| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00857/И |
| Дугаар | 184/ШШ2016/01531 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2016/01531
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, 7 хэсэг зайсан 1-р байр 2 тоотод оршин суух, эмэгтэй, ПБ73092001 регистрийн дугаартай, Бөлдөө овогт Цагаачийн Оюунжаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, баянгол 27 гудамж 08 тоотод оршин суух, эмэгтэй, ТИ63032800 регистрийн дугаартай, Чангад уут овогт Дангаагийн Нарангэрэлд холбогдох
гэрээний үүргийн биелэлт 50 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Оюунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.Оюунжаргал миний бие Д.Нарангэрэлийн хүсэлтээр 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 25 000 000 төгрөгийг 6-н сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусахад 2015 оны 10 дугаар сард 7 500 000 төгрөг өгсөн. Зээлийн хүү болон бусад үлдэгдлийг шаардахад өнөө маргааш өгнө гэж худлаа ярьж явсаар өнөөдөр хүрлээ.
Иймд Д.Нарангэрэлээс зээл болон барьцааны гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд Ц.Оюунжаргал нь Д.Наранцэцэгт холбогдуулан 50 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь 50 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас 27 000 000 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 23 000 000 төгрөгийг хариуцагч Д.Нарангэрэл нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Д.Ганчимэгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 27-р гудамж 8 тоот хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 27-р гудамж 8 тоот газрыг зээлийн тооцоо дууссанд тооцож, барьцаанаас суллаж өгөхөөр гэрээ байгуулсан. Д.Нарангэрэл нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлбөрийг төлж дуусгаагүй тохиолдолд Д.Нарангэрэлийн өмчлөлд байгаа Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол ХД 96-р байрны 10 тоот 2 өрөө орон сууцыг албадан борлуулж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 50 000 000 төгрөгийн 27 000 000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 23 000 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан.
Гэрээ байгуулсан өдөр Д.Ганчимэгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 27-р гудамж 8 тоот хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 27-р гудамж 8 тоот газрыг зээлийн тооцоо дууссанд тооцож, барьцаанаас суллаж өгөхөөр гэрээ байгуулсан.
Харин хариуцагч нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол ХД 96-р байрны 10 тоот 2 өрөө орон сууцыг албадан борлуулж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Оюунжаргал нь хариуцагч Д.Нарангэрэлд холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Д.Нарангэрэл нь 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ц.Оюунжаргалаас 25 000 000 төгрөгийг 9 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 50 000 000 төгрөгийн шаардлагаа багасгаж 23 000 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 23 000 000 төгрөгийг маргаангүйгээр 2017 оны 01 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулахаар эвлэрсэн тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Зохигч Д.Ганчимэгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 27-р гудамж 8 тоот хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 27-р гудамж 8 тоот газрыг зээлийн тооцоо дууссанд тооцож, барьцаанаас суллаж өгөхөөр, хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол ХД 96-р байрны 10 тоот 2 өрөө орон сууцыг албадан борлуулж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь 50 000 000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 407 950 төгрөг төлөх ёстой ба 444 950 төгрөг төлж 37 000 төгрөг илүү төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар 37 000 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигч улсын тэмдэгтийн хураамжийг төлөх талаар харилцан тохиролцсон тул тэдний тохиролцсноор улсын тэмдэгтийн хураамжийг гаргаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Ц.Оюунжаргалын нэхэмжлэлтэй Д.Нарангэрэлд холбогдох 50 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч талууд хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны дотор 23 000 000 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 37 000 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар 2601025961 тоот данснаас 292 950 төгрөг, хариуцагч Д.Нарангэрэлээс 136 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Зохигч Д.Ганчимэгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 27-р гудамж 8 тоот хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 27-р гудамж 8 тоот газрыг зээлийн тооцоо дууссанд тооцож, барьцаанаас суллаж өгөх, хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2201026153 дугаартай, 000174930 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол ХД 96-р байрны 10 тоот 2 өрөө 45.3 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон болохыг дурдсугай.
5. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
6. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ