Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 896

 

 

 

 

 

 

    2019          10           30                                     2019/ШЦТ/896

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Отгонжаргал,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч/хохирогч: Б.Б ,

Шүүгдэгч/хохирогч: Ж.Х нар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б , Ж.Х  нарт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905038201063 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б , ____  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа ___тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлтэй, ___ тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Х , __ настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл зүй, математикийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ______ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, КЮ-80050575 тоот регистртэй,

Шүүгдэгч Ж.Х нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Гурвалжин зогсоол дээр иргэн Б.Б ыг “ачаа ачих 1 дүгээр эгнээн дээр зогслоо” гэж уурлан нүүр рүү нь цохиж, маргаан үүсгэн зүй зохисгүй харьцлаа гэж нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “тархи, доргилт, дагзны хуйх, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Гурвалжин зогсоол дээр иргэн Ж.Х-ийг “40.000 төгрөгөөр явдаг газарт 20.000 төгрөгөөр явлаа” гэх шалтгаанаар маргаан үүсгэн улмаар нүүрэн тус газар руу нь цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний салстын цус харвалт, хамар, хацрын арьсны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хаана зогсох танд ямар хамаатай юм гэхэд нь дургүй хүрсэн” гэв.

 Шүүгдэгч Ж.Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...ачаа ачих гээд явсан. Бууж очоод зөрүүлээд хоёр удаа цохисон. Эргээд тойрог дээр зогсохоор арай илүү ачаа ачдаг. Б гэдэг залуу чи яагаад хөгшин хүн цохидог юм бэ гэж хэлсэн...” гэв.

Хохирогч Б.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэв.

Хохирогч Ж.Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэв.

Хохирогч Б.Б ын мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед би өөрийн _____улсын дугаартай амьжиргаа цагаан машинтай үйлчилгээнд явж байсан. Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжин барилгын материал худалдааны төв рүү ордог туслах замын хажуу талын зогсоол дээр машинаа байрлуулсан байсан. Тэгээд зогсож байхад _____ улсын дугаартай амьжиргаа цагаан машинтай залуу гурвалжин руу ордог туслах замын төв зам дагуу 1 дүгээр эгнээнд машинаа тавьсан байсан. Би тэгэхээр нь машин руу нь алхаж очоод 1 дүгээр эгнээнд битгий машинаа тавиарай, холдоодох гэж хэлсэн. Тэгтэл хаана зогсох нь миний хэрэг гэж хэлээд ____ улсын дугаартай машинаа 1 дүгээр эгнээнээс хөдөлгөөд миний машины хажууд тавьсан. Тэгээд машины жолооч бид хоёр маргалдсан, жолооч хаалга онгойлгосон, бид хоёр барилцаад авсан. Хажууд байсан жолооч бид хоёрыг салгасан. Тэр үед би ____ улсын дугаартай машины жолооч болох Х-ийн цамцыг урсан. ...1 дүгээр эгнээнд зогслоо гээд би хэлчихсэн юм. Би хэл амаар доромжилсон юм. Тэгээд маргаан үүссэн. Миний амнаас болсон. Би Х-ийг танихгүй, энэ маргаанаас болоод Х- гэдэг нэрийг мэддэг болсон. Х- бид хоёр байсан, нэг жолооч бид хоёрыг салгасан, би эмчилгээ хийлгээгүй, толгойгоо хүнээр бариулсан, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

Хохирогч Ж.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед өөрийн 98-85 УБО улсын дугаартай машинтай ачаа ачих гээд Баянгол дүүргийн 20 дугаар хороо гурвалжин барилгын материал худалдааны төв рүү ордог туслах зам дээр явж байхад Б гээд байгаа хүн миний машины хажууд ирээд цонх онгорхой байхад гараа оруулж ирээд нүүр рүү цохьсон. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод машинаасаа бууж ирээд Б гэдэг хүний нүүр рүү 2 удаа цохьсон. Тэр үед ачаа ачдаг нэг эрэгтэй хүн миний араас татсан чинь Б гэдэг хүн миний машины түлхүүрийг сугалах гэж оролдохоор нь би очоод машины түлхүүрээ авсан. Тэгтэл Б миний хөл рүү өшиглөх гэж байгаад хойш унасан. Тэгээд Б бид хоёр салаад явсан. Би машинаа жолоодоод тойрог руу очиж зогсох гээд машинаа хөдөлгөөд гарч ирсэн. Б- гэдэг залуу чи яагаад хөгшин хүнийг зодож байгаа юм гээд миний хоёр гарыг бариад авахаар нь би гараа суллаад Б-г заамдах үед Б- хойш болоод би цамцнаас нь татаад урчихсан юм. Би Б-тай заамдах үед Б хажуунаас орж ирээд миний нүүр рүү цохьсон. Гурвалжингийн зогсоол дээр ачаа ачдаг жолооч нар намайг хөөсөн. Би машинаасаа овтёртка барьж бууж ирээд хүмүүс рүү дайрсан чинь тэнд байсан жолооч нар холдоод явсан. Тэгэхээр нь машиндаа буцаж суугаад явчихсан. ...Би Б-ын нүүрэн тус газар 2 удаа цохьсон... Эхлээд Б зүүн талын нүдний хэсэгт нэг цохьсон, дараа нь Баярсайхантай заамдаж аваад байж байхад миний нүүр рүү 3-4 удаа цохьсон. ...Би Б-ыг танихгүй, маргаан нь Б над руу ирээд уурласан нь 40.000 төгрөгөөр явдаг газарт 20.000 төгрөгөөр явлаа гэж уурласан. Б тэнд олон жил зогсож байгаа. Б намайг эрэмбэтэй ачаа ачаад явсаны дараа чи ачих ёстой гэдэг. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/

Шинжээчийн 11671 тоот дүгнэлтэд: “Б.Б ын биед тархи доргилт, дагз, баруун чамархайн хуйх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Тархи доргилт, дагз, баруун чамархайн хуйх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 23/,

Шинжээчийн 11663 тоот дүгнэлтэд: “...Ж.Х-ийн биед тархи доргилт, зүүн нүдний салстын цус харвалт, хамар, хацрын арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 24/,

Яллагдагчаар Б.Б ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Х- надаас эмчилгээний мөнгө нэхээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 53-54/,

Яллагдагчаар Ж.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Би эмчилгээний зардал өгөөгүй, надаас мөнгө нэхээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 49-50/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, шүүгдэгч Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 4, 31-33, 40, 60/, шүүгдэгч Х-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 6-7, 35-39, 41, 62, компьютер томографийн оношилгоо /хх-н 20/ хохирогч нарын хүсэлтүүд /хх-н 59, 61/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Х нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Гурвалжин зогсоол дээр иргэн Б.Б ыг “ачаа ачих 01 дүгээр эгнээн дээр зогслоо” гэж уурлан нүүр рүү нь цохиж, маргаан үүсгэн зүй зохисгүй харьцлаа гэж нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “тархи, доргилт, дагзны хуйх, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Гурвалжин зогсоол дээр иргэн Ж.Х-ийг “40.000 төгрөгөөр явдаг газарт 20.000 төгрөгөөр явлаа” гэх шалтгаанаар маргаан үүсгэн улмаар нүүрэн тус газар руу нь цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний салстын цус харвалт, хамар, хацрын арьсны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б ын: “машины жолооч бид хоёр маргалдсан, жолооч хаалга онгойлгосон, бид хоёр барилцаад авсан. Хажууд байсан жолооч бид хоёрыг салгасан. Тэр үед би ____ улсын дугаартай машины жолооч болох Х-ийн цамцыг урсан. ...1 дүгээр эгнээнд зогслоо гээд би хэлчихсэн юм. Би хэл амаар доромжилсон юм. Тэгээд маргаан үүссэн. Миний амнаас болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 10/, хохирогч Ж.Х-ийн: “...Б гээд байгаа хүн миний машины хажууд ирээд цонх онгорхой байхад гараа оруулж ирээд нүүр рүү цохьсон. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод машинаасаа бууж ирээд Б гэдэг хүний нүүр рүү 2 удаа цохисон. ...Б миний хөл рүү өшиглөх гэж байгаад хойш унасан. Тэгээд Б бид хоёр салаад явсан. ...Би Б-ын нүүрэн тус газар 2 удаа цохьсон... Эхлээд Б зүүн талын нүдний хэсэгт нэг цохисон, дараа нь Баярсайхантай заамдаж аваад байж байхад миний нүүр рүү 3-4 удаа цохьсон. ...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, шинжээчийн 11671, 11663 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б , Ж.Х нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгч нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б , Ж.Х нар нь хоорондоо маргалдан, зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хавтаст хэрэгт бичгээр /хх-н 59, 61/ хүсэлт гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Б , Ж.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял”, оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б , Ж.Х  нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Ж.Х нарыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нар нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б , Ж.Х нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ тус тус авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР