Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 921

 

 

 

 

 

 

  2019          11         07                                      2019/ШЦТ/921

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

Улсын яллагч: Ц.Батзориг,

            Шүүгдэгч: Б.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905029420954 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ настай, эмэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, 5  настай охины хамт ___тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ___ тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар байрны ___ тоотод оршин суух иргэн С.Б-ы гэрээс С.Б-ийн өмчлөлийн Самсунг А6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Б-ы ашиглаж байсан А6 маркийн гар утас нь миний эзэмшлийн гар утас юм. Би дүүгээ хөдөөнөөс ирэхэд нь ашиглуулж байсан юм. ...Хэрэг болдог 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Б.Б, Б хоёрын аль нэгийг нь авсан байх гэж бодоод цагдаад хандсан. Харин тэгтэл Б.Б- нь манай дүүгийн миний эзэмшлийн А6 маркийн гар утсыг олоод ломбарданд тавьсан байсныг цагдаа илрүүлсэн. Б.Б- миний хохирлыг нөхөн барагдуулж гар утсыг минь эргүүлэн өгсөн. Тиймээс цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах ямар нэгэн асуудал байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би тухайн өдөр утсаа алга боллоо гэхэд тэр байсан өрөөнд буюу коридороор болон тэр хавиар байх хог, цаасан хайрцгаар сайн үзэж харж байсан. Миний гар утас огт олдоогүй. Б.Б- лав миний гар утсыг тэр газраас олоогүй байхаа. Миний хувьд тэр хавиар сайн харсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11, 72/,

            Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр би ажил дээрээ байж байсан чинь 17 цаг 56 минутад над руу манай дүү Б.Б- ____ гэсэн өөрийнхөө гар утсаар залгаад бид хоёр юм ярьж байгаад салгачихаад ажлаа тараад хүүтэйгээ уулзсан чинь манай хүү “Б.Б- ах гэрт байхдаа гар утсаа алдчихлаа” гэсэн. Тэгээд би Б.Б-аас хаана гар утсаа тавьсан байсан бэ гэсэн чинь манай бэр Батчимэгийн өрөөнд байж байгаад алга болгочихсон гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. ...Мобикомоос лизингээр 830.000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-14/,

            Гэрч У.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай хажуу айлын Б.Б- пиво ууя гээд гэрт орж ирсэн. 1 ширхэг 2 литрийн Сэнгүр пиво уугаад сууж байтал нөгөө өрөөнд байсан Б.Б- согтуу орж ирээд хамт уусан. Тэгээд пиво уугаад сууж байтал Б.Б- виски уух уу гээд хажуу өрөөнөөсөө 0.5 литр виски авчраад бид нар уугаад би согтсон. Өрөөндөө байж байтал Б.Б-ы эгч Б гаднаас орж ирээд дүүгээ аваад гарсан. Б дүүгээ дагуулаад эмнэлэг явчихаад гаднаас орж ирээд цагдаагийн байгууллагад хандсан. Б.Б-ы эгч Батцэцэг намайг чи утсыг авсан, одоо гаргаж өг гэж хэлсэн. ...Би утсыг аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

            Гэрч Д.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ...Б.Б- надаас танай энэ хавьд ломбард байдаг уу гэж асуухаар нь би энэ хавьд байдаг байлгүй дээ гэж хэлсэн. ...Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны арктай шар байрны зүүн талаар хойшоо яваад ломбард хайсан. Тэгтэл замын эсрэг талд Сувд нэртэй ломбард байхаар нь зам гарч яваад тухайн ломбарднаас утас авдаг уу гэж асуухад авдаг гэж хэлсэн. Тэгээд миний ____ дугаарын утсанд миний симийг хийгээд тухайн утсыг ломбардны хүнд шалгуулж байсан. Б.Б Самсунг А6 маркийн гар утсаа 150.000 төгрөгөнд Сувд нэртэй ломбарданд тавьсан. Б.Б би энэ Самсунг А6 маркийн гар утсыг хямдхан зарна, та энэ гар утсыг авчихгүй юу, хямдхан утас олдохгүй шүү дээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

            Гэрч А.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр намайг Сувд нэртэй ломбарданд сууж байхад нэг эгч ганцаараа орж ирээд Самсунг А6 маркийн шаргал өнгийн утас үзүүлээд хэдэн төгрөгөөр авах уу гэхээр нь 150.000 төгрөгөөр авна гэсэн чинь тэр эгч зөвшөөрөөд тэр гар утсаа 10 хоногийн хугацаатай 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Харин ломбардны гадаа нэг улаан подволктой хүүхдээ дагуулсан эмэгтэй тэр эгчийг хүлээгээд зогсож байсан. Харин тэр эгчийн бичиг баримтыг үзэхэд Д.О гэдэг хүн байсан. Тэр эгчийн бичиг баримтыг нь үзэж байгаад тухайн гар утсыг барьцаанд авсан. Тухайн эмэгтэй өөрөө ирж ломбарднаас гар утсаа аваад явсан. Тийм учраас манай ломбарданд ямар нэгэн хохирол учраагүй. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

            Яллагдагчаар Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, буруу зүйл хийснээ ойлгож байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 38-40/,

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Хохирогчийн өргөдөл /хх-н 4-5/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 28-30/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 41-46, 54-59, 77-78, 81/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Б 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар байрны ___ тоотод оршин суух иргэн С.Б-ы гэрээс С.Б-ийн өмчлөлийн Самсунг А6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Б-ийн: “...Б.Б-ы ашиглаж байсан А6 маркийн гар утас нь миний эзэмшлийн гар утас юм. Би дүүгээ хөдөөнөөс ирэхэд нь ашиглуулж байсан юм. Хэрэг болдог 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Б.Б-, Б хоёрын аль нэгийг нь авсан байх гэж бодоод цагдаад хандсан. Харин тэгтэл Б.Б- нь манай дүүгийн гээсэн миний эзэмшлийн А6 маркийн гар утсыг олоод ломбарданд тавьсан байсныг цагдаа илрүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11, 72/, гэрч С.Б-ийн: “...манай хүү “Б.Б- ах гэрт байхдаа гар утсаа алдчихлаа” гэсэн. Тэгээд би Б.Б-аас хаана гар утсаа тавьсан байсан бэ гэсэн чинь манай бэр Батчимэгийн өрөөнд байж байгаад алга болгочихсон гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-14/, гэрч У.Б-ийн: “...2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай хажуу айлын Б.Б- пиво ууя гээд гэрт орж ирсэн. ...Өрөөндөө байж байтал Б.Б-ы эгч Б гаднаас орж ирээд дүүгээ аваад гарсан. Б дүүгээ дагуулаад эмнэлэг явчихаад гаднаас орж ирээд цагдаагийн байгууллагад хандсан. Б.Б-ы эгч Батцэцэг намайг чи утсыг авсан, одоо гаргаж өг гэж хэлсэн.. ...Би утсыг аваагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, гэрч Д.О-ын: “...2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ...Б.Б- надаас танай энэ хавьд ломбард байдаг уу гэж асуухаар нь ...замын эсрэг талд Сувд нэртэй ломбард байхаар нь зам гарч яваад тухайн ломбарднаас утас авдаг уу гэж асуухад авдаг гэж хэлсэн. ...Б.Б Самсунг А6 маркийн гар утсаа 150.000 төгрөгөнд Сувд нэртэй ломбарданд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/, гэрч А.Э-ийн: “...2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр намайг Сувд нэртэй ломбарданд сууж байхад нэг эгч ганцаараа орж ирээд Самсунг А6 маркийн шаргал өнгийн утас үзүүлээд хэдэн төгрөгөөр авах уу гэхээр нь 150.000 төгрөгөөр авна гэсэн чинь тэр эгч зөвшөөрөөд тэр гар утсаа 10 хоногийн хугацаатай 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/, эд зүйлийн үнэлгээ, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн Самсунг А6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс гар утсаа буцаан авсан, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жил хорих ял оногдуулах ялын санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Б-гийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, 5 настай охины хамт амьдардаг, хохирогчийн хохирлыг төлсөн, гэм буруу дээрээ маргаагүй, хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болно битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР