Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 897

 

 

 

 

 

 

    2019          10         30                                      2019/ШЦТ/897

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Отгонжаргал,

Улсын яллагч: С.Оюунжаргал,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Г ,

           Шүүгдэгч: Э.Л, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Л-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903008850391 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт __тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ___ тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Л  нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн орой 18 цаг 48 минутын орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн зүүн замд “Хас лизинг” ХХК-ний эзэмшлийн “Х.Аванте” маркийн ____ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуй унаж явсан Г.Н-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Л гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 29-ний 18 цагийн орчим бөмбөгөрөөс Гэсэр сүмээр дээшээ явж байгаад зүүн гар тийш эргэх дохио өгөөд эргэсэн. Эргээд явж байхад тас гээд явсан. Хаалгаа онгойлгоод харсан чинь хүүхэд эрүүнийх нь доороос цус гарч байсан. Тэгээд шууд гэмтэлийн эмнэлэг рүү явсан. Аав руу нь би өөрийнхөө утаснаас залгах гэхэд хүүхэд өөрөө утсаараа ярьсан. Би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд өөрөө цагдаад нь мэдэгдсэн. Унадаг дугуйтай хүүхэд ирж байгааг хараагүй. Баримтаар гарсан хохирлыг төлсөн...” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хүүхдээ эмчид үзүүлсэн, гар хуруу нь одоо гайгүй болсон байгаа. Авто ослын гэмтэл дараа нь илэрдэг. Цаашид нарийвчилсан шинжилгээ үзлэгт хамрагдах хэрэгтэй гэсэн. Надад бол шинжилгээнд хамруулах боломж байхгүй байна. Дараагийн үзлэг оншилгоонд ороход шаардлагатай 2 сая төгрөг нэхэмжилсэн. Эмчилгээний зардалд 490.000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 1.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Г.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Гандангийн зүүн замаар зорчих хэсгээр хашлага дагаад доошоо уруудаад би түрүүлээд явж байтал гэнэт миний урдуур цагаан өнгийн суудлын автомашин гарч ирээд би баруун урд хаалгыг нь мөргөөд унасан. Тэгээд босоод хартал миний хоолой эвгүй оргиод амьсгал давчдаад эрүүн доороос цус гарч байсан. Мөн миний баруун гарын сарвуу шалбарсан байсан. ...Толгой өвдөөд гар хөшингө байна... Тормоз гишгэж амжаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 29-ний 18 цаг 55 минутын орчимд манай хүү Г.Н над руу залгаад “аав би машинд мөргүүлчихлээ гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр явж байна, та хүрээд ир” гэж хэлсэн. Би очиход Г.Н “эрүүн доор нь оёо тавьж байна” гэсэн. Тэгээд нарийн шинжилгээнд ороод эмчтэй уулзахад “баруун гарын сарвуу хугарсан байна” гээд шохойдоод эм бичиж өгсөн. ...Тасганы овооноос унадаг дугуйтай уруудаад зорчих хэсгийн баруун талын хөвөөгөөр чигээрээ уруудаад явж байсан. Тэгэхэд ойр орчимд нь автомашин байхгүй байсан. Тэгээд хартал гэнэт урд нь машин харагдаад эргээд ороод ирсэн. Тэгээд машины баруун урд хаалгыг нь мөргөөд унасан. Тухайн автомашины баруун урд хаалга нь хонхойсон гэж байсан. Гомдолтой байна, нийт эмчилгээний зардалд 2 сая төгрөг нэхэмжилнэ, баримттай 385.130 төгрөг, дугуй 80.000 төгрөг, үнэлгээний мөнгө 25.000 нэмэгдээд нийт 490.130 төгрөг болно” гэсэн мэдүүлэг /хх-н 20-22/,

Насанд хүрээгүй гэрч С.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.Н түрүүлээд дугуйтайгаа явж байсан. Би араас нь явж байтал уулзварт зүүн гар талаас гэнэт цагаан өнгийн суудлын автомашин гарч ирээд Г.Н дугуйтайгаа очоод баруун урд хаалга руу нь мөргөөд тэр автомашины багажийг нь даваад газар ойчсон. Тэгээд босоод иртэл хоолой нь сааралтаад хоолойноос нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 27/,

Насанд хүрээгүй гэрч Б.И-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.Н түрүүлээд дугуйтайгаа явж байсан. Дараа нь Э бид хоёр зэрэгцээд явж байгаад түс тас хийх дуу чимээ гарахаар нь хартал суудлын автомашиныг Г.Н дугуйтайгаа очоод мөргөөд багажийг нь даваад газарт ойчсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 30/,

Шинжээчийн 9322 тоот дүгнэлтэд: “...Г.Н-ын биед баруун сарвууны алганы 3-р шивнүүрийн далд хугарал, эрүүнд шарх, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-н 42/,

Тээврийн цагдаагийн албаны 322 тоот шинжээчийн: “…Hyundai-avante-xd маркийн ___ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Э.Л  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9. “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Унадаг дугуйтай явсан Гансэлэм овогтой Г.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 25.9. “Унадаг дугуй, мопедын жолоочид дараахь зүйлийг хориглоно: б/ залуурыг сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-н 64-65/,

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...зорчих хэсгийн урдаас зүүн гар тийш зохицуулдаггүй уулзвараар цагаан өнгийн суудлын автомашин дохиогоо өгөн эргэх үйлдэл хийх үед хойноос зорчих хэсгийн баруун захаар унадаг дугуй унасан хамгаалах малгай өмсөөгүй бараан өнгийн хувцастай хүүхэд хоёр гараа зориулалтын бариулаас бариагүй чигээр явж байснаа гэрэлтүүлгийн шонгийн орчмоос хоёр гараа зориулалтын бариулаас барин чигээрээ явсаар эргэх үйлдэл хийж байгаа автомашины баруун урд хаалгыг мөргөөд унадаг дугуйгаа даван газарт ойчиж буй, уулзварт эргэсэн автомашин үйлдлээ дуусаад зогсож буй билэг байна..” гэжээ /хх-н 17-18/,

Яллагдагчаар Э.Л гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 82/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-5/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-11/, шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 14/, Техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 48-54/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 56-57/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 91-97/, Хохирлын баримтууд /хх-н 85, 87-89/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.Л  нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн орой 18 цаг 48 минутын орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн зүүн замд “Хас лизинг” ХХК-ний эзэмшлийн “Х.Аванте” маркийн ____ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуй унаж явсан Г.Н-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Г.Н-ын: “...гэнэт миний урдуур цагаан өнгийн суудлын автомашин гарч ирээд  би баруун урд хаалгыг нь мөргөөд унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г ийн: “...2019 оны 7 дугаар сарын 29-ний 18 цаг 55 минутын орчимд манай хүү Г.Н над руу залгаад “аав би машинд мөргүүлчихлээ гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр явж байна та хүрээд ир” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-22/, насанд хүрээгүй гэрч С.Э-ын: “...Г.Н түрүүлээд дугуйтайгаа явж байсан. Би араас нь явж байтал уулзварт зүүн гар талаас гэнэт цагаан өнгийн суудлын автомашин гарч ирээд Г.Н дугуйтайгаа очоод баруун урд хаалга руу нь мөргөөд тэр автомашины багажийг нь даваад газар ойчсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 27/, насанд хүрээгүй гэрч Б.И-ын: “...Г.Н түрүүлээд дугуйтайгаа явж байсан. Дараа нь Э бид хоёр зэрэгцээд явж байгаад түс тас хийх дуу чимээ гарахаар нь хартал суудлын автомашиныг Г.Н дугуйтайгаа очоод мөргөөд багажийг нь даваад газарт ойчсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 30/, шинжээчийн 9322 тоот дүгнэлт /хх-н 42/, Тээврийн цагдаагийн албаны 322 тоот дүгнэлт /хх-н 64-65/ DVD-нд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Л гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Л гийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Н-ын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримттай хохирол болох эмчилгээний зардал, унадаг дугуй зэрэг хохирлыг шүүгдэгч нь нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд шинээр гарган өгсөн мөнгө шилжүүлсэн баримт зэргээр нотлогдож байгаа тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 490.000 төгрөг авсан, одоо үлдэгдэл 1.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тухайн хохирол бодитой учирсан гэх баримт байхгүй, цаашид хэдэн төгрөгийн хохирол гарах эсэх нь тодохой бус байх тул насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Э.Л г гэм буруутайд тооцсон бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр заасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөлийг харгалзан эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Л-г “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  6. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Л д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР