Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 570

 

Б.Лхагвадоржид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

           Прокурор А.Сайнбаяр,

          Шүүгдэгч Б.Лхагвадоржийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 254 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн улсын яллагчийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 2 дугаар эсэргүүцлээр, Б.Лхагвадоржид холбогдох 201725010936 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Соо овогт Баатарсүрэнгийн Лхагвадорж, 1977 оны 7 дугаар сарын 6-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 5 дугаар гудамжны 111 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЦЖ77070672/,

Б.Лхагвадорж нь согтуурсан үедээ 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах 61 дүгээр байрны В1 давхарын өрөөнд Д.Ганцогттой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зүүн гарын шуу хэсэгт нь хутгаар зүсэж биед нь “зүүн шуунд богтос болон шууны артерийн судас, мэдрэл, булчин гэмтээсэн зүсэгдсэн шарх” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Лхагвадоржид холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Лхагвадоржийн “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг яаж үйлдсэн болон бусад байдал/ зэрэг хэргийн талаар нотолбол зохих дор дурдсан зарим асуудлыг мөрдөн байцаалтын явцад гүйцэт тогтоогоогүй, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтойгоор зөрчжээ.

1.  Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-14/-д бичигдсэн цаг хугацааг камерын бичлэгтэй нь тулгаж камерын бичлэгийн тэмдэглэлд зөрүүтэй бичигдсэн эсэхийг шалгаж дахин тэмдэглэл хөтлөн, камерын бичлэг болон тэмдэглэлийн дагуу гэрч Б.Бат-Очироос мэдүүлэг авч, камерын бичлэгийн тэмдэглэлд дурдагдсан үл таних 2 эрэгтэй хүнийг хэн болохыг олж тогтоон шалгаж, тэдгээрээс болон Дорждэрэм гэгчээс мэдүүлэг авах,

2.  Мөрдөн байцаалтад гэрч Б.Бат-Очирын өгсөн: “...Би орон дээрээ унтаж байхад манай нөхөр Ганцогт намайг татаж сэрээсэн бөгөөд хартал Ганцогт гаран дээрээ нэг даавуу тавьчихсан гарнаас нь цус гарсан байсан. Намайг түргэн дууд гэхээр нь би гарч хүнээс утас гуйж түргэн дуудсан, шалан дээр цус болчихсон байсан...” /хх-22-23/ гэх мэдүүлэг нь:

Гэрч О.Оргилсанаа, Д.Базарпүрэв нар “...Хамт байсан эхнэр нь гэх Б.Бат-Очироос болсон хэргийн талаар асуухад “Миний төрсөн дүү Б.Лхагвадорж нь маргааны улмаас манай нөхөр Ганцогтын гаран тус газарт нь хутгалаад гараад явчихсан” гэсэн...” мэдүүлгүүд /хх-29, 32-33/-тэй харилцан зөрүүтэй байх тул гэрч Б.Бат-Очирыг /хэдийгээр яллагдагч Б.Лхагвадоржийн төрсөн эгч Б.Бат-Очир нь гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй боловч энэ эрхийг нь түүнд сануулж/ дээрх гэрч нартай тус тус нүүрэлдүүлэн байцаах,

3. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Ганцогтын /хх-49/ гэх цус нь А/II/ бүлгийн харъяалалтай, гэрч Б.Бат-Очир /хх-50/ болон яллагдагч Б.Лхагвадорж /хх-52/ нарын цус нь 0/1 бүлгийн харъяалалтай байна гэж тус тус тогтоосон, мөн Б.Лхагвадоржийн яллагдагчаар өгсөн “...Тухайн хэрэг болоход Д.Ганцогт нь миний нүүр лүү гараараа цохисон бөгөөд миний хамраас цус гарсан. Би тухайн үед хамраа шууд гараараа арчсан бөгөөд цустай гараараа хутга барьсан...” /хх.65-66/ гэж мэдүүлсэн боловч хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хурааж авсан /хх-16/ хутганы ажлын хэсэг дээр илэрсэн цус нь АВО системээр 0/1 бүлгийн харъяалалтай хүний цус байна гэж тогтоосон нь эргэлзээтэй.

Мөн эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолд “бор хүрэн өнгийн иштэй 21.5 см урттай хутга” гэсэн байхад шинжээчийн 2562 дугаартай дүгнэлт /хх-47/-д “улаан өнгийн иштэй хутга” гэж тэмдэглэсэн, шинжилгээнд хүргүүлсэн хутганы гэрэл зураг /хх-45/-ийг харахад иш нь иртэйгээ үргэлж хутга байхад Б.Лхагвадоржийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “...Д.Ганцогттой маргалдаад ширээн дээр байсан бор өнгийн эвхдэг жижиг тонгоргыг аваад түүний зүүн гарын шууг 1 удаа зүссэн...” гэсэн мэдүүлгүүд илт зөрүүтэй байх тул эдгээрийн талаар мөрдөн байцаалтын зохих ажиллагаануудыг гүйцэтгэх.

4.  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 427 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Б. Лхагвадорж нь хэрэг үйлдэгдэх үед

а/. Р:70 буюу хөнгөн оюуны хомсдол өвчтэй байсан байна. Б. Лхагвадорж нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байсан. Б. Лхагвадорж нь үйлдсэн хэргийн талаар өөрийн оюуны түвшинд зөв тайлбар, мэдүүлэг өгөх чадвартай байна.

б/. Б. Лхагвадорж нь Р:70 хөнгөн оюуны хомсдол оношоор Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтанд байдаг болно. Б. Лхагвадорж нь цаашид эмчилгээний байнгын хяналтанд байх шаардлагатай.

в/. Б. Лхагвадорж нь одоо Р:70 буюу хөнгөн оюуны хомсдол өвчтэй байна.

г/. Б.Лхагвадорж нь хэрэг хариуцах чадвартай байна гэж тогтоосон байх боловч тус шинжээчийн дүгнэлтийн “одоогийн сэтгэцийн байдал” гэсэн хэсэгт “Юм уншуулахад зөв үсэглэж олон давтан тал үгийг зөв уншина. /шинжилгээ гэхийг шинжгээ, томилох гэхийг тогтмол, тогтоол гэхийг зөв уншина/ Хар цагаан, ногоон, цэнхэр өнгийг зөв хэлнэ. Цайвар ногооныг шар гэнэ. 10+10=19, 5+5=8 гэнэ. Таван хошуу малд юу юу ордог билээ гэхэд тэмээ, хонь, ямаа, адуу гэнэ. Манай улсын ерөнхий сайд хэн билээ гэхэд мэдэхгүй гэнэ... Анх сургуульд ороход нь энгийн сургуулийн багш нар сурах боломжгүй сэтгэн бодох чадамж удаан гээд тусгай сургалттай 55 дугаар сургуульд 8 дугаар анги төгссөн гэнэ. Оюуны хомсдол өвчний учир группт байдаг…” гэсэн байх бөгөөд түүнчлэн Б.Лхагвадоржийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт зэргээс үзэхэд шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтийг гарснаас хойш буюу 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Б.Лхагвадоржийг яллагдагчаар татаж байцаахдаа өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгч заавал оролцуулна гэсэн заалтыг зөрчжээ.

5. Хэргийн материал танилцуулах үед яллагдагч Б.Лхагвадоржийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр гаргасан “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, сэтгэцийн дүгнэлтийг 5 эмчийн бүрэлдэхүүнтэй гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангах эсэхийг прокурор огт шийдвэрлэлгүй орхигдуулж яллах дүгнэлт үйлдэн  хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна. Мөрдөн байцаалтын эдгээр ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лхагвадоржид хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, Б.Лхагвадоржид урьд нь авагдсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг прокурор эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шүүгчийн захирамжийг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Оюунтунгалаг бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх “хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар шүүхээс хэргийг тал бүрээс нь хэлэлцэх явцад саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтойгоор зөрчсөн” гэж чухам юуг хэлээд байгаа нь ойлгомжгүй байгаагаас гадна буцаах үндэслэл болсон заалтууд нь ч нэмэлт мөрдөн байцаалт явуулаад тодорхой болох боломжгүй заалтууд байна. Үүнд:

Захирамжийн 1 дэх заалтад: “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд бичигдсэн цаг хугацааг камерын бичлэгтэй нь тулгаж, бичлэгийн тэмдэглэлд зөрүүтэй бичигдсэн эсэхийг шалгаж, дахин тэмдэглэл хөтлөн, бичлэг болон тэмдэглэлийн дагуу гэрч Б.Бат-Очироос мэдүүлэг авч, бичлэгийн тэмдэглэлд дурдсан үл таних хоёр эрэгтэй хүнийг хэн болохыг олж тогтоон шалгаж, тэдгээрээс болон Дорждэрэм гэгчээс мэдүүлэг авах” гэжээ.

Тухайн гэмт хэрэг нь гэр бүлийн хүрээнд /эхнэр, нөхөр, эхнэрийн төрсөн дүү гэх 3 хүн байх үед л болсон асуудал/ эхнэрийнх нь төрсөн дүү хүргэн ахыгаа хутгалсан, эхнэр буюу төрсөн эгч нь энэ байдлыг харж мэдэх гол гэрч хуульд зааснаар гэрч Б.Бат-Очир нь төрсөн дүүгийнхээ ч, нөхрийнхөө ч аль алиных нь эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байхад шүүх гэрчид камерын бичлэгийг үзүүлж, гэрчийг тулгаж байцаалгах шаардлага тавьж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж буй асуудал юм. Мөн камерын бичлэгийн цаг хугацаа нь үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсантай зөрсөн эсэхийг шалгуулах гэсэн нь мөрдөн байцаагчаар өөрөөр нь алдааг нь харуулах гэсэн санаа байх бөгөөд хэрэв зөрүүлээд биччихсэн байсан ч энэ ажиллагаа нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бус. Нэгэнт бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож бэхжүүлээд үзлэг хийгээд хэрэгт хавсаргасан тул тэдгээрийг шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалж, нотлох баримтанд үнэлэлт, дүгнэлт хийх боломжтой. Хэрэг үйлдэгдэх үед өрөөнд дээр дурдсан 3 хүнээс өөр хэн ч байгаагүй тул тухайн хэргийн газрын ойр орчноор явсан хүмүүсийг хэн болохыг тогтоож шалгах нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна.

Захирамжийн 2 дахь заалтад гэрч Б.Бат-Очир мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагчид төрсөн дүү Б.Лхагвадоржийн эсрэг мэдүүлэг өгөхгүйгээр хуульд заасан эрхээ эдэлсэн байх ба харин түргэн тусламжийн эмч нарт анх хэргийн бодит үнэнийг хэлж, нөхөртөө эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Ийм байхад гэрч Б.Бат-Очирыг түргэн тусламжийн дуудлагаар очсон эмчтэй болон эмчилгээ хийсэн эмчтэй нүүрэлдүүлэн байцаах шаардлагагүй ба хэрэв энэ ажиллагааг хийвэл “гэр бүлийн гишүүнийх нь болон төрсөн дүүгийнх нь эсрэг хүчээр мэдүүлэг өгүүлэхээр байна.

Захирамжийн 3 дахь заалтад хохирогч Ганцогт эхэлж Д.Лхагвадоржийн нүүр лүү гараараа цохиж хамраас нь цус гаргаснаас болж Лхагвадорж цустай гараараа хутга авч Ганцогтыг хутгалснаа яллагдагчаар байцаагдахдаа мэдүүлсэн. Хохирогч, яллагдагч, гэрчийн мэдүүлэг, гэмтлийн байдал зэргийн харьцуулан дүгнэлт хийгээд “согтуугаар бие биенийхээ эсрэг хандсан хувийн таарамжгүй харьцаа” гэж үзэх үндэслэл тогтоогдсон ба хутганы ажлын хэсгээс илэрсэн цус нь хохирогчийнх бус холбогдогчийнх болж шинжилгээгээр тогтоогдсон нь хэргийн бодит үнэний талаар хохирогч, холбогдогч, гэрч 3 дэлгэрэнгүй, ойлгомжтой мэдүүлдэггүй бүрхэг байдлаар мэдүүлэг өгсөн тэднээс албадаж мэдүүлэг авах боломжгүй тул хутганы ажлын хэсгээс илэрсэн цус нь тухайн үед хохирогч, холбогдогч талуудын хооронд хэрүүл зодоон болж, хэн алинаас нь цус гарсныг нотолж харин хэргийн үйл явдал, сэдэлтийг тодотгосон байна гэж нотлох баримтыг үнэлэх ч   үндэслэл болно. Хутганаас заавал хохирогчийн цусыг эсвэл хоёулангийнх нь цус илрэх ёстой гэсэн өрөөсгөл шаардлагыг шинжээчид тавих ёсгүй юм. Мөн хутганы өнгө зүс, хэмжээний талаар “бор, улаан ...эвхдэг, иштэйгээ үргэлж” гэж нотлох баримтуудад янз бүрээр дурдсаны аль нь үнэн болоход эргэлзэж шүүх захирамждаа дурджээ. Гэвч зарим хүмүүс хүрэн бор өнгийг улаан, бор гэх мэтээр янз бүрээр ойлгож зүсэлдэг, мөн хутгыг ч тонгорог, балиус гэж янз бүрээр нэрлэдэг. Иймээс нэгэнт гэмт хэрэг үйлдэгдэх үед ашигласан гээд байгаа хутга нь хэргийг дагалдаж шүүхэд хүргэгдсэн байгаа мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед холбогдогч гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан хутга мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байсан тул эд мөрийн баримтад эргэлзэх ямар ч үндэслэл алга байна.

Захирамжийн 4 дэх заалтад Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр Б.Лхагвадоржийг оюуны хөнгөн зэргийн хомсдолтой ч хэрэг хариуцах чадвартай, өөрийн хэлж буй үг мэдүүлэг, хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг ухамсарлаж ойлгох чадвартай байна гэсэн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гарсан тул сэтгэл мэдрэлийн өвчтэй яллагдагчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Тэгээд мөрдөн байцаалтын үед яллагадагчийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг зэргийг харьцуулан үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

Захирамжийн 5 дахь заалтад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар мөрдөн байцаалт явуулж дуусгасны дараа хавтаст хэргийн материалтай яллагдагч, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэгийг танилцуулах үед “Б.Лхагвадоржийн хэрэг хариуцах чадвартай эсэх талаар 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй давтан шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргасныг хэргийг шалгасан мөрдөн байцаагч газар дээр нь шийдвэрлэж хүсэлтийг хангах боломжгүй гэсэн хариуг өгсөн байсан тул прокурор уг хүсэлтийг давхар шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн.

Мөн 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны явцад шийдвэрлэж буй бүх асуудлаар шүүх тогтоол шүүгч захирамж гаргана” гэж заасныг шүүх зөрчиж хэргийг шүүхэд шилжүүлэн шүүх хуралдаан зарлаж хуралдаанаар хэргийг хэлэлцсэн атлаа хэргийг “захирамж”-аар буцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн асуудал юм.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Захирамжийн 1 дэх заалтад “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд бичигдсэн цаг хугацааг камерын бичлэгтэй нь тулгаж, бичлэгийн тэмдэглэлд зөрүүтэй бичигдсэн эсэхийг шалгаж, дахин тэмдэглэл хөтлөн, бичлэг болон тэмдэглэлийн дагуу гэрч Б.Бат-Очироос мэдүүлэг авч, бичлэгийн тэмдэглэлд дурдсан үл таних хоёр эрэгтэй хүнийг хэн болохыг олж тогтоон шалгаж, тэдгээрээс болон Дорждэрэм гэгчээс мэдүүлэг авах” гэжээ. Тухайн гэмт хэрэг нь гэр бүлийн хүрээнд /эхнэр, нөхөр, эхнэрийн төрсөн дүү гэх 3 хүн байх үед л болсон асуудал/ эхнэрийнх нь төрсөн дүү хүргэн ахыгаа хутгалсан, эхнэр буюу төрсөн эгч нь энэ байдлыг харж мэдэх гол гэрч хуульд зааснаар Б.Лхагвадорж нь гэрч Б.Бат-Очирын төрсөн дүү учраас камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн дагуу Б.Бат-Очироос мэдүүлэг авах нь гэр бүлийнхээ хүний эсрэг авч байгаа гэж үзсэн учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Захирамжийн 2 дахь заалтад гэрч Б.Бат-Очир нь төрсөн дүү Б.Лхагвадоржийнхоо эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлсэн. Тэгэхээр гэрч Б.Бат-Очир өөрийн эрхийнхээ хүрээнд байцаалтыг өгсөн учраас тухайн үед түргэн тусламжийн дуудлагаар очсон эмчид болсон асуудлыг яриад эмчилгээ авсан. Түүнтэй нүүрэлдүүлж, тулган байцаах шаардлагагүй гэж үзэж байна.

Захирамжийн 3 дахь заалтад хутганы ирний ажлын хэсэг дээрээс олдсон цус, цусны бүлгийн харьяалал ойлгомжгүй байна гэсэн асуудал ярьдаг. Энэ нь хутганы ажлын хэсэг дээрээс заавал хохирогчийнх юм уу холбогдогчийнх юм уу аль 1 нь илрэх шаардлага байхгүй. Тухайн үед хувийн таарамжгүй харилцаа үүссэн, ямар нэгэн хэмжээнд маргаан болсон гэдгийг нотлож байна.

Захирамжийн 4 дэх заалтад Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр Б.Лхагвадоржийг оюуны хөнгөн зэргийн хомсдолтой ч хэрэг хариуцах чадвартай, өөрийн хэлж буй үг мэдүүлэг, хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг ухамсарлаж ойлгох чадвартай байна гэсэн нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлд заасан өмгөөлөгч заавал оролцуулах үндэслэлд хамаарахгүй. Яагаад гэвэл тэр үндэслэлд нь өөрийгөө хамгаалж чадахгүй гэсэн. Нэгэнт мэргэжлийн эмч, байгууллагын дүгнэлт гарсан тохиолдолд заавал өмгөөлөгч оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна. 

Захирамжийн 5 дахь заалтад Тухайн үед хэргийг мөрдсөн мөрдөн байцаагч өмгөөлөгчийн гаргасан 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй давтан шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг хүлээж аваад газар дээр нь асуудлыг нь шийдвэрлэсэн учраас прокурор шийдвэрлэх шаардлагагүй гэж үзээд хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 252, 251 дүгээр зүйлд заасан “Шүүх хуралдааны явцад шийдвэрлэж буй бүх асуудлаар шүүх тогтоол шүүгч захирамж гаргана” гэж заасныг шүүх зөрчиж хэргийг шүүхэд шилжүүлэн шүүх хуралдаан зарлаж хуралдаанаар хэргийг хэлэлцсэн атлаа хэргийг “захирамж”-аар буцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байна. Үүнийг залруулж цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Лхагвадоржийн өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тогтоол нь үндэслэлтэй гарсан. Хэргийг тал бүрээс нь шалгаагүй, нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй. Хавтаст хэрэгт оюуны хөнгөн хомсдолтой Б.Лхагвадоржийг өмгөөлөгчгүй байцаахад би хутгалсан юм гэсэн мэдүүлгээс өөр Б.Лхагвадорж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэх нотлох баримт байхгүй байна. Хохирогчийн хувийн байдлыг тогтоогоогүй, тухайн хүнд гэмтэл хэний үйдлийн улмаас авснаа мэддэггүй. Мөн хохирогч өөрөө өөртөө гэмтэл учруулсан, эсхүл эхнэртэйгээ маргалдаж, зодолдож байгаад энэ гэмтлийг авсан эсэхийг шалгаж тогтоогоогүй. Хохирогчийг байцаахдаа 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон байцаагаагүй. Б.Бат-Очирыг байцаахдаа “Үндсэн хууль болон 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэдгийг сануулж “мэдүүлэг өгөх үү” гэхэд “өгнө” гээд өгсөн мэдүүлэг нь үнэн байх ёстой. Гэтэл Б.Бат-Очирын мэдүүлэг үнэнд нийцдэггүй. Б.Бат-Очир “би 17 цагт нөхөртэйгөө хамт унтаад өгсөн. 1 сэрэхэд манай нөхөр хутгалуулсан байсан” гээд яриад байгаа боловч хавтаст хэргийн хамгийн гол нотлох баримт болох камерын бичлэгт 19 цагаас 20 цаг 30 минут хүртэл Б.Лхагвадорж Б.Бат-Очир 2 гэмт хэрэг гарсан өрөөнөөс 1 нь гараад явахаар нөгөөдөх нь араас нь гараад явдаг. Буцаад ороход араас нь дагаад ордог. Шүүхийн тогтоолд 17 цагт унтсан хүн яагаад камерын бичлэгийн 2 цагийн хооронд яваад байдаг вэ. Цустай юм шиг даавуу барьж яваад хогын саванд хаяад яваад байгааг олуулах гэж хэргийн мөрдөн байцаалтад буцаасан. Мөн хутган дээрээс гарын мөр илрээгүй. Б.Бат-Очирын цусны бүлэг Б.Лхагвадоржийн цусны бүлэгтэй адил хоёулаа 1 дүгээр бүлгийн цус илэрсэн. Хутганы ажлын хэсэг дээрээс 1 дүгээр бүлгийн цус илэрсэн нь Б.Бат-Очирынх уу, эсхүл Б.Лхагвадоржийнх уу гэдэг нь ойлгомжгүй. Тухайн хэргийн газрын орчим явж байсан хүмүүсийг байцаах нь хэрэгт ач холбогдолгүй гэж улсын яллагч эсэргүүцэлдээ дурдсан. Гэтэл тухайн газрын ойр орчим явж байсан хүмүүсийг зайлшгүй байцаах ёстой. Яагаад гэвэл үл таних 2 хүн хэрэг болсон байж болзошгүй цаг хугацаанд хохирогчийн үүдэнд зогсож байгаад гарч ирсэн. Тэгэхээр энэ 2 хүн хэрвээ гэмт хэрэгт холбогдолгүй байдаг бол хэн нь хохирогчийн хутгалж байсан, хэн нь ямархуу байдалтай байсан бэ гэдгийг мэдэх ач холбогдолтой мэдүүлгийг өгөх боломжтой гэж үзэж байна. Мөн тухайн өдөр Дорждэрэм гэх хүн хохирогч болон түүний эхнэр Б.Бат-Очир нартай архи уусан. Тэгэхээр дээр дурдсан үл таних 2 хүний 1 нь Дорждэрэм мөн үү, эсхүл Дорждэрэм хохирогчтой муудалцаад, хутгалчихаад орж гарч яваад байсан уу гэдгийг шалгаагүй. Мөн хавтаст хэрэгт түргэний эмчийг байцаасан байцаалт байхгүй байхад түргэний эмч ингэж хэлсэн, түргэний эмчид Б.Бат-Очир ингэж хэлсэн гэж улсын яллагч эсэргүүцэлдээ бичсэн нь үндэслэлгүй. Мөн Б.Лхагвадорж нь оюуны хөнгөн хомсдолтой буюу хөдөлмөрийн чадвар алдал 70 хувьтай. Шүүх хуралдаанд “чи яагаад хутгалсан гээд мэдүүлээд байсан бэ, энэ мэдүүлэг үнэн үү” гэхэд, мөрдөн байцаагч “чиний гарын хээ хутганаас илэрсэн. Чи хутгалсан гэхээр чинь би хутгалсан гэж бодсон” гэж мэдүүлсэн мэдүүлэг үндэслэлтэй. Хэдийгээр Б.Лхагвадорж зодолдоод миний хамараас цус гарсан гэдэг боловч хамар луугаа цохиулсан бол хамар нь хавдах, хамрынхаа цусыг гараараа арчих, хутга дээрээс цусны мөр илрэх байсан. Шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай гарсан Б.Лхагвадоржийг хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн боловч одоогийн байдалд нь 40 нас хүрсэн байж Монгол Улсын Ерөнхий сайдыг мэдэхгүй, өнгө ялгаж мэдэхгүй. Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Лхагвадорж нь согтуурсан үедээ 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах 61 дүгээр байрны В1 давхарын өрөөнд Д.Ганцогттой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зүүн гарын шуу хэсэгт нь хутгаар зүсэж биед нь “зүүн шуунд богтос болон шууны артерийн судас, мэдрэл, булчин гэмтээсэн зүсэгдсэн шарх” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн үед болсон үйл баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодитой тогтоох талаар шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийжээ.

Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, Б.Лхагвадоржид холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шаардлагатай хохирогч, гэрч нарыг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж зааснаар Б.Лхагвадоржид холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эрх зүйн дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн улсын яллагчийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 2 тоот эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, Б.Лхагвадоржид  холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 254 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Б.Лхагвадоржид холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Лхагвадоржид хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

                                                                        Н.БАТСАЙХАН