Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 886

 

 

 

 

 

 

    2019          10           28                                     2019/ШЦТ/886

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

Улсын яллагч: Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч: Ч.Г, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Г-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905025450985 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Г, ___настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ____ тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, ___ тоот регистртэй,

Шүүгдэгч Ч.Г  нь 2019 оны 6 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд иргэн И.Т-ийг зодож эрүүл мэндэд нь баруун шилбэн, зүүн өгзөг, зүүн ташаа, зүүн дал, зүүн шуу, хоёр гуя, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч И.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн үед би Ч.Г-д чи яах гээд байгаа юм бэ, би зүгээр гэртээ харьмаар байна гэж зөндөө хэлсэн боловч Ч.Г- гэртээ орсон даруй миний зүүн шанаа орчим 2 удаа гараараа цохьчихоод өөрийнхөө унтдаг ор луу түлхсэн. ...унахдаа зүүн ташаагаараа хатуу зүйл мөргөж гэмтсэн. ...Би Гантулгыг аргадаж байгаад зөндөө гуйсан боловч үгэнд орохгүй байсан бөгөөд миний элэг орчим нэг удаа хүчтэй цохьсноос болж би нэг хэсэг юм дуугарч чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-12/,

Шинжээчийн 7048 тоот дүгнэлтэд: “...И.Т-ийн биед баруун шилбэ, зүүн өгзөг, зүүн ташаа, зүүн дал, зүүн шуу, хоёр гуя, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.” гэсэн дүгнэлт /хх-н 19/,

Яллагдагчаар Ч.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би уг ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 43-44/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 4/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 26-34, 36-39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.Г  нь 2019 оны 6 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд иргэн И.Т-ийг зодож эрүүл мэндэд нь баруун шилбэн, зүүн өгзөг, зүүн ташаа, зүүн дал, зүүн шуу, хоёр гуя, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлгүүд, хохирогч И.Т-ийн: “...тухайн үед би Ч.Г-д чи яах гээд байгаа юм бэ, би зүгээр гэртээ харьмаар байна гэж зөндөө хэлсэн боловч Ч.Г- гэртээ орсон даруй миний зүүн шанаа орчим 2 удаа гараараа цохьчихоод өөрийнхөө унтдаг орлуу түлхсэн. ...унахдаа зүүн ташаагаараа хатуу зүйл мөргөж гэмтсэн. ...Би Гантулгыг аргадаж байгаад зөндөө гуйсан боловч үгэнд орохгүй байсан бөгөөд миний элэг орчим нэг удаа хүчтэй цохьсноос болж би нэг хэсэг юм дуугарч чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-12/, шинжээчийн 7048 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Г  нь согтуурсан үедээ хохирогч И.Т-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч И.Т-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч шүүгдэгчээс хохирлын 300.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул шүүх түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн доод хэмжээгээр ял оногдуулж, торгуулийн ялыг биелүүлэх хугацаа тогтоож өгнө үү гэсэн санал тус тус гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Ч.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчид торгуулийн ял оногдуулж шүүгдэгч Ч.Г-ын өмгөөлөгчийн торгох ял төлөх хугацааг 6 сараар тогтоож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ч.Г д шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ч.Г д шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР