| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/01186/И |
| Дугаар | 5195 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 5195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 76 тоотод оршин суух, Олход овогт Давагжанцангийн Бямбасүрэн /РД: ЧК77052170/,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 56 дугаар байр, 1 тоотод оршин суух, Боржигин овогт Цэндсүрэнгийн Энхтуяа /РД: ЗЮ75062664/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 42 дугаар байр, 113 тоотод оршин суух, Олохнууд овогт Давагжанцангийн Хоролсүрэн /РД: ЧК67070461/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 25 дугаар байр, 31 тоотод оршин суух, Гочоо овогт Балагийн Тунгалаг /РД: АЗ82092024/ нарт холбогдох,
36 149 000 төгрөг, 52 450 юань буюу 16 094 807 төгрөг, нийт 52 243 807 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Бямбасүрэн, Ц.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, Б.Золзаяа, хариуцагч Д.Хоролсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, хариуцагч Б.Тунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болд, гэрч Н.Отгонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бямбасүрэн, Ц.Энхтуяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид өөрийн төрсөн эгч болох Д.Хоролсүрэнд 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 20 650 000 төгрөг өгсөн. Д.Хоролсүрэн нь дээрхи мөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрч байна. Мөн бид Д.Бямбасүрэнгийн Худалдаа хөгжлийн банкны 411003635 дугаар данснаас 8 000 000 төгрөгийг бэлнээр авч, өдөрт нь буюу 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Д.Хоролсүрэнгийн төлөх ёстой мөнгө болох 8 000 000 төгрөгийг Б.Тунгалаг гэдэг хүний дансанд Д.Хоролсүрэнгийн хүсэлтийн үндсэн дээр шилжүүлж өгсөн. Мөн уг мөнгийг хариуцагч Б.Тунгалаг авсан байх тул дээрх 8 000 000 төгрөгийг Б.Тунгалаг, Д.Хоролсүрэн нараас гаргуулж өгнө үү. Мөн Хаан банк дахь 502915136-1 тоот Насан Отгонсүрэнгийн дансанд, хариуцагч Д.Хоролсүрэнгийн нэрийн өмнөөс 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тушаасан шувууны тэжээлийн үнэ 800 000 төгрөг, Хаан банк дахь 502915136-1 тоот Насан Отгонсүрэнгийн дансанд, хариуцагч Д.Хоролсүрэнгийн нэрийн өмнөөс 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тушаасан шувууны тэжээлийн үнэ 1 400 000 төгрөг, Хаан банк дахь 502424323-6 тоот Гомбожав Төмөрбаатар дансанд, хариуцагч Д.Хоролсүрэнгийн нэрийн өмнөөс 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тушаасан шувууны тэжээлийн үнэ 1 000 000 төгрөг, Хаан банк дахь 502424323-6 тоот Гомбожав Төмөрбаатар дансанд, хариуцагч Д.Хоролсүрэнгийн нэрийн өмнөөс 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тушаасан шувууны тэжээлийн үнэ 96 000 төгрөг, Хаан банк дахь 502424323-6 тоот Гомбожав Төмөрбаатар дансанд, хариуцагч Д.Хоролсүрэнгийн нэрийн өмнөөс 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тушаасан шувууиы тэжээлийн үнэ 953 000 төгрөг, Хаан банк дахь 502934591-4 тоот Балаа Тунгалаг дансанд, хариуцагч Д.Хоролсүрэнгийн нэрийн өмнөөс 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тушаасан гэрээний төлбөр 1 000 000 төгрөг, Хаан банк дахь 502934591-4 тоот Балаа Тунгалаг дансанд, хариуцагч Д.Хоролсүрэнгийн нэрийн өмнөөс 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тушаасан гэрээний төлбөр 2 250ө000 төгрөг, Хаан банк дахь 500753866-0 тоот Тиуа дансанд, хариуцагч Д.Хоролсүрэнгийн нэрийн өмнөөс 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тушаасан шувууны тэжээлийн үнэ 11 700 юань, Хаан банк дахь 500753866-0 тоот Туяа дансанд, хариуцагч Д.Хоролсүрэнгийн нэрийн өмнөөс 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр тушаасан шувууны тэжээлийн үнэ 23 500 юань, Хаан банк дахь 500753866-0 тоот Туяа дансанд, хариуцагч Д.Хоролсүрэнгийн нэрийн өмнөөс 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тушаасан шувууны тэжээлийн үнэ 17 250 юань. Дээрх 7 499 000 төгрөг, 52 450 юанийг хариуцагч Д.Хоролсүрэнгээс нэмж нэхэмжилж, нийтдээ нэхэмжлэлийн үнийн дүнг 36 149 000 төгрөг, 52 450 юань болгож байна гэжээ.
Хариуцагч Д.Хоролсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 20 650 000 тухайд энэ мөнгийг “Алтан өндөг” төсөлд “Мөнхийн Хүрд” ХЗХ-ноос 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хөрөнгө оруулалтын нэг хэсэг болгож өгсөн мөнгөний баримт. Энэ хөрөнгө оруулалтын мөнгийг “Алтан өндөг” төслийн ажилтан Д.Хоролсүрэн хүлээн авсан. “Мөнхийн Хүрд” ХЗХ болон “Монгол Тахиа” ББН хамтарч “Алтан өндөг” төсөл хэрэгжүүлэх хэлцлийг 2010 оны 02 дугаар сард хийсэн. Тус хэлцэлд талууд нь 35 000 000, 35 000 000 төгрөгийн хөрөнгө оруулах, 3 жил үргэлжлэхээр тохирсон байсан. Уг тохиролцооны дагуу “Мөнхийн Хүрд” ХЗХ нь “Алтан өндөг” төсөлд 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хөрөнгө оруулалтынхаа 20 650 000 төгрөгийг оруулсан. Энэ хөрөнгө оруулалтын зарцуулалтыг “Алтан өндөг” төслийн санхүүтийн тайланд нэг бүрчлэн тусгаж хөрөнгө оруулагч талуудад тайлагнасан тул уг төлбөрийг миний бие хариуцахгүй. Нэхэмжлэлийн шаардлага 8 000 000 төгрөгийн тухайд “Алтан өндөг” төсөл нь 6 000 шувууны ашиг орлогыг тооцсон төсөл байсан учраас 6000 дэгдээхэйгээ “Түмэн шувуут” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, захиалах шаардлага бий болсон. Төсөл хэрэгжүүлэгчид харилцан тохиролцсоны үндсэн дээр “Монгол Тахиа ” ББН -ийг “Түмэн шувуут” ХХК-тай дэгдээхэй худалдах, худалдан авах гэрээний нэг тал болгохыг зөвшөөрч 2010 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөгийн гэрээг байгуулсан. 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрээний дагуу “Монгол Тахиа” ББН-ний нэрийн өмнөөс “Мөнхийн Хүрд” ХЗХ-ны кассын нярав Ц.Энхтуяа мөнгөний шилжүүлэгийг шууд хийсэн байдаг. “Алтан өндөг” төслийн кассын тайланд “Түмэн шувуут” ХХК-руу шилжүүлсэн 8 000 000 төгрөгийг “Мөнхийн Хүрд” ХЗХ-ны хөрөнгө оруулалт гэж тусгасан. “Мөнхийн Хүрд” ХЗХ-ны Д.Бямбасүрэн нь “Алтан өндөг” төслийн 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны санхүүгийн тайланг гаргасан. Д.Хоролсүрэн би “Мөнхийн Хүрд” ХЗХ-ны кассын нярав Ц.Энхтуяад 8 000 000 төгрөгийг шилжүүлэх тухай хүсэлт тавиагүй бөгөөд 8 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага 7 499 000 төгрөг, 52 450 юанийн тухайд 4 050 000 төгрөг нь “Мөнхийн Хүрд” ХЗХ-оос “Алтан өндөг” төсөлд хөрөнгө оруулалтаар орсон санхүүжилт байсан. Төслийн санхүүгийн тайланд хөрөнгө оруулалт гэж тусгасан байдаг. 35 200 юань нь “Монгол Тахиа” ББН-с “Алтан өндөг” төсөлд оруулсан хөрөнгө оруулалт. “Монгол Тахиа” ББН нь “Алтан өндөг” төсөлд 2010 оны 6 дугаар сарын 08-ний өдрөөс 7 дугаар сарын 16-ны хооронд 24 669 200 төгрөгийг, 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 10 330 800 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг шилжүүлсэнээр нийт 35 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа хийсэн. “Монгол Тахиа” ББН нь “Мөнхийн Хүрд” ХЗХ-оос 24 669 200 төгрөгийн зээлийг, сарын 3 хувийн хүүтэйгээр авч “Алтан өндөг” төсөлд хөрөнгө оруулалт болгон оруулсан. Энэ зээлээ “Монгол Тахиа ” ББН нь “Мөнхийн Хүрд” ХЗХ-д 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 27-ны хооронд үндсэн зээл, хүүгийн хамт 26 609 500 төгрөг болгон төлж дуусгасан. Харин “Монгол Тахиа ” ББН-ын 10 330 800 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг “Мөнхийн Хүрд” ХЗХ-ны Д. Бямбасүрэн, Ц. Энхтуяа нар нь тоолж, үнэлж хүлээн авч акт үйлдсэн. “Алтан өндөг” төслийн дүрмийн сан нь “Монгол Тахиа” ББН болон “Мөнхийн Хүрд” ХЗХ-ны хөрөнгө оруулалтын 70 000 000 төгрөгөөс бүрдсэн. 70 000 000 төгрөгийг “Алтан өндөг” төслийн үйл ажиллагаанд зарцуулагдан дууссаныг “Мөнхийн хүрдийн” ХЗХ-ны Д.Бямбасүрэнгийн гаргасан Кассын тайлан,“Алтан өндөг” бланс, “Алтан өндөг” Гүйлгээний бланс зэрэгт тусгаснаар нотлогдоно. “Алтан өндөг” төсөл цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. Төслийг хэрэгжүүлэгч 2 тал нь 57 200 000 төгрөгийн зээлийг 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд сарын 2 хувийн хүүтэйгээр “Мөнхийн Хүрд” ХЗХ-ноос авсан. 3 449 000 төгрөг, 17 250 юанийн тухайд “Мөнхийн Хүрд” ХЗХ-оос авч буй 57 200 000 төгрөгийн үндсэн зээлийн нэг хэсэг мөнгө. Энэ 57 200 000 төгрөгийн зээлийг 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хооронд “Алтан өндөг” төслийн өндөг борлуулсан орлогоос 44 400 000 төгрөгийг, “Алтан өндөг” төслийн шувуу зарсан орлогоос 1 101 500 төгрөгийг, “Монгол Тахиа ” ББН-с өөрийн үйл ажиллагааны орлогоосоо 13 800 000 төгрөг, “Алтан өндөг” төслийн автомашиныг зарж 3 859 000 төгрөгийг, “Мөнхийн Хүрд” ХЗХ –ны Д.Бямбасүрэн 14 449 876 төгрөг, нийт үндсэн зээл, зээлийн хүү, хүүгийн торгуульд 77 610 376 төгрөгийг төлж дуусгасан. Д.Бямбасүрэнгийн худалдаа хөгжлийн банкны 411003635 болон 464001277 тоот дансуудын хуулгаар нотлогдоно. “Алтан өндөг” төсөл нь 2010 оны 10 дугаар сарыг хүртэл дандаа зарлага гарган үйл ажиллагаа явуулсан байдаг. 2010 оны 11 дүгээр сараас эхлэн 6000 шувуу өндөглөж тодорхой хэмжээгээр орлого олж эхлэсэн тул тус төсөлд мэргэжлийн нятлан бодогч болон бусад ажилчидыг авч эхлэсэн. Төслийн хамтарсан үйл ажиллагаа нь 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 5 дугаар сарыг дуустал үргэлжилсэн. Төслийг “Мөнхийн Хүрд” ХЗХ нь 2011 оны 6 дугаар сард хаяж явсан. 2011 оны 6 дугаар сараас “Монгол Тахиа” ББН нь дангаараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар 2012 оны 3 дугаар сард “Алтан Өндөг” төслийн үйл ажиллагаа дуусгасан. Дангаараа үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа хамтарсан төсөлд авсан зээлээ үргэлжлүүлэн төлж байсан. 2013 онд “Монгол Тахиа” ББН нь өөрийн үйл ажиллагааны орлогоосоо төслийн хамтарсан үйл ажиллагааны зээлээс 13 800 000 төгрөгийг төлсөн ба өөрсдөө эмчилгээ хийлгэх шаардлага гарсны улмаас 14 449 876 төгрөгийн үлдэгдэл зээлийг үргэлжлүүлэн төлөх боломжгүй болсон. Уг зээлийг хамтарсан үйл ажиллагаанд зориулж авсан бөгөөд талууд харилцан тэгш эрхтэйгээр төлж дуусгах ёстой байсан. Зээлийн үлдэгдлийг “Мөнхийн Хүрд” ХЗХ-ны Д.Бямбасүрэн 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Мөнхийн Хүрд” ХЗХ-д төлснөөр хамтарсан үйл ажиллагаанд авсан 57 200 000 төгрөгийн үндсэн зээл, хүүгийн төлбөр, торгуулийн хамт төлөгдөж дуусгавар болсон. “Мөнхийн Хүрд” ХЗХ нь төслөөс гарах болсон шалтгаан нь “Алтан өндөг” төсөлд “Мөнхийн Хүрд” ХЗХ-ны дарга Д.Янжмаа нь өөрийн хамаатан садан болох 4 хүнийг төсөлд ажиллуулах болсноор эдгээр ажилчид нь ашиг сонирхолын зөрчил үүсгээд зогсохгүй салхилга батгүй, ёс зүйгүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсны улмаас хөрөнгө оруулагч нарын дунд үл ойлголцол бий болж төслийг орхиж явсан. “Монгол Тахиа” ББН нь “Мөнхийн Хүрд” ХЗХ-той хамтарсан төслөө “үргэлжлүүлэх үү мөн дуусгах уу” гэсэн асуудлаар тохиролцоонд хүрхээр олон удаа санал, санаачлага гаргасан боловч амжилтад хүрээгүй. Өнөөдөр “Мөнхийн Хүрд” ХЗХ-ы дарга Д. Янжмаа, гүйцэтгэх захирал Д. Бямбасүрэн, нярав Ц. Энхтуяа “Алтан Өндөг” төслийн нягтлан байсан Д.Отгон нар нь “Алтан өндөг” гэдэг хамтарсан төсөл огт байгаагүй мэтээр, үгсэн хуйвалдан үгүйсгэж байна. Д.Бямбасүрэн, Ц. Энхтуяа нар нь надаас мөнгө төлөхийг шаардах нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Б.Тунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2007 оноос эхлэн “Түмэн Шувуут” ХХК-ийн захирлаар одоог хүртэл ажиллаж байна. Манай “Түмэн Шувуут” ХХК бусад иргэн, аж ахуйн захиалгаар дэгдээхэй нийлүүлж ажилладаг. Энэ дагуу “МонТахиа” нөхөрлөлийн Хоролсүрэн, Бямбасүрэн нартай албан журмаар танилцаж байсан. “Мон тахиа” ББН-ийн Д.Хоролсүрэн манай компанитай 2010 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 10/03 тоот дэгдээхэй худалдах гэрээ байгуулаж, нэг бүрийн үнэ 2500 төгрөг, нийт 15 000 000 төгрөгөөр 6000 дэгдээхэй худалдан авсан. Үүний 8 000 000 төгрөгийг Хаан банк дахь Б.Тунгалаг 5029345914 тоот дансанд 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тушаасан. “Мон тахиа”-ийн данснаас 15 000 000 төгрөг гарсан тухай өөрийх нь тайланд тусгасан байна. Тухайлбал, 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 8 000 000 төгрөг, 2010 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр 2 250 000 төгрөг, 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 3 750 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг. 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 6000 дэгдээхэй хүлээн авсан гэдгийг Туул тосгоны Мал эмнэлэгийн эмч дэгдээхэйнд үзлэг хийж гарал үүслийн гэрчилгээ олгосон байна. Энэ бүртгэлд 6000 дэгдээхэйг “Түмэн Шувуут” ХХК-иас “Мон тахиа” ББН-ийн Д.Хоролсүрэн, Д.Бямбасүрэн хүлээн авч 85-17 улсын дугаартай микро автобусаар зөөсөн байна. Мөн Д.Хоролсүрэнгийн тайлан тооцоонд 48 000 төгрөгийг дэгдээхэй тээвэрлэсэн микронд төлсөн байгаа нь давхар харагдаж байна. Иймд нэхэмжлэгч нар манай компаниас дэгдээхий худалдан авсан төлбөрийг бид буцаан өгөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бямбасүрэн, Ц.Энхтуяа нар нь хариуцагч Д.Хоролсүрэнд холбогдуулан 28 149 000 төгрөг, 52 450 юань буюу 16 094 807 төгрөг, нийт 44 243 807 төгрөг гаргуулах, хариуцагч Д.Хоролсүрэн болон хариуцагч Б.Тунгалаг нарт холбогдуулан 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Д.Хоролсүрэнгийн бусдад төлөх төлбөрийг төлсөн, ...мөн бэлнээр өгсөн, ...хариуцагч Б.Тунгалагт 8 000 000 төгрөгийг өгсөн” гэж тодорхойлсон ба шаардах эрхийн үндэслэлээ хариуцагч нарт мөнгө зээлүүлсэн гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Д.Хоролсүрэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...нэхэмжлэгч нараас мөнгө зээлээгүй, ...дээрх мөнгө нь төсөлд зарцуулагдсан” гэж, хариуцагч Б.Тунгалаг нь “...худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжлэгч нарын төлсөн төлбөр” гэж тус тус үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Хоролсүрэнд холбогдох нийт 44 243 807 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
20 650 000 төгрөгийн шаардлагын хувьд нэхэмжлэгч нар нь хавтаст хэрэгт авагдсан “Мөнхийн хүрд” ХЗХ-ны 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх нийт 20 650 000 төгрөгийн кассын зарлагын ордерийг үндэслэж байх бөгөөд уг баримтын “олгосон нярав” хэсэгт н.Энхтуяа, “мөнгө хүлээн авсан” хэсэгт Д.Хоролсүрэн нар гарын үсэг зурсан байхаас зарим баримтад “Мөнхийн хүрд” ХЗХ-ны санхүүгийн тэмдэгийг дарсан байна. Мөн зарлагын зориулалтыг “хөрөнгө оруулалт”, “санхүүжилт” гэж тэмдэглэсэн байхаас гадна талууд дээрх мөнгийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан, мөн гарын үсэг зурсан талаар маргаагүй байна /хх 7-10 дугаар тал/.
7 499 000 төгрөг, 52 450 юань буюу 16 094 807 төгрөгийн шаардлагын хувьд нэхэмжлэгч нар нь нэр бүхий иргэний Хаан банк дахь 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд нийт 10 удаагийн гүйлгээний төлбөрийг үндэслэж байх бөгөөд уг баримтын утга нь “Д.Хоролсүрэнгийн тэжээлийн үнэ, ...Энхтуяагаас тэжээлийн үнэ, ...Монгол тахиа Хоролсүрэнгээс, ... Хоролсүрэнгээс гааль, хураамж, ... Монгол тахиа ББН-с гэрээний урьдчилгаа Бямбасүрэн” гэсэн байна /хх 172-181 дүгээр тал/.
8 000 000 төгрөгийн шаардлагын хувьд нэхэмжлэгч Ц.Энхтуяа нь хариуцагч Д.Хоролсүрэнгийн өмнөөс 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 8 000 000 төгрөгийг хариуцагч Б.Тунгалагт шилжүүлсэн үйл баримтыг үндэслэж байхаас гадна уг төлбөрийг хариуцагч Б.Тунгалаг хүлээн авсан талаар маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, 7 499 000 төгрөг, 52 450 юань буюу 16 094 807 төгрөгийн шаардлага болон 8 000 000 төгрөгийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нар нь хариуцагч Д.Хоролсүрэнгийн бусдын өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэсэн, мөн хариуцагчид дээрх мөнгийг зээлдүүлсэн үндэслэлээр мөнгийг буцаан шаардаж байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тэдний хооронд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийж болох бөгөөд амаар байгуулах гэрээний тухайд талууд хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон тохиолдолд, бусад тохиолдолд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нар болон хариуцагч Д.Хоролсүрэн нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, мөн зүйлд зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг ба мөн зүйлийн 282.4-д зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Гэтэл талууд зээлийн гэрээний талаар тохиролцсон, мөн энэ талаар талууд бодит үйлдлээр илэрхийлсэн, түүнчлэн гэрээний дагуу нэхэмжлэгч нар нь хариуцагчид мөнгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр, хэрэгт авагдсан санхүүгийн болон банкны орлого, зарлагын баримтаар хариуцагч Д.Хоролсүрэнг нэхэмжлэгч нараас мөнгө шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нар нь хариуцагч Д.Хоролсүрэнгийн бусдын өмнө хүлээсэн үүргийг түүний зөвшөөрлийн дагуу болон даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагчийг дээрх мөнгийг олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч Б.Тунгалагт холбогдох 8 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нар дээрх шаардлагын үндэслэлээ “...гэрээний төлбөрийг хариуцагч Б.Тунгалагт хариуцагч Д.Хоролсүрэнгийн өмнөөс төлсөн тул буцаан шаардаж байна” гэж тайлбарлажээ. Хавтаст хэрэгт “Түмэн шувуут” ХХК болон “Монгол тахиа” ББН нарын хооронд байгуулагдсан гэх 2010 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 10/03 дугаар “Дэгдээхэй худалдах-худалдан авах гэрээ” авагдсан байх бөгөөд уг гэрээний үүрэгт нэхэмжлэлийн шаардлага 8 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нар хариуцагчид төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна. Дээрх гэрээний дагуу төлсөн төлбөрийг нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Тунгалагаас буцаан шаардах үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч Б.Тунгалаг гэрээний тал биш байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон хариуцагч Б.Тунгалаг нарын хооронд гэрээний болон гэрээний бус үүрэг үсээгүй байх тул уг төлбөрийг нэхэмжлэгч нар нь буцаан шаардах эрхгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Хоролсүрэн, Б.Тунгалаг нарт холбогдох, 36 149 000 төгрөг, 52 450 юань буюу 16 094 807 төгрөг, нийт 52 243 807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бямбасүрэн, Ц.Энхтуяа нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 680 069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөдшүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН