Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар ХШТ/2026/01

 

                                                                                                 Ц.Э, Д.Б, Д.М

                                                                                      нарт холбогдох эрүүгийн хэрэг

 

   Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт  нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Ц.Э, Д.Б нарын өмгөөлөгч Б.Энхбат, шүүгдэгч Ц.Эы өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч А.Анар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Б.Наранцэцэг, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1613 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ДШМ/1012 дугаартай магадлалтай, Ц.Э, Д.Б, Д.М нарт холбогдох 2011013131470 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Э, Д.Б нарын өмгөөлөгч Б.Энхбат, шүүгдэгч Ц.Э-ы өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 11 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Ц.Э, 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *** аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, *** аймгийн ***-т эмч, сэтгэлзүйч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** аймгийн *** сум, *** дугаар баг ***тоотод оршин суух хаягтай,  урьд ял шийтгэлгүй, /РД: ***/,

 2.Д.М, 1996 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр *** хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** мянгат, *** дугаар байр, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: ***/,

 3.Д.Б, 1996 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр *** хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, ***-д ***-аар ажиллаж байсан, одоо “***” ХХК-нд ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, *** дүүргийн *** дугаар хороо *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: ***/.

 Шүүгдэгч Ц.Э нь үргэлжилсэн үйлдлээр *** дүүргийн нутаг  дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн албан ёсны цахим  бирж болох ***-ийн системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй цахим арилжаанаас 0 төгрөгийн захиалга өгч IТН/ВТС буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 371 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн ХААН банкны ***, *** тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “***” ХХК-нд 51,488,521.53 буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.М нь үргэлжилсэн үйлдлээр *** дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн албан ёсны цахим бирж  болох ***-ийн системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй цахим арилжаанаас 0 төгрөгийн захиалга өгч IТН/ВТС буюу криптовалют  худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020  оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 342 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Голомт банкны *** тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “***” ХХК-нд 39,301,641.13 төгрөг буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр *** дүүргийн нутаг  дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн албан ёсны цахим бирж болох ***-ийн системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй арилжаанаас  00 төгрөгийн захиалга өгч IТН/ВТС буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд нийт 336 удаагийн үйлдээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Хаан банкны ***, *** тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “***” ХХК-нд 31,128,603.38 төгрөг буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч их хэмжээний хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

шүүгдэгч Д.М, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Д.Б нарыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш төгрөгний хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шүүгдэгч Д.М-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт 34 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж, шүүгдэгч Д.М-ыг “Баянгол дүүргийн нутаг дэвсгэр”-ээс, шүүгдэгч Д.Б-г “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр”-ээс тус тус гарахгүй байх хязгаарлалт тогтоон шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1613 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Э, Д.Б нарын өмгөөлөгч Б.Энхбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байгаа тал дээр анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн, “***” ХХК-ийн *** сайтад техник, технологи талаасаа алдаа гарсан эсэх, гарсан бол ямар алдаа гарсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хөндлөнгийн байгууллагаас гаргасан албан ёсны дүгнэлт байхгүй. Иймд программын алдаа гарсан гэдэг агуулгыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн шүүгдэгч нар нь цахим арилжааны сайтаас мөнгө татан авах ажиллагааны явцад сайтаас зөвшөөрөл бүхий 4 оронтой код өгөөд байгаа явцыг шүүгдэгч нар нууц далд аргаар үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлийг мөн тайлбарлаагүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсээр байж хохирогчоос зөвшөөрөл аваад байгаа үйл явцыг нууц далд аргаар үйлдэгдсэн гэж үзсэн нь ойлгомжгүй.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь эд хөрөнгө байхаар зохицуулсан бөгөөд эдийн бус эд хөрөнгө болон криптовалют нь дээрх гэмт хэргийн халдлагын зүйлд хамаарахгүй болох нь харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх байдлыг “...криптовалют түүний цахим гүйлгээтэй холбоотой асуудал нь манай улсын хууль тогтоомжоор зохицуулагдаж цахим орчинд хүний өмчлөх эрхийг хамгаалах хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болно...” гэж үзсэнээс харвал хууль эрх зүйн хүрээнд зохицуулалтгүй боловч хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн нь ойлгомжгүйн дээр хууль тогтоох эрх бүхий байгууллагаас батлан гаргасан хуулийн хүрээнд аливаа асуудлыг шийдвэрлэх нь зүйд нийцэх учиртай. Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд зааснаар Монголбанкны зөвшөөрөл бүхий биет, биет бус хэрэгслийг төлбөрийн хэрэгсэлд ойлгохоор хуульчилсан. Өнөөдрийн болон тухайн үеийн байдлаар криптовалюютыг төлбөрийн хэрэгсэлд тооцсон хууль, зөвшөөрөл албан ёсоор гараагүй байхад анхан шатны шүүхээс криптовалютыг төлбөр тооцооны хэрэгсэл хэрэгсэл гэж үзээд Иргэний эрх зүйн буюу ерөнхий харьяаллын шүүхэд хэрэгжүүлэх шаардах эрхийг эрүүгийн эрх зүйн халдлагын зүйлтэй хольж тайлбарласан нь үндэслэлгүй.

Шүүгдэгч нар нь хийсэн арилжаанаас бий болсон мөнгөн хөрөнгийг татан авах ажиллагааг программ хянаад 4 орон бүхий зөвшөөрлийн код өгч байгааг нууц далд аргаар үйлдэгдсэн гэж үзэх үү, *** платформд программын алдаа гарсан болохыг хөндлөнгийн байгууллагын хууль ёсны дүгнэлтээр хөтөлбөргүй тогтоож, криптовалют нь эрх зүйн хүрээнд эд хөрөнгө мөн эсэх, хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл болж чадах, эцэст нь криптовалютыг Монголбанкнаас албан ёсны төлбөрийн хэрэгсэл гэж зөвшөөрсөн эсэх нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн хөтөлбөргүй тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасантай нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож Ц.Э, Д.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Э-ы өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Хулгайлах гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар нь хүний өмчлөх эрхэнд халдаж, эд хөрөнгөд нь бодит хор уршиг, хохирол учруулдагт орших ба энэ гэмт үйлдлийн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн амин чухал эрх ашиг сонирхол, харилцаа зөрчигдөх ба энэ гэмт хэргийн обьектын шинж нь өмчлөх эрх байна. Хулгайлах гэмт хэрэг нь бодит хор уршиг, хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг буюу бодит төгсгөлтэй гэмт хэрэг юм. Обьектив талын үндсэн шинж болох “хулгайлах” гэдэгт бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар авсан идэвхтэй үйлдлийг ойлгох ба нууц далд аргаар, хүч хэрэглэхгүй авч тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломж үүссэнээрээ гэмт хэрэг бүрэн төгсөнө. Хулгайлах гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байх ба энэ гэмт хэргийг үйлдсэн хүн оюун санааны шинжийн хувьд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан ойлгосон, гарах хохирол, хор уршгийг мэдсэн байдаг бол хүсэл зоригийн шинжийн хувьд уг үйлдлийг зориуд хүсч үйлдсэн, хор уршигт хүргэсэн байдаг. Хулгайлах гэмт хэргийн үйлдэл, хор уршиг, хохиролд хандаж байгаа сэтгэхүйн дотоод харьцаа болох гэмт хэрэг үйлдсэн сэдэлт нь өөртөө эдийн ашигтай давуу байдлыг бий болгох шунахай сэдэлтээр үйлдсэн байх ба энэ зүйлчлэлд нөлөөлөхгүй юм. Хууль тогтоогчоос “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар эзэмшигчид нь мэдэгдэхгүй авсан үйлдлийг нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд эрүүжүүлэн хуульчилж, энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, эрүүгийн ялын төрөл хэмжээг хуульчлан заажээ.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийг тайлбарласан Дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлын 24 тогтоолоор баталсан албан ёсны тайлбарын 5.2-т “Шүүгдэгчийн гэм буруутай, эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох явдал юм. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарах аливаа шийдвэрт тавигдах шаардлага нь нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх бодит боломжгүй” болохыг тайлбарласнаас үзэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь “зөрүүгүй байх” шаардлага буюу нотолгооны стандарт тогтоон тайлбарласан байна.

 Дээрх тайлбарт заасан ашигтайгаар шийдвэрлэх зарчим нь гэм буруугүйд тооцох зарчимтай зэрэгцэн үйлчлэх ба хууль болон тайлбарт заасан энэхүү зарчмын үндэслэл болж буй “үндэслэл бүхий эргэлзээ” гэдэгт “эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг хангалттай нэг бүрчлэн шалгаж, тэдгээрт дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно” гэж тус тус энэхүү хэм хэмжээ, зарчмыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар тайлбарлан тогтоожээ. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндэслэл, эрх зүйн дүгнэлтээс үзэхэд Ц.Э нь хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэлгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэх хууль зүйн шинж тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 13 дугаар заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг нотолсон болон үгүйсгэсэн нотлох баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоолд заах хууль зүйн шаардлага хангагдаагүй гэж дүгнэж байна. Анхан шатны шүүх “...криптовалютын төлбөр тооцоотой холбоотой асуудлыг өмчлөх эрхийг хамгаалах хэрэгцээ шаардлага зайлшгүй шаардлагатай байна...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь эд хөрөнгө байхаар хууль тогтоогчоос баталсан бөгөөд эдийн бус эд хөрөнгө болон криптовалют нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан халдлагын зүйлийн шинжийг хангахгүй байна. Анхан шатны шүүхээс дээрх байдлыг “...криптовалют түүний цахим гүйлгээтэй холбоотой асуудал нь манай улсын хууль тогтоомжоор зохицуулагдаж, цахим орчинд хүний өмчлөх эрхийг хамгаалах хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болно...” гэж дүгнэсэн нь хууль зүйн зохицуулаагүй харилцаа боловч хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх эрүүгийн хуулийн нэгдмэл байдлыг хангасан гэж үзэх боломжгүй байна. Иймд анхан болон болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч А.Анар хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар миний анхан болон давж заалдах шатны шүүхэд илэрхийлж байсан байр суурийг дэлгэрэнгүй байдлаар тайлбарлалаа. Давж заалдах шатны шүүхийн гол үндэслэл нь Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалд заасан 3,000,000 төгрөгөөс доош гүйлгээ хийж байгаа нь нууц далд аргаар буюу санаатай авсан байна гэж тайлбарласан. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал нь 3,000,000 төгрөгөөс дээших мөнгийг Монголбанканд мэдэгдэх ёстой, заавал хяналт тавих ёстой гэсэн журам байдаг. Тухайн байгууллага компани дотроо 4,000,000 төгрөгөөс дээш хяналт тавиад Монголбанканд мэдэгдэнэ гэж оруулж болохгүй хязгаарлалт байгаа юм. Харин энэ компани нь мөнгө угаах болон терроризмын бодлогынхоо хүрээнд дотооддоо дүрэм батлаад гүйлгээ бүр дээр хяналт тавих боломжтой. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны явцад хохирогч байгууллагын төлөөлөгч “яаж энэ үйлдлүүд илэрсэн бэ гэвэл манайх 3,000,000 төгрөгөөс доошоо тодорхой давтамжтай хяналт хийх явцад илэрсэн” гэж мэдүүлсэн. Тиймээс тухайн дотоод дүрэм, журамд нь яг хэдэн төгрөгийн хяналттай байдаг вэ гэдгийг шүүгдэгч нар мэдэх ямар ч боломжгүй. Шүүгдэгч нарыг Монголбанкны хяналтаас зугтааж байна гэж дүгнэлт хийх ёстой юу, эсхүл компанийн хяналтаас зугтаагаад нуугдаж байна гэж дүгнэлт хийх үү. Энэ агуулгаар нь авч үзэхэд энэ хүмүүс компанийн зүгээс хэрэгжүүлж байгаа хяналттай холбоотой хэдэн сая төгрөгөөс дээш хяналт хийгддэг асуудлыг эдгээр хүмүүс мэдэж байсан эсэх талаар дүгнэлт хийх нь зүйтэй.

4 дүгээр хавтаст хэрэгт авагдсан баримтад дурдсанаар ихэвчлэн 200,000 төгрөг, 300,000 төгрөг, 400,000 төгрөгийн гүйлгээг холбогдогч этгээд нар нь хийсэн. Үүнийг нь тухайн үеийн хэрэгцээндээ тааруулж авсан, эсхүл тухайн үед 0 төгрөгөөр авч чадсан криптовалютаа зарж борлуулаад таталтаа хийсэн гэж үзэж байна. Тиймээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон системд бий болсон алдааг зориуд ашиглаж, бирж хянах, мэдэх боломжгүй аргаар гэсэн боловч энэ байгууллага нь мэдэж байна шүү дээ. Сэдэл зорилгын хувьд шүүгдэгч нар нь тухайн үргэлжилсэн үйлдэл эхлэхээс өмнө хууль бус гэдгийг ухамсарласан байх ямар ч нотлох баримт байхгүй. Шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт нийтлэг байгаа зүйл нь “бид нар *** сайт руу ороход криптовалют худалдаж авах дүн нь 0 төгрөг байсан” гэж мэдүүлсэн. Тухайн 3 шүүгдэгч нараас өөр хэд хэдэн хүмүүс байгаа гэдгийг хохирогч байгууллагын төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн. Тиймээс нийтэд 0 төгрөгөөр борлуулсан зүйлийг тодорхой этгээдүүд 0 төгрөгөөр худалдаж авсан. Улмаар тухайн байгууллага нь серверээр хянаад, гүйлгээг нь баталгаажуулаад код илгээж байгааг шүүгдэгч нь зөвшөөрч байна гэж ойлгосон гэж үзэж байна. Хэрэв хууль бус гэдгийг ухамсарлаж байсан бол цахим мөрийтэй тоглоомд ашигладаг системийг ашиглаж болох байсан.

Өөрөөр хэлбэл, өөр хүний данс, өөр хүний бүртгэлийг ашиглаад өөрсдийгөө асуудалд оруулахгүй байдлаар ашиглах байсан. Иймээс анхнаасаа хулгай хийх сэдэл зорилго байгаагүй учраас хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Мөн тухайн компанийн дотоод дүрэм, журамд зааснаар хэдэн төгрөгт хяналт тавьдгийг шүүгдэгч нар нь мэдэх боломжгүй учраас  нууц далд аргаар үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, эдгээр хүмүүс нь ямар хэмжээнд байвал энэ компанид мэдэгдэхгүй вэ гэдгийг мэдэхгүй байхад түүнээс зайлсхийх ямар ч боломж байхгүй гэж үзэж байна...” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн шинжийн талаар, биржийн үйл ажиллаагаа хууль ёсны мөн эсэх талаар, хохирлын тогтоосон асуудал буюу 3 асуудлын хүрээнд гомдлын тайлбараа гаргасан. *** нь гар утас болон веб сайтаар тус тус ашиглах боломжтой бөгөөд Монгол Улсад өөрсдөө хөгжүүлсэн компани юм. *** нь веб сайтаар явуулах үйл ажиллагаагаа 2017 оны 10 дугаар сараас эхэлж явуулсан. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс гар утасны аппликейшний хөгжүүлэлтэд шинэчлэлт хийсэн. Энэ шинэчлэл нь криптовалютийг  криптовалютаар нь худалдаж авах, криптовалютийг мөнгөөр хулдаж авах гэсэн шинэчлэлтийг хийсэн. Үүний хөгжүүлэлтийг хийхэд биржийн системд алдаа үүссэн. Тухайн алдаа нь биткойн байхгүй биржийн хэрэглэгч биткойноор этериумыг худалдаж авахдаа 0.001 гэж хийхэд нь систем түүнийг биелүүлсэн хөгжүүлэлтийн алдаа гарсан. Хэрэв 0 гэж хийвэл систем түүнийг биелүүлэхгүй бөгөөд 0.001 гэж хийвэл систем биелүүлсэн алдаа гарсан.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас хулгайн гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж халдлагын зүйл болон субьектив талын талаар дүгнэлт хийж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа талаар дараах тайлбарыг гаргаж байна.

Нэгдүгээрт, арилжаа хийгчид биткойнгүй хэрнээ 0.001 гэж бичээд 0 төгрөгөөр ямар ч биткойныг худалдаж авах боломжгүй гэдгийг мэдэж байгаа. Өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанд “0 төгрөгийн үнэтэй зүйл яагаад байж болохгүй вэ, 0 төгрөгөөр авч байна гэж бодсон” гэж маргаж байсан. Гэтэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбартаа “өөрсдийгөө гэмт хэрэг хийж байна гэж мэдээгүй” гэсэн. Гэмт хэрэг хийсэн гэдгийг мэдсэн талаар эхний хууль бус шинж нь өөрсдийнх нь хэтэвчний үлдэгдэл 0 төгрөг байхад ямар ч арилжаанд оролцох боломжгүй гэдгийг арилжаа хийдэг бүх хүмүүс мэддэг бөгөөд өөрийнх нь дансанд ямар ч мөнгө байхгүй байхад захиалга хийсэн. Захиалга хийхдээ системийн алдааг ойлгоод шүүгдэгч Ц.Э 336 удаа, Д.М 342 удаа, Д.Б 371 удаа энэ үйлдлийг хийсэн бөгөөд энэ үйлдэл нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй, мэдэхгүй манай үйлчлүүлэгч нар хийсэн гэж маргадаг. Биткойн, Этериум гэдэг нь Олон улсад өндөр үнэлгээтэй. Тухайн өндөр үнэлгээтэй койноор арилжаа хийж байж 0 төгрөгөөр худалдаж авч байна гэсэн ойлголт байхгүй. Тиймээс тухайн үйлдэл нь гэмт хэрэг гэдгийг мэдэж байсан, ойлгож байсан гэдгийг нотолж байна.

Хоёрдугаарт, үйлдлийн давтамж буюу 342 удаа, 371 удаагийн үйлдлийг тус тус хийсэн байхад өөрсдөө мэдээгүй гэж өмгөөлөх ямар ч боломжгүй байна.

Гуравдугаарт, тухайн гэмт хэргийг мэдэж байсан, санаатай үйлдсэн гэдгийг дараах байдлаар нотлогдож байна. Өмгөөлөгч А.Анар нь Монголбанкны тушаалыг буруу ойлгож тайлбарлаж байна. Тухайн үйлдэл гаргасан 2019-2020 онд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдаагүй байсан хэдий ч Банк, санхүүгийн хууль тогтоомж хэрэгжиж эхэлснээс хойш Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль үйлчилсээр ирсэн. Хэдийгээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдаагүй байсан ч гэсэн тухайн хуулийн хүрээнд аливаа байдлаар хүний захиалгыг биелүүлж, мөнгө, төгрөгийн арилжаа хийж байгаа тул Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тухайн 300 гаруй удаагийн үйлдлээрээ өөрт байхгүй биткойноор этериум худалдаж авсан, этериумаа зараад мөнгөтэй болоод, мөнгөө гаргаж авах үйлдэл хийсэн. Мөнгөө гаргаж авч байгаа үйлдэл нь олон удаагийн давтамжтай. Гаргаж авах бүртээ 3,000,000 төгрөгөөс доош үнийн дүнгээр зарлагын гүйлгээ хийж мөнгөө татаж авсан бөгөөд энэ аудитын дүгнэлтээр нотлогдсон. Хэрэв 3,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр зарлага гаргавал тухайн гүйлгээг заавал хүн хянана.

Тодруулбал, хэтэвчиндээ ямар ч мөнгөгүй хүмүүс их хэмжээгээр татаад авч байгааг бирж мэднэ гэдгийг мэдэж байгаа учраас 3,000,000 төгрөгөөс доош үнийн дүнгээр зарлагыг гаргаж, ашиг олсон байдаг. Шүүгдэгч нар нь удаа дараагийн хууль бус үйл ажиллагаагаар олсон мөнгөө 3,000,000 төгрөгөөс доош үнийн дүнгээр зарлагадаж гаргаж авсан. Энэ нь мэдэгдэхгүй нууц далд аргаар хийх санаа сэдлийг баталгаажуулж байгаа. Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Л.Б нь 0 төгрөгийн үлдэгдэлтэй байж байгаад 2253 удаагийн арилжаа хийж, арилжаагаар олсон мөнгөө 94 удаагийн үйлдлээр буюу 3,000,000 төгрөгөөс доош үнийн дүнгээр татаж авсан. Мөн Б.М нь 71 удаа, Ц.Э нь 63 удаа тус тус зарлагын гүйлгээг хийсэн байна. Хэрэв шүүгдэгч нар нь мэдэхгүй байсан бол яагаад нэг ч удаа 3,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр зарлагын гүйлгээ хийгээгүй нь системийн хяналтаас гадуур хийж болох юм байна гэсэн мэдээд хийсэн үйлдэл байна. Тухайн үед Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдаагүй байхад Монгол Улсад 4 бирж үйл ажиллагаа явуулж байсан ба *** гадна 3 бирж үйл ажиллаагаа явуулж байсан. Тухайн 4 бирж иргэний эрх зүйн харилцаанд үндэслэж үйл ажиллагаа явуулсан бөгөөд бүгд гэрээнд үндэслэж үйл ажиллагаа явуулсан.

Тодруулбал, мөнгөөр үнэлэгдэж байгаа хөрөнгүүд нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль байгаагүй байсан ч гэсэн Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар эзэмшигч этгээдийн эзэмшил, захиран зарцуулах эрх нь үүсэж байгаа хөрөнгө гэдэг нь ойлгомжтой байна. Хулгайн зүйл заавал биетээр байдаг, хууль зүйн ойлголтын зөрүү байна гэж өмгөөлөл хийж байгааг өмгөөлөгчийн зүгээс гайхаж байна. Өнөө үед интернэт банкаас нь ороод мөнгийг нь авсан бүх үйлдлийг хулгайн гэмт хэрэг гэж зүйлчилж байгаа. Үүнтэй ямар ч ялгаагүй бөгөөд биткойн гэх үнэлгээтэй эдийн бус хөрөнгө, этериум гэж эдийн бус үнэлгээтэй хөрөнгө байна. Хүний виртуал хөрөнгийн хэтэвч рүү ороод олон тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг гаргаж аваад байгаа үйлдлийг хулгайн гэмт хэрэг биш тул цагаатгана гэх үү. “Авера аудит” ХХК дүгнэлт гаргахдаа биткойн, этериум нь тухайн өдөр ямар ханштай байсан бэ гэдгийг нь гаргаж байгаад тэр ханшийг нь тухайн өдрийн төгрөгийн ханш руу шилжүүлж байгаад хохирогчийн хохирлын хэмжээг тогтоосон.

Өөрөөр хэлбэл, аудитын газар нь тухайн биткойн, этериумыг гаргахдаа мөнгө гэж ойлгоод дүгнэлт гаргасан зүйл огт байхгүй. Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас хохирогч компанийн үйл ажиллагаа хуулиар зөвшөөрөгдөөгүй байсан гэсэн тайлбарыг гаргаж байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдахаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан 4 бирж нь тус хуулийг батлагдсаны дараа хамгийн түрүүнд үе шаттайгаар тусгай зөвшөөрлөө авсан. Үүнээс өмнөх үйл ажиллагааг хууль бус гэж үзээгүй бөгөөд шилжилтийн үеийн зохицуулалт гаргаж ирээд хамгийн түрүүнд бүртгэж авсан. Эдгээр бүх харилцаа нь Иргэний эрх зүйн хүрээнд явж байсан учраас биржийн үйл ажиллагаа хууль бус асуудал байхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санхүүгийн зохицуулах хорооноос тодорхойлолт авсан байдаг. Үүнд нь бодит байдлыг тодорхойлж өгсөн, хууль батлагдсаны дараа тусгай зөвшөөрөл авсан гэдгийг тодорхойлж өгсөн байдаг учраас ямар нэгэн байдлаар биржийн үйл ажиллагаатай холбоотой хууль бус зүйл байхгүй. Виртуал хөрөнгийн бирж гэдэг нь зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл шүүгдэгч нар нь ямар ч биткойнгүй хэрнээ этериум худалдаж авах захиалга өгөхөөр этериумтэй хэрэглэгчээс этериум худалдаж авах арилжааг биелүүлснээрээ бирж нь хохирогч болсон байна. Давж заалдах шатны шүүх энэ талаар зөв дүгнэж хохирогчийг зөв тогтоож, хохирлын хэмжээний талаар ямар нэгэн маргаан байхгүй. Иймд виртуал хөрөнгийн үйл ажиллагааг хүн ойлгох боломжгүй, ойлголтын зөрүү үүссэн зүйл байхгүй бөгөөд энэ үйл ажиллагааг анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлтүүдийг хийсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...*** нь арилжаанд оролцогчид нартаа арилжаанд оролцоход нь тодорхой хөрөнгийн шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, дансны тодорхой хэмжээний үлдэгдэлтэй байхыг шаарддаг. Тухайн хөрөнгөө нэмэгдүүлж, хасах нь тухайн хүний ур чадвараас хамаардаг. Гэтэл шүүгдэгч нар нь 0 төгрөгөөр бусдын үнэлэгдэх зүйлийг авсан. Өөрөөр хэлбэл, 0 төгрөгөөс илүү үнэтэй зүйлийг 0 төгрөгөөр худалдаж авсан. Шүүгдэгч нарт арилжаанд орох эрхийг хууль журмын дагуу олгосон боловч арилжаанд оролцохдоо хууль бус үйлдлийг хийж, үйлдлийн тоо, үйлдлийн арга, үйлдлийн давтамж нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон гэж үзэж байна.” гэв. 

Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Б нь 11 сарын хугацаанд, Ц.Э нь 4 сарын хугацаанд, шүүгдэгч Д.М нь 5 сарын хугацаанд тус тус үргэлжилсэн үйлдлээр “***” ХХК-ийн цахим биржийн системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй арилжаанаас 0 төгрөгийн захиалга өгч, криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн Ц.Э нь 51,8 сая төгрөгийн, Д.М нь 39,3 сая төгрөгийн, Д.Б нь 31,1 сая төгрөгийн хохирол учруулан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Хэргийн тогтоогдсон үйл баримтаас харахад шүүгдэгч нарын олж авсан мөнгө нь хөдөлмөрийн орлого биш, хууль ёсны гүйлгээ биш, бодит төлбөр хийгдээгүй, систем өөрөө зөвшөөрсөн гэдэг нь хууль ёсны гэсэн үг биш бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авч байсан мөнгөн дүнгээр бусдад учруулсан хохирлын хэмжээ тодорхойлогдох боломжтой байна.

Шүүгдэгч нарын эхний бүртгэл мэдээллээ үнэн зөв өгсөн байсан эсэхээс хамаарахгүйгээр ашиг олж авах үедээ хууль бус гэдгийг мэдэж байсан уу гэдэг нь чухал бөгөөд мөнгө өөрөөсөө шилжүүлээгүй 0 төгрөгтэй гэдгээ мэдсээр байж гүйлгээг хийсэн хууль бус гэдгийг ухамсарласан байсан байна. Мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д эд хөрөнгө гэдэг ойлголтыг тодорхойлсон бөгөөд криптовалют нь яагаад эд хөрөнгөд тооцогдох вэ гэхээр эдийн засгийн үнэ цэнтэй бөгөөд зах зээл дээр тодорхой үнэ ханштай, бодит мөнгөөр солилцож болдог, эзэмших, захиран зарцуулах боломжтой, хэн нэгний өмчлөлд байдаг зүйл байна. Энэ гэмт хэрэг үйлдэгдэх үед эрх зүйн орчин хангалтгүй байсан боловч тухайн  үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно” гэж заасан ба 3 дугаар хавтаст хэрэгт авагдсан тухайн аж ахуйн нэгжийн татвар төлсөн баримтаар хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдэлд ямар гэмт хэргийн шинж илүү давамгайлж байна вэ гэдэгт дүгнэлт хийж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй буюу “цахим арилжааны сайтад бий болсон алдааг ашиглан биелэгдэх ёсгүй захиалгыг олон тоогоор илгээж улмаар криптовалютыг өөртөө олж авч худалдан борлуулж, ашиг олж байгаа нь өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр буюу нууцаар, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж буюу хууль бусаар, бусдад хүч хэрэглэхгүйгээр эд зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч байгаа үйлдлийн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Харин анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт  шүүгдэгч нар нь “бусдад хохирол учруулсан, гэм буруутай гэж дүгнэсэн тул шүүгдэгч Ц.Э-аас 51,488,521 төгрөг, шүүгдэгч Д.М-с 39,301,641 төгрөг, шүүгдэгч Д.Б-ээс 31,128,603 төгрөгийн хохирол тус тус гаргуулж, “trade.mn” ХХК-д олгох нь зүйтэй байна.” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт хохирлын талаар дурдаагүй орхигдуулсан байна.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон эрүүгийн хариуцлагын талаарх шийдвэрийг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолд хохирлыг гаргуулах талаар заалтыг нэмж, өөрчлөлт оруулах дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Өмгөөлөгч Б.Энхбат, Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, эрх зүйн шинэ ойлголтыг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

2.Хяналтын шатны шүүх гомдлын үндэслэлийг хянахдаа тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн хүрээ хязгаар, шүүхийн практик, хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх шаардлагыг онол, арга зүйн үүднээс тайлбарлан хянадаг.

Энэ нь шүүхийн практикт урьд өмнө шийдвэрлэгдэж байгаагүй шинэлэг харилцаа, эсхүл хуулийн зохицуулалтын хийдэл, зөрчил бүхий асуудалд хууль зүйн дүгнэлт өгч, тодорхойгүй байдлыг арилгах, хуулийн зүйл, заалт, нэр томьёог шүүхүүд зөрүүтэй тайлбарлаж буйг залруулж, цаашид жишиг болохуйц хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн зарчмын шинжтэй ажиллагаа юм.

Түүнчлэн, хуулийн хэм хэмжээний бүтэц дэх эрх зүйн гипотез, диспозици, санкцийн агуулгыг хууль тогтоогчийн үзэл баримтлал, зорилгод нийцүүлэн үндэслэлтэйгээр тайлбарласнаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, эрх зүйн шинэ жишгийг тогтооход энэхүү хяналтын ач холбогдол оршино.

3.Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагджээ.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “trade.mn” ХХК-ийн албан ёсны цахим биржийн системд үүссэн программ хангамжийн алдааны улмаас биелэгдэх боломжгүй арилжаанаас 00 төгрөгөөр захиалга өгч криптовалют худалдан авч, улмаар 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Ц.Э 371 удаагийн үйлдлээр 51,488,521.53 төгрөг, Д.М 342 удаагийн үйлдлээр 39,301,641.13 төгрөг, Д.Б 336 удаагийн үйлдлээр 31,128,603.38 төгрөгийг тус тус өөрсдийн дансанд шилжүүлж авсан нь тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Харин хоёр шатны шүүх шүүгдэгч Ц.Э, Д.М, Д.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх дүгнэлтийг хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт “гэмт хэргийн шинж” гэдэгт нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай. Дан ганц үр дагаварт тулгуурлан объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд халддаг нийтлэг шинжтэй хэдий ч хулгайлах болон залилах гэмт хэргүүд нь халдлагын арга, хохирогчийн хүсэл зоригоос хамаарч эрс ялгагдана.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл /Хулгайлах/ болон 17.3 дугаар зүйл /Залилах/ гэсэн хоёр гэмт хэргийг зүйлчлэхдээ объектив талын шинж буюу гэмт үйлдлээ гүйцэтгэхдээ сонгосон аргыг гол шалгуур болгон харгалзан үзнэ.

Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн “Шударга ёсны зарчим” болон “Нэг удаа ял шийтгэх зарчим”-ыг баримтлан, тухайн үйлдлийн мөн чанарыг хамгийн бүрэн дүүрэн, нарийвчлан илэрхийлж буй зүйл, заалтыг сонгож хэрэглэх ёстой.

Үүнийг эрүүгийн эрх зүйн онол, практикт тусгай хэм хэмжээ нь ерөнхий хэм хэмжээгээ үгүйсгэх зарчмаар шийдвэрлэдэг.

5.Гэмт хэргийн объектив талын шинжээр хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үйлдэгддэг бол залилах гэмт хэрэг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Түүнчлэн хулгайлах болон залилах гэмт хэргийг ялгахдаа хохирогчийн хүсэл зоригийн  илэрхийллээр заагладаг. Учир нь залилах гэмт хэргийн хохирогч бусдын хуурмаг үйлдэлд төөрөгдсөний улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ гэмт этгээдэд өөрийн хүсэл зоригоор, сайн дурын үндсэн дээр шилжүүлэн өгсөн байдгаараа онцлогтой.

Харин хулгайлах гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, түүний хүсэл зоригоос гадуур, зөвшөөрөлгүйгээр, нууц, далд аргаар эд хөрөнгийг авсан байдгаар ялгагдана.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

Гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн тодорхойлох бөгөөд объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болсон нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал зэргийг багтаасан ойлголт юм.

Хэн нэгэн этгээдийн гэмт үйлдэл, түүний үр дагаврыг ухамсарласан байдал, тэдгээрийн шалтгаант холбоо буюу объектив хамаарлыг нотолж буй баримтын хүрээ, хязгаарын хэмжээнд шүүх үнэлж тогтоох ёстой.

Шүүгдэгч Ц.Э 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 371, шүүгдэгч Д.М 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020  оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 342, шүүгдэгч Д.Б 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд нийт 336 удаагийн үйлдлээр арилжаанд оролцож, системийн хяналтад өртөхгүйн тулд 3,000,000 төгрөгөөс доош дүнгээр, олон удаа гүйлгээ хийж байсан үйлдэл нь санаатай гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Энхбат нарын “системийн алдааг мэдээгүй, санамсаргүй байдлаар хийгдсэн” гэх гомдол дээрх үйл баримтаар үгүйсгэгдэж байна.

7.Цахим орчинд мэдээллийн системд нэвтрэх эрхгүй этгээд хамгаалалтын системийг эвдэх /хакердах/, нууц үгийг хууль бусаар олж авах, эсхүл техник, программ хангамжийн аргаар хууль бусаар нэвтэрч, серверийн аюулгүй байдлыг эвдэж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл хулгайлах гэмт хэрэгт тооцогдоно.

Энэ тохиолдолд систем нь хөрөнгийг шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлээгүй, харин гэмт этгээд хүчээр буюу хууль бус нэвтрэлтээр хөрөнгийг авах шинжтэй байдаг.

Харин цахим орчинд программ хангамжийн алдаа, цоорхойг ашиглан хуурамч, ойлгомжгүй өгөгдөл оруулах, гүйлгээний агуулга, утгыг өөрчлөх зэргээр мэдээллийн системийг төөрөгдүүлж, улмаар системээр дамжуулан хөрөнгө шилжүүлэх зөвшөөрлийг авч буй үйлдэл залилах гэмт хэрэгт хамаарна.

Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Энхбат нарын хяналтын журмаар гаргасан “...хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй, ...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэх агуулга бүхий гомдол үндэслэлтэй байна.

8.Шүүгдэгч Ц.Э, Д.М, Д.Б нар өөрсдийн цахим шуудан, гар утасны дугаар, системээс ирүүлсэн 6 оронтой нууц үгийг оруулж, иргэний үнэмлэх /гарын үсэг, он, сар, өдөр, *** гэсэн бичиглэлтэй зураг/ банкны дансны дугаарыг илгээж, 1 төгрөгийн гүйлгээ хийснээр “***” ХХК-ийн цахим арилжааны системийн блокчэйн технологид суурилсан койн болон токен /Криптовалют/ арилжааг вэбсайт, гар утасны программ /аппликэйшн/-аар үйлчилгээг авах хууль ёсны хэрэглэгч болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, “***” ХХК-ийн гомдол, орлого, зарлага хийхэд баримтлах бодлого, түүний хавсралт, *** гэсэн сайтад үзлэг хийсэн тэмдэглэл, “Авера аудит” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Э, Д.М, Д.Б нар цахим арилжаа хийхдээ *** платформ программд гарсан алдааг олж мэдэн систем рүү санаатайгаар 0.001 буюу бага дүн бүхий худалдан авах захиалга оруулан төлбөр төлөгдөөгүй байхад төлөгдсөн, дансанд мөнгө байхгүй байхад байгаа мэт зохиомол байдлыг зориудаар бий болгож, олон удаагийн давтамжтайгаар хуурамч захиалга илгээх замаар мэдээллийн системийг төөрөгдүүлсэн байна.

Цахим мэдээллийн системд шүүгдэгч Ц.Э, Д.М, Д.Б нар хууль бусаар нэвтрээгүй, харин өөрийн албан ёсны эрхээр нэвтэрч, "***" программ хангамжийн алдаатай ажиллагааг зориуд ашиглан, төлбөр төлөгдөөгүй байхад төлөгдсөн мэт зохиомол байдлыг бий болгож, улмаар систем нь тэдний оруулсан мэдээллийг үнэн зөв гэж тооцоолон андуурч, криптовалютыг автоматаар шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.Э, Д.М, Д.Б нарын үйлдэл бусдын эд хөрөнгийг нууцаар авсан ерөнхий шинжийг агуулсан хэдий ч залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс тусгай хэм хэмжээг урьтал болгох зарчмын дагуу зүйлчлэлийг зөвтгөх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ц.Э, Д.М, Д.Б нарын үйлдлийг хяналтын шатны шүүхээс залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход тэдний эрх зүйн байдалд нөлөөлөхгүй.

9.Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсэгт “Ашгийн төлөө хуулийн этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх эрхтэй”, 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно”, Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд компани нь үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж хуульчилсан байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно” гэж зохицуулан заажээ.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай, Зөвшөөрлийн /Шинэчилсэн найруулга/ хууль гэмт хэрэг үйлдэгдэх үед /2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр/ батлагдаагүй байсан тул виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, тусгай зөвшөөрөл шаардах жагсаалтад “***” ХХК-ийн үйл ажиллагаа хамаарахгүй байсан байна.

“***” ХХК 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үүсгэн байгуулагдаж “Мэдээллийн технологийн үйл ажиллагаа” эрхлэхээр Улсын бүртгэлийн гэрчилгээ авч, аж ахуйн нэгжийн орлого, дотоод бараа, үйлчилгээний суутгасан /НӨАТ/, суутгагчийн хувь хүн, хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан албан татвар зэргийг төлж байжээ.

Иргэний хуулийн хориглоогүй бол зөвшөөрдөг суурь зарчим, Компанийн тухай хуулийн хүрээнд хуулийн этгээд нь хуулиар тусгайлан заагаагүй бол ямар ч төрлийн үйл ажиллагааг татварын байгууллагад бүртгүүлснээр явуулах эрхтэй бөгөөд тухайн үед криптовалютын цахим арилжааны үйлчилгээг хориглосон, тусгай зөвшөөрөл авах хуулийн заалт байгаагүй тул “***” ХХК-ийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэхгүй.

Нөгөөтэйгүүр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээд энэ хуулийн 17.1-д заасан дөрвөн сарын хугацаа дууссанаас хойш гурван сарын дотор энэ хуульд заасан шаардлагыг хангаж, Хороонд бүртгүүлнэ” гэж шилжилтийн үеийг зохицуулан хуульчилснаас дүгнэвэл гэмт хэрэг үйлдэгдэх үед криптовалютын цахим арилжааны үйлчилгээ явуулж байсан “***” ХХК-ийн үйл ажиллагаа хууль ёсны байсны илэрхийлэл юм.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхбат, Б.Бат-Ерөөлт нарын “…хохирогч байгууллага тусгай зөвшөөрөлгүй тул хохирогч биш…” гэх агуулга бүхий гомдол дээрх хууль зүйн үндэслэлээр няцаагдаж байна.

10.Аливаа гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг тодорхойлдог нэг үндсэн хэмжүүр бол гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан бодит хохирол юм.

Хохирол нь гэмт хэргийн улмаас үүсч буй алдагдал, гарз, сүйтгэл, хөнөөл бөгөөд эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн тодорхой этгээдийн хувьд түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар ба тооцон хэмжиж болохын зэрэгцээ тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн шалтгаант холбоог заавал агуулсан байдаг.

Шүүгдэгч нар ETH/Этериумийг худалдаж авах захиалга өгөхдөө гар утасны аппликейшний алдааг ашиглаж, данснаас хасагдах дүнг "0" болгож илгээн дансан дахь биткойн нь хасагдахгүй атлаа, ETH/Этериум криптовалютыг худалдан авсан мэтээр дансандаа хийж, орж ирсэн ETH/Этериумийг /ETH/MNT/ төгрөгөөр зарах хослол дээр тавьж, төгрөг болгон улмаар орж ирсэн төгрөгийг өөрсдийн нэр дээрх арилжааны банкны данс руу /Хаан банк, Голомт банк/ шилжүүлэн Ц.Э 51,488,521.53 төгрөг, Д.М 39,301,641.13 төгрөг, Д.Б 31,128,603.38 төгрөгийг тус тус хууль бусаар авсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х, гэрч Б.М, Б.Б нарын мэдүүлэг, шинжээч “Авера аудит” ХХК-ийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.

Эдгээрээс үзвэл криптовалют /Биткойн, Этериум зэрэг/ нь биет бус шинжтэй боловч зах зээл дээр тодорхой үнэлгээтэй, бусдад шилжүүлэх, арилжаалах боломжтой, эдийн засгийн үнэ цэнтэй, хэмжигдэхүйц байх тул Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн объектод хамаарна.

Иймээс өмгөөлөгч Б.Энхбат, Б.Бат-Ерөөлт нарын криптовалют хууль ёсны төлбөрийн хэрэгсэл биш, эд хөрөнгөд тооцогдохгүй, гэмт хэргийн объект болохгүй гэх агуулгатай гомдол хангагдахгүй.

11.Шүүгдэгч Ц.Э, Д.Б нарын өмгөөлөгч Б.Энхбатаас “...системд ямар алдаа гарсан талаар хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй нь мөрдөн шалгах ажиллагаа бүрэн бус хийгдсэн, …программын алдаа гарсан гэдэг агуулгыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэх агуулга бүхий гомдлыг хяналтын шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр нь хэрэгт цугларсан дансны хуулга, гүйлгээний түүх, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

 “***” ХХК-ийн системд программ хангамжийн чухам ямар кодод, ямар төрлийн техникийн саатал /bug/ гарсныг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч томилж нарийвчлан тогтоох нь хэргийн зүйлчлэл болон шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

Өөрөөр хэлбэл, системд алдаа гарсан эсэх нь нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр бус, харин 0 төгрөгийн үнийн дүнтэй захиалга биелэгдэж, бодит үнэ цэнэ бүхий криптовалют шилжиж байгаа илэрхий үйл баримтаар нотлогдож байх тул техникийн алдааны нарийн шалтгааныг тогтоогоогүй нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, эсхүл хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй.

12.Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Энэ хүрээнд хоёр шатны шүүх шүүгдэгч Ц.Э, Д.М, Д.Б нарт оногдуулсан ял тэдний хувийн байдал, гэм буруу, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэрэгт тохирсон, залилах гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээнд байх тул шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

13.Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Э-аас 51,488,521.53 төгрөг, шүүгдэгч Д.М-аас 39,301,641.13 төгрөг, шүүгдэгч Д.Б-ээс 31,128,603.38 төгрөгийн хохирол тус тус гаргуулж, “***” ХХК-д олгохоор дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар тусгалгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр тодорхой, биелэгдэхүйц байх шаардлагыг хангаагүй байна.  

Давж заалдах шатны шүүх энэ алдааг зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байх тул хяналтын шатны шүүхээс зөвтгөхөөр тогтов.

14.Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ц.Э, Д.М, Д.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг болгон зөвтгөж, шийтгэх тогтоол, магадлалд “***” ХХК-д хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах заалт нэмж, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Энхбат нарын хяналтын журмаар гаргасан “...хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй, ...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэх агуулга бүхий гомдлыг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгохоор хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1613 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “шүүгдэгч Ц.Э-ыг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, шүүгдэгч Д.М, Д.Б нарыг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж, шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Д.М, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоол, магадлалд  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-аас 51,488,521.53 төгрөгийг, шүүгдэгч Д.М-аас 39,301,641.13 төгрөгийг, шүүгдэгч Д.Б-ээс 31,128,603.38 төгрөгийг тус тус гаргуулан “***” ХХК-д олгосугай” гэсэн заалтыг нэмж, шийтгэх тогтоол болон магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                         ШҮҮГЧ                                                          Ц.ОЧ

                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                  Б.ЦОГТ