Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 912

 

 

 

 

 

 

   2019          11         06                                      2019/ШЦТ/912

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

Улсын яллагч: Н.Анхбаяр,

           Шүүгдэгч: М.Н , түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Н-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ______ дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Н, __ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт __ тоотод оршин суух,

     Урьд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 896 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ____ тоот регистртэй,

Шүүгдэгч М.Н  нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Барилгын коллежийн урд иргэн Б.З-аас түр хэрэглүүлээч гэж хэлэн зөөврийн НР брэндийн i7 загварын 1.200.000 төгрөгийн үнэ бүхий компьютерийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч М.Н ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.З-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний 10 жилийн бага ангидаа нэг ангид суралцаж байсан Н гэх залуу надтай фэйсбүүкээр харилцаатай байдаг юм. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр надаас фэйсбүүкийн чатаар дамжуулж надтай харилцаад миний нөүтбүүкийг гуйгаад 2 хоног яаралтай Autocad программ дээр ажил хийх шаардлагатай байна. Тиймээс түр өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд бид хоёр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын коллежийн үүдэнд 14 цагийн орчимд уулзалдаад надаас миний нөүтбүүкийг авч явсан юм. Тэгээд түүнээс хойш 01 хоногийн дараа над руу фэйсбүүкийн чатаар дахиад 10.000 төгрөг зээлээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр үед нь өөрийн эхнэр У-ын данснаас 10.000 төгрөг явуулсан. Тэгээд түүнээс хойш нөүтбүүкээ авъя гэж хэлэхээр уучлаарай болоогүй байна гэх байдлаар шалтаг тоочсоор байсаар өдийг хүрсэн юм. Тэгэхээр нь би өөрийн бага ангийн дарга Зоригт гэх залуугаас асуухад 2016 онд хүүхдийн нөүтбүүк авчихаад ийм асуудал гаргаж байсан гэж хэлэхээр нь цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-10/,

Гэрч Г.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...тус ломбарданд М овогтой Н гэх хүн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр НР маркийн i7 cpu-тай 12GB рамтай нөүтбүүкийг 515.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байх 5 дугаар сарын 10-ны өдөр хураагдаж зарагдсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 13/,

            Гэрч М.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 13-р хороо, 9-р байрны 986 тоотод байрлах гэртээ байж байхад миний нөхөр З надаас манай 10 жилийн бага ангийн найз Н яаралтай мөнгө хэрэгтэй болоод 10.000 төгрөг зээлээч гэж хэлээд байна, миний мобайл банкинд мөнгө байхгүй чи явуулчих гэж хэлэхээр нь би өөрийн Хаан банкны ___ дугаар данснаас интернэт банк ашиглаж М.Н ын ___ дугаарын данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд түүнээс хойш миний нөхөр З өөрийнхөө нөүтбүүкээ хэрэглүүлэхээр түр өгсөн найзаасаа нөүтбүүкээ авч чадахгүй яваад байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/

            Яллагдагчаар С.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 5 сарын 03-ны өдөр З гэх найзтайгаа холбогдож байгаад Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын коллеж дээр уулзаад нөүтбүүкийг нь түр хэрэглүүлээч гэж хэлээд авсан юм. Тэгээд би нөүтбүүкийг нь авч яваад тухайн өдрийнхөө орой Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “____” нэртэй ломбарданд 450.000 төгрөгийн барьцаанд 7 хоногийн хугацаатай тавьчихаад тэр мөнгөөрөө цахим мөрийтэй тоглоомын VP game.com гэх нэртэй сайтад оруулаад мөрий тавьж тоглож байгаад алдчихсан. Тэгээд үргэлжлүүлээд мөрийтэй тоглож байгаад нөүтбүүкээ авах хэмжээний мөнгөтэй болчихоод ломбардан дээр 13 хоногийн дараа очиход нөүтбүүкийг зарчихсан гэж хэлж байсан юм. ...Би З-аас HP брэндийн i7 маркийн нөүтбүүкийг авсан юм...Би өөрийн нөүтбүүк гэж хэлээд барьцаанд тавьсан юм. ...Би З-аас мөнгөгүй болчихоод 10.000 төгрөгийг Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тамир дэлгүүрт зогсдог хүний дансаар авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/,       

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Хохирогчийн өргөдөл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 38-39, 41-44, 49, 51-59, 73-76/, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын фэйсбүүк чатны зурган баримтууд /хх-н 60-62/, Төгс багана ХХК-ний барьцаат зээлийн үйлчилгээний баримт /хх-н 64/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч М.Н  нь хохирогч Б.З-аас түр хэрэглүүлээч гэж хэлэн зөөврийн НР брэндийн i7 загварын 1.200.000 төгрөгийн үнэ бүхий компьютерийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,     хохирогч Б.З-ын: “...2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр надаас фэйсбүүкийн чатаар дамжуулж надтай харилцаад миний нөүтбүүкийг ...түр өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд ...миний нөүтбүүкийг авч явсан юм. Тэгээд түүнээс хойш 01 хоногийн дараа над руу фэйсбүүкийн чатаар дахиад 10.000 төгрөг зээлээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр үед нь өөрийн эхнэр У-ын данснаас 10.000 төгрөг явуулсан. Тэгээд түүнээс хойш нөүтбүүкээ авъя гэж хэлэхээр уучлаарай болоогүй байна гэх байдлаар шалтаг тоочсоор байгаад өдийг хүрсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-10/, гэрч Г.Т-ын: “...тус ломбарданд М овогтой Н гэх хүн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр НР маркийн i7 cpu-тай 12GB рамтай нөүтбүүкийг 515.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байх 5 дугаар сарын 10-ны өдөр хураагдаж зарагдсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 13/, гэрч М.У-ын: “...миний нөхөр З надаас...Н яаралтай мөнгө хэрэгтэй болоод 10.000 төгрөг зээлээч гэж хэлээд байна...гэж хэлэхээр нь би... 10.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд түүнээс хойш миний нөхөр З өөрийнхөө нөүтбүүкээ хэрэглүүлэхээр түр өгсөн найзаасаа нөүтбүүкээ авч чадахгүй яваад байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/, Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ /хх-н 14-16/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Н ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Н  нь хохирогчийн нөүтбүүкийг хэрэглэчихээд өгье гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг  буюу бага ангид хамт сурч байсан байдлаа урвуулан ашиглаж, залилан мэхэлж аваад барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгч нь Autocad программ дээр ажил хийхгүй ч яаралтай хэрэгцээтэй байна гэж хэлэн анхнаасаа хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 10 жилийн ангийн хүүхдээсээ нөүтбүүк авсан нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний эд хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.Н ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 07 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн хохирлыг барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Н-ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н ыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь шүүхээс оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР