Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 922

 

 

 

 

 

 

   2019          11           07                                     2019/ШЦТ/922

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

Улсын яллагч: Ц.Батзориг /томилолтоор/,

           Шүүгдэгч: Б.С өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.С-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____ дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эгч, дүү нарын хамт ____оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, ____ тоот регистртэй,

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны орчим иргэн Ц.Т-ын эзэмшлийн LG-G6 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Ц.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 12-ны үүрээр 05 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Модны 2-ын автобусны буудал дээрээс таксинд сууж өөрийн гэр болох Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Алтай хотхонд хүргүүлсэн. Таксины хөлсөнд надаас 10.000 төгрөг нэхсэн. Энэ хооронд арай ч 10.000 төгрөг гарахгүй шүү дээ, надад байгаа бэлэн мөнгө 10.000 хүрэхгүй байна, манай гэр лүү хамт ороод авчих гэхэд тус таксины жолооч тийм юм байхгүй, машинд суу, хоёулаа ярилцъя гэсэн. ...намайг барьж аваад халаасанд байсан гар утсыг авах гээд байсан. Би өгөхгүй гэж зууралдсан боловч ...миний халаасанд байсан ЛЖ Ж6 маркийн гар утсыг аваад машиндаа суугаад явсан. Тухайн таксины жолоочийн машин ___ гэсэн хар өнгийн Хонда инсайт маркийн машин байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн залуу намайг хэт согтсон гэж бодоод далимдуулан гар утсыг минь авах санаатай байсан ...миний гар утсыг хүчээр авсан зүйл байхгүй ...гэрээсээ мөнгө аваад өгье гэж хэлсэн чинь үгүй, мөнгөө өг эсвэл утсаа өг гээд миний утсыг надаас булаагаад авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-17/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...10:54:42 цаг минут секундэд цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашины хажууд холбогдогч этгээд зүүн гараараа хохирогчийг машинаас холдуулж чирч байгаа ...10:55:05 цаг минут секундэд холбогдогч этгээд хүч хэрэглэн халаасыг нь ухаж байгаа байдал хохирогч Ц.Т- нь эсэргүүцэж байгаа ...10:55:11 цаг минут секундэд холбогдогч этгээд хохирогчийн гар утсыг ...авч баруун гартаа барьж байгаа ...10:55:25 цаг минут секундэд холбогдогч этгээд хохирогчийн гар утсыг баруун гартаа авчихаад хохирогчоос салаад явж байгааг харуулав. ...үзлэгийг 10 цаг 25 минутанд дуусгав...” гэжээ. /хх-н 6-11/,

Яллагдагчаар Б.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ял сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ...таксиныхаа мөнгийг өгөөч гэж хэлсэн чинь тэр залуу надад мөнгө байхгүй гэсэн. Тэгэхээр нь би гар утсыг нь булаагаад авчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирогчийн өргөдөл /хх-н 4/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 24-26/, хохирогчийн хувийн мэдээлэлтэй холбоотой баримтууд /хх-н 5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 36-42/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.С 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны орчим такси үйлчилгээнд явж байхдаа өөрөөр нь үйлчлүүлсэн иргэн Ц.Т-ыг төлбөрийн мөнгөө өгсөнгүй гэж түүний эзэмшлийн LG-G6 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Т-ын: “...Таксины хөлсөнд надаас 10.000 төгрөг нэхсэн. Энэ хооронд арай ч 10.000 төгрөг гарахгүй шүү дээ, надад байгаа бэлэн мөнгө 10.000 хүрэхгүй байна, манай гэр лүү хамт ороод авчих гэхэд тус таксины жолооч тийм юм байхгүй, машинд суу хоёулаа ярилцъя гэсэн. ...намайг барьж аваад халаасанд байсан гар утсыг авах гээд байсан. Би өгөхгүй гэж зууралдсан боловч ...миний халаасанд байсан ЛЖ Ж6 маркийн гар утсыг аваад машиндаа суугаад явсан. ...Тухайн залуу намайг хэт согтсон гэж бодоод далимдуулан гар утсыг минь авах санаатай байсан. ...миний гар утсыг хүчээр авсан зүйл байхгүй ...гэрээсээ мөнгө аваад өгье гэж хэлсэн чинь үгүй мөнгөө өг эсвэл утсаа өг гээд миний утсыг надаас булаагаад авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-17/, эд зүйлийн үнэлгээ, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С нь хохирогчийг таксины мөнгөө өгсөнгүй гэх шалтгаанаар түүний халаасанд байсан утсыг булааж авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Т- нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хэргийн материалтай танилцсан баримт дээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн болно.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид 140.000 төгрөг төлсөн Үлдэгдэл 110.000 төгрөгийг авчирсан гэж хохирол төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй. /мөнгийг нь хохирогчийн данс руу хийсэн баримт авчирч өгсөн/

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.С-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.С-д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.С-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч Б.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Б.С-д ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.С-ыг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг хорих ял оногдуулахгүйгээр, 02 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болон бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР