Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 571

 

 

С.Цэрэнболдод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Д.Оюунгэрэл,

Ялтан С.Цэрэнболд /цахимаар/, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан С.Цэрэнболд, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар, С.Цэрэнболдод холбогдох 201725030380 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар  сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Сүхбаатарын Цэрэнболд, 1970 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 4-33 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 17-44 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХП70093019/,

С.Цэрэнболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны  1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 17 дугаар байрны 34 тоотын үүдэнд иргэн С.Хашхүүг таксины мөнгө өгөхгүй гэсэн үл ялих зүйлээр шалтаглан хэвлийн тус газарт нь хутгалж “хэвлийн хөндийд нэвтэрсэн дотор эрхтнүүдийг гэмтээгээгүй хатгагдаж, зүсэгдсэн шарх, шархны орчны эдэд цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас С.Цэрэнболдод холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Цэрэнболдыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.Цэрэнболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар С.Цэрэнболдод оногдуулсан 7 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэрэнболдын цагдан хоригдсон 104 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэрэнболдоос хохирол нийт 1.061.269 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Хашхүүд олгож, хохирогч С.Хашхүү нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан С.Цэрэнболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч С.Хашхүүг таксины мөнгөнөөс болж хутгалсныг хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 1 дүгээр сарын 26-ны шөнө найзтайгаа төрсөн өдрийн баярт оролцоод жаахан уусан учир зарим зүйлийг санахгүй байсан юм. Манай найз жолоочид 10.000 төгрөг өгсөн гэж хэлсэн. 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаагч Бүүвэйбаатар байцаалт авахдаа таксины мөнгөнөөс болж маргалдан хүн хутгалсан гээд утсаар дуудахаар ирээрэй гээд орой нь явуулсан. 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр дуудаж, орой нь цагдан хорьсон. Тухайн үед санаандгүй хохирогчийн хэвлийд хутгалсны улмаас үүссэн гэмтлийг гэмтлийн хүнд зэрэгт тооцсон ба уг гэмтлийг хөнгөн гэмтэлд хамааруулж өгөхийг хүсч байна. Мөн хорих ялын дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Ялтан С.Цэрэнболдын өмгөөлөгч С.Пүрэвдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний бие ялтан С.Цэрэнболдын хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны үеэс өмгөөлөгчөөр оролцож, түүнд эрх зүйн туслалцаа үзүүлж байна. Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317-320 дугаар зүйлүүдийг зөрчиж шийтгэх тогтоол гаргасан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул гомдол гаргаж байна.

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасан “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн.

Ялтан С.Цэрэнболд нь 2012 онд авто осолд орж гэмтэл авснаас 2015, 2016 онуудад хий юм сонсдог дэмийрэл өвчтэй, олон хоногоор нойргүйддэг, хэвийн бус биеэ авч явдаг зэргээс болж энэ талаар сэтгэцийн эмчид байнга үзүүлж хяналтанд орж, эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийгдэж байсан нь түүний энэ хэрэгт нотлох баримтаар авагдсан амбулаторийн картаар нотлогдож байгаа юм. Гэтэл мөрдөн байцаагч сэтгэцийн эмч нарт үзүүлээгүй, ялтны эх, эгч нараас болон өөрөөс нь мэдүүлэг авахдаа сэтгэцийн өвчнөөр өвдөж байсан талаар мэдүүлэгт огт тусгалгүй нууж, сэтгэцийн эмнэлэгт үзүүлж эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэлт гаргуулсан байна. Удаа дараа шүүгдэгчтэй ярилцлага хийхэд энэ хүн хэвийн бус, сэтгэцийн өвчтэй болох нь илэрхий ажиглагдаж байсан. Сэтгэцийн өвчин үе үе хөдлөхөөс байнга тэр өвчний шинж илрээд байдаггүй юм.

2. Ялтан С.Цэрэнболд нь анх удаа хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн. Түүний хувийн байдлыг тогтоохдоо архичин, танхай этгээд мэтээр тогтоох гэж хичээсэн боловч хэрэгт захиргааны арга хэмжээ авагдаж байсан баримт, материал авагдаагүй байсан. Болсон хэргийн явцад ялтан нь хохирогч, түүний эгчээс таксины мөнгө гэж 20.000 төгрөг буюу анх 10.000 гэж ярьснаасаа илүү мөнгө нэхсэнээс үүдэлтэй маргаанаас энэ хэрэг гарсан гэж үзэж байна. Хохирогчийн буруутай үйлдлээс  ямар нэгэн хэрүүл маргаан болсон, тэнд байсан гэх эх нь түүнийг хутгалсныг огт мэдээгүй, тэрээр нийгмийн хэв журмыг зөрчөөгүй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаагүй нь танхайн үйлдэл болоогүйг баталж байгаа юм. Яллах дүгнэлтэд түүнийг санаатайгаар бусдад хүнд гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан шинжийг дурдаж бичсэн. Гэтэл тогтоох хэсэгт түүнийг танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсгээр ялласан байна. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгээр өөрчлөн зүйлчлэх боломжтой гэж үзэж байна. Ялтан С.Цэрэнболд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогч С.Хашхүү нь эмчилгээнд гадаад явна гэж 20.000.000 төгрөг нэхэмжилж одоогоор эмчилгээний зардалд 1.061.269 төгрөгийн баримт гаргаж өгсөн байгаа. Эдгээр гаргаж өгсөн баримтуудыг судалж үзэхэд мэс засал хийсэн 330.000 төгрөг төлсөн баримтыг хүлээн зөвшөөрч байна. Эмнэлэг, гэрийн хооронд автомашинаар явсан бензиний үнэнд 365.350 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 10 хоног эмнэлэгт хэвтэх үед зарцуулсан гэх шатахууны зардал үндэслэлгүй үзэж байна. Автомашины тос сольсон 10.000 төгрөг, мөн өдөр тутам хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ 86.471 төгрөг, утасны нэгжийн үнэ 5000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн эм, тарианы 269.450 төгрөг нэхэмжилсэн. Эдгээр баримтан дотор зарлагын баримтаар 55.000, 80.250 төгрөгийн эм авсан гэх боловч одоо ямар ч эмийн сан зарлагын баримтаар үйлчлэхгүй учир бүрдүүлсэн баримтуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Түүний эмчлэгч эмч Баттөмөр “эрхтэн гэмтээгүй, шарх бүрэн оёгдсон” гэсэн. Тэгэхээр өөр хагалгаа, эмчилгээ шаардлагагүй гэж үзэж байна. 20.000.000 төгрөгийн хувьд ч ямар ч үндэслэлгүй юм. Иймд мэс засал хийлгэсэн 330.000 төгрөгийг эмчилгээний зардалд тооцож, хохирлыг багасгаж өгнө үү. Эмчилгээний мөнгө нь хэтэрхий их байсан учраас ар гэр нь ч төлөх хүсэлтэй байсан боловч төлөөгүй. Хэрэв шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх бол зүйлчлэлийг хөнгөрүүлж, хохирлыг багасгаж тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Ялтан С.Цэрэнболдыг сэтгэцийн өвчтэй болох нь илт байхад мөрдөн байцаалтын явцад сэжигтнээр тооцон, яллагдагчаар татан шалгаж байхдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч заавал оролцуулах заалт зөрчсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.3 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцогдон, яллагдагчаар татагдан шалгагдах үед өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж байна. Иймд ялтан С.Цэрэнболдыг сэтгэцийн өвчтэй болон хэрэг хариуцах чадвартай эсэхийг түүнийг эмнэлгийн нөхцөлд байлгаж бодитой дүгнэлт гаргуулмаар байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.  

Прокурор Д.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтны өмгөөлөгч өмнө нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай гомдол гаргасан байсан. Харин сая хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэж ойлголоо. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулахдаа зэвсэг хэрэглэж үйлдсэн гэдгээр нь тухайн үедээ яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх энэ байдлаар нь шийдвэрлэсэн. Шинэ Эрүүгийн хуульд танхайн сэдэлт гэдэг нь байхгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд танхайн сэдэлт гэдэг нь үгчилж орж ирээгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

С.Цэрэнболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны  1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 17 дугаар байрны 34 тоотын үүдэнд иргэн С.Хашхүүд таксины мөнгө өгөхгүй гэж маргалдан, улмаар хэвлийн тус газарт нь хутгалж “хэвлийн хөндийд нэвтэрсэн дотор эрхтнүүдийг гэмтээгээгүй хатгагдаж, зүсэгдсэн шарх, шархны орчны эдэд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч С.Хашхүүгийн “...Дамбадаржаагаас 7 буудлын цагдаагийн пост руу явах зам дагуу замынхаа хойд талд 2 хүн гар өргөөд зогсож байсан. Тэд хойд талын суудалд суусан. Тэр хоёр хүн нас тогтсон шинжтэй, махлаг өндөр, намхан туранхай хоёр хүн байсан. Махлаг өндөр эрэгтэй нь эхэлж буусан. Түүнээс “мөнгөө хэн төлөх вэ” гэхэд “наад хүн чинь төлнө, 10.000 төгрөг байгаа шүү, болгоомжтой хүргэж өгөөрэй” гэж байсан. Нөгөө ах Баянбүрд орно гэхээр нь “танай найз 10.000 төгрөг байгаа гэсэн мөнгөө эхлээд өгчих” гэхэд “АТМ-ээс авч өгье” гэсэн. Тэгээд Натурын зам дагуу байх АТМ дээр очиход ах нь очоод өгье мөнгөө мартсан байна гэсэн. Тэгээд гэр лүү нь явсан. Тэнгис кино театрын хойд талд байх 17 дугаар байрны гадна машинаа зогсоогоод, дагаж ороод мөнгө авчих гэсэн. Зүүн талаасаа эхний орцны 9 давхарт хамт гараад 34 тоот хаалгыг онгойлгоод хамт оръё гэсэн. Гэрт байсан арай залуу эмэгтэй нь “хаанаас суусан, хэдэн км гарсан бэ” гэхээр нь “Дамбадаржаагаас суусан, 20 км явсан, 10.000 төгрөг гарсан байна.” гэсэн. Тэгээд С.Цэрэнболдын эх нь хаалган дээр ирчихсэн мөнгө байхгүй миний хүү гээд хаалгаа хаах гээд татах агшинд С.Цэрэнболдын хутгатай баруун гар хаалгыг нээж онгойлгоод намайг зүүн гартаа барьсан хутгаар зүүнээс баруун тийш чиглэлтэй хутгалах гэхээр нь хойшоо бултсан чинь баруун гартаа байсан хутгаараа хэвлийн зүүн хэсэг рүү өлгөөд дүрсэн. Би зугтаагаад 5 давхарт гүйж явсан чинь хэвлий хэсгээр бүлээн оргиод явчихсан. 1 давхарт очоод хүрмээ сөхөөд хартал өөх нь ярзайчихсан цус гоожиж байсан. Тэгээд дуудлага өгсөн...” /хх-23-25/,

Гэрч Б.Одонтунгалагийн “...2017 оны 1 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчим нөхөр С.Хашхүү халтуур хийхээр гарсан. 02 цагийн орчим С.Хашхүүгийн төрсөн дүү С.Хашбат над руу залгаад “ах хүнд хутгалуулсан байна, одоо хагалгаанд орж байна” гэхээр нь шууд Госпиталь дээр очсон...” /хх-26/,

Гэрч  С.Цэрэндуламын “...Намайг очиход хаалганы гадна нэг залуу таксины мөнгө авах гэсэн юм гээд зогсож байсан. Тэгээд мөнгийг нь өгөхгүй гээд таксины жолоочтой маргалдаад байсан. С.Цэрэнболд хаалган дээр 2 гартаа 2 хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд “хүн алах нь уу” гээд хутгыг нь хураагаад унтуулах гэж байтал цагдаа ирсэн...” /хх-27-28/,

Гэрч Г.Юмжавын “...12 цаг өнгөрч байхад С.Цэрэнболд согтуу, таксины жолоочийн хамт орж ирсэн. Таксины жолооч “мөнгөө авъя” гэхээр нь мөнгө байхгүй гээд хаалгаа хаах гэтэл С.Цэрэнболд гарах гээд дайрахаар нь пальтоноос татаж оруулаад хартал таксины жолооч байхгүй болчихсон байсан. Тэгээд байж байтал цагдаа нар орж ирсэн...” /хх-30/,

Гэрч Х.Отгонзаяагийн “...С.Цэрэнболд нь 17 дугаар байрны 34 тоотод эхийнхээ хамт оршин суудаг. Архи согтууруудах ундаа хэрэглэдэг. Тус хорооны Цагдаагийн хэсэг дээр удаа дараа эрүүлжүүлүүлэх байранд саатуулагдаж захиргааны арга хэмжээ авагдаж байсан...” /хх-31/,

Гэрч Э.Хувьзаяагийн “...2017 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө жижүүрээс “нэгдсэн саатуулах руу хийх хүн байна, ирж ав” гэхээр нь хэлтэс дээр ирэхэд таксины жолоочтой маргалдаж хутгалсан гэсэн асуудалтай хүн байсан. Нэлээд их согтолттой, явж байхад янз бүрийн хараал хийгээд орилж чарлаад байсан...” /хх-32/,

Гэрч Ц.Баянбатын “...Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооноос таксины жолооч зодсон, хутгалсан гэсэн зөрчилтэй, С.Цэрэнболд гэгчийг хэлтэс дээрээс авч албадан саатуулах төвийн нэгдсэн саатуулах байранд хүргэж эмч Э.Дэмбэрэлмаад хүлээлгэн өгсөн...” /хх-33/,

Гэрч Э.Дэмбэрэлмаагийн “...2017 оны 1 дүгээр сарын 27-ны шөнийн 01 цаг 30 минутын орчим албадан саатуулах төвийн нэгдсэн саатуулах байранд жижүүрийн их эмчийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Үүрэг гүйцэтгэж байхад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хэлтсээс авейкогоор С.Цэрэнболд гэж хүн хүргэгдэн ирж саатуулагдсан. С.Цэрэнболд нь согтолтыг шалгаж үзэхэд 0.85 хувьтай гарсан...” /хх-35/,

Гэрч Г.Амарбаясгалангийн “...Намайг үүрэг гүйцэтгэж байхад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 17 дугаар байранд хүргүүлсэн үйлчлүүлэгч таксины жолоочийг хутгалчихлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход “Sonata” загварын автомашин дотор сууж байсан залуу “таксинд явж байхад үйлчлүүлсэн хүн энд дагуулж ирээд таксиныхаа мөнгийг гэрээс авч өгье гэж хэлээд дагуулж ороод хутгалчихлаа” гэсэн. Хэвлий хэсгээс нь цус гоожсон байдалтай байсан. 17 дугаар байрны 1 дүгээр орцны 9 давхарт 34 тоот хаалга гэж өгсний дагуу уг тоот хаалгыг тогшиход онгойлгохгүй нэлээн удаан нүдүүлсний эцэст эх нь бололттой настай хөгшин онгойлгосон. Хохирогчийн хэлсэн шинж тэмдэгтэй адил эрэгтэй хүн буюу С.Цэрэнболд орон дээр сууж байхаар нь албадан саатуулах төвд хүргэж өгсөн...” /хх-38/,

Гэрч Д.Жанчивын “...Дуудлагын дагуу очиход 17 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд машин дотор жолооч талын суудал дээр 25-30 орчим насны эрэгтэй хүн хэвлий тус газраа дараад сууж байсан. Гэрт нь ороход түүний эх, эгч нар байсан. Эх нь шууд хаалгаа тайлаад бид нарыг юу ч асуугаагүй байхад “манай хүүхэд хэрэг хийгээгүй, байхгүй байна” гэж хэлсэн. Эгч нь С.Цэрэнболд таксины жолооч руу хутга барьж дайрах гээд байхаар нь би хутгыг нь аваад нуусан гэж хэлсэн...” /хх-39/,

Гэрч Т.Наранбаатарын “...С.Цэрэнболд такситай намайг гэрт хүргэж өгөөд такситайгаа буцсан. Таксины жолоочтой бараг юм яриагүй. Хоорондоо ямар нэгэн харьцаа үүсгээгүй. Намайг таксинаас буусны дараа яасныг мэдэхгүй байна...” /хх-40-41/,

Шинжээч эмч Б.Баттөмөрийн “...С.Хашхүү гэгч нь манай эмнэлэгт 2017 оны 1 дүгээр сарын 27-ны үүрээр хэвлийн хөндийн нэвтэрсэн шархны улмаас ирж хэвтсэн. Яаралтай журмаар мэс засалд орсон. Хэвлийн хөндий нэвтэрсэн, дотор эрхтнүүдэд гэмтэл учраагүй, хэвлийн хөндийд сул сул шингэн буюу цустай байсан. Хурц үзүүртэй, нэлээн томхон хутгаар үүссэн байх гэж бодож байна...” /хх-36-37/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2218 дугаар “С.Хашхүүгийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн дотор эрхтнүүдийг гэмтээгээгүй хатгагдаж, зүсэгдсэн шарх шархны орчны эдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-43/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-16/, хэргийн газар хамгаалсан тэмдэглэл /хх-17-18/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-19/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-20/, эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл /хх-22/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-59-61/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 1298 дугаар дүгнэлт /хх-68/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгажээ.   

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, эдгээр нотлох баримтуудаар С.Цэрэнболдыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, зүйлчлэл зөв, шүүхээс түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд ялтан С.Цэрэнболд, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заажээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан гэмт хэрэгтэй дүйцэж байх бөгөөд танхайн сэдэлтээр гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн шинэ хуулинд тусгагдаагүй, хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохгүй болсон, ялын хэмжээ багассан тул С.Цэрэнболдод оногдуулсан хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн хасч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн шүүгдэгч С.Цэрэнболдын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолын

1 дэх заалтын “Боржигон овогт Сүхбаатарын Цэрэнболдыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Боржигон овогт Сүхбаатарын Цэрэнболдыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар С.Цэрэнболдод 7 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Цэрэнболдыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар С.Цэрэнболдын эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Цэрэнболдын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэрэнболдын цагдан хоригдсон 104 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэснийг, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Цэрэнболдын  цагдан хоригдсон нийт 104 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан С.Цэрэнболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧИД                                           Д.МЯГМАРЖАВ

                                                                                    Н.БАТСАЙХАН