| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/05964/И |
| Дугаар | 5221 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 5221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 14 дүгээр байр, 23 тоотод оршин суух, Мэргэн шовгор овогт Борхүүгийн Баянмөнх /РД: КЮ73041013-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К106 дугаар байр, 25 тоотод оршин суух, Лундаа овогт Лүндээжанцагийн Баттулга /РД: ЙЮ81112913/-д холбогдох
15 029 500 төгрөг гаргуулах гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбек, хариуцагч Л.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч Д.Очирваань, гэрч Б.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбек шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Баянмөнх нь хариуцагч Л.Баттулгад 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 13 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл зээлүүлсэн. Уг зээлээ 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Үүнээс зээлийн хугацаанд 1 700 000 төгрөг төлсөн тул зээлийн гэрээний 2.7-д зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж тохиролцсон. Гэвч хариуцагч Л.Баттулга нь 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл авсан зээлээ төлөхөөс зайлсхийж ирлээ. Иймд зээлийн гэрээний 3.5-д зааснаар “Зээлдэгч гэрээний үүргийг үл маргах журмаар биелүүлнэ” гэснийг удирдлага болгон хариуцагч Л.Баттулгаас 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр тохиролцсон үндсэн зээл 13 000 000 төгрөгний үлдэгдэл 11 300 000 төгрөг, сарын 5 хувийн зээлийн хүү 90 хоногт 1 017 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 25 хоногийн алданги 1 412 500 төгрөг, нэхэмжпэгчийн өмгөөлөлийн хөлс 1 300 000 төгрөг, нийт 15 029 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Баттулга шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Б.Дуламсүрэнтэй зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан. Уг зээлээс 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 3 900 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 600 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 600 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 600 000 төгрөг тус тус төлсөн. Түүнээс хойш манай ээж хүнд өвдөөд 2016 оны 01 сар, 02 дугаар сард мөнгөө өгч чадаагүй. 2016 оны 3 дугаар сард надтай үлдэгдэл мөнгөн дээр нэхэмжлэгч Б.Баянмөнх зээлийн гэрээ байгуулсан. Түүнээс хойш 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 150 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 650 000 төгрөг, 2016 оны 04 сарын 01-нээс өдөр болгон 100 000 төгрөг өгнө гэж тохироод 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл өдөр хүртэл тохиролцсон. Түүнээс хойш мөнгө өгөөгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Баянмөнх нь хариуцагч Л.Баттулгад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 11 300 000 төгрөг, хүү 1 017 000 төгрөг, алданги 1 412 500 төгрөг, өмгөөллийн хөлс 1 300 000 төгрөг, нийт 15 029 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулагүй, гэрээний дагуу мөнгө аваагүй” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 13 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, сарын 5 хувийн хүүтэй, алдангийг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар тохирч талууд гарын үсэг зурсан байх бөгөөд уг үйл баримтын талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх гэрээг хариуцагч болон Б.Дуламсүрэн нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэх үүргийг үргэлжлүүлэн байгуулсанийг үгүйсгээгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрч Б.Дуламсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан “2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үлдэх үүргийг дүгнэн нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан” гэх мэдүүлэгийг үгүйсгээгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
Хэдийгээр зээлийн гэрээнд 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Б.Баянмөнхөөс 13 000 000 төгрөгийг бэлнээр авсан гэх боловч гэрчийн мэдүүлэгээр хариуцагч болон Б.Дуламсүрэн нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг үргэлжлүүлэн нэхэмжлэгч болон хариуцагч нар 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан байх ба уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс гэрээний зүйл 13 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй болох нь тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр, Б.Дуламсүрэн нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар гэрээний зүйлийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлээгүй байх тул гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй буюу гэрээг байгуулсанд тооцох үндэслэлгүй байна. Мөн хариуцагчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасан үндсэн зээл, хүү, алдангийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүсээгүй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах эсэх нь зохигчийн эрх ба нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хөлсөнд 1 300 000 төгрөг төлсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байхаас гадна уг төлбөрийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцох үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Л.Баттулгад холбогдох, 15 029 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Баянмөнхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 233 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН