| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 013/2017/00667/и |
| Дугаар | 001/ХТ2018/00667 |
| Огноо | 2018-05-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2018/00667
“Х” ХХК-ийн Увс салбарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 816 дугаар шийдвэр,
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн Увс салбар
Хариуцагч: Ж.Тд холбогдох
Зээийн гэрээний үүрэгт 1.424.403 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ж.Т 2016-02- 05-ны өдөр Хны Увс салбараас ЗГ/1607861 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан, 1.936.000 төгрөгийн цалингийн зээл, нэг сарын 1.6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, сар бүр 233.000 төгрөг төлөх нөхцөлтэй авсан. Зээлдэгч гэрээний 2.4.1-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 974.615 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3284 төгрөг, нийт 977.900 төгрөг төлсөн. Зээлдэгч зээлийн хугацаа хэтрүүлсэн, банкны шаардлагыг үл биелүүлж зээлийн төлбөрийг барагдуулаагүй. Иймд Ж.Тгаас нэхэмжлэлийн шаардлагын дагуу зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.420.403 төгрөг, нотариатын хураамж 4.000 төгрөг, нийт 1.424.403 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016-02-09-ны өдөр ажлаасаа халагдсан. Тэр үед цалингийн зээл 1сая төгрөг байсан, гэтэл хүү, торгууль нэмсэн байна. 2015 оноос хойш эхэлж банк хүү бодсон байна. Би 2016 оны 3 дугаар сард 29.900 төгрөгийн хүү төлсөн. 1, 2 дугаар сард мөн хүү төлсөн байгаа. 2016-08- 26-ны өдөр 851.000 төгрөгийн цалингийн зөрүү авсан. Би ээлжийн амралтаа аваад банкны зээлийг 2 сараар нь хийсэн боловч зээл хасагдаагүй. Эргэн төлөлтийн хуваарьт засвар хийж сараас сард гүйлгэж шилжүүлэн хүүгээ нэмж үндсэн зээл нэмэгдсэн байсан. Би 2016 оны 1, 5, 7, 11 дүгээр сарууд, 2017 оны 3, 5, 7 дугаар саруудад Хинд хандан “... зээл төлөх чадвар байхгүй, зээлийн хүүгээ зогсоож өгнө үү..” гэж хүсэлт гаргаж байсан. Би зээл төлөх чадваргүй учраас уг мөнгөн дүнг төлөхөөс татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 816 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Ж.Тгаас 1.420.403,91 төгрөг гаргуулж Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ж.Тгаас 37.676 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сайнбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Даалгавар гүйцэлдүүлэх тухай 2058 тоот захирамжийн 1 дүгээр заалтын “а” хэсэгт заасан ажиллагааг дутуу гүйцэтгэж, Ж.Тд эрх үүрэг танилцуулаагүй ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн. Ж.Тг Увс аймагт ирүүлэхгүйгээр Дархан-Уул аймагт түр оршин сууж байх үед нь цахим хэлбэрээр шүүх хуралдаанд оролцуулж, дэгийн дагуу эрх үүргийг нь танилцуулж шүүх хуралдааныг хийсэн. Шүүх хуралдааны явцад Ж.Т хэргийн талаарх мэдээллээ маш сайн солилцож санал гомдлоо ярьсан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байгаа. Үндсэн зээл 997,625.45 төгрөг, хүү 378,256.09 төгрөг нэмэгдүүлсэн хүү 44,522.36 төгрөг, нотариатын төлбөр 4.000 төгрөг, нийт 1,424,403.91 төгрөг шаардаж, төлбөрийн задаргаагаар нэхэмжилсэн байгаа. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуулинд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ /Нэхэмжлэлийн энэ шаардлагыг Ж.Т Дархан-Уул аймагт байсан учраас нэхэмжлээгүй/ Зээл төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж зээлийг төлүүлэх. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
“Х” ХХК-ийн Увс салбар 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ж.Тгаас 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/1607861 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 997,625.45 төгрөг, хүү 378,256.09 төгрөг нэмэгдүүлсэн хүү 44,522.36 төгрөг, нотариатын төлбөр 4.000 төгрөг, нийт 1,424,403.91 төгрөг шаарджээ. /хх 1/
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсэг буюу нотариатын зардал 4.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бусдыг нь хангасан байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа “...нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй...хариуцагчид эрх, үүрэг тайлбарлан өгөөгүй...” гэсэн дүгнэлт хийсэн байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
“Х” ХХК-ийн Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь дутагдалтай болжээ.
2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/1607861 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”-ний 2.1.1.1-2.1.1.3 дахь заалтаас үзвэл зохигч талууд Ж.Тгийн өмнөх зээлийн үлдэгдэл 1,736,000 төгрөг дээр 200.000 төгрөг нэмж нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг байгуулжээ.
1,736,000 төгрөгийн зээлтэй холбоотой мэдээлэл хэрэгт байхгүйгээс гадна уг үнийн дүнд хүү, нэмэгдүүлсэн хүүг оруулж тооцсон эсэх, гэрээний дагуу хариуцагч хэдэн төгрөг хүлээн авсан нь тодорхойгүй байгаа тул эдгээр гэрээний талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй юм.
Түүнчлэн, эзэмшил эд хөрөнгө барьцаалсан 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/1607861 дугаар “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр гэж үзсэн үндэслэлээ шүүх шийдвэрт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.
Шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим дүгнэлт үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.
Харин хариуцагчид эрх, үүрэг тайлбарлан өгөөгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй байна. Хэргийн 27 дугаар талд буй баримтаас үзвэл, шүүх Ж.Тд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн байх тул анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 37.676 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ