Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 388

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Цэцэрлэгжилт 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух Олхонууд овгийн Хоролын Одгэрэлийн /РД: ДЮ73031308/ нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт холбогдох
2015 оны 05 сарын 20-ноос 2016 оны 05 сарын 25 хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9.363.454 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл 730.350 төгрөгийг нөхөн төлүүлэх, нийт 10.093.804 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг  2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч Х.Одгэрэл нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Одгэрэл би 2006 онд тухайн байгууллагад орж ажилласнаас хойш 2014 оны 09 сарын 18-нд ажлаас үндэслэлгүйгээр халагдах хүртэлх хугацаанд тасралтгүй ажилласан. Халагдсаны дараа Говь-Алтай аймгийн Сум дундын 5 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн хэргийг шийдвэрлүүлсэн боловч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн нэр зүүн 2015 оны 03 сарын 11-ний үдээс өмнө Б/15 тоот тушаалаар ажилд томилсон дүр эсгэж, үдээс хойш нь Б/16 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Энэ талаарх нэхэмжлэлээ дахин шүүхэд гаргаж, 2015 оны 05 сарын 20-нд Сум дундын 5 дугаар шүүхийн 205 тоот шийдвэр гарч, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайн үед ажлаасаа халагдаад эхний нэг жилийн хугацаанд ажилгүй байсан. Орон сууцны өндөр зээлтэй хүүхэд оюутан, тийм учраас ажилд орох гэсэн боловч ажилд оруулахгүй байсаар байгаад Хантайшир эрдэм цогцолбор сургуульд хэсэг хугацаанд жирэмсэн хүний оронд ажил хийсэн. 2015 оны 07 сарын 02-ны 37 тоот Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2015 оны 10 сарын 13-ны 761 тоот Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор ч тухайн шийдвэр үндэслэлтэй болохыг тогтоосон. Тэр үеэс хойш ажилд минь буцаан томилохгүй удсаар 2016 оны 05 сарын 25-нд нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон. 2015 оны 05 сарын 20-нд Сум дундын 5 дугаар шүүхийн 205 тоот шийдвэр гарснаас 2016 оны 05 сарын 25-нд ажилд томилогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг аваагүй, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлээгүй хохирч байгаа, 2014 оны 09 сард ажлаас чөлөөлөгдсөний дараа 2015 оны 10 сарын 01-ний өдрөөс төрийн үйлчилгээний албан хаагчдын ТҮ-5-аас дээших зэрэглэлийн цалин Засгийн газрын тогтоолоор нэмэгдсэн зэргийг харгалзан үзэж, 1 жил 5 хоногийн хугацаан дахь цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт хөтлүүлж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.Одгэрэл нь Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9.363.454 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл 730.350 төгрөгийг нөхөн төлүүлэх, нийт 10.093.804 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Нэхэмжлэгч Х.Одгэрэл нь Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгджээ.
Энэхүү ажлаас чөлөөлсөн шийдвэрийг Х.Одгэрэл нь эс зөвшөөрч Сум дундын 5 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Уг нэхэмжлэлийн дагуу Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаартай шийдвэрээр Х.Одгэрэлийг Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2015 оны 03 сарын 11-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Улмаар Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Х.Одгэрэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нягтлан бодогчоор эгүүлэн томилсон байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газар нь 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээр нэхэмжлэгч Х.Одгэрэлийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай болно. 
Хариуцагч байгууллагын дарга С.Энхцолмон нь нэхэмжлэгч Х.Одгэрэлийг дээрх хугацаанд өөр байгууллагад ажиллаж байсан болохыг нотлохоор Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс болон Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулиас ажилд орсон болон гарсан тушаал, цалингийн жагсаалтыг гаргуулсан байна.
Дээрх баримтуудаар Х.Одгэрэл нь ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш өөр байгууллагад түр хугацаагаар ажил хөдөлмөр эрхэлж байсан гэдэг нь тогтоогдож байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт энэ хуулийн 28 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд ажилтан нь хэд хэдэн ажил олгогчтой хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулан ажиллаж болно гэж заажээ. Х.Одгэрэлийн эрхэлж байсан нягтлан бодогчийн ажил нь эд хөрөнгө захиран зарцуулах, удирдах, хяналт тавих шинжтэй ажил биш байх тул хуулийн 28 дугаар зүйлд заасан хязгаарлалтанд хамаарахгүй байна. 
Нэхэмжлэгч “...Тухайн үед ажлаасаа халагдаад эхний нэг жилийн хугацаанд ажилгүй байсан. Орон сууцны өндөр зээлтэй хүүхэд оюутан, тийм учраас ажилд орох гэсэн боловч ажилд оруулахгүй байсаар байгаад Хантайшир эрдэм цогцолбор сургуульд хэсэг хугацаанд жирэмсэн хүний оронд ажил хийсэн...” гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, шүүхийн шийдвэрийг үл биелүүлсний улмаас нэхэмжлэгч нь өөр байгууллагад ажилласан, мөн хөдөлмөрийн тухай хуулиар ажилтан нь хэд хэдэн ажил олгогчтой хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулан ажиллах боломжтой байх тул уг хугацаанд олгосон цалин хөлс нь хариуцагч байгууллагад хамааралгүй юм. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа мөн хамааралтай болно. 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус, харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно. 
Иймд Х.Одгэрэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу Х.Одгэрэлийн 2015 оны 05 сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 11 сар 25 хоногийн олговор 9.148.064 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 945.740 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан байх тул нэхэмжлэгч нь 2014 оны 09 сард ажлаас чөлөөлөгдсөний дараа 2015 оны 10 сарын 01-ний өдрөөс төрийн үйлчилгээний албан хаагчдын ТҮ-5-аас дээших зэрэглэлийн цалин Засгийн газрын тогтоолоор нэмэгдсэн тул дээрх нэмэгдсэн цалинг гаргуулна хэмээн шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 6 дугаар зүйлд зааснаар ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заажээ.
Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Х.Одгэрэлийн 000251440 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин 751.324 төгрөгөөс ажилгүй байсан хугацааны нийт сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бататгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт даалгах нь зүйтэй байна.
Хариуцагч байгууллагын дарга С.Энхцолмонд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, мөн шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 161.319 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газраас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Х.Одгэрэлийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 9.148.064 төгрөгийг Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Х.Одгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 945.740 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Х.Одгэрэлийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт үүрэг болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 161.319 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газраас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
     


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ