Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00608

 

О.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01863 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: О.Б

          Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох

          17.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Б, О.Б нар  2015-12-09-ний өдөр “Т” ХХК-ийн авто ломбардад өөрийн өмчлөлийн 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашиныг 6 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай, 6 сая төгрөгийн барьцаанд тавьж, Фидуцийн гэрээгээр уг автомашинаа “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж зээл авсан бөгөөд өөрөө эзэмшихээр харилцан тохиролцсон байна.Зээлийн  хүүг 2016 оны 03 дугаар сар хүртэл төлж, гэрээг сунгаж байгаад үндсэн төлбөрөө төлөх боломжтой болоход “Т” ХХК-ийн 2016-03-31-ний өдөр шүүхэд хандан 7.986.000 төгрөг шаардсан. Шүүх шийдэхдээ  барьцаа хөрөнгөөс нэхэмжлэлийг хангуулахаар заагаагүй байдаг. Зохигчид эвлэрсэн шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон 6.576.000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар болсон. Тухайн маргаанд хариуцагчаар татагдсан нэхэмжлэгчийн төрсөн ах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрсөн учир шүүгч хариуцагчийг сольж 2016-06-06-ны өдрийн дотор 6.576.000 төгрөгийг төлөх тухай захирамжид тусгасан. Тохиролцсон хугацаанд төлбөр төлөгдөөгүй тул 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашиныг зарж төлбөрөө төлж барагдуулахаар зар тавьсан байсныг “Т” ХХК олж мэдээд 2016-06-13-ны өдөр автомашиныг нь худалдан авна гэж хуурч мэхлэн аваад 2016-06-20-ны өдөр бусдад зарсан байна. Тухайн үед нэхэмжлэгч нарт мөнгөний боломж гарч 6.676.000 төгрөгийг өгч автомашинаа авахаар очиход нь “Т” ХХК нь үндэслэлгүйгээр 12 сая төгрөг нэхэмжилж  машиныг өгөөгүй. “Т” ХХК нь 6.576.000 төгрөгийн шаардлагыг хангасан шүүхийн хүчин төгөлдөр захирамжийг үл биелүүлж, албадан гүйцэтгэх ажиллагааг хийлгүйгээр нэхэмжлэлд дурдаагүй бусдын өмч хөрөнгөнд  халдаж, хохирол учруулчихаад автомашины зөрүүг өгөхгүй байна. Иймд 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашины зах зээлийн үнэлгээ болох 17сая төгрөгөөс 6.576.000 төгрөгийн төлбөрийг хасч, зөрүү мөнгө болох 10.924.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

       Хариуцагч хариу тайлбартаа: Зээлдэгч нар 2015-12-09-ний өдөр 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашин барьцаалж 6 сая төгрөгийг 6% хүүтэй 4 сарын хугацаатай автомашинаа унаад явах, эргэн төлөлтөөр үндсэн зээлээс хасагдах нөхцөлтэй зээл авч зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлт хийхгүй, барьцааны хөрөнгө болох уг автомашиныг хууль бусаар хил давуулан Казакстан улс руу гаргаж зээлийн гэрээг ноцтой зөрчсөн. Зээлдэгч нартай холбоо барих гэсэн боловч бүх утас нь холбогдох боломжгүй байсан бөгөөд түүний ахтай ярихад “...тиймээ бид нар тэр автомашиныг Казакстан улс руу гаргачихсан, зарах гэж байгаа...” гэсэн мэдээллийг өгсөн. Үүний дараа манай байгууллага 2015-03-30-ны өдөр өмгөөлөгч хөлсөлж 7.986.000 төгрөг зээлдэгчээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч нарын ах манай өмгөөлөгчтэй ирж уулзаад зээлийн барьцаа хөрөнгө болох уг автомашиныг хууль бусаар хил давуулсан нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулах санал тавьсан. …манай өмгөөлөгчид хэлэхдээ уг автомашин нь Казакстан улсад очоод мотор нь эвдэрчихсэн, тул алдангиас чөлөөлж өгөхийг хүсч дүүгийнхээ өмнөөс хариуцлага хүлээж хохирлыг барагдуулахаар болсон. Хариуцагч нар нь эвлэрлийн гэрээ байгуулж, 2016-05-16-ны өдрөөс эхэлж 4 удаа төлөлт хийж 2016-06-06-ны өдрийн дотор хохирлыг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч зээлийн гэрээгээ ноцтой зөрчсөн. ИХШХШТХ-ийн 74.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Манай байгууллага уг автомашиныг хуурч мэхлэн хурааж аваагүй бөгөөд зээлийн гэрээний дагуу зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд шилжүүлсэн эд хөрөнгийг хаа байгаа газраас нь хураан авах бүрэн эрхтэй. Зээлийн гэрээнд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн барьцааны зүйлийг захиран зарцуулах эрхийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлнэ гэснийг анхаарна уу. Нэхэмжлэлд зээлдэгч нар нь зээлийн хүүг төлж, зээлийн гэрээг сунгаж байгаа гэж дурдсан байна. Энэ нь худлаа бөгөөд манай талаас маш олон удаа зээлдэгч  нартай холбогдох гэж оролдсон, хаягийн дагуу гэрээр нь очсон боловч манайд өгсөн бүх мэдээлэл нь худал, бүх утаснууд нь орох ярианы эрх нь хаагдсан байсан.  Уг автомашиныг худалдах үед мотор нь гэмтэлтэй байсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нар мэдэж байгаа. Тухайн үед уг автомашины зах зээлийн үнэ нь 12сая орчим төгрөг байсан бөгөөд засвар хийх шаардлагатай байсан тул  9сая төгрөгөөр зарж, зээлийг хаасан бөгөөд үүнд зээлдэгчийн араас явсан ажилчдын ажлын хөлс, өмгөөлөгчийн хөлс, алдангийн үлдэгдэл ороогүй болно. Хэрэв зээлдэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол манай байгууллага өмгөөлөгч хөлсөлж зөрүү мөнгө нэхэмжилнэ гэжээ.

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01863 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт зааснаар О.Б, О.Б нар, “Т” ХХК-д холбогдуулан гаргасан 17.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар О.Б, О.Б  нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245 460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01863 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Хэргийн талаар: О.Б нь гадаадын жуулчдыг Монгол Улсад аялахад нь үйлчлэх зорилгоор 2015 оны 12 дугаар сард дөнгөж орж ирсэн Хюундай Старекс маркийн автомашиныг 17сая төгрөгөөр худалдан авахаар болсон байдаг. О.Бт бэлэн 12 сая төгрөг байсан бөгөөд худалдагч нь бэлэн мөнгөөр зарна гэсэн тул арга 12сая төгрөг төлөөд автомашиныг нэр дээрээ шилжүүлмэгц 2015-12-09-ний өдөр “Т” ХХК-ийн ломбарднаас нэг сарын хугацаатай, 6% хүүтэй, 6сая төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд дөнгөж худалдаж аваад байсан 50-47 УБЛ улсын дугаартай Хюундай Старекс маркийн автомашиныг фидуцийн гэрээгээр  “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлээ хугацаанд нь төлж чадаагүй тул “Т” ХХК  2016.03.31-ний өдөр О.Б, түүний ах О.Б нарт холбогдуулан шүүхэд 7.986.000 төгрөг шаардсан байдаг. Маргаан шийдвэрлэгдэх явцад “Т” ХХК О.Боос татгалзаж, О.Бтэй 2016.05.09-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг О.Бээс гаргуулахаар болж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон, 6,576,000 төгрөгийг  О.Бээс гаргуулж “Т” ХХК-д олгохоор болсон. О.Б  Эвлэрлийн гэрээний хугацаанд зээлийн гэрээний үүрэг 6,576,000 төгрөг төлж чадаагүй ч хэдхэн хоногийн дараа хүнээс хүүтэй мөнгө зээл “Т”ХХК-д 6.576.000 төгрөгийг өгөх гэтэл  12сая төгрөг нэхэж, өгсөн мөнгийг нь аваагүй. Улмаар О.Б 50-47 УБЛ Хюундай Старекс маркийн машиныг зарах гэж зар тавьсан байсныг “Т” ХХК олж мэдээд,  хуурч мэхлэн, автомашиныг өөрийн эзэмшилдээ авч 2016.06.23-ны өдөр бусдад худалдсан.Иймд О.Б өөрийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэж үзэн  “Т” ХХК-с автомашины зах зээлийн үнэ 17.5 сая төгрөг шаардсан.

        Шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргах үндэслэл: О.Б анх “Т” ХХК-с зээл авч, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх батлагаа болгон өөрийн Хюундай Старекс маркийн машиныг Фидуцийн гэрээний үүргийн дагуу хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн боловч “Т” ХХК 2016.05.09-ний өдрийн эвлэрлийн гэрээний дагуу дээрх үүргийг О.Бээс гаргуулахаар болж, О.Быг зээлийн гэрээний үүргээс чөлөөлсөн. Энэ нь баримтаар тогтоогддог. ИХШХШТХ-ийн 26.3-т зааснаар  хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Иймд “Т” ХХК анх О.Б, О.Б нарыг  хариуцагчаар татаж, хуулийн 26.2-р О.Боос татгалзаж, О.Бтэй эвлэрсэн.Үүнээс үзвэл О.Б зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдсөн юм.  “Т” ХХК О.Бтэй эвлэрсэн тул  зээлийн гэрээний үүргийг заавал биелүүлэх үүрэг үүсч, талууд уг асуудлаар дахин шүүхэд хандах боломжгүй болсон. Иймд “Т” ХХК зээлийн гэрээний үүргийг О.Бээс албадан гүйцэтгүүлэх эрх үүссэн байна.  “Т” ХХК-н энэ эрх, үүрэг нь одоо ч нээлттэй бөгөөд О.Бын 50-47 УБЛ улсын дугаартай Хюундай Старекс маркийн автомашиныг хууль бусаар авч, бусдад зарсан эсэхээс үл хамаарч, хэдийд ч шүүгчийн 2016.05.13-ны өдрийн захирамжийн дагуу О.Бээс 6,276,000 төгрөгийг гаргуулж авах боломжтой байгаа. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээр дурдсан үйл баримтанд хууль зүйн дүгнэлт хийлгүй, зөвхөн “Фидуцийн гэрээ”-нд үнэлэлт дүгнэлт өгч, хүчин төгөлдөрт тооцон хэрэг маргааныг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байдаг. Шүүгч шийдвэр гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Манайх одоо О.Бээс шүүгчийн захирамжийн дагуу 6.276.000 төгрөгийг шаардахгүй шүү дээ” гэж хэлсэн үгэнд нь итгэж, хөнгөмсгөөр найдан, хийсвэр байдлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь ИХШХШТХ-ийн 40.2-г зөрчсөн. Дээр дурдсан үйл баримтаас үзвэл О.Б зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээс чөлөөлөгдсөн тул “Фидуцийн гэрээ”-ний үүрэг ч мөн дуусгавар болох хуулийн үндэслэлтэй. Иргэний хуулийн 77.1-р үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусах бөгөөд уг зохицуулалтыг мөн хуулийн 4.1 дэх хэсэгт “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ” гэж заасан. Дурдсан харилцаанд уг зохицуулалтыг төсөөтэй хэрэглэж, О.Бт холбогдох үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох “Фидуцийн гэрээ”-ний үүрэг “Т” ХХК болон иргэн О.Б нар эвлэрч, шүүгчийн захирамж гарсан өдрөөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн давж заалдах шатны шүүх ч дээрх асуудалд үнэлэлт дүгнэлт хийгээгүй бөгөөд зөвхөн өр шилжүүлсэн гэдэг үндэслэл заан Фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр байна. “Т”ХХК нь Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээд бөгөөд үйл ажиллагааны үндсэн чиглэл, чиг үүрэг нь зөвхөн барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох явдал юм. Барьцаалан зээлдүүлэх газар нь Иргэний хуулийн 286.4-р зээлийн гэрээний хугацаанд бусдын өмч хөрөнгийг ямар нэг хэлбэрээр өөрийн өмчлөлд шилжүүлж авах нь хуулиар хориглогдсон. Иймд Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заасанчлан талуудын хооронд байгуулагдсан “Фидуцийн гэрээ"-г байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус юм. Энэ тохиолдолд нэхэмжлэгч шаардлага гаргаснаас үл шалтгаалан шүүгч дүгнэлт хийх ёстой байдаг. Иймд шүүгч энэ асуудалд дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Харин давж заалдах шатны шүүх хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн судалж дүгнэлт гаргах үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт гаргах боломжгүй гэсэн нь Иргэний хуулийг нэг мөр хэрэглэнэ гэсэн зарчимтай зөрчилдөж байна. Иргэний хуулийн 286.3-т зааснаар  зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно. Иймд “Т” ХХК  бусдын өмч хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахгүйгээр, хууль бусаар захиран зарцуулсан үйлдэлд шүүх мөн л дүгнэлт хийгээгүй. Хэрэв хуулийн дагуу  Хюундай Старекс  машиныг дуудлага худалдаагаар борлуулсан бол “Т” ХХК 6,276,000 төгрөгийг суутгаж, зөрүү төлбөрийг О.Бт олгох үүрэгтэй болох юм. Гэвч шүүгч хэрэглэх ёстой заалтыг огт хэрэглээгүй. “Т” ХХК Фидуцийн гэрээ байгуулсан боловч  барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох чиг үүрэг бүхий хуулийн этгээд юм. Барьцаалан зээлдүүлэх газар нь Иргэний хуульд заасанчлан дээр дурдсан үүрэгтэй байдаг атал давж заалдах шатны шүүх талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй тул дээрх журам үйлчлэхгүй гэсэн нь хууль бус шийдвэр байна. 17сая төгрөгөөр авсан автомашиныг хагас жилийн дотор “Т” ХХК-д 6сая төгрөгөнд алдсан бодит нөхцөл байдлыг шүүх дүгнэж үзээгүй. Иргэний хуульд үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг үг, өгүүлбэр байдаг. Гэтэл нэг л маргааны үндсэн дээр иргэн Бямбадэлгэрээс 6.576.000 төгрөг гаргуулж авах шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байсаар байтал хүний 17сая төгрөгийн үнэтэй автомашиныг авчхаад байгаа “Т” ХХК нь жинхэнэ утгаараа үндэслэлгүй хөрөнгөжсөн ...Өнөөгийн нийгэмд нэг талаас иргэн, нөгөө талаас хуулийн этгээд буюу барьцаалан зээлдүүлэх газар “Фидуцийн гэрээ” байгуулж, гэрээний нөхцөлийг л зөвшөөрөхгүй бол зээл олгохгүй  иргэдийн өндөр үнэтэй өмч, хөрөнгийг   үнэгүйдүүлэн хохироож байна. 17.500.000 төгрөгийн үнэтэй автомашинаа 6сая төгрөгөөр үнэлж, барьцаалан зээлдүүлэх газарт алдах эрсдэлийг хүлээн, Фидуцийн гэрээ байгуулсан  О.Бын адил Фидуцийн гэрээний үр дагаврыг ойлгохгүй, хохирсоор л байна.  Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       О.Б, О.Б нар 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Т ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “...хариуцагч нь О.Бын 50-47 УБЛ улсын дугаартай Хюундай Старекс маркийн автомашиныг хууль бусаар авсан...” гэсэн үндэслэлээр машины үнэ 17.500.000 төгрөгөөс төлөх ёстой 6.576.000 төгрөгийг хасаж үлдэх 10.924.000 төгрөгийг шаардсанаас /хх 1-2/ гадна “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн /хх 136/ байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Б нэхэмжлэлээсээ татгалзаж, О.Б нэхэмжлэлээ өөрчлөн, хариуцагчаас автомашины үнэ 17.500.000 төгрөг гаргуулахыг /хх 180/ шаарджээ.  

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгч О.Б нь зээл авч мөнгөө төлөөгүй учир шүүхэд хандсан бөгөөд машины мотор эвдэрч зээл төлөх баталгаагүй болсон гэж хэлсэн учир ах О.Бтэй эвлэрлийн гэрээ байгуулж шүүгч захирамж гаргасан...гэвч мөнгөө төлөөгүй тул машиныг 9,000,000 төгрөгөөр зарж төлбөрийг барагдуулсан...” гэж /хх 28-29, 140,202-203/ маргажээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... зохигчийн хооронд зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдаж... уг гэрээний дагуу автомашины өмчлөгч нь Т ХХК болсон байна...хариуцагч нь О.Бтэй эвлэрч захирамж гарсан ч төлбөр төлөгдөөгүй тул Т ХХК-ийн өмчлөлд автомашин   үлдэнэ...  зээл төлөх О.Бын үүрэг дуусгавар болоогүй...” гэжээ.

       Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ “... О.Бын өмнөөс түүний ах О.Б зээл төлөх үүрэг хүлээж хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүх баталсан тул  ...өр шилжсэн гэж үзнэ...өр шилжсэнээр фидуцийн гэрээ дуусгавар болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна... О.Б, О.Б нар  зээлээ төлөөгүй  хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон...” гэсэн дүгнэлт хийсэн байна. 

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо “...шүүхийн захирамжид заасан хариуцагч нь О.Б бөгөөд түүнд холбогдуулан албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжтой байхад О.Бын машиныг төлбөрт авсан нь буруу... фидуцийн гэрээ дуусгавар болсон... шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ...” гэжээ. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

      1. Болсон үйл баримтын талаар:

      О.Б нь 50-47 УБЛ улсын дугаартай Хюундай Старекс маркийн автомашиныг  2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 17,000,000 төгрөгөөр худалдан авч /хх 149/, уг мөнгийг төлөх зорилгоор “Т” ХХК-н барьцаалан зээлүүлэх газраас 6,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй зээлж 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр  0014 дугаар гэрээ байгуулж /хх 20, ар тал, 21,121-122/ уг гэрээний дагуу мөнгийг хүлээн авсан нь тогтоогджээ.  

      “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай” 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн  гэрээгээр /хх 20/ О.Б Хюндай Старекс маркийн 01099194 гэрчилгээтэй, хар өнгийн, 2008 онд үйлдвэрлэж, Монгол Улсад 2015 онд оруулж ирсэн автомашиныг “Т” ХХК-ийн барьцаалан зээлүүлэх газрын өмчлөлд шилжүүлэхээр тохирсон байна. /хх 20, 125-126/ Т” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь /хх 24/ 0002729 дугаар гэрчилгээгээр нотлогджээ. 

       Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Т” ХХК, О.Б болон түүний ах О.Б нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд талууд 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Эвлэрлийн гэрээ” /хх 15/ байгуулсан байна. Уг гэрээг үндэслэн  Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 101/ШШ2016/04292 дугаар захирамж гаргаж,  “...Т ХХК нь О.Боос татгалзаж, 6.576.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор О.Б төлөхөөр эвлэрснийг...” баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг захирамжид үүргийн гүйцэтгэлийг 50-47 УБЛ улсын дугаар Хюундай Старекс маркийн автомашинаар хангуулах тухай заагаагүй /хх 12-14/ байна.

       Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/04292 дугаар захирамж биелэгдээгүй буюу мөнгө төлөгдөөгүй,  мөнгийг О.Бээс албадан гаргуулах ажиллагаа явагдаагүй нь тогтоогдсон, энэ талаар зохигчид мараагүй байв.

       Т ХХК нь Хюундай Старекс маркийн 50-47 УБЛ маркийн автомашиныг Т ХХК өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, Н.Батболдод 9,000,000 төгрөгөөр, Н.Батболд нь У.Сандагдоржид 14,000,000 төгрөгөөр тус тус худалдсан болох нь зохигчийн тайлбар, гэрч  Н.Батболд, У.Сандагдорж нарын мэдүүлэг, Т ХХК-ийн 2015-12-09-ний өдрийн 0014 болон 2016-06-19-ний өдрийн 0014 дугаар албан бичиг, Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 118, 123-124, 133-134, 177-178, 162-163,164/-р тогтоогджээ.   

        Хариуцагч нь автомашиныг бусдад худалдсанаас маргаан үүсэж, О.Б, О.Б нар Т ХХК-с машины үнэ 17.500.000 төгрөгөөс төлөх ёстой 6.576.000 төгрөгийг хасаж үлдэх 10.924.000 төгрөгийг шаардсан байна.

       Гэрэгэ-Эстимейт ХХК нь Хюундай Старекс маркийн 2008 онд үйлдвэрлэж, Монгол Улсад 2015 онд оруулж ирсэн машины дундаж үнэ 17.500.000 төгрөг болохыг 2016-06-24-ний өдөр тодорхойлжээ. /хх 19, 24, 35/

       Харин Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2017-05-19-ны өдрийн 182/ШЗ2017/05362 дугаар захирамжаар /хх 185/ томилогдсон шинжээч  Хюундай Старекс маркийн 50-47 УБЛ маркийн автомашиныг 2016 оны 6 дугар сарын байдлаар 17,000,000 төгрөгөөр, 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 17,500,000 төгрөгөөр үнэлсэн  /хх 193-198/ байна.  

       2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

       а/. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол   зохигч талуудын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргах бөгөөд  захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

       Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/04292 дугаар захирамжийн дагуу О.Б 6.576.000 төгрөгийг Т ХХК-д төлөөгүй бөгөөд уг захирамжийг албадан гүйцэтгэх боломжтой байна.  

       Т ХХК О.Б нар эвлэрсний дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр  101/ШШ2016/04292 дугаар захирамж гаргаснаар зээлдүүлэгч зээлдэгчээр “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх” аргаар өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалсан гэж үзнэ.

       О.Боос төлбөр гаргуулах тухай шүүхийн шийдвэр байхгүй байхад Т ХХК 50-47 УБЛ улсын дугаартай Хюундай Старекс маркийн автомашиныг авч бусдад худалдсан нь Иргэний хуулийн 101, 103, 106 дугаар зүйлд нийцээгүй байна. 

        б /. О.Б Т ХХК нар 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашиныг О.Бын өмчлөлөөс “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн хэдий ч барьцаалан зээлдэх журмаар зээл олгохдоо барьцааны гэрээ байгуулаагүй тул зээлдүүлэгч үүргийн гүйцэтгэлийг 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашинаас хангуулах эрхгүй юм.

        3. Т ХХК-с 17.500.000 төгрөг гаргуулах тухай О.Бын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

        О.Б Т ХХК нар 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашиныг О.Бын өмчлөлөөс “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн боловч Т ХХК нь фидуцийн гэрээний дагуу үүрэг биелүүлэхийг шаардаагүй байна.    

       “Т” ХХК нь О.Б, Т ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 0014 дугаар зээлийн гэрээний үүргийг О.Б биелүүлэхээр зээлдүүлэгчтэй эвлэрсэн нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 101/ШШ2016/04292 дугаар захирамжаар тогтоогдсон, автомашинтай холбоотой ямар нэг шаардлагыг зохигч шүүхэд гаргаагүй тул фидуцийн гэрээ хуульд нийцсэн эсэх талаар шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

       Түүнчлэн, О.Б, Т ХХК нар зээлийн гэрээний үүргийг хангуулахаар  барьцааны гэрээ байгуулаагүй тул 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашинаас төлбөр гаргуулахыг “Т” ХХК шаардах, зээлийн төлбөрт барьцаалах, захиран зарцуулах эрхгүй юм. 

       Хариуцагч нь 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашиныг бусдад худалдсан нь нотлогдсон тул О.Б нь Т ХХК-с учирсан хохирлоо шаардах боломжтой   байна.  

      Шинжээчийн дүгнэлтээр Хюундай Старекс маркийн 50-47 УБЛ маркийн автомашин нь 2016 оны 6 дугаар сарын байдлаар 17,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.   

       4. О.Б, О.Б нар Т ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Б нэхэмжлэлээсээ татгалзсаны дагуу анхан шатны шүүх шүүх хуралдаанаар О.Бын нэхэмжлэлийг хэлэлцсэн  атлаа О.Бийг “нэхэмжлэгч” гэж бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нийцээгүй хэдий ч энэ нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох ноцтой зөрчил биш байна.

        Хоёр шатны шүүх шүүх хуралдаанаар Т ХХК-д холбогдох О.Бын нэхэмжлэлтэй 17.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцэж шийдвэр, магадлал гаргасан тул энэ үндэслэлээр хяналтын шатны шүүхийн тогтоолд нэхэмжлэгчээр   О.Бийг нэрлэн заагаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.     

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :       

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01863 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасныг баримтлан Т ХХК-с 17.000.000 төгрөг гаргуулж О.Бт олгож, нэхэмжлэлээс 500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж., 2 дахь заалтын “...хэвээр үлдээсүгэй...” гэснийг “... хэвээр үлдээж, хариуцагчаас  242.410  төгрөг гаргуулж, О.Бт олгосугай...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалыг бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 245.450 төгрөгийг О.Бт захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ