Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 443

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар “А” ХХК, “Г” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: “А” ХХК/

                      “Г” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 

Нэхэмжлэлийн шаардлага: “...“А” ХХК, “Г” ХХК-ийн хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, өргөдлийг хүлээн авахыг даалгах”

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А” ХХК, “Г” ХХК-иудын төлөөлөгч Б.Я нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК, “Г” ХХК-иудын захирал Б.Я шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...“А” ХХК, “Г” ХХК-ийн захирал Б.Я миний бие ашигт малтмалын хайгуулын ХV-*******, XV-******* тоот тусгай зөвшөөрлүүдийг “*******” ХХК-иас 2012 онд шилжүүлэн авснаас хойш Ашигт малтмалын тухай Xуулийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий газарт жил бүр тогтмол эрэл хайгуул, зураглалын ажил явуулж ирсэн. 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дотор дээрх 2 компанийн хайгуулын Х\/-*******, XV- ******* тоот тусгай 

зөвшөөрлүүдийн 9 дэх жилийн төлбөрийг төлж, сунгах өргөдөл гаргах ёстой байтал миний бие эрүүл мэндийн хүндэтгэн үзэх байдлаас шалтгаалан өнгөрөөсөн байсан.

Миний бие анх 2000 оноос хойш хүнд хэлбэрийн архаг ангина, бөөр, ходоод нойр булчирхай, шулуун гэдэсний шамбрамын хавсарсан өвчтэй боловч мэргэжлийн онцлогоос шалтгаалан байнга хөдөө, орон нутагт ирэн очин явж зав зай муухан байдагтай холбоотой өөрийн эрүүл мэндийг ноцтой байдалд орохыг төдийлөн анхаарал хандуулаагүй тухайн үед бага зэрэг намжаах байдлаар хавар намрын улиралд Xувийн эмнэлэгт жилд нэг удаа очиж 10 хоногийн курс эмчилгээнд ордог байсан юм.

Гэтэл өмнөх жилээс буюу 2015 оноос эхлэн биеийн байдал эрс муудаж суудлын өвчин гэгддэг шулуун гэдэсний хямралын шинж тэмдэг мэдэгдсэн бөгөөд тухайн үед эмчлэгч эмчээс зөвлөгөө авч, бага зэрэг аргацаах байдлаар өвчнөө ужигруулж, даамжруулсан байсан. Ингээд 2016 оны зун хөдөө явж байх үед гэнэт их хэмжээгээр доош цус алдсаны улмаас ухаан санаа балартаж шууд буцаад Улаанбаатар хотын Ачтан эмнэлэгт 2016 оны 07 сарын 20-ны өдрөөс сар гаруй хугацаанд буюу 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хэвтэх хугацаанд нийт 3 удаа хагалгаанд орсон.

Ийнхүү миний бие хүндээр өвчилсний улмаас 3 удаагийн хагалгааны дараа хэвтрийн дэглэм зайлшгүй баримталж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул эмнэлгээс гарч босч явж чадахгүй байсны улмаас хоёр компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн сунгагдах хугацаа болон жилийн ээлжит төлбөр төлөх хугацааг өнгөрөөсөн. Энэ хоёр компанийн маань үйл ажиллагаа зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл дээр явагддаг бөгөөд хайгуулын ажил, тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л ажлыг би өөрөө удирдан авч явдаг юм. Компаниудын ажилд надаас өөр үүрэг гүйцэтгэдэг албан хаагч, ажилтан байхгүй тул эмнэлэгт хагалгаанд орж хэвтэрт байх үед хэн нэгэн гуравдагч этгээдэд энэ ажлыг даалгах, итгэмжлэл олгох боломжгүй байсан.

Миний бие эмнэлгээс гарсны дараа буюу 2016 оны 09 сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг, алдангийн хамт төлж, хандан "А" ХХК-ийн 2017 оны 01-р сарын 04-ний өдрийн 001/17 тоот,"Г" ХХКийн 2017 оны 01 сарын 04 өдрийн 0104/1 тоот албан бичигт өөрийн хүндэтгэн үзэх шалтгааныг тайлбарлаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын 

хэлтсийн дарга Л.М хандан тусгай зөвшөөрлүүдийг сунгах өргөдлийг хүлээн авч сунгаж өгөх хүсэлтийг гаргасан боловч 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 7/878 тоот, 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 7/877 тоот албан бичгээр тус компаниудын өргөдлийг хүлээн авч бүртгэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Уг албан бичгийг хүлээн аваад "А" ХХК-иас 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0213/1 тоот,"Г" ХХКиас 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0213/17 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандсан боловч 2017 оны 02-р сарын 21-ний өдрийн 1/1331 тоот, 2017 оны 02-р сарын 21-ний өдрийн 1/1330 тоот албан бичгээр тус компаниудын өргөдлийг хүлээн авч бүртгэх боломжгүй гэсэн хариу өгсөн нь Монгол Улсын Иргэний хуулинд заасан хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзээгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна.

"А", "Г" ХХКиуд нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх 9 жилийн хугацаанд улсын болон тусгай зөвшөөрөл бүхий орон нутгийн төсөвт холбогдох төлбөр, татвар, хураамжийг тогтмол төлж, аймаг сумдыг хөгжүүлэх ажилд зохих хэмжээний хөрөнгө оруулалт хийж холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Өнгөрсөн 9 жилийн хугацаанд нэг ч удаа дээрх байдлаар төлбөр төлөх хугацааг хожимдуулж байгаагүй.

Гэтэл Монгол Улсын жирийн иргэн миний хүндээр өвчилсөн хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааныг харгалзан үзэлгүйгээр манай компаниудын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авалгүй, боломжгүй гэсэн хариу албан бичгээр өгсөн хариуцагч талын хууль бус эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Манай улсын эдийн засгийн байдал хүнд, улсын төсвийн орлого, цаашлаад гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах гол салбар болох уул уурхайн компаниудаа дэмжих бодлого баримталж буй энэ цаг үед улсын эдийн засагт зохих хувь нэмэр оруулан ажиллаж байгаа  "Г" ХХКийн ашигт малтмалын хайгуулын Х\/-******* тоот тусгай зөвшөөрөл, "А" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, өргөдлийг хүлээн авахыг даалгаж өгнө үү хэмээн шүүхээс хүсч байна” гэв. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Нямдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..."А", "Г" ХХКиуд нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг. Өөр ямар нэгэн үйл

 ажиллагаа эрхэлдэггүй. "А", "Г" ХХКиудын захирлаар Б.Я ажилладаг. Ажлын онцлогоос хамаараад өөр ямар нэгэн ажилтан байдаггүй. Сая захирал Б.Я тайлбарлалаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас болоод шулуун гэдэсний хагалгаанд ойрхон орсон учраас босч сууж, явж чадахгүй эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Эрэгтэй хүн их хэмжээний цус алдсан учраас ухаан санаа нь орон гаран балартаад хэн нэгэнд энэ ажлаа даалгахаа мэдэхгүй байсны улмаас энэ хугацаагаа өнгөрөөсөн байсан. Түүнээс хойш 9 дэх жил гэдэг нь тусгай зөвшөөрлүүдийн тухайд багагүй хугацаа. Энэ хугацаанд нэг ч удаа төлбөр төлөх хугацааг хожимдуулж, ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Тухайн орон нутагтаа ч гэсэн байгаль орчны төлөвлөгөөг цаг тухайд нь батлуулдаг. Орон нутгийн санд зохих хэмжээний хандивуудыг өгдөг. Энэ жил яах аргагүй эрүүл мэндийн хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас өргөдөл өгөх хугацаагаа өнгөрөөжээ.

Тухайн үед Ашигт малтмалын газрын нэг цонхны үйлчилгээнд өргөдлөө өгөхөд манайх хүлээж авах боломжгүй, манай программ дээр танай хугацаа дуусгавар болсон байгаа учраас таны өргөдлийг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүний дараагаар хоёр компанийн албан бичгээр эхлээд кадастрын даргад нь газрын даргад тус тус хандсан боловч боломжгүй талаар хариу авсан. Нэхэмжлэгч Б.Я нь хэдийгээр ийм хариунуудыг авсан ч гэсэн төлбөрүүдийг зохих ёсоор төлсөн байгаа учраас шүүхээс хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...”******* *******” ХХК,"Г" ХХКиудын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 

Нэг. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Цагаан цахир уул нэртэй газар 920.63 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын Х\/-******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019 дүгээр шийдвэрээр анх “******* *******” ХХК-д олгосон байна.

“******* *******” ХХК нь ... Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 223 дугаар шийдвэрээр “*******” ХХК-д, “*******” ХХК нь ...Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 027 дугаар шийдвэрээр "А" ХХК-д шилжүүлсэн байна.

Хоёр. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Цахир Уул нэртэй газар 365.43 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын Х\/-******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019 дүгээр шийдвэрээр анх “******* *******” ХХК-д олгосон байна.

“******* *******” ХХК нь ... Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 227 дугаар шийдвэрээр “*******” ХХК-д, “*******” ХХК нь ... Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 026 дугаар шийдвэрээр"Г" ХХК д шилжүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу "А" ХХК нь ашигт малтмалын хайгуулын Х\/-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг мөн "Г" ХХК нь ашигт малтмалын хайгуулын Х\/-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг тус тус хуулийн нөхцөл шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2016 оны 07 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлэхээр хуульчилсан байна.

Сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1-д "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2-т  “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-т “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг тус тус хавсаргасан байхыг шаарддаг.

"А", "Г" ХХКиуд нь хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн шаардлагыг хангасан материалыг тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийн хамт хуулийн хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст огт гаргаж өгөөгүй тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсныг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болгож бүртгэсэн байна.

Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сунгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд "А", "Г" ХХКиудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээнээс "А", "Г" ХХКиуд нь хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй буцаасан байх.

...Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэл зоригийн асуудал тул тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг хугацаандаа өгөөгүй учраас тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болоход Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх зохицуулалт байхгүй. Мөн хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сунгах хууль зүйн үндэслэлгүй юм. 

... Кадастрын үйлчилгээ 2012 оноос хойш нэг цонхны үйлчилгээгээр явдаг болсон. Кадастр болон геологи, уул уурхайн үйлчилгээ үзүүлэхэд нэг цонхны үйлчилгээгээр дамждаг. Тусгай зөвшөөрлийн үндсэн шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон асуудал Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар Кадастрын хэлтсийн эрхлэгчийн асуудал байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн шилжүүлэг барьцаа сунгах, төлбөр зэрэг бүх харилцааг Кадастрын хэлтсийн нэг цонхны үйлчилгээгээр зохицуулдаг. Тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийг хариуцсан тусдаа мэргэжилтэн байдаг. Мэргэжилтнүүд 2016 оны 08 сарын 21-ний өдөр гэсэн хугацаанаас нэг сарын өмнө өргөдлийг ирүүлэх ёстой. Энэ зарчмын дагуу л өргөдлийг авдаг. 08 сарын 20-ны юм уу 21-ны өдөр өгсөн бол өргөдлийг хянаж, бүрдэл хангаж байвал хүлээгээд авдаг. Энэ нь Иргэний хуульд заасан хугацаа тоолох журмаар бол болдог. А. К нар нь хугацаандаа өргөдлөө өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хүндэтгэн 

үзэх шалтгаантай байсан гэдэг нь тогтоогдсон тохиолдолд материал нь хуульд заасан шаардлага хангаж байвал боломж байгаа. Шинэ хууль батлагдахаас өмнө хүндэтгэн үзэх шалтгааны талаарх өргөдлийг хүлээж аваад дүгнэлт гаргаад шийдвэрлэдэг тохиолдол байсан ба уг байгууллага нь татан буугдсан. Манайх хүндэтгэн үзэх шалтгааныг тогтоодог байгууллага биш учраас хуулийн хугацаанд өргөдлөө өгөөгүй л бол түүгээрээ явдаг. 

... Ийм нөхцөл байдалтай байгаа учраас "А", "Г" ХХКиудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч "А", "Г" ХХКийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч "А" ХХК, "Г" ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд “..."А", "Г" ХХКийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сэргээхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “..."А", "Г" ХХКийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах” гэж тодруулжээ. 

Нэхэмжлэгч компаниудаас тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн тухайд хэргийн оролцогчид маргахгүй байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс “...Монгол Улсын иргэн миний хүндээр өвчилсөн хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааныг харгалзан үзэлгүйгээр манай компаниудын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авалгүй, боломжгүй гэсэн хариу албан бичгээр өгсөн хариуцагч талын хууль бус эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэл зоригийн асуудал тул тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсны дараа хүсэлтээ гаргасан хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй. Шинэ хууль батлагдахаас өмнө хүндэтгэн үзэх шалтгааны талаарх өргөдлийг хүлээж аваад дүгнэлт гаргаад шийдвэрлэдэг тохиолдол байсан ба уг байгууллага нь татан буугдсан. Манайх хүндэтгэн үзэх шалтгааныг тогтоодог байгууллага биш учраас хуулийн хугацаанд өргөдлөө өгөөгүй л бол өргөдлийг хүлээж авах үндэслэлгүй”” гэж тус тус маргажээ.

"А" ХХК-ийн эзэмшиж байсан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахир уул нэртэй 920.63 гектар талбайд ХV-*******  тоот, "Г" ХХКийн  Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цахир уул нэртэй газар 365.43 гектар талбайд эзэмшиж байсан XV-*******  тоот ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус тус дуусгавар болсныг Кадастрын бүртгэлийн мэдээллийн системд 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүртгэжээ.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хүндэтгэн үзэх шалтгаанаа “миний бие хүндээр өвчилсний улмаас 3 удаагийн хагалгааны дараа хэвтрийн дэглэм зайлшгүй баримталж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул эмнэлгээс гарч босч явж чадахгүй байсны улмаас хоёр компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн сунгагдах хугацаа болон жилийн ээлжит төлбөр төлөх хугацааг өнгөрөөсөн” гэж тайлбарлаж эмнэлгийн картыг нотлох баримтаар ирүүлжээ.

Хариуцагчаас ирүүлсэн ашигт малтмалын хайгуулын XV-*******, XV-******* тоот тусгай зөвшөөрлүүдийн дэлгэрэнгүй мэдээлэлд  "А", "Г" ХХКиудын захирлаар тэмдэглэгдсэн Б.Я нь хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтээ гаргах боломжгүй хүндээр өвчилсөн байсан нь, 

1/ “Ачтан” клиникийн эмнэлгийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Өвчтөн Б.Я нь ...дотор шамбарам, хурц цус алдалт, цус багадалт оноштойгоор Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн 2 үе шаттай хагалгаанд орж, ... эмчлэгдэн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр эмнэлгээс гарсан нь үнэн болно” гэсэн 1/80 тоот тодорхойлолт ,

2/ Эмнэлгийн хяналтын картанд “...Эрчимт эмчилгээний тасагт хэвтэх үед ... цус байнга шүүрч гарсан, хурц цус багадалттай, ухаан санаа бүдгэрсэн. Асуултад нэг хоёр үгээр хариулна...” гэж бичигдсэнээр тогтоогдож байна. 

Иймд Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолд “... "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, ... зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно” гэж тайлбарласныг дээрх үйл баримтад харгалзан үзэх боломжтой байна. 

Учир Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “... хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах”-аар хуульчилсан байх ба нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ дээрх хугацаанд гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан төдийгүй уг шалтгаан арилмагц энэ шалтгаанаа дурьдаж Ашигт малтмалын газарт удаа дараа хандаж байсан байна.

Гэтэл тус газраас “Танай компаниас хуулийн ... дагуу буюу 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө … хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргаагүй байх тул уг тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон байна. Иймд танай ... хүсэлтийн дагуу дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгэх боломжгүй“ гэсэн хариу өгч байсан нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16-д заасан “... хугацаа тасалдсан бол өмнө нь өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасныг баримтлаагүй гэж үзэхээр байна. 

Тодруулбал, хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь тухайн этгээдийн хүсэл зоригоос хамаарахгүйгээр бий болдог хууль зүйн факт бөгөөд ийм шалтгаантай тохиолдолд хугацаа тасалдах учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэл зоригийн асуудал тул тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсны дараа хүсэлтээ гаргасан хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газар нь захиргааны байгууллага болохын хувьд нарийвчилсан зохицуулалттай хуулиар зохицуулаагүй боловч Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан “хугацаа тасалдах” зохицуулалтыг баримтлах учиртай тул нэхэмжлэгч "А", "Г" ХХКиудын “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах” тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь хууль бус болжээ гэж шүүх дүгнэлээ. 

Түүнчлэн нэхэмжлэгч "А", "Г" ХХКийн 10 дахь жилийн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дансанд төлсөн байна . 

Мөн хариуцагч нь ашигт малтмалын хайгуулын XV-*******, XV-******* тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болгож бүртгэсэн боловч цуцалсан шийдвэр гаргаагүй, тухайн талбай дээр өөр хуулийн этгээдийн хүсэлт гаргаагүй, тусгай зөвшөөрөл олгогдоогүй тухайд хариуцагч маргахгүй байх тул “..."А", "Г" ХХКийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, өргөдлийг хүлээн авахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК, “Г” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ““А” ХХК, “Г” ХХК-ийн хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, “А *******” ХХК, “Г” ХХК-иудын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "А" ХХК -д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

               

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ц.МӨНХЗУЛ