Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 908

 

 

 

 

 

 

    2019          11           04                                     2019/ШЦТ/908

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч: Б.Ө өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ө-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн _____ дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ө, ___ настай, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл 3, аав, хүүхдийн хамт ___ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ____ тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Б самсунг с9 плас загварын гар утсаа гээгдүүлснийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 890.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Э.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн МД караоке дотор зүс таних хүмүүсийн хамт байж байгаад S9 плас маркийн гар утсаа алга болгосон. Тэгээд түүнээс хойш 10 хоногийн дараа 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өглөө фэйсбүүк рүү ороход утсаа алдсан өдөр хамт байсан хүн дундаас нэг хүн нь “S9 плас зарна утсаар зөрүү тохирно” гэсэн зар оруулчихсан байсан. Тэгэхээр нь би өөр фэйсбүүк хаягаар уг зар оруулсан байсан хүн рүү утас хэд вэ, ямар утсан дээр зөрүү авах вэ, багтаамж нь хэд вэ, ямар өнгөтэй вэ, зургийг нь явуулчих бас эбаут хэсгийг нь явуулчих гэж хэлсэн. Тэгээд уг охины чатаас 600.000 төгрөгөөр өгнө гэж хэлээд 4 ширхэг зураг явуулсан. Тэгээд би уг зургийг хараад өөрийн имей кодтойгоо харьцуулан харахад миний утасны кодтой таарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 5-6/,

Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ажлаасаа буугаад өглөөний 10 цагийн үед өөрийн гэртээ ирэхэд манай охин Өнөржаргал нь хар өнгийн маркийг нь мэдэхгүй утас олсон гээд байж байсан. Тэгээд уг утсыг ашиглаж болохгүй кодтой байна гэж надад хэлсэн. ...уг утсыг олсон гэж надад хэлсэн бөгөөд надад 3, 4 дүгээр хороололд хүүхдийнх нь цэцэрлэгийн багшийн төрсөн өдөр нь болоод караокед тэмдэглэсэн бөгөөд уг караокений үүднээс олсон гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 12/,

Яллагдагчаар Б.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэнийг хүлээн зөвшөөрч байна. Би Э.Б-гийн S-9 plus гар утсыг Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэ караокений үүдээр гараад 3-4 алхамын зайтай газраас олсон.  Ямар нэгэн шалтгаангүй зүгээр уг утсыг Э.Б-гийн утас гэдгийг мэдчихсэн болохоор заръя гэж шийдэж зар тавьж зарах гэж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 19/, 

Зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 21/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 23/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 27-30, 43/,  Эд зүйлийн үнэлгээ /хх-н 32-33/, хохирогч шүүгдэгч нарын гар утас худалдах тухай чатны зурган баримт /хх-н 35-41/, хохирогчийн хүсэлт /хх-н 24/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-н 50/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Б самсунг с9 плас загварын гар утсаа гээгдүүлснийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 890.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Б-гийн: “...фэйсбүүк рүү ороход утсаа алдсан өдөр хамт байсан хүн дундаас нэг хүн нь “S9 плас зарна утсаар зөрүү тохирно” гэсэн зар оруулчихсан байсан. Тэгэхээр нь би ...уг зургийг хараад өөрийн имей кодтойгоо харьцуулан харахад миний утасны кодтой таарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 5-6/, гэрч Г.Г-ын: “...гэртээ ирэхэд манай охин Өнөржаргал нь хар өнгийн маркийг нь мэдэхгүй утас олсон гээд байж байсан. ...хүүхдийнх нь цэцэрлэгийн багшийн төрсөн өдөр нь болоод 3, 4 дүгээр хороололд караокед тэмдэглэсэн бөгөөд уг караокений үүднээс олсон гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 12/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Ө-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ө нь хохирогч Э.Б-гийн гээгдүүлсэн S9 плас маркийн гар утсыг олж авсан өөртөө завшсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдын гээгдэл эд хөрөнгийг олсон үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш боловч тухайн эд хөрөнгийг зохих байгууллагад нь хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэлгүй бусдад худалдахыг завдсан нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 24/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Ө-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.                                                             

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ө-ыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР