| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07149/И |
| Дугаар | 102/ШШ2016/05475 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2016/05475
| 2016 оны 10 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2016/05475 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 35 дугаар байр, 100 тоотод оршин суух, Боржигин овогт Жамбаагийн Алтангэрэл /РД-ЧК55122371/-ийн,
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, мөн оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Алтангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1978 онд Монгол Улсын Их сургуулийн физикийн ангийг төгсөөд 1 жил Барилгын техникумын эвлэлийн хороонд ажилласан.
Би 1985 оны 10 дугаар сарын 16-наас Холбооны сургалтын төвд физикийн багшаар ажиллаж байгаад 1989 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс захирлаар ажиллаж 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүтцийн өөрчлөлт болсны улмаас ажлаас чөлөөлөгдсөн.
Тус холбооны сургалтын төвд багшаар томилсон болон захирлын албан тушаалаас чөлөөлсөн тушаал байдаг, харин захирлаар томилогдсон тушаал нь олдохгүй байгаа.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд захирлаар томилогдсон тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй, архивын материал олдохгүй байгаа учир энэ хугацаанд ажилласан хугацааг тооцохгүй гэсэн.
Иймд намайг Холбооны сургалтын төвд 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд физикийн багш, захирлаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Алтангэрэлийн Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвийн захирлаар томилсон тушаал олдоогүйн улмаас тэрээр ажилласан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан байна.
Шүүх хүсэлтийг хангав.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Ж.Алтангэрэл нь Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвд 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс, 1989 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл физикийн багшаар, 1989 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус төвийн захирлаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр, Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвийн захирлын 1985 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 192 тоот тушаал, Техникийн их сургуулийн харьяа Мэдээллийн техникийн сургуулийн 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 3 тоот ажлаас халах тухай тушаал, гэрч Д.Цэрэндорж, Ж.Батхишиг нарын мэдүүлэг, мөн түүний захирлаар ажиллаж байхдаа гаргасан 1989 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Хадланд хүмүүс томилох тухай 133 дугаар тушаал, 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 22 дугаар тушаал зэргээр нотлогддог. /хх-3, 4, 5, 14-15, 19, 20 дугаар тал/
Хүсэлт гаргагч Ж.Алтангэрэлийн Холбооны сургалтын төвийн захирлаар томилсон болон чөлөөлсөн тухай баримт байхгүй, мөн тус архивын сан хөмрөгт Улсын дээд, дунд, тусгай техник мэргэжлийн боловсролын улсын хорооны 1987 оноос хойшхи баримт ирээгүй болох нь Үндэсний төв архивын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-7 дугаар тал/
Иймд шүүх дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогт Жамбаагийн Алтангэрэлийг Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвд 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс, 1989 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл физикийн багшаар, 1989 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд захирлаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогт Жамбаагийн Алтангэрэлийг Улаанбаатарын хотын Холбооны сургалтын төвд 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс, 1989 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл физикийн багшаар, 1989 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд захирлаар ажиллаж байсан болохыг тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||
| |