад байхаар нь би чам шиг хүнийг танихгүй гэж хэлсэн. Тэгээд лангууны араас намайг татаад гаргаад ирэхээр нь хоорондоо ноцолдож байгаад хананы хэсэг рүү очсон. Хананы хэсэг дээр намайг цохих гэж байгаад хана руу цохьсон. Хана цөмөртөл цохьсон байсан. Тэгээд дахин харилцан заамдалцаад авсан. Би хохирогчийг ална тална гэж хэлээгүй. Миний зүүж явсан гинжээр намайг давхар боосон. Тэгээд би эмийн сангийн үүдний хэсэг дээр очоод гаргах гэтэл гарахгүй байсан.Тэр зууралдаанаас болоод эмийн сангийн үүдний шил хагарсан. Гаднаас хүмүүс салгах гэж оролдсон ч бид салаагүй байж байтал цагдаа нар ирсэн” гэв.

Хохирогч Н.Р ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Гантөмөр гэх найзтайгаа цээж хорсолтын эм авах гээд эмийн сан орсон. Гэтэл лангууны цаана Т эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй байж байсан. Тэгээд би эм авъя гэсэн чинь Т согтуу гарч ирээд хаах гэж байна гэсэн. Тэгээд би ийм согтуу хүнээр үйлчлүүлэхгүй гэсэн чинь шууд лангууны араас гарч ирээд намайг цохиод авсан. Би өөрөө цагдаад дуудлага өгсөн. Намайг цагдаа дуудлаа гээд ална гээд байсан. Тэгээд бид ноцолдож эхэлсэн. Бааска гэх залуу тэр хамт байсан эмэгтэйг нь Т-ы нууц амраг гэж ярьж байсан. Би цохьсон асуудал байхгүй. Би хохирлын баримтаа ахындаа тавьсан байсан ба ахынхан маань гадаад явсан учир баримтыг авчирч чадаагүй. Иргэний журмаар нэхэмжилнэ..” гэв.

Гэрч П.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 22-ны орой Р- бид хоёр Р-ын ходоод өвдөөд байхаар нь ходоодны эм авахаар эмийн сан орсон. Ороод эм авъя гэхэд Т халамцуу байсан. Р- чамаар үйлчлүүлэхгүй гээд маргалдаж байтал Т лангууныхаа араас гарч ирээд Р-ыг цохьсон. Р- утсаар ярьсан чинь чамайг ална гээд бариад авсан. Шүүгдэгч гэх залуу ерөөсөө дийлдэхгүй дайраад байсан” гэв.

Хохирогч Н.Р ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Согтуу хүнээр үйлчлүүлмээргүй байна гэсэн чинь чи ямар овоо пизда вэ, чамд эм зарахгүй, би захирал нь байна, би чамд үйлчлэхгүй гэснээ шууд лангууны цаанаас гарч ирснээ миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсоноо над руу дайрахад нь шууд цагдаа дуудсан. Тэгсэн чинь дахиад миний нүүр рүү цохиод намайг газар унагаагаад дээрээс дараад тэгснээ чамайг камергүй газар оруулж ална гэж орилоод хоолойноос боогоод цээж рүү цохиод хувцаснаас чирэх үед лангууны тавцан хөдөлсөн. Газар унагаагаад дээрээс гараараа нүүр рүү цохиод зодсон. Босч ирэхэд дахиад дайрахаар нь 2 гарыг нь барьсан чинь нүүр рүү мөргөж дайраад намайг түлхсэн бөгөөд би түлхэгдээд хойшоо унах үед миний зүүн гарын тохой хаалганы шилэнд цохигдоод шил нь хагарсан. Нөгөө залуу цагдаа нарын шаардлагыг эсэргүүцээд ноцолдоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-18/,

Гэрч П.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...махлаг залуу чи юу гээд байгаа юм гэснээ хүрч ирээд Р-ыг шууд нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэр үед Р- цагдаад дуудлага өгсөн чинь Р- руу цохиод дайраад зуурч аваад ...салгах гэсэн дийлдэхгүй байсан. Үүдний шилэн хаалганы хажууд Р-ыг түлхсэн чинь Р- хойшоо савах үед шилэн хаалга нь хагарчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19-21/,

Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн үед Р- гэх хүний хүзүү ам улайсан, зүүн гарын тохой шалбарчихсан байсан. Т-ы биед ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 77-79/,

Гэрч Л.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...очсон чинь дотор талдаа Р-, Т нар газар хэвтчихсэн ноцолдож байсан. Хууль ёсны шаардлага тавиад босготол Т гэх залуу дэд ахлагч А-ыг цохих гээд дайрсан. ...шаардлага эсэргүүцэж эрх чөлөөнд халдахаар дайрч хэл амаар доромжилж агсам согтуу тавьж байсан. Тухайн үед Р-ын нүд нь хавдсан, хоолой цээж нь улайсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 80-82/,

Гэрч Д.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай өөдөөс харсан эмийн сангийн Т гэх залуу нэг танихгүй хүнтэй зууралдаад ноцолдоод байсан ба хажууд нь бас нэг хүн салгах гээд оролдоод болиулаад байсан. Тэр үед Т-тай барьцалдсан байсан хүн намайг цохьчихлоо гээд байсан. Тухайн үед би ажилтай байсан болохоор орж гарахдаа харсан” гэсэн мэдүүлэг /хх-н 83-87/,

Шинжээчийн 9003 тоот дүгнэлтэд: “...Н.Р ын биед зүүн бугалга, тохойнд шарх, хүзүү, цээжний урд хэсэг, хэвлий, нуруу, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, зүүн бугалга, шуу, бугуй, хоёр гарын тохойнд залгаралт, баруун хөмсөгний дотор дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 24/,

Хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-44, 51, 106-110/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 45-50/, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 96-98/,  хохирогчийн гэмтэл авсан гэх газруудын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 101-103/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /хх-н 111-113/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Мөн тус хуулийн 16.1, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй, ажиллагаа дутуу хийгдсэн. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн зүйлийн 1.3-т зааснаар дүүргийн прокурорт буцааж өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээж авах үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчид хөнгөн хохирол учруулсан нь нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Шинжээчийн 9136 тоот дүгнэлтээр шүүгдэгч Н.Т ы биед хөнгөн хохирол учирсан боловч тухайн гэмтэл нь цагдаагийн алба хаагч нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх явцад учирсан болох нь гэрч нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэрэгт авагдсан баримтууд зэргээр хангалттай нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Т  нь согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтаргана эмийн санд үйлчлүүлэхээр орж ирсэн иргэн Н.Р ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Н.Р ын: “...Согтуу хүнээр үйлчлүүлмээргүй байна гэсэн чинь чи ямар овоо пизда вэ, чамд эм зарахгүй, би захирал нь байна, би чамд үйлчлэхгүй гэснээ шууд лангууны цаанаас гарч ирснээ миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсоноо над руу дайрахад нь шууд цагдаа дуудсан. Тэгсэн чинь дахиад миний нүүр рүү цохиод намайг газар унагаагаад дээрээс дараад тэгснээ чамайг камергүй газар оруулж ална гэж орилоод хоолойноос боогоод цээж рүү цохиод хувцаснаас чирэх үед лангууны давцан хөдөлсөн. Газар унагаагаад дээрээс гараараа нүүр рүү цохиод зодсон. Босч ирэхэд дахиад дайрахаар нь 2 гарыг нь барьсан чинь нүүр рүү мөргөж дайраад намайг түлхсэн бөгөөд би түлхэгдээд хойшоо унах үед миний зүүн гарын тохой хаалганы шилэнд цохигдоод шил нь хагарсан. Нөгөө залуу цагдаа нарын шаардлагыг эсэргүүцээд ноцолдоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-18/, гэрч П.Г ийн: “...махлаг залуу чи юу гээд байгаа юм гэснээ хүрч ирээд Р-ыг шууд нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. ...Үүдний шилэн хаалганы хажууд Р-ыг түлхсэн чинь Р- хойшоо савах үед шилэн хаалга нь хагарчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19-21/, гэрч Б.А-гийн: “...тухайн үед Р- гэх хүний хүзүү ам улайсан, зүүн гарын тохой шалбарчихсан байсан. Т-ы биед ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 77-79/, гэрч Л.М-ийн: “...очсон чинь дотор талдаа Р-, Т нар газар хэвтчихсэн ноцолдож байсан. ...Тухайн үед Р-ын нүд нь хавдсан, хоолой цээж нь улайсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 80-82/, гэрч Д.А-ын: “...манай өөдөөс харсан эмийн сангийн Т гэх залуу нэг танихгүй хүнтэй зууралдаад ноцолдоод байсан ба хажууд нь бас нэг хүн салгах гээд оролдоод болиулаад байсан. Тэр үед Т-тай барьцалдсан байсан хүн намайг цохьчихлоо гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 83-87/, шинжээчийн 9003 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Т ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Т  нь согтуурсан үедээ эмийн санд үйлчлүүлэхээр орж ирсэн хохирогч нь согтуу хүнээр үйлчлүүлэхгүй гэснээс маргалдаж түүнийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Р ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт ямар нэг хохирлын баримт гаргаж өгөөгүй бөгөөд хохирол бодитой учирсан гэх баримт байхгүй, мөн цаашид эмчилгээнд хэдэн төгрөгийн зардал гарах эсэх нь тодорхой бус байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээ болон хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Н.Т ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хохирогчийн өмгөөлөгч 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, зэргийг харгалзан шүүх хуралдаанд төрийг төлөөлөн улсын яллагчаар оролцсон улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Т-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  6. Хохирогч Н.Р  нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР