Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 905

 

 

 

 

 

 

    2019          11         04                                      2019/ШЦТ/905

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Хохирогч: Б.Б ,

            Шүүгдэгч: Б.Ц , түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ц-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ах, эгчийн хамт ___ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ___ тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 1а байрны баруун талд автомашин зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн Д.Б-гийн эзэмшлийн 87-____ УБУ улсын дугаартай Hyudai, Sonaтa YE маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Д.Б-д 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ц ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр найзуудтай ууж байгаад машинаа орхиод баар орсон. Дараа нь 4 цагийн үед баарнаас гараад такси барьсан. Гэртээ харих гэж байхад халаасанд машины түлхүүр байхгүй байсан тэгэхээр нь за яахав гэрт илүү түлхүүр байгаа юм чинь гээд тоохгүй орхисон. Өглөө нь машинаа тавьсан газраа очоод машинаа авах гэтэл машин байхгүй байсан. Машинаа хүлээн авсан. Машины засвар хийлгэх 3 сая төгрөг авсан. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Б гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Богд-Ар хорооллын 4а, 30а байрнуудын голын зогсоолд өөрийн Соната 7 маркийн 87-____ УБУ улсын дугаартай автомашиныг байрлуулан тавьсан юм. ...бид нар Өргөөгийн урд талын замын эсрэг талын бааранд байж байгаад 04 цагийн орчим гарцгаасан. ...бааранд ороход миний машины түлхүүр байхгүй байсан би хаячихсан юм байх гэж бодоод тоогоогүй. ...Х, Д хоёрыг таксинд суулгаж өгчихөөд Б бид 2 такси бариад Б-ийг гэрт нь хүргэж өгчихөөд би такситайгаа өөрийнхөө машиныг байрлуулсан газрынхаа орчим үзэхэд миний машин байхаар нь хүнсний 4 лүү эхнэрийнхээ байгаа газар луу явсан юм. Маргааш нь буюу 31-ний өдөр 13 цагийн орчим машин дээрээ иртэл миний машин байхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-31/,

            Гэрч А.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би фэйсбүүкийн Соната-7 зарын групп дээр цагаан өнгөтэй ...кузов зарна гэсэн зар тавьчихсан байсан. 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэж санаж байна надтай фэйсбүүк чатаар холбогдсон ...Ц гэх залуутай ...уулзахад миний машин он хөгшин учраас үнэд хүрэхгүй байна надад кузов хэрэггүй, харин арлын дугаар хэрэгтэй гэхээр нь би дан ганц бичиг баримтыг нь арлын дугаарын хамт авъя гэхээр нь зөвшөөрөөд ТБД андуудын нотариат ороод худалдах, худалдан авах гэрээ хийгээд 1.400.000 төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд би өөрийн нэр дээр байсан 65-____ УБА улсын дугаартай эвдэрсэн байсан тээврийн хэрэгслийн арлын дугаар, 2 ширхэг улсын дугаар, гэрчилгээг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 46-47/,

            Гэрч Ч.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би яг хэзээ гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр гадаа хүйтэн өвөл байхад л үүрээр саарал өнгийн машин манай хашаанд оруулж ирээд тавьсан. Тэгээд хэд хоногийн дараа машинаа өөрөө ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 48-49/,

            Гэрч С.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би тухайн үед өөрийн ажиллуулдаг Сайн нэртэй кузов засвар дээрээ очиход манайд түр ажиллаж байсан М , Б гэдэг залуучууд нэг цагаан өнгийн Соната маркийн тээврийн хэрэгслийн арлын дугаарыг сольж байсан. ...арлын дугаарыг солиулж байгаа залуугаас ямар учраас солиулж байгаа талаар асуухад тэр залуу машиныхаа оныг залуу болгож байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 49-50/,

            Иргэний нэхэмжлэгч Ө.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Да хүрээ зах дээр машин авах гээд явж байгаад 65-____ УБА дугаартай соната-7 маркийн машин байхаар нь үнийг нь асуусан чинь 8 сая төгрөгөөр зарна гэхээр нь үзэж байгаад 7.5 сая төгрөгөөр авахаар болсон. Харин тэр үед надад зарсан Ц гэх залуу хэлэхдээ одоо миний машин Сайн ломбардны нэр дээр байгаа унадаг нөхцөлтэйгөөр авчихсан юм. Та надад бэлэн 7.500.000 төгрөг өгчих би энэ машиныг ломбарднаас чөлөөлөөд таны нэр лүү шилжүүлээд өгье гэхээр нь зөвшөөрөөд бэлнээр 3.200.000 төгрөг, дансаар 4.200.000 төгрөг шилжүүлэн өгөөд 65-____ УБА дугаартай тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. Миний хохирлыг барагдуулсан тийм учраас нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5062 тоот дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн Соната-7 маркийн автомашин /65-____ УБА дугаар бүхий/-ны их биеийн хэсэгт байх арлын дугаар, жолоочийн талын урд хаалганы багана дээрх KMHEC41MВВA296577 арлын дугаар бүхий файз /үсэг, цифр/-ыг гар аргаар цохиж, өөрчлөөгүй байна. Автомашины нарийвчилсан үзлэгээр арлын дугаар байх хэсгийг тасдаж, өөр арлын дугаар гагнаж өөрчилсөн байна. Арлын дугаар байх хэсгийг тасдаж, өөр арлын дугаар гагнаж өөрчилсөн тул үндсэн /өмнөх/ дугаарыг илрүүлэх боломжгүй” гэсэн дүгнэлт /хх-н 58-59/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4410 тоот дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн автомашины хамар доторх арлын дугаарыг сольж гагнасан байна. Зүүн урд хаалганы доод талд байрлах пайз дугаарыг наасан байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хх-н 64-66/,

            Яллагдагчаар Б.Ц ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 81-82/,

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, Хохирогчийн өргөдөл /хх-н 8/, Тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9-12/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 13-19/, Баримт хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 21-23/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 53/, Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 70/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-н 84/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-н 86-89/, Сайн ломбарднаас зээл авсантай холбогдох баримтууд /хх-н 108-110/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 89, 111, 119-125/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч  Б.Ц  нь 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 1а байрны баруун талд автомашины зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн Д.Б-гийн эзэмшлийн 87-____ УБУ улсын дугаартай Hyundai, Sonata YF маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Д.Б-д 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

            Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б гийн: “...бааранд ороход миний машины түлхүүр байхгүй байсан би хаячихсан юм байх гэж бодоод тоогоогүй. ...би такситайгаа өөрийнхөө машиныг байрлуулсан газрынхаа орчим үзэхэд миний машин байхаар нь хүнсний 4 рүү эхнэрийнхээ байгаа газар руу явсан юм. Маргааш нь буюу 31-ний өдөр 13 цагийн орчим машин дээрээ иртэл миний машин байхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-31/, Гэрч А.М-гийн: “...Ц гэх залуутай ...уулзахад миний машин он хөгшин учраас үнэд хүрэхгүй байна надад кузов хэрэггүй, харин арлын дугаар хэрэгтэй гэхээр нь би дан ганц бичиг баримтыг нь арлын дугаарын хамт авъя гэхээр нь ...би өөрийн нэр дээр байсан 65-____ УБА улсын дугаартай эвдэрсэн байсан тээврийн хэрэгслийн арлын дугаар, 2 ширхэг улсын дугаар, гэрчилгээг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 46-47/, гэрч Ч.Э-ийн: “...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр гадаа хүйтэн өвөл байхад л үүрээр саарал өнгийн машин манай хашаанд оруулж ирээд тавьсан. Тэгээд хэд хоногийн дараа машинаа өөрөө ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 48-49/, гэрч С.Г-ын: “...би тухайн үед өөрийн ажиллуулдаг Сайн нэртэй кузов засвар дээрээ очиход ...цагаан өнгийн Соната маркийн тээврийн хэрэгслийн арлын дугаарыг сольж байсан. ...арлын дугаарыг солиулж байгаа залуугаас ямар учраас солиулж байгаа талаар асуухад тэр залуу машиныхаа оныг залуу болгож байгаа гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 49-50/, иргэний нэхэмжлэгч Ө.Г-ийн: “...2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Да хүрээ зах дээр машин авах гээд явж байгаад ...бэлнээр 3.200.000 төгрөг, дансаар 4.200.000 төгрөг шилжүүлэн өгөөд 65-____ УБА дугаартай тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 53/, Тээврийн хэрэгсэлд хийсэн шинжээчийн 5062, 4410 тоот дүгнэлтүүд /58-59, 64-66/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Ц ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ц  нь такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Б.Б гийн утсаар машинаа зогсоолд орхисон талаарх утсаар ярьсаныг сонсож, өөрийнх нь автомашинд үлдээсэн уг автомашины түлхүүрийг ашиглан хохирогчийн зогсоол дээр байрлуулсан 87-____ УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ө.Г нь миний хохирлыг барагдуулсан тул гомдол саналгүй гэж мэдүүлсэн, мөн хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт машины битүүмжлэлийг хэрэгсэхгүй болговол гомдол саналгүй гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Ц ий үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ц  нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 06 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Б.Ц ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш болохыг дурдах нь зүйтэй.

Прокурорын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор 87-____ УБУ улсын дугаартай Hyundai, Sonata YF тээврийн хэрэгсэл битүүмжилсэнийг хүчингүй болгож, хохирогч Б.Б д буцаан олгохоор шийдвэрлэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй,  87-____ УБУ улсын дугаартай Hyundai, Sonata YF тээврийн хэрэгслийг битүүмжилсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн урд 02 хоног баривчлагдсан хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол, хор уршигийг арилгасан зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ц-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц ийг 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц д шүүхээс оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Б.Ц ий баривчлагдсан 02 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Прокурорын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор 65-____ УБА /87-____ УБУ/ улсын дугаартай Hyundai, Sonata YF тээврийн хэрэгсэл битүүмжилсэнийг хүчингүй болгож, хохирогч Б.Б д олгосугай.
  7. Шүүгдэгч Б.Ц д 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР