Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 889

 

 

 

 

 

 

  2019          10           29                                      2019/ШЦТ/889

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

улсын яллагч: Б.Бүжинлхам,

Өсвөр насны шүүгдэгч: Т.Э , түүний хууль ёсны төлөөлөгч Л.Ц , өмгөөлөгч Ч.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Э-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905028880271 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ___-р ангийн сурагч, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ___ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ___ тоот регистртэй,

Өсвөр насны яллагдагч Т.Э нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabino/-ийн агууламжтай 0.20 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Дархан-Уул аймаг дахь гэртээ болон өөрийн биедээ, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт цүнхэндээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabino/-ийн агууламжтай 0.20 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Т.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод орж ирээд автобуснаас бууж байгаад цагдаа нарт шалгагдсан. Тэгээд цүнх шалгаад баригдсан...” гэв.

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Т.Э ийн ...хар хөх өнгийн хажуу талдаа үүрдэг цүнхэнд үзлэг хийхэд цүнхний хойд талын цахилгаан товчтой хэсгийг нээж үзэхэд ...цүнхний хойд талын цахилгаан товчтой хэсгийн дотор талд дээрх эд зүйлийн хойд талын тасалгаанд уутанд хийж, амыг түлж наасан ногоон өнгийн ургамал мэт зүйл байсныг хураан авав, хураан авсан ургамал мэт зүйлийн гаднах хэсгийг хэмжиж үзэхэд хөндлөнгөөр 12 см хэмжээтэй, уут тус бүрийн хажуу тал амсар хэсгийг хэмжихэд 6 см хэмжээтэй байна... жинг стандарт хэмжил зүйн газрын Механик хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ дугаар 048144 гэсэн баталгаа бүхий жинд жинлэж үзэхэд 2 ширхэг ууттай зүйлийн нийт жин 20 гр болсон...” гэжээ /хх-н 11-13/,

Шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 3936 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн дээж шинжилгээнд тэнцэнэ. “Каннабис гэх 0,020 грамм” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг.” гэсэн дүгнэлт /хх-н 22-23/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1033 тоот дүгнэлт: “... Т.Э  нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Одоо Т.Э  нь сэтгэцийн эмгэггүй байна. Т.Э  нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Э  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Т.Э  нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-н 28-29/,

Өсвөр насны яллагдагчаар Т.Э ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дархан хот дахь гэрийн гаднаас уг мансууруулах ургамлыг түүсэн. Би түүсэн ургамлыг өөрийнхөө цүнхэнд хийгээд хадгалж байсан. Би ургамлыг өөрөө хэрэглэх зорилгоор хадгалж байсан. Цүнхэндээ хадгалж байсан ургамлаа мартсан байсан. Тэгээд цүнхээ үүрээд Улаанбаатар хотод дөнгөж ирэхэд цагдаа нар намайг шалгасан. Тэгсэн миний үүрч явсан цүнхэнд нөгөө түүсэн ургамал гарч ирсэн. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 37/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 14/, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 44, 48-60, 62-75/ зэрэг болно.   

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Т.Э  нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.20 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Дархан-Уул аймаг дахь гэртээ болон өөрийн биедээ,  2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт цүнхэндээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.20 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

Өсвөр насны шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Т.Э ийн ...хар хөх өнгийн хажуу талдаа үүрдэг цүнхэнд үзлэг хийхэд ...уутанд хийж, амыг түлж наасан ногоон өнгийн ургамал мэт зүйл байсныг хураан авав, хураан авсан ургамал мэт зүйлийн гаднах хэсгийг хэмжиж үзэхэд хөндлөнгөөр 12 см хэмжээтэй, уут тус бүрийн хажуу талд амсар хэсгийг хэмжихэд 6 см хэмжээтэй байна. ...жинлэж үзэхэд 2 ширхэг ууттай зүйлийн нийт жин 20 гр болсон...” гэх тэмдэглэл /хх-н 11-13/, шинжээчийн 3936, 3937 тоот дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа гялгар ууттай ногоон өнгийн 0,020 грамм ургамал мэт зүйл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Өсвөр насны шүүгдэгч Т.Э ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Т.Э  нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх өсвөр насны шүүгдэгч Т.Э ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Т.Э  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Өсвөр насны шүүгдэгч Т.Э өд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож өгнө үү” гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж хуульчилжээ.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Т.Э ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, 12 дугаар ангийн сурагч, хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг түүж бэлтгэсэн, хадгалсан, уг гэмт хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн эрх ашигт учрах хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг хоёр дахин багасгаж хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил түүнээс доош хугацаагаар  тогтоосон ... гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн ...хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж тус тус заажээ.

          Иймд өсвөр насны шүүгдэгч Т.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Э д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэж, шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа гялгар ууттай ногоон өнгийн 0,020 грамм ургамал мэт зүйлийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгах нь зүйтэй.

          Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Т.Э-ийг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Э ийг 06 сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Өсвөр насны шүүгдэгч Т.Э өд оногдуулсан 06 сарын хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Э д 6 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Э д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Э нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

          7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа “Каннабис гэх 0.020 грамм” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд боодолтой ногоон ургамал мэт зүйлийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Т.Э д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОТГОНБАЯР