Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 902

 

                                                                                                                                                                                                                           

                                                                   

                                                                                                                 

           

  2019           10           31                                      2019/ШЦТ/902

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч: Г.Очтөгс

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга: Н.Зулаа хөтлөн

улсын яллагч: Ц.Сүхбат, Д.Үүлэн

шүүгдэгч: Ц.С , түүний өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашдамба,

шүүгдэгч: А.Г , түүний өмгөөлөгч М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун,

гэрч Г.Д , түүний өмгөөлөгч Г.Баасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ______ тоот, 36 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер-эдийн засагч мэргэжилтэй, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч сонгуульт ажилтай, ___ тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт ____ тоотод оршин суух,

ял шийтгэл: Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 607 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172 дугаар зүйлийн 1-д хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,

____ дугаарын регистртэй, Ц.С

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “___” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт ____ байранд оршин суух, ял шийтгэлгүй, ____ дугаарын регистртэй, А.Б

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч А.Г  нь 2014 оны 7 дугаар сараас 9 дүгээр сард Ц.С тай бүлэглэн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “______ ” ХХК-ийн байранд “төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлж, тухайн мөнгийг хэрхэн цуглуулж, төвлөрүүлэх, төрийн байгууллагуудыг намынхаа сонгуулийн бүтцэд оруулж, сонгуулийн санал авах, тоолох зориулалт бүхий хар машины программ хангамж, сул талыг судлах талаар болох бохир технологи ашиглах, тусгай ажиллагааны бүлэгтэй байх”-ыг төлөвлөх зорилгоор Бодлого стратегийн “______ ” нэртэй багийг байгуулж, судалгаа хийлгэн ажиллуулсан, танилцуулга бэлтгэж, бусдад танилцуулах, хэрэгжих боломжийг эрэлхийлэх үйлдлийг гүйцэтгэн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэргийг зохион байгуулсан гэх,

шүүгдэгч Ц.С  нь 2014 оны 7 дугаар сараас 9 дүгээр сард А.Г тай бүлэглэн, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “______ ” ХХК-ний байранд “төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлж, тухайн мөнгийг хэрхэн цуглуулж, төвлөрүүлэх, төрийн байгууллагуудыг намынхаа сонгуулийн бүтцэд оруулж, сонгуулийн санал авах, тоолох зориулалт бүхий хар машины программ хангамж, сул талыг судлах талаар болон бохир технологи ашиглах, тусгай ажиллагааны бүлэгтэй байх”-ыг төлөвлөх зорилгоор Бодлого стратегийн “______ ” нэртэй багийг байгуулж, судалгаа хийлгэн ажиллуулсан, танилцуулга бэлтгэж, бусдад танилцуулах, хэрэгжих боломжийг эрэлхийлэх үйлдлийг гүйцэтгэн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэргийг зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч А.Г  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хийгээгүй хэргийг хийсэн болгоод байна. Энэ Д гэгч 2013 оны 3 дугаар сарын сүүлчээр дугуй засварын төсөл боловсруулж над дээр ирээд төслөө орхиод явсан. Би тухайн төслийг нь хараад манайд хэрэгжих боломжгүй дэмжих боломжгүй талаар хэлээд гаргасан. 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би ажил руугаа яваад очтол үүдэнд Д хүлээгээд зогсож байсан. Тантай уулзах асуудал байна гэсэн. Би тодорхой хэмжээний танил болсон байсан. Бизнес хөгжлийн захирал авна гэсэн зар хараад би орж болох уу гэхээр нь би хүний нөөцийн алба руу холбогдох материалаа явуул, тэгээд сонгон шалгаруулалтаар авна гэсэн. Тэгэхэд манай өрөөнд орж ирээд сиви-гээ танилцуулаад тайлбарласан. Би “шууд надад өгч болохгүй” ярилцлаганд орно гэж хэлсэн. Тэгтэл тэр шалгаруулалтаасаа шалгараад манай захиралтай хамт ороод ирсэн. Надад өөрийгөө танилцуулсан байсан учраас би захирлууддаа санал болгосон. Энэ хүнийг авбал яасан юм бэ гэж хэлсэн. Ингээд захирлын зөвлөлийн хурлаар ороод 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орохоор болсон. Баярлалаа гээд явсан. Он сарыг нь сайн хэлж мэдэхгүй байна. 8 дугаар сарын 23-ны өдөр байх, намайг ажил дээр байхад Д над руу баярлалаа гээд мессеж бичсэн. 24-ний өдөр ажлын үүдэн дээр зогсож байсан. Та надад зөвшөөрвөл би цалин авахгүйгээр компаний үйл ажиллагаа болоод бүтэцтэй танилцмаар байна гэхээр нь би зөвшөөрсөн. Би компаний бүтэц зэрэг мэдээллүүдийг файл хэлбэрээр өгсөн. Өөрөө цалин авахгүй гэсэн. Харин өөрийнх нь ярьж байгаагаар бол Г гэх хүн надад хэлсэн гэсэн зүйл ярьсан байсан. Би ямар ч үүрэг даалгавар өгөөгүй. Миний тэр хүнд өгсөн ганц үүрэг даалгавар нь “Шинэ монгол хаад” группын боловсруулалтын бодлого боловсруулмаар байна гэж л даалгавар өгсөн. Өөрийнх нь ярьж байгаа зүйл бол худлаа. 9 сар хүртэл тийм юм хийсэн гэж ярьж байсан. Тухайн өдрөөс хойш 26-н эсвэл 27-нд байна уу Монгол ардын намд явдаг С-гийн туслах гэж ярьдаг байсан гэсэн. Тэр бол худлаа. Зөндөө арга хэмжээ явдаг. Д гэр оронгүй байсан. Ажил дээр хонодог байсан. Хамгаалагч нар надад танай энэ ажилтан гэр рүүгээ явахаа болилоо гэж хэлдэг байсан. Би өөртэй нь уулзаад ярилцахад би байрныхаа түрээсийг төлөөгүй оруулахгүй байна гэхээр нь 200 хэдэн мянган төгрөг өгөөд явуулсан. Тэгээд чи ер нь нарийн юмнуудаа надад яриарай гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь ажил тарахын алдад 18, 19 цаг болж байхад  хаалга цохиод ороод ирсэн. Тэгээд та намд кареэр хийж яваа. Надад ардчилсан намд хийж явсан стратеги төлөвлөгөө байгаа. Энэ юмнуудыг хийгээд өгий гээд айпад дээрээ үзүүлээд танилцуулсан. Би өөрт нь ойлгохгүй байна гэж хэлж байсан. Тэгээд ерөнхий хараад мундаг байна гэж хэлтэл Д “намайг ардчилсан нам хулхидсан. Үүнийгээ юм болгож өшөөгөө авмаар байна” гэж хэлж байсан. Тэгээд би мундаг хүн байна гэж бодоод өнгөрсөн. Дараа нь надад амралтын өдөр байна уу танилцуулсан. Амарч байсан учраас 10 гэж ирээд танилцуулсан. Би тэгж сэтгэж чадахгүй улс төрч хүн биш учраас сайн ойлгоогүй. Д бол яг амьдрал дээрээ маш сайн яриатай хүн. Тэгээд надад сайн танилцуулаад хэрвээ та хоёр үүнийг хийвэл улс төрийн кариер чинь өснө гээд С- даргад танилцуулаад өг гэсэн. Би С-д танилцуулах гэж 2, 3 удаа хичээсэн ч танилцаагүй, тоогоогүй. Тэгээд Д намайг тайлбарлаад өг гэхээр нь С- даргатай уулзуулахаар болсон. Тэгээд уулзуулсан. С- үзсэн, тухайн үед харсан. Санхүүгийн схем байгаагүй. Эхний удаа ардчилсан намын юмыг авч хаяад бусдыг нь танилцуулсан. Ингэж ярьчихаад С- 2012 онд хэрэглэсэн юмаа 2016 онд хэрэглээд байна гээд дургүйцсэн. Дараа нь бүгдийг нь МАН болгоод нэрийг нь тавьсан байсан. Би үүнийг 2016 оны сонгууль руу оруулна гэж хэлсэн. С- зөвшөөрөлгүй гараад явсан. Тэгээд би бүтэхгүй юм байна гэж хэлсэн. Дараа нь надад дахиад өөрчлөөд танилцуулсан. Би энэ ажлыг үнэхээр хийвэл нэр хүнд өсөх юм байна гэж бодсон байсан. Тэгээд би С-г Д-ын төслийг дэмжих талаар ятгасан. Өөрөө хүссэн. Нэг ч хүн үүрэг даалгавар өгөөгүй. Өөрийн юмаа хийхийн тулд төслөө өөрчилсөн. Бичлэгүүд байгаа. Би өөрөө сонин хэвлэлээс хол байдаг хүн. Д-ыг бичлэг хийнэ гэж бодоогүй. Тэр 90 минутын бичлэгийг прокурор нар хянаасай. Урд нь өөрөө ярьж хүнийг өдөөгөөд төгсгөлд нь өөрөө ярьж дуусгадаг тийм л зальтай хүн. Өөрийнх нь яриа байдаггүй. Тэр яриаг зохиосон хүн нь байхгүй байна. Үнэндээ тухайн үед бид согтуу байсан. Ахмадуудыг хүлээж авчихаад С- бид хоёр юм яриад байж байгаад би угаалгын өрөө ортол Д өөдөөс гарч ирээд одоо би төлөвлөгөөгөө өөрчилсөн та С- даргад танилцуулаад өг гээд надаас гуйсан. Улмаар би ороод С-д танилцуулсан. Гэхдээ тэр үед яг тэрийг ч яриагүй маазраад байж байсан чинь тэр яриаг бичээд авчихсан байсан. Тэгээд дараа нь 29-ний өдөр манай дээр ажиллах гэж ирээгүй энэ схемээ зарах юмуу хэвлээд өг гэхээр өгдөггүй байсан. Ард нь зогсож байгаад арилгасан гэдэг нь худлаа тэр төслийн файл цаас гээд байх нэг ч зүйл манай компани болон надад байхгүй. С- дарга асууж байна гэж байгаад би асуусан. Өөрөө хэлж байсан. Мэдээлэл технологийн газрын даргаар намайг тавиад өг гэж хэлдэг байсан. Би тэгээд тийм юм байхгүй гэж хэлсэн. Хэрвээ чамд мөнгө хэрэгтэй байгаа бол наад төслөө зарчих гэсэн чинь та нар надгүйгээр чадахгүй гэж хэлж байсан. Бодит байдал ийм. З гээд манай хүний нөөц 9 дүгээр сарын 23-ны өдөр Д руу залгаад гэрээ хийлгүй яагаад гараад явчихсан юм бэ гээд хэлж байсан. Цагийн бүртгэл нь байгаа цалинг нь өгсөн байхад тэр баримтыг хавтаст хэрэгт үнэлээгүй байсан. Сар хүрэхгүй хугацаанд 170 слайдыг гаргасаныг нь хараарай их хэцүү слайд байгаа Бид нар хийж амжихгүй. Бид хоёр мэргэжлийн бус хүмүүс, Монголд ийм хүн байхгүй байх. Өөрийнхөө хийсэн юмыг мөнгөөр зарах гэж байсан эсвэл даргын албан тушаалд очих гэж байсан. Харин бид хүслээр нь болоогүй болохоор шантаачлаад 9 дүгээр сард 6 сая төгрөг өгсөн. Гадаадын тагнуул шиг хүн. Прокурорууд Д-ыг эрүүгийн хэрэгт татаагүй. Учир нь өөрөө очоод хэргээ хүлээсэн гэсэн. 2014, 2015 онд цагдаа нар дээр очоод шалгуулаагүй байгаа. Сонгуулийн үеэр 20 сая төгрөг өгсөн. Хүний хувьд айдастай хүн. Барьсан юм нь төв сонгуулийн штабаас энэ хүн дээр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст цагдаагийн газар баривчлагдаж очсон хүн юу гэж хэрэг хүлээх вэ? улс төр үүнийг дээш нь сэвээд баатар болгоод хаячихлаа. Асар их мөнгөөр хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгч байгаа. Тухайн үед ярьсан юм дээр маргахгүй. Биднийг сэнхрүүлсээр байгаад оруулсан. Хамгийн сүүлд энэ схемийг янзын болгоно гээд байсан. Одоо Г зохион байгуулсан гэж ярьдаг. Би ийм юм мэдэхгүй св дээр дүгнэлт хийгээд үзээрэй бид маш ялгаатай хүмүүс. Хамгийн аюултай хүн байгаа 20 хүрэхгүй хоногийн хугацаанд 160, 170 слайд хийж амжихгүй. Ийм юм руу намайг оруулаад яриад байгаа. Мэргэжлийн талаар эвлүүлсэн байсан. Өнөөдрийг хүртэл би үүнийг гэмт хэрэг гэж бодоогүй. Бид нар үүнийг хэрэгжүүлээгүй. 2014, 2016 онд ялах уу үгүй юу гэдэг нь тодорхойгүй байсан. Бид төр эргүүлэх хэмжээний албан тушаалтан биш нийслэлийн ажилтан том нам руу бараадахгүй, чадахгүй. Бид нар тэр асуудлыг хэрэгжүүлсэн зүйл байхгүй. Ийм асуудлаар яллах дүгнэлт үйлдсэнд ойлгохгүй байна гэв.

Шүүгдэгч Ц.С  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би үүнийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэхгүй байгаа. Улс төрийн үйл ажиллагаа орсон зүйлийг ялгах хэрэгтэй. Хүний яриаг сонсоод тэр ярианд орсныхоо төлөө яллагдагч гээд зогсож байна. Улсын яллагч нарыг гайхаж байна захиалагч байгаа. Би гадагшаа яваад Монголд 7 дугаар сарын 07-ны өдөр буусан. Гэтэл сар хүрэхгүй  хугацаанд шүүх дээр ирлээ. Улс төрийн захиалгаар энэ хэргийг хийж байна. Дарга нар захиалга өгдөг. Хэдий тийм байлаа ч төрийн албан хаагч нар хуульд нийцүүлэн ажиллах ёстой. ... би прокуроруудыг заналхийлээгүй. Зүйлчилсэн зүйл заалт буруу байна. Хуучин хуулийг хэрэглэж байна. Би хуулийн олон хүнийг танина, хүмүүс гайхаж байна. Яагаад хуучин хуулийн заалтыг хэрэглэж байгаа вэ. Улс төрийн захиалгаар яллахад хэлмэгдэж байгаа хүмүүсийг харж байгаа. Хоёр гурван удаа Д ирээд ярьж байсан. Ярьсан зүйлээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ бол зүгээр яриа шүү дээ. Тухайн үед сонгуулийн жил байсан учраас би ил гаргаагүй. Ойлгохгүй байсан. Би өнөөдрийг хүртэл шүүгдэгчээр татагдана гэж бодоогүй. Хүний ярианд орсоны төлөө шоронд орох гэж байна гэв.

Гэрч Г.Д  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2014 оны 4 дүгээр сарын сүүлчээр миний танил намайг Г-тай танилцуулсан. Ерөнхий захирал гэж танилцуулсан. 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Г намайг дуудаж би С-тай танилцсан. ...Г улс төрийн ажилд тусла гэж даалгасан. Миний ажилд орсон компани доошоогоо нэг давхартай тэнд захирлуудын зөвлөлийн хурал болдог. Тухайн үед 5 захирал байсан. 17 цаг өнгөрөөд хурал дууссан. Уг хурал дээр би шалгууруудад хариулаад тэнцээд захирлуудын зөвлөлийн 100 хувь шийдвэр гаргасан. Тэгээд би ажиллахаар болсон. Сонгуулийн компанийн үйл ажиллагаа зэрэг асуудлууд дээр тусалж ажиллах зэрэг ажлуудад надад хийхийг даалгаж үүрэг өгсөн. Ойролцоогоор 40 гаруй  хоног өдөрт 10 хэдэн цаг сууж 160-н хэдэн слайд ажил хийж гүйцэтгэсэн. Мэдээллүүдийг С-гийн дүү залуу мэйлээр явуулдаг байсан. Би 2014 оны 8 дугаар сарын 28-ны орой 8-9 цагийн үед хариуцлага алдахгүйн тулд бичлэг хийсэн. Эхний ээлжинд 162 слайд ноорог маягаар бичигдээд анх хэдэн хуудастай байж байгаад нэмж орж ирсээр байгаад 162 болсон. Зөвхөн надад хамаатай 1 ширхэг слайд байсан улс төрийн судалгаатай холбоотой. 9 дүгээр сарын 02-ны өдөр Г дарга миний бичиг баримтыг аваад өрөөндөө сэйфинд хийгээд цоожилсон байсан. Би өөрийн бичиг баримтаа авах гээд асуутал юун сүртэй юм бэ гээд өгөхгүй байсан. Өөрийн юмандаа хүрэх эрхгүй болоод сүүлдээ би С- даргад хэлсэн. Гэтэл миний бичиг баримтыг өөрөө өгөөгүй хүний нөөцөөр дамжуулж өгсөн. 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 40 минутын бичлэг хийгдсэн. Г-, С- бид гурвын бичлэг. 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн бичлэг нь 90 минутын бичлэг “Шинэ монгол” компанийн 4 давхарт болсон асуудлыг бичсэн бичлэг. Өглөө 11 цагийн үед Энхболд дарга гаднаас ирнэ гээд байршил зааж байсан. Хамгаалалттай машин ирсний дараа 30 минут уулзалт хийсэн. Ажилтнууд болон слайд дээр байгаа зарим хүмүүс хүлээгээд байж байсан. Уулзалт 12 цагт эхлээд 13 цаг 30 минут хүртэл үргэлжилсэн. Зүүн гар талд С-, өөдөөс том дэлгэц байсан. Дэлгэцийг энэ уулзалтад зориулж 8 дугаар сарын 20-ны үеэр бэлдэж, суурьлуулсан. 162 слайд өөрчилж бэлтгэсэн зэргийг мэддэг учраас илтгэгч нарын ярианы темпд тааруулж би удирдах хэлбэрээр суусан. С- дарга өөрийн хариуцсан намын хороог танилцуулсан. Г дарга илтгэл тавьсан. Дундуур нь хамт ажилладаг нэг залуу ярьсан . Би 1 ширхэг слайд ярьсан. Слайдуудад хувиргалт өөрчлөлт орсон. Тухайн уулзалт дээр илтгэл тавьсан хүмүүсийн  слайдын өнгө үзэмжийг тааруулах зэрэг ажлыг би хийж байсан. Бусад асуудлыг мэдэхгүй. Тухайн бичлэгийг аудио хэлбэрээр тараасан.

2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн оройн 16 цагийн үед зөвхөн аудио байршдаг сайтад би тэрхүү бичлэгийг тавьсан. 2 хоногийн турш нээлттэй байршуулсан. 2016 оны 6 дугаар сарын 19-ний өглөө над руу Г даргаас дуудлага ирсэн. Өлзийгөөс бас ирсэн байсан. Намайг тэр бичлэгүүдийг устга, уулзъя гээд дууддаг байсан. Би тэр бичлэгүүд олон хүнд хүрээсэй гэж бодсон. 2 минут 16 секундын 3 хэсэг бичлэг байсан. 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр бүрэн эхээрээ нээлттэй болсны дараа би Болд гэх хүнд хандаж хүсэлт явуулсан. Улмаар миний эрх зөрчигдөөд байна гэж үзээд 60 тэрбумын хэргийн талаар нээлттэй хэлэлцүүлэг явсан. Тухайн хэлэлцүүлэг дээр Баасан өмгөөлөгч явж таараад тэр үед өөрөө саналаа гаргаад Баасан өмгөөлөгчтэй уулзсан гэв.                                                                           

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Г , Ц.С  нарыг бүлэглэн 2014 оны 7 дугаар сараас 9 дүгээр сард Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “______ ” ХХК-ийн байранд “төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлж, тухайн мөнгийг хэрхэн цуглуулж, төвлөрүүлэх, төрийн байгууллагуудыг намынхаа сонгуулийн бүтцэд оруулж, сонгуулийн санал авах, тоолох зориулалт бүхий хар машины программ хангамж, сул талыг судлах талаар болох бохир технологи ашиглах, тусгай ажиллагааны бүлэгтэй байх”-ыг төлөвлөх зорилгоор Бодлого стратегийн “______ ” нэртэй багийг байгуулж, судалгаа хийлгэн ажиллуулсан, танилцуулга бэлтгэж, бусдад танилцуулах, хэрэгжих боломжийг эрэлхийлэх үйлдлийг гүйцэтгэн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэргийг зохион байгуулсан гэж,

тэдгээрт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн Арван дөрөвдүгээр бүлэг “Төрийн эсрэг гэмт хэрэг”-т, тухайлбал “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамласан байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах” гэмт хэрэг нь хууль тогтоомжийн дагуу төрийн эрхийг барьж байгаа хүчнээс засгийн эрх мэдлийг нөгөө улс төрийн хүчин буюу эвсэл, тодорхой этгээд (цэргийн эрхтэн) хүчирхийллийн болон хуурамч арга хэрэглэн булаан авахыг ойлгоно.

Харин төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэдэг нь хэсэг бүлэг хүмүүс нэгдэж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор бослогод бэлтгэх, нийтийг хамарсан самуун дэгдээх, засгийн эрх мэдэл авах ажиллагааг удирдах байгууллага бий болгох зэрэг асуудлаар үгсэн тохирсон байх ойлголт юм.

Тодруулбал, үгсэн тохирсон асуудал нь нэгдүгээрт: төрийн эрх баригчдыг хуульд зааснаар байгуулах, өөрчлөх, огцруулах, тараах үндэслэл, журмаас гадуур хууль бус арга хэрэглэх тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох бүлэг, зүйлд заасан Улсын Их Хурлын тухай болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиуд, Ерөнхийлөгчийн тухай болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиудад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын эрх мэдлийн байгууллагыг байгуулах, өөрчлөх, огцруулах, тараах тухай зааснаас гадуур өөр арга хэрэглэх, хоёрдугаарт: хуульд заасан журмын дагуу төрийн эрх барьж байгаа хүчнээс уг эрх мэдлийг авч өөр улс төрийн хүчин буюу хэн нэгэн этгээдэд шилжүүлэх тухай асуудал багтана.

Шүүгдэгч А.Г , Ц.С  нарт холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл тэдгээрийн үйлдэл нь “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, харин “Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 821 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл төрийн эрх мэдлийг хуульд зааснаар байгуулах, өөрчлөх, огцруулах, тараах үндэслэл, журмаас гадуур хууль бус арга хэрэглэж авах бус 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нөлөөлж зохион байгуулалттайгаар будлиантуулах, ингэж будлиантуулахын тулд урдаас үгсэн тохирч бэлтгэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн

гэрч Г-ын Д-ын “... 2014 оны 7 дугаар сарын 2 дугаар хагаст Г “_____ ” ХХК-ний өөрийнхөө офиссын өрөөнд намайг дуудаж, өөрийнхөө компанид стратеги хариуцсан захирлаар ажиллах санал тавьсан юм. Түүний гаргасан хүсэлтийн дагуу би өөрийнхөө товч намтар боловсролын бичиг баримтуудаа эх хувиар нь гарт нь өгсөн. Ярианы явцад би түүнийг Нийслэлийн Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Ардын намын Бага хурлын гишүүн гэдгийг өөрийнх нь ярианаас олж мэдсэн. 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Замын цагдаагийн хажууд байх Этүгэн офисс дээр намайг Г дуудаж Нийслэлийн Монгол Ардын намын дарга С-тай танилцуулсан. 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр “______ ” ХХК-ний захирлуудын зөвлөлийн хурлаас А.Г ыг 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор Д-той хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, стратеги хариуцсан захирлын албан тушаалд томилохыг үүрэг болгосон шийдвэрийг хуралд оролцсон 5 захирал 100 хувийн саналаар гаргасан.

Гэхдээ ажлаа авахаас өмнө 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Нийслэлийн Монгол Ардын намын 2014-2016 оны бүтэц, зохион байгуулалт, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь болон 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн Монгол Ардын намын төв штабын бүтэц, зохион байгуулалт, ажил үүргийн хуваарь, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, эдгээрийг нэгтгэн повер пойнт хэлбэрт оруулах, боловсруулах ажилд туслан ажиллахыг А.Г  надад үүрэг болгосон. Сонгуулийн санхүүжилтийн схемийн талаар болон 9 дүгээр сард болох уулзалтын талаар надад анхандаа юу ч хэлээгүй. Намайг дээрх ажилд С-н эгчийн хүүхэд болох Мягмар овогтой Өлзийтэй хамтарч ажилла, ажлаа хийж дуусаад “______ ” ХХК-ийн стратеги хариуцсан захирлын ажлаа хүлээж ав гэж Г надад хэлсэн. Энэ өдрөөс эхлээд би өдөр бүр 08:30 цагаас 18:00 цаг хүртэл надад мэйлээр  болон флашаар ирүүлсэн мэдээллүүдийг боловсруулж, повер пойнт дээр өрж, шаардлагатай тохиолдолд бүтцийн гар зураг, схемүүдийг фото шоп ашиглан зурж бэлтгэдэг байсан.

Харин орой 18 цагаас шөнө дөл болтол, заримдаа шөнийн 03 цаг хүртэл Г-, С- нартай хамт сууж өдөр нь бэлтгэж цэгцэлж хэвлэсэн материалуудаа тэд нараар хянуулж засварлуулан, дараа өдөр нь хийх ажил үүргээ тэд нараас авдаг байсан. Ийм байдлаар 40 гаруй хоног уртасгасан цагаар ажилласан. Хоногт дунджаар 17 цаг орчим, 2 цаг, 3 цаг, 1 цаг.

Хийх ажлын дагуу 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Өлзийгөөс мэдээллүүд миний мэйл хаягаар ирж эхэлсэн. Хамгийн эхний мэйлийг [email protected] хаягаасаа миний хувийн мэйл хаягт Нийслэлийн Монгол Ардын намын бүтцийг хавсаргаж ирүүлсэн. Ихэнх тохиолдолд Өлзий флашаар материалуудаа авч ирж өгдөг байсан. 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр [email protected] хаягаас төлөөлөгчдийн намтруудыг миний хувийн мэйл хаягт ирүүлсэн. Миний хувийн мэйл хаяг _____ @gmail.com

2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Г-ын туслах Д.И [email protected] мэйл хаягаас надад М.Э-ын хэлсэн үгийн товчоог ирүүлсэн. 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр М.Өл  [email protected] хаягаас сонгуулийн компаний сурталчилгааны өнгөний кодыг надад ирүүлсэн. Энэ кодыг бүхэлд нь 160 слайд бүхий повер пойнтэд ямар нэгэн засваргүйгээр оруулсан.

2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “______ ” ХХК-ний 6 давхарт байрлах Г-ын ажлын өрөөнд А.Г, Ц.С  болон миний бие ээлжит уулзалтаа хийсэн. Энэ удаагийн уулзалтын үеэр Ц.С, А.Г  нар 2016 оны сонгуулийн компанийн санхүүжилтийн асуудал, төрийн албыг тодорхой мөнгөн дүнгээр үнэлж, хөрөнгө хэрхэн босгох асуудал, босгосон хөрөнгө мөнгийг хэрхэн татан төвлөрүүлэх схемийг энэ хоёр хүн боловсруулсан.

Би бол зүгээр өдөр нь хийсэн зүйлээ оруулж танилцуулаад, хянуулаад засварлуулах гэж уулзахад энэ уулзалтын үеэр санхүүжилтийн асуудал ярьсан. Миний бие ямар ч идэвхи гаргаагүй, оролцоо байгаагүй. Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газар, Нийслэл, дүүргийн бүтцийг гаргаж, эксел дээр бэлтгэх даалгаврыг М.Ө бид хоёрт А.Г, Ц.С  нар өгсөнөөр энэ уулзалт дууссан. М.Ө уулзалтын турш үүдний өрөөнд цай бэлтгэх, ус ойртуулах ажлыг нь хийсэн.

2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 14 цаг 30 минутанд М.Ө [email protected] хаягаасаа Монгол Ардын намын улс төрийн ажилтнуудын хийсэн судалгаануудыг мэйлээр надад ирүүлсэн. Үүнд 2008-2012, 2012-2016 оны Монгол Улсын Засгийн Газрын бүтцийн харьцуулалт, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны судалгааг 2014 оны 8 дугаар сарын 29-ний байдлаар, Нийслэлийн бүтэц, Их хурлын тамгын газар гэсэн 4 файл мэйлээр ирүүлсэн. Мөн өдөр 14 цаг 48 минутанд дээрх мэйл хаягаасаа нийт 14 хүний намтрыг мэйлээр надад ирүүлсэн. 16 цаг 14 минутанд мөн энэ хаягаасаа Өлзий дүүргүүдийн гишүүд, төлөөлөгчдийн тоо, суудлын мөнгөний мэдээллийг мэйлээр надад ирүүлсэн.

2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр [email protected] хаягаасаа зөвлөх Баянжаргалын намтрыг надад ирүүлсэн. Мөн өдөр “______ ” ХХК-ийн Хүний нөөцийн захирал Онон дахин боловсруулсан хөлсөөр ажиллах гэрээний цаасан хувийг хүний нөөцийн ажилтан Золоогоор дамжуулан надад өгсөн.

2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр М.Ө [email protected] хаягаасаа 5 хүний намтрыг надад ирүүлсэн.

2014 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр би “______ ” ХХК-ийн Хүний нөөцийн менежер Золоод “... улс төрийн ажлаас нь хол хөндийрмөөр байна” гэж дурамжхан байгааг мэйл-дээ илэрхийлсэн.

2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 11 цагийн үед М.Э- “______ ” ХХК-д хүрэлцэн ирж А.Г ын өрөөнд А.Г , Ц.С  нартай хамт цай уусан. Үүний дараа 12:00 цагт 4 давхарт М.Э-, Ц.С , А.Г  болон миний бие нийт 4 хүн оролцсон уулзалт эхэлсэн. А.Г  “уулзалтын үеэр гарах санал зөвлөмжүүдийг бичиж тэмдэглэ” гэсэн үүрэг даалгаврыг уулзалт эхлэхээс өмнө урьдчилаад надад хэлж хариуцуулсан. Уулзалтын повер пойнтуудыг нэгтгэх ажлыг тус компанийн 5 давхарт миний сууж ажиллаж байсан компьютер дээр хийсэн учир бүх файлуудыг би өөрийн хувийн флаш диск дээрээ хуулж, уулзалт болох 4 давхрын том дэлгэцтэй компьютер дээр асааж, би бэлтгэл ажлыг хангасан. Уулзалтын үеэр нийт 160 гаруй слайдтай повер пойнт дээр танилцуулга, Нийслэлийн Монгол Ардын намын бүтэц, 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн төв штабын схем, үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилтийн схем бүхий эксель файлыг Ц.С , А.Г  нар хамтран илтгэл тавьж М.Э-од танилцуулсан. Уулзалтын дунд хэсэгт А-, IT баг, түүний хийж гүйцэтгэх ажлын тухай илтгэлийг, миний бие судалгаа шинжилгээний Моунт Эвэрист баг түүний хийж гүйцэтгэх ажлын тухай илтгэлийг тус тус толилуулсан. А-ыг зөвхөн илтгэлээ тавихад нь оруулж дуусмагц нь гаргасан. Уулзалт дундаа ямар нэгэн завсарлагагүй болсон. Уулзалт 13 цаг 30 минутанд дууссан. Уулзалтын дараа зочныг /М.Э-ыг/ үдэж дуусаад, Ц.С , А.Г , М.Ө нар хамтдаа 5 давхарт гарч ирээд миний сууж ажиллаж байсан компьютер дээрх бүх файлуудыг зөөврийн хард дискэнд хуулж аваад, бүгдийг устгасан. Эд мөрийн баримт үлдээлгүй устгасан. Ц.С , А.Г , М.Ө нар миний ард зогсоод энэ бүх процессыг хянаж байсан. Энэ гэнэтийн үйлдлүүдэд нь шоконд орсон тул би өөрөө I раd дээрээ буулгасан уулзалтын тэмдэглэл бүхий аудио бичлэг, файлуудыг зөөвөрлөсөн.

2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 10 цаг 19 минутанд Ц.С гийн _____ дугаарт “Гэрээ ч үгүй, цалин ч үгүй, миний боловсролын бичиг баримтуудыг бүгдийг нь сэйфэндээ хийгээд цоожилсон. Гарын үсэг зурвал зур гээд контракт биш хөдөлмөрийн гэрээ нь гэрээ гэхэд ичмээр цаас байна. Захирлуудын зөвлөлийн шийдвэрээр 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд гэрээ байгуулах байтал 40 хоног би ямар ч цалингүй ажиллажээ” гэсэн мэссежийг илгээсэн.

Ц.С  хариуд нь _____ дугаараас “тэвчээртэй бай, наадах чинь сорилт шүү, битгий буруу бод оо” гэсэн хариу өгсөн.

2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “______ ” компанийн хүний нөөцийн менежер шинээр боловсруулсан хөдөлмөрийн гэрээг мэйлээр  ирүүлсэн.

2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “______ ” ХХК-ийн хүний нөөцийн менежер Ж.З [email protected] гэх мэйлээр “та өнөөдөр ажилдаа яагаад ирээгүй вэ, дарга асууж байна. Гэрээгээ байгуулахгүй алга болчихлоо гээд уурлаж байна” гэсэн. Гэвч би эдгээр хүмүүстэй цаашид хамтарч ажиллахад асуудалд орох юм байна гэдгээ ойлгосон учир энэ мэйлд дорвитой хариу өгөөгүй.

А.Г ын өгсөн үүрэг даалгаврын дагуу санал зөвлөмжийг тэмдэглэх зорилгоор би өөрийнхөө I раd дээр буулгаж авсан. “______ ” ХХК-ийн 4 давхарт 12:00 цагаас 13:30 цагийн хооронд бичсэн. I раd mini 2 гэх хар өнгийн I раd дээрээ бичсэн. Энэ бичлэгт 5 хүний яриа байгаа. М.Э эхнээс нь дуустал, Ц.С  эхнээс нь дуустал, А.Г  эхнээс нь дуустал, ингээд миний бие эхнээс нь дуустал, А зөвхөн IТ-ийн илтгэлээ тавьчхаад гарсан. Ийм 5 хүний дуу хоолой бичлэг дээр байгаа.

160 слайд байгаа учраас цаасан дээр буулгаж амжихгүй байсан учраас дууны бичлэг хийсэн. Зөвхөн дууны бичлэг хийсэн. Г-ын өгсөн үүргийн дагуу хийсэн. Уулзалтын үеэр А-ын зургийг авч өгнө гэж А-т амласан юм. Тэр дагуу А-ыг илтгэлээ тавьж байхад нь би өөрийн I Рhоnе утсаар 5-6 кадр зураг авсан. Уулзалт эхлэхийн өмнө уг уулзалтыг нууцын ямар нэгэн зэрэглэлтэй гэж хэн нэгэн анхааруулаагүй. Бичлэг хийж байсан I Раd бол уулзалтыг эхнээсээ дуусах хүртэл тасралтгүй ажилласан. Пауз дарах юм уу, унтрааж шинээр эхлэх тийм үйлдэл огт хийгээгүй. Уулзалтад ямар нэгэн цайны завсарлага байгаагүй. Уулзалтын танхим урд зүг рүү, зүүн зүг рүү харсан цонхтой, 9 дүгээр сарын 8 халуун өдөр байсан учраас цонх нь онгорхой, Баруун 4 замаас машины шуугиан, зүүн талаас явган хүмүүсийн ярианы шуугиан орж ирж байсан. Өрөөнд эйр кондейшн байгаагүй. Том дэлгэцтэй компьютер байсан. Тэрний сэнсний шуугиан бичлэг дээр тод сонсогдож байгаа. Уулзалтын өрөөнд дээр дурдсан тогтмол 4 хүн байсан. М.Э, Ц.С , А.Г  бид дөрвөөс өөр хүн тогтмол байгаагүй. Уулзалтын өрөөний хаалга байнга хаалттай байсан. Уулзалт болсныг гэрчлэх хүмүүс шатан дээр, нэг хэсэг нь 5 давхарт миний өрөөнд, уулзалт болсон өрөөний нөгөө хэсэг нь С-гийн ажлын өрөө байрладаг. Энэ уулзалт нь өөрөө санаандгүй уулзалт биш, товлосон уулзалт. Одоо ингээд бодоход 40-өөд хоногийн ажлын зорилго нь юм шиг байсан. 2014 оны 7 дугаар сарын 28, 8 дугаар сарын 01-ний үед бүх ажил эхэлж байхад Г-, С- нар ийм уулзалт болно, ийм өдөр болно, ийм хүмүүс оролцоно гэж ерөөсөө надад хэлж байгаагүй.

Би өөрийн танилцуулах ёстой, өөрийн мэргэжлийн дагуу судалгааны багийн үйл ажиллагааг танилцуулсан. Тэр илтгэлийг танилцуулахдаа би өөрийгөө танилцуулж эхэлсэн байгаа. Доторх агуулгууд нь миний мэдүүлэгт дурдсанаар мэйлээр, флашаар Өлзийгөөр дамжиж над дээр ирдэг байсан. Ирсэн зүйлийг би слайд дээр зөөвөрлөж хийж, хянуулж засуулах, техникийн ажил хийж байсан. 18 хуудас эксел файлыг Ц.С , А.Г  нар боловсруулж эхийг нь гаргасан. Хар зургийг нь гэсэн үг. Тэнд ямар, ямар байгууллагын бүтэц орох зэрэг санааг тэр хоёр гаргасан. Би зөвхөн шивэх, оруулах зэрэг техник ажлуудыг хийж байсан. Анхны санаа нь А.Г , Ц.С  хоёроос гарсан. Техникийн ажил хариуцсан. Техникийн ажил гэдэг маань слайд бэлтгэх. Өгсөн мэдээллүүдийг нь өрөх, зураг дүрс дизайныг нь бэлтгэх. Үнэ тарифтай тооцооллыг нь эксел дээр шивж оруулах үүрэгтэй ажилласан. Анхандаа ч үүнийг Г надад хэлж байсан. Танилцуулга дээр миний бие, Г-, А бид нар орсон. Жавхаа /нэрийг нь сайн мэдэхгүй байна. Танилцуулга дээр байгаа/ орж ирсэн боловч Г-, С- хоёр “гар, гар” гээд илтгэлийг нь танилцуулалгүй гаргасан.

Ц.С  өөрөө багийн гишүүндээ ороогүй боловч байсан. С-д зориулсан баг гэдэг нь ойлгомжтой байсан. Би бол өөрийнхөө оролцоо болон Өлзийгийн оролцоог мэдээд байгаа юм. Мөн Г-ын оролцоог мэдээд байгаа юм. Бусад гишүүдийн оролцоог мэдэхгүй байна. Өөр шугамаар үүрэг даалгавар чиглэл авдаг байсан эсэхийг би мэдэхгүй” /26-р хх-н 12-19/ гэсэн,

“... 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “______ ” ХХК-ний 6 давхарт А.Г ын өрөөнд Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга Ц.С , түүний зөвлөх А.Г  болон миний бие оролцсон уулзалтын аудио авиа бичлэг 40 минутын бичлэг бүхий DVD дискийг уг албан бичигт хавсаргаж хүлээлгэн өгсөн. Уг бичлэгийг 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хар өнгийн “I Рhonе 5” утсан дээр бичиж авсан. Бичиж авсан шалтгаан нь Ц.С , А.Г  бид гурав уулзаж, миний шивж боловсруулсан повер пойнтыг танилцуулах явцад Ц.С , А.Г  нар Монгол Ардын намын сонгуулийн санхүүжилтийг босгохдоо төрийн албыг ямар бүтэц, зохион байгуулалттайгаар арилжаалах, хичнээн төгрөгөөр үнэлэх тухай яриа болж байсан учир миний бие өөрийнхөө гар утсан дээр энэ тухай бичлэгийг хийсэн. Энэ бичлэгийг архивласан байсныгаа 2017 оны 3, 4 дүгээр сарын үед гэнэт санаандгүй олсон юм. Эх хувиар нь DVD дээр бичсэн. Үүнийгээ би хүлээлгэж өгсөн.

А.Г , Ц.С  хоёр цагаан самбарт маркераар санхүүжилтийн төлөвлөлт, бүтэц, схемийг тэр өдөр боловсруулж гаргасан. Миний хувьд тэдний гаргасан схемийг дараа өдрийн уулзалт гэхэд хийж дуусгасан байх үүрэг даалгавар авсан. Компьютерт шивж дуусгах үүрэг авснаар би уулзалтаас гарч явсан. М.Ө тэр өдөр 5 давхарт миний өрөөнд байсан. Ц.С  М.Ө-г утсаар дуудахад 6 давхарт гарч ирж шаардлагатай бичиг цаасыг 4 давхарт байрлах Ц.С гийн өрөөнөөс авч ирэх, ус кофе зөөх тиймэрхүү ажил хийж байсан. Энэ тухай 40 минутын буулгасан текст болон бичлэгээс тодорхой харагдана. Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.С , түүний зөвлөх “______ ” ХХК-ийн захирал А.Г , миний бие Г.Д  бид гурав байсан. Миний хувьд өмнөх өдөр авсан үүрэг даалгавраа 3 хувь хэвлэж Ц.С , А.Г  нарт хянуулах, засварлуулах зорилгоор тэр өрөөнд байсан. Мөн дараа өдрийн хийх ажлын чиглэл, даалгавраа авснаар энэ уулзалт дууссан. Зөвхөн дуу авианы бичлэг хийсэн. Санхүүжилтийн схем боловсруулж байгааг харж суухдаа миний бие ямар ч идэвхи санаачилгагүй, оролцоогүй байсан.

Миний утасны мемори жижиг, бага хэмжээтэй учир утсан дээрх зураг, ном, сэтгүүл, аудио бичлэг зэрэг файлуудаа компьютер луу архивлаж утсаа чөлөөлдөг. DVD дээр авчирx өгсөн шалтгаан нь 2017 оны 3, 4 дүгээр сарын үед компьютер дээрх файлаа DVD-руу хуулсан. Тэр DVD эх файл үлдсэн. Түүнийгээ хавсаргаж өгсөн. “.м4а” гэх форматаараа DVD дээр байгаа. Ямар нэг дуу, авиа засварладаг программ хангамжаар уг файлыг хэзээ ч нээгээгүй. Нэг төхөөрөмжөөс нөгөө төхөөрөмж рүү хөрвүүлж хуулаагүй. 90 минутын бичлэг ч мөн адил. Хоёулаа эх форматаараа байгаа.

“______ ” ХХК-ийн 4 давхарт 2014 оны 9 дүгээр сарын 8-нд уулзалт болох үед миний зүүн гар талд Ц.С , түүний цаад талд М.Э, түүний зүүн гар талд А.Г  ийм байдлаар сууцгааж байсан. Миний урд талд ширээн дээр миний бичлэг хийсэн хар өнгийн “I Раd Мini 2” байсан. Миний хар өнгийн “I Раd Мini 2” тухайн үед бор өнгийн ширэн гэртэй байсан. Ц.С гийн I Раd өөрийнх нь урд талд, ширээн дээр байрлаж байсан. Гэргүй цагаан өнгийн I Раd байсан. Бид дөрөв зуйван ширээний ард нэг эгнээнд суугаад нүүрээрээ том дэлгэцтэй компьютер руу харсан байсан. Илтгэгч нар суудлаасаа босч том дэлгэцийн хажууд зогсож илтгэлээ тавьсан. Миний бие илтгэлийг илтгэгчийн ярианд тааруулж 160 слайдыг урагш, хойш гүйлгэх ажил хийсэн” /26-р хх-н 6-11/ гэсэн,

“... дээрх 2 бичлэгээс өөр уулзалтын бичлэг надад байхгүй. Өмнөх мэдүүлэг дээрээ энэ талаар тодорхой хэлсэн. Мөн дээрх хоёр уулзалтыг “I Рhone 5” маркийн гар утас болон “IРаd mini-2” маркийн төхөөрөмжөөр бичсэн. Өөр төхөөрөмж ашиглаагүй. Дээрх төхөөрөмжүүд нь “I Рhone 5” маркийн гар утас, “I Pad Мini 2” төхөөрөмжүүд нь бага багтаамж, санах ойтой учир 2 сар орчим болоод би доторхийг нь сулладаг. Тухайн файлуудыг бол устгаагүй. Компьютер руу суллаж архивласан. Энэ хоёр төхөөрөмжөөс өөр тоног төхөөрөмж ашигласан асуудал байхгүй” /26-р хх-н 20-26/ гэсэн,

гэрч Мягмарын Өлзийн “... А.Г  нь Нийслэлийн Монгол Ардын намын хорооны тэргүүлэгч, Ц.С н зөвлөх гэж явдаг юм. С- дарга намайг “Г-ын удирддаг стратеги төлөвлөлтийн багт ажиллаач” гэсэн. Тэр үед Монгол Ардын Нам ялагдсан байсан. “2015, 2016 онд Монгол Ардын Нам яаж ажиллах вэ гэсэн стратеги төлөвлөгөө гаргана” гэж байсан юм.

Ингээд Монгол Ардын Нам дээр өрөө хангалтгүй болохоор Г-ын хувийн офисс болох ““______ ” ХХК-ний байранд ажиллана” гэж хэлсэн. Анх 2014 оны 6 билүү 7 дугаар сард би “______ ” ХХК-ийн байранд очиход Г нь Д-ын хамт байж байсан ба тэгэхэд намайг Д-той танилцуулсан.

А.Г  нь ажлаар их шахдаг байсан, чөлөө зав өгдөггүй байсан. Д ажлаасаа гарч байгаа гэж байсан. Би буцаад Нийслэлийн Монгол Ардын Нам руу очсон. Ер нь бол Д нь гүйцэтгэх ажиллагаа л явуулсан даа гэж бодож байна.

Үүнээс хойш 2016 оны сонгуулийн үеэр Д нь твитер дээр 2 минут орчим бичлэгийг оруулсан байсан. 60 тэрбумтай холбоотой бичлэг оруулсан байсан. Тэгэхээр нь би А.Г  руу утсаар яриад бичлэгийг твитерт оруулсан байна гэдгийг хэлсэн. Тэр үед Д над руу утсаар яриад “твитер дээр тавьсан юм харсан уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би харсан, юу болоод байгаа юм бэ” гэсэн чинь “би Г-тай тооцоотой, би Г-аас ажлын хөлсөө авмаар байна” гэж байсан. Тэгэхээр нь би А.Г  руу яриад “Д ажлын хөлсөө авмаар байна” гэж байна гэж хэлсэн. Тэр хоёр өөрсдөө учраа олсон байх. А.Г  нь Д-т 20.000.000 төгрөг өгсөн гэсэн. Ер нь бол Г, Д гэдэг 2 хүний хоорондын асуудал ийм зүйлд хүрлээ гэж бодож байна.

Д нь энэ слайд танилцуулгыг бэлтгэж хийсэн. Фото зургийг нь А.Г  өгсөн байх” /26-р хх-н 51-53, 54-57/ гэсэн,

гэрч Ц.О-ийн “... файлуудыг нээж үзэхэд 162 хуудастай повер пойнт файл, дууны бичлэг бүхий 90 минут үргэлжлэх файл, 19 хуудастай эхсел программ дээр хийсэн хүснэгтэн файл байсан. Дуу авианы бичлэг болох 90 минутын бичлэгийг сонсож үзсэн. Уг файлд хэд хэдэн анхаарал татах зүйл бичигдсэн байсан.

Танилцуулга материалын 125 дугаар хуудсанд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний дата төв, Сонгуулийн ерөнхий хороо гэсэн төрийн байгууллагыг Монгол Ардын Намынхаа сонгуулийн бүтцэд оруулсан, мэдээллийн дата урсгалыг хянах гэсэн хууль бус эрх мэдлийг төлөвлөсөн, сонгуулийн санал авах, тоолох зориулалт бүхий хар машины программ хангамж, сул талыг судлах талаар мөн тусгасан. Танилцуулгын 126 дугаар хуудсанд А, Б гэсэн 2 ширхэг бохир технологи ашиглах, тусгай ажиллагааны бүлэгтэй байх, бүлгээ ерөнхий стратегич гэх хүнээрээ удирдуулах, нууцлалыг хангах талаар тусгасан. Танилцуулгын 130 дугаар хуудсанд тусгай ажиллагааны баг хэрхэн ажиллах талаар төлөвлөсөн, бохир технологи гэх зүйлээ нууцлалын өндөр түвшинд, ул мөр үлдээхгүй хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бохир технологи А нь болохоор төрийн машиныг сааталд оруулах, удирдлага зохион байгуулалтыг саармагжуулах гэж бичсэн байсан. Энэ байж болохгүй төлөвлөгөө. 132 дугаар хуудсанд сонгуулийн компанит ажлын төгсгөлийн шатанд өрсөлдөгч намыг дэмжигч сонгогчдыг сонголтондоо эргэлзэж тээнэгэлзэх, саналаа өгөх идэвхийг бууруулахад хүргэх нууц бөгөөд хуулийн хүрээнээс хальсан цуврал үйл ажиллагааг ерөнхий стратегичээр удирдуулсан тусгай ажиллагааны бүлэг үүнийг сонгуулийн компанийн төгсгөлийн шатанд хэрэгжүүлэхээр боловсруулсан нууцлалын өндөр зэрэглэлтэй, өндөр аффекттэй тусгай ажиллагааны жагсаалтыг гүйцэтгэх горим юм гэж бичсэн. Бохир технологийн тусгай ажиллагааны баг оролцсон нийт бүтэц нь танилцуулгын 150 дугаар хуудсанд байсан. Энэ бүтцэд намын хяналтын хорооны доор шүүх хуулийн байгууллага, Нийслэлийн Монгол Ардын Намын даргын программ хангамжийн бүлгийн инженерийн багийн дэргэд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо байж байх жишээтэй. Энэ нь намын бүтцэд байж болохгүй байгууллага шүү дээ. 151 дугаартай хуудсанд санхүүжилтийн төлөвлөгөө байна. Төрийн бүх байгууллагыг оролцуулаад санхүүжилтийн пирамид зурсан. Энэ хуудсыг эксел файл дээр задлан бичсэн байсан. Танилцуулга хийж буй 90 минутын бичлэгт танилцуулгаа танилцуулаад "Нийслэлээс гэхэд 60 тэрбум төгрөг босгоно” гэж ярьж байгаа нь бичигдсэн байсан. Эхсел файлыг нээгээд үзэхээр төрийн албан тушаал бүрийг үнэлсэн, албан тушаалтан нараас авах хээл хахуулийн хэмжээг бичсэн байсан. Энэ танилцуулгыг Ц.С  хийгээд намын даргадаа хүсэлт гаргасан. Энэ нь танилцуулгын 161 дүгээрт байгаа жагсаалтын 6 дугаарт төрийн албанаас босгох санхүүгийн схемд дэмжлэг хүсээд хамтран ажиллах, 7 дугаарт багийн аюулгүй байдал, хуулийн хамгаалалт хүссэн. 90 минутын бичлэг дээр Ц.С  энэ талаар ярихдаа бүх зүйлээ хууль бусаар хийх учраас хуулийн хамгаалалт хүсдэг. Энэ бүхэн байж болохгүй зүйл, хууль бус зүйл олон байсан тул би энэ мэдээллийг олон нийтэд ил болгохоор шийдсэн.

Төлөвлөгөөг танилцуулж байхад МАН-ын дарга М.Э- хууль бус үйлдлийг хийж болохгүй талаар яриагүй. Бүүр энэ мөнгө босгох төлөвлөгөө схемээ нийслэлд хийсэн үү гэж хөгжөөж байгаа нь бичлэгт байна лээ” /26-р хх-н 30-31/ гэсэн,

гэрч Ж.З-ийн “... Д манай компани дээр яг юу хийдэг байсан талаар мэдэхгүй байна. 5 давхарт ганцаараа суудаг байсан. Үүнээс хойш Д нь ажилдаа ирэхээ больсон байсан. Би Г.Д  руу бичиж байсан болон түүнээс ирж байсан мэйлийг шалгаж үзлээ. Хамгийн анх 2014 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Г.Д оос над руу _____ @gmail.com гэсэн мэйлээс “Гэрээний драфт сайн үзэж амжихгүй л явна, улс төрийн ажлаас нь хол хөндийрмөөр байна, гэрээнд компанийг төлөөлөн гэрээ хэлэлцээр хийх эрх, дээд доод хязгаар огт тусгагдаагүй байгаа” гээд Хөдөлмөрийн гэрээг хавсаргаж [email protected] гэсэн хаяг руу мөн [email protected] гэсэн хаяг руу ирүүлсэн байсан.

2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр би өөрийнхөө дээрх хаягнаас “Сайн байна уу та, дээрийн явуулсан мэйлээ дахиад явуулах боломж байна уу. Тэр мэйл устчихсан байна, файлыг нь татаж авсан байгаа, гэхдээ дарга та хоёрын аль алийг яаж өөрчлөх талаар шийдвэр нь дахин хэрэг болоод байна” гэсэн мэйлийг _____ @gmail.com гэсэн хаяг руу явуулсан. 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр _____ @gmail.com гэсэн хаягаас “эртээд Ганбаа даргатай харилцан ойлголцсон ёсоор гэрээний 1.1 ажлын байрны нэр: маркетинг бизнес хөгжлийн газрын захирал гэдгийг 1.1 ажлын байрны нэр: бизнес хөгжлийн газрын захирал гэж, 5.1 ажилтан нь гэдгийг 5.1 талууд гэж, 5.3.2 компанийн нууцлалын тухай гэдгийг, 5.3.2 байгууллагын тухай гэж тус тус өөрчлөв” гэсэн мэйлийг над руу ирүүлсэн. Мөн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Баярлалаа танд бизнес хөгжлийн газрын захирлын ажлын байрны тодорхойлолт байгаа юу, танд байгааг харж байгаад бас интернэтээс хэдэн зүйл олсныгоо нийлүүлээд хийвэл зүгээр юм болов уу” гэж явуулсан.

2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Д-оос над руу бизнес хөгжлийн газрын захирлын ажлын байрны тодорхойлолтыг явуулсан байсан.

2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр би Д руу “Сайн байна уу та өнөөдөр яагаад ажилдаа ирээгүй вэ, дарга асуугаад байна гэрээгээ байгуулахгүй алга болчихлоо гээд уурлаж байна, тантай холбоо барьж болохгүй байгаа учраас мэйл бичлээ уншаад холбоо барихыг хүсье” гэсэн мэйлийг явуулсан байна” /26-р хх-н 85-86/ гэсэн,

гэрч Т.А-ын “... танилцуулга гэсэн хэсгийг нь би өөрөө бэлтгэж байсан юм. Үүнийгээ би Ц.С н туслах А.Г ын и-мэйл рүү нь илгээж байсан. А.Г  нь нэгдсэн танилцуулгыг тусгай хүн хийж байгаа гэж байсан. Тэрийг нь хэн хийсэн гэдгийг мэдэхгүй байна. Миний хувьд “МҮ СIТҮ МЕDIА GROUР” гэсэн хэсгийг л хийж байсан. Энэ танилцуулгаа би Ц.С д танилцуулж байсан.

Би “______ ” ХХК-ний оффист очиж танилцуулга хийсэн гэдгээ санаж байна. Намайг 8 дугаар сарын сүүлчээр байх Ц.С  дуудсан. Тэгээд би очсон, намайг гэнэт дуудсан болохоор сандарсан байсан. Ямар ч байсан Ц.С  байсан. Цаад буланд нэг залуу сууж байсан, тэр нь Д байсан байна.

2014 оны 8 дугаар сарын сүүлчээр байсан санагдаж байна, “______ ” ХХК-ийн 4 дүгээр давхарт байх өрөөнд танилцуулсан. 3-4 дүгээр давхрын шатан дээр 4-5 хүн зогсож байсан. Тэдгээр хүмүүс нь бас над шиг орж юм танилцуулах хүмүүс гэж ойлгосон. Бид нар шатан дээр зогсож байгаад намайг дуудаж оруулсан. Би ороод 30-40 минутын хугацаанд танилцуулгаа хийгээд гарсан санагдаж байна. Би гараад шууд лифтэнд суугаад 1 давхар руу буугаад гараад явсан. Ямар ч байсан эдгээр залуус намайг тус өрөөнд орохоос өмнө тэр өрөө рүү ороогүй, намайг явснаас хойш яасныг мэдэхгүй. Тус өрөөнд ороход ширээний цаана Д-, С-, Энхболд, Г гэх 4 хүн сууж байсан. Би ширээний эсрэг талд нь самбарын хажууд өөрийн бэлтгэсэн танилцуулгаа хийсэн.

... Их Хурлын дарга байсан М.Э- байсан. ... Энэ миний тухайн үед танилцуулгаа хийж байх үеийн зураг мөн байна. Мөн танилцуулгаа хийх үед байсан, миний яриад байгаа хүмүүс мөн байна. Д тухайн үед слайдаа ажиллуулаад сууж байсан” /21-р хх-н 240-241, 34-р хх-н 118-120/ гэсэн мэдүүлгүүдэд тусгагдсан, эдгээр мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотлох баримтын шаардлага хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD бичлэгийн талаар

шинжээч Д.М-ийн “... хамгийн эхний дүгнэлтийн хувьд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шинжилгээ хийх объект буюу дуу авианы бичлэг бүхий 2 ширхэг Си Ди-г ирүүлсэн байсан. Энэ хоёр Си Ди-ний нэг нь болохоор шинжлүүлэх Си Ди нь 2 минут 16 секундийн үргэлжлэх хугацаатай, МРЗ форматтай, дуу авианы бичлэг ирсэн байсан. Нөгөө нь болохоор С- ярилцлага гэсэн нэртэй харьцуулах загвар бүхий бичлэг агуулсан Си Ди байсан. Энэ харьцуулах загварт ирүүлсэн бичлэг нь Ц.С  гэх хүний зурагтаар мэдэгдэл хийсэн ярианы дуу, дүрс бүхий бичлэг байсан. Энэ дүгнэлтийн хувьд мөрдөн байцаагчаас ирүүлсэн асуултын хүрээнд дүгнэлтийн хүрээнд дүгнэлтийг гаргасан байсан.

Шинжилгээнд хүргүүлж байгаа Си Ди-нд бичлэг байгаа эсэх, хэрэв бичлэг байгаа бол ямар бичлэг болохыг тогтоох, Нийслэлийн Монгол Ардын Намын дарга Ц.С н дуу хоолой бүхий бичлэгтэй тохирох эсэх, хэрэв тохирч байвал ямар шинж байдлаараа тохирч байна вэ гэсэн асуултууд байсан. Энэ асуултын хүрээнд С-н дуу хоолойны бичлэгтэй адилтгалын шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Ингээд тохирч байна гэж дүгнэлт гаргасан байгаа. Эвлүүлэг мөн эсэх тал дээр бол хариулт өгөөгүй. Харин 2 дахь удаагаа хийсэн шинжилгээн дээр бол эхний шинжилгээ хийсэн Си Ди-г дахин ирүүлээд, харин асуултыг бол өөр асуулт тавьсан байсан.

Шинжилгээнд хүргүүлж байгаа Си Ди-нд ямар утга учиртай хэдэн хүний яриа байгаа болох, тухайн бичлэг нь нэг цаг хугацаанд эсхүл өөр өөр хугацаанд бичигдсэн эсэхийг тогтоох /эвлүүлэг яриа орсон эсэх/, тухайн бичлэгийг ямар техник хэрэгсэл ашиглан бэхжүүлж авсан болох гэсэн үндсэн асуулт байсан.

Шинжилгээ хийхэд ямар нэг эвлүүлэг монтаж ороогүй, 3 хүний харилцан яриа орсон байна, тухайн бичлэгийг бэхжүүлж авсан техник хэрэгслийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байгаа.

3 дахь удаагийн шинжилгээний хувьд эхний 2 шинжилгээний объектоос өөр дүрс бичлэгийн форматтай файлыг шинжилгээ хийлгүүлэхээр ирүүлсэн. Си Ди 1 ширхэг, Флаш диск 1 ширхэг тус тус ирүүлсэн. Си Ди нь 2 минут 40 секунд үргэлжилж буй suudal_une МР4 гэсэн нэртэй МР4 форматтай ярианы бичлэг, sandui yaria МРJ форматтай 26 секунд үргэлжлэх дүрс бичлэг тус тус агуулсан, Флаш диск дээр болохоор Suudal_une.mov гэсэн нэртэй 2 минут 40 секунд үргэлжлэх дүрс бичлэгийн файл тус тус ирүүлсэн байсан.

Эхний 2 шинжилгээнд ирүүлсэн объект нь 3 дахь шинжилгээнд ирүүлсэн объектоос өөр байсан. Ингээд 3 дахь шинжилгээнд ирүүлсэн объектыг шинжилж үзэхэд эвлүүлэг монтаж орсон байсан. Эвлүүлэг орсон хугацаануудыг дүгнэлтэд тусгасан байгаа. Тэгэхээр энэ 3 дүгнэлтийн хувьд бол эхний 2 шинжилгээнд ирүүлсэн объект нь нэг, 3 дахь шинжилгээнд ирүүлсэн объект нь эхний хоёроосоо өөр байсан.

Ингээд тавигдсан асуултын хүрээнд дүгнэлт гаргасан байгаа. Шинжилгээнд ирүүлж байгаа мөрдөн байцаагч нь өөрөө тухайн объектыг эх хувь гэж үзээд манайх руу шинжилгээ хийлгэхээр томилдог. Тэгээд шинжилгээ хийгдсэн. Хэрэв мөрдөн байцаагчийн зүгээс дээрх 3 шинжилгээний хувьд шинжилгээ хийлгэж буй объект нь эх хувь мөн эсэх талаар асуулт тавьсан бол энэ талаарх шинжилгээ хийгдэх байсан. Дээрх 3 шинжээчийн дүгнэлтийн хувьд мөрдөн байцаагчаас ирүүлсэн асуултын хүрээнд дүгнэлт гаргасан. Шинжилгээнд 1 ширхэг Ди Ви Ди дээр 4 дүрс бичлэг, 1 дуу авианы бичлэг, бусад нь бичиг хэргийн файл байсан. 4 дүрс бичлэгийн хувьд эвлүүлэг хийгдсэн эвлүүлэгтэй бичлэг байсан. Тодорхой хар фон дээр хүний толгойны дүрс оруулаад текст оруулсан байсан тул эвлүүлэг хийгдсэн бичлэг байсан гэж үзсэн. Дуу авианы бичлэгийн хувьд 90 гаруй минутын бичлэг байсан. Энэ бичлэгийн өөрийнх нь үзүүлэлтийг гаргаж шинжилсэн. Тэгэхэд энэ бичлэг нь хуулбарлагдсан гэсэн огноо гарч ирж байсан. Ийм учраас шинжилгээ хийх боломжгүй гэж үзсэн. Шинжилгээнд тэнцэх эсэх гэсэн асуулт тавьсан байсан тул үзүүлэлтийг нь гаргаж үзэхэд тухайн бичлэг нь 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хуулбарлагдсан байсан. Өмнөх шинжилгээнүүдийн хувьд асуултынхаа хүрээнд хариулсан, 3 дахь шинжилгээн дээр бол асуулт байсан боловч хуулбарлагдсан огноо гарч ирээгүй. Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь өмнө нь шинжилгээ хийж байсан объектууд байсан, зарим нь шинээр ирүүлсэн шинжилгээний объектууд байсан. Шинээр ирүүлсэн шинжилгээний объектын үзүүлэлтийг гаргаж үзэхэд Аррlе компанийн тоног төхөөрөмж гэдэг нь харагдаж байсан боловч Аррlе дотроо яг ямар тоног төхөөрөмж ашиглаж үүсгэсэн нь тодорхой харагдахгүй байсан. Тийм учраас Шүүхийн Шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Дуу авиа адилтгалын шинжилгээ хийх журмын 2.1 дэх хэсгүүдтэй тус тус нийцэхгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй гэж үзсэн. Өмнөх дүгнэлтүүдийн хувьд тавигдсан асуултын хүрээнд дүгнэлт гаргасан байгаа” /21-р хх-н 215-217/ гэж мэдүүлжээ.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “... Шинжилгээнд ирүүлсэн “1. Шинжилгээнд хүргүүлж байгаа бичлэгтэй СD” гэсэн бичигтэй СD дискэнд "audio 01 Sandui60billion.mp3" гэсэн нэртэй 2.09МВ хэмжээтэй, 128.0Кbps bitrate, 00:02:16 секундийн үргэлжлэх хугацаатай дуу авианы бичлэгийн файл, харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “2. Ц.С гийн ярьж байгаа бичлэг” гэсэн бичигтэй СD дискэнд "Sandui yriltslaga.mp4" гэсэн нэртэй 2.32GB хэмжээтэй, 18.0Мbps bitrate, 1280x720 рixels, 00:18:02 секундийн үргэлжлэх хугацаатай дүрс бичлэгийн файлууд тус тус бичигдсэн байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн "audio 01 Sandui60billion.mp3" гэсэн нэртэй бичлэгт ярьж байгаа эрэгтэй хүний дуу авиа нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн "Sandui yriltslaga.mp4" гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.С  гэх хүний дуу хоолойтой тохирч байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн "audio 01 Sandui60billion.mp3" гэсэн нэртэй бичлэгт ярьж байгаа эрэгтэй хүний дуу авиа нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн "Sandui yriltslaga.mp4" гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн эрэгтэй хүний дуу авиатай дууны давтамж, далайцын спектрийн байгууламж, ярианы давтамжийн зурвас, харилцан ярианы давтамжийн үе зэрэг шинжүүдээрээ тохирч байна” гэсэн 4113 дугаартай дүгнэлт /24-р хх-н 111-114/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт шинжилгээ хийсэн “... 2 минут 16 секунд “1. Шинжилгээнд ирүүлсэн "audio 01 Sandui60billion.mp3" гэсэн нэртэй дуу авианы бичлэгт дуу авианы давтамжаараа гурван хүний харилцан яриа байх ба уг харилцан яриаг текст хэлбэрт буулган Хавсралт 1-д хавсаргав. 2. Шинжилгээнд ирүүлсэн "audio 01 Sandui60billion.mp3" гэсэн нэртэй бичлэгт эвлүүлэг яриа орсон эсэхийг SIS7.0 тусгай зориулалтын програм хангамж ашиглан шинжлэхэд дуу авианы бичлэгийн эвлүүлэг, монтаж ороогүй байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн "audio 01 Sandui60billion.mp3" гэсэн нэртэй бичлэгийг бэхжүүлж авсан техник хэрэгслийг тогтоох боломжгүй...“

Дүгнэлтийн хавсралт 1-т

“1 дүгээр хүн: За С- чи нэг хэл, тайлбарлаадах ...

2 дугаар хүн: Ер нь бол яахав бид нар санхүүжилтийн төлөвлөлт хийсэн юм. Түрүүн Г дээр хэлж байсан. Ирээдүйд бид нар ашгаа яг ингэе ээ гэж.

1 дүгээр хүн: - Ирээдүйн боломжоо үнэлье гэж.

2 дугаар хүн: Тэгэхээр бид нар бүх хүмүүсийн судалгааг гаргасан. Бүх агентлаг, одоо байгаа агентлаг, яам, тамгын газар, гүйцэтгэх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, орон нутаг түвшинд бүгдийнх нь албан тушаалыг гаргаад авчихсан байгаа. Тэгээд энэ дээр хэн ажиллах уу? ямар үнэ өртөгтэй байх уу? гэдэг юмны л нууцлал байх ёстой. Тэгээл тэрийг нь бид нар “за чи яг энэ дээр очих юм бол за доороо 5 хүн бодоод удирдаж ажиллах юм бол энэ 5 хүнтэйгээ нийт тэдэн төгрөгийн санхүүжилт босгож ир” гэдэг ийм нууц даалгавар өгье. Энэ бол хоор хоорондоо, тус тусдаа байна гэсэн үг.

3 дугаар хүн: - Хотынхыг бас давхар хийцэн байгаа ...

2 дугаар хүн: Тийн хийсэн бүгд байгаа.

1 дүгээр хүн: Бүгд хийсэн байгаа. Энэ бол бүгд задарна. Энийг бол танд ойлгоцтойг нь ...Энэ бол тэртээ тэргүй санхүүжилтийн 1, 2, 3 дугаар схем гэж юм байгаа. 1 дүгээр схем бол нөгөө бүх гишүүдийн татвар хураамж, нөгөө ...2 дахь нь бол сонгуульд нэр дэвших хүмүүсийн татвар мөнгө авна шүү дээ хураамж тэр орно. Тэгээд дээр нь бас хандивтай. Сонгуульд ашиг сонирхлын зөрчилтэй, сонирхолтой байгаа компаниудаа хандив гэсэн ийм схемээр босгож өгсөн байхгүй юу. За ингээд бүгд задарчиж байгаа юм.

2 дугаар хүн 46... гишүүн байгаа гэж тооцоод сонгуультны хураамж ийм, ийм юмнаас бид нар ингэж авдаг гэдэг юмаа тавьсан байгаа. За Улсын Их Хуралд нэр дэвшигчийг бид нар 100 сая гээд тавьсан байгаа. Иргэдийн хуралд 50, дүүрэгт 30, хороод, засаг даргад 10 гээд ингээд задлаад, тэгээд томилогдох албан тушаал гээд бүгдийг нь ингээд гаргачихсан байгаа. Бүх хүмүүсийнх байгаа. Тэхдээ бид нар бол байгууллага дээр доод тал нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн хүртэл яасан тэгэхээс мэргэжилтнүүдийг бол оруулаагүй. Ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, тэгээд санхүүгийн эрхтэй дарга, дэд дарга гэсэн ийм үндсэн хүмүүсийн үнэлээд тэгээл ерөөсөө л эртхэнээс хүмүүсээ байршуулаал... Тэр үедээ л хүмүүсээ ер нь ажил төрөлтэй болгоё гэсэн санаа байна ...Эндээс бид нар чинь босгоход хэд гэж бид тооцлоо ... 1 дүгээр хүн: - Ер нь бол Нийслэл дээрээс бид 60 тэрбумыг босгоно” гэжээ гэсэн 4225 дугаартай дүгнэлт /24-р хх-н 118-123/,

Монгол Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан хүсэлт /хх 1-н 137-155/, Г.Д оос хүлээлгэн өгсөн эд зүйлсийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 204-237/, Ардчилсан намаас Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн хүсэлт /хх 2-н 1-3, 6-8/, Монгол Ардын Хувьсгалт намаас Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн хүсэлт /хх 2-н 4/, Ардчилсан намаас Тагнуулын Ерөнхий газарт хүргүүлсэн хүсэлт /хх 2-н 10-12/, Нийслэлийн Монгол Ардын намын хорооны даргын дэргэдэх бодлого, стратегийн багийн танилцуулга /хх 22-н 24-185, 25-н 57-218/, Шинэ Монгол Хаад ХХК-ны байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 23-н 48-53/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24-н 159-172/, Гэрч Ц.Оюунгэрэлээс гаргаж өгсөн DVD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 25-н 1-56/, шүүгдэгч Ц.С н хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хх 26-н 100, 104, 107-113, 34-н 157/ шүүгдэгч А.Г ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хх 26-н 101, 105, 34-н 82/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 34-н 138-141/, хэрэг бүртгэлтийн 201701000075 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 34-н 170-229/, Г.Д ын мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 34-н 232-250, 35-н 1-250, 36-н 1/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч А.Г , Ц.С  нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 821 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт заасан “Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Гэвч хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж 2015 онд баталсан бөгөөд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн зохицуулалтаас үзвэл “Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэргийг “Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцож, энэ хуулийн Арван дөрөвдүгээр бүлгийн “Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг”-т хамааруулжээ.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор энэ хуулийн ...14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн, ... бол тухайн гэмт хэрэг төгсөхөөр хуульчилсан байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн шинж нь ...бусад албан тушаалтан...сонгуулийн санал хураалтын дүнг өөрчилсөн гэмт хэрэг үйлдэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч нар нь сонгуулийн санал хураалтын дүнг өөрчилсөн болох нь тогтоогдоогүй. Харин сонгуулийн санал хураалтын дүнг өөрчилөхөөр  сонгуулийн санал авах, тоолох зориулалт бүхий хар машины программ хангамж, сул талыг судлах талаар болон бохир технологи ашиглах, тусгай ажиллагааны бүлэгтэй байх”-ыг төлөвлөх зорилгоор Бодлого стратегийн “______ ” нэртэй багийг байгуулж, судалгаа хийлгэн ажиллуулсан, танилцуулга бэлтгэж, бусдад танилцуулах, хэрэгжих боломжийг эрэлхийлэх үйлдэл хийснийг тухайн гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж шүүхэд олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 821 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт  “таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байх тул оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэж хуулийн дээрх зохицуулалтыг журамлан нэр бүхий шүүгдэгч нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж үйлдсэн нь тогтоогдсон тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Г, Ц.С  нарт холбогдох хэргийн шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх явцад улсын яллагч нар нь гэмт хэрэг 2014 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд үйлдэгдсэн тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал, дүгнэлт гаргасан.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа”-г тодорхойлохдоо энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” бол гэж заажээ.

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

Улсын яллагч нар гэмт хэрэг үйлдсэн цаг, хугацааг тогтоохдоо 2014 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх уг хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлохдоо 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заажээ.

Шүүгдэгч А.Г , Ц.С  нарт холбогдох хэргийн хувьд 2014 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд сонгуулийн санал хураалтын дүнг өөрчилөхөөр сонгуулийн санал авах, тоолох зориулалт бүхий хар машины программ хангамж, сул талыг судлах талаар болон бохир технологи ашиглах, тусгай ажиллагааны бүлэгтэй байх”-ыг төлөвлөх зорилгоор Бодлого стратегийн “______ ” нэртэй багийг байгуулж, судалгаа хийлгэн ажиллуулсан, танилцуулга бэлтгэж, бусдад танилцуулсанаар гэмт хэрэг үйлдэгдэн төгссөн бус гэмт хэрэг таслан зогсоогдсон үеийг буюу хуулийн байгууллагад анх өргөдөл гаргасан хугацаагаар буюу 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөр тодорхойлсон нь хуулийн дээрх заалтад нийцнэ.

Өөрөөр хэлбэл 2014 оноос уг гэмт хэрэг нь үйлдэгдэн 2016 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилж, иргэн Г.Д ын олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдээллийн дагуу МАХН, Ардчилсан нам гэх мэт улс төрийн намууд хуулийн байгууллагад өргөдөл гаргаснаар гэмт хэрэг таслан зогсоогдсон байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн, шүүх хуралдаанд иргэдийг төлөөлж оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч нарыг гэм буруугүй гэх дүгнэлтийг гаргасан боловч шүүгдэгч нарын үйлдэл нь энгийн нэг яриа бус гэмт хэргийн шинжтэй Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэд халдах зорилготой Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэм буруутай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан 4  жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр, хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн I phone 5 маркийн гар утас,  I pad Mini 2 төхөөрөмжийг Г.Д т буцаан олгож, 10 ширхэг DVD, 12 ширхэг CD, 1 ширхэг плаш дискийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Г , Ц.С  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэрч Г.Д  нь тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон талаарх саналыг шүүх шийдвэрлээгүй бөгөөд Г.Д т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хүчин төгөлдөр байна.

Гэрч Г.Д ыг тухайн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эсэх нь прокурорын эрх хэмжээнд хамаарна гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                    ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Г , Ц.С  нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч А.Б , Ц.С- нарыг “Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор энэ хуулийн 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г , Ц.С  нарыг 4 /дөрөв/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч А.Г, Ц.С  нарт тус тус оногдуулсан 4 жил хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн I phone 5 маркийн гар утас,  I pad Mini 2 төхөөрөмжийг Г.Д т буцаан олгож, 10 ширхэг DVD, 12 ширхэг CD, 1 ширхэг плаш дискийг хэрэгт хавсаргасугай.

7. Шүүгдэгч А.Г , Ц.С  нарт 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг тус тус хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г, Ц.С  нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                        ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                    

                                    ШҮҮГЧ                                              Ч.ОТГОНБАЯР

 

 

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                    ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Г , Ц.С  нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч А.Б , Ц.С- нарыг “Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор энэ хуулийн 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г , Ц.С  нарыг 4 /дөрөв/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч А.Г, Ц.С  нарт тус тус оногдуулсан 4 жил хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн I phone 5 маркийн гар утас,  I pad Mini 2 төхөөрөмжийг Г.Д т буцаан олгож, 10 ширхэг DVD, 12 ширхэг CD, 1 ширхэг плаш дискийг хэрэгт хавсаргасугай.

7. Шүүгдэгч А.Г , Ц.С  нарт 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг тус тус хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г, Ц.С  нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                        ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                    

                                    ШҮҮГЧ                                              Ч.ОТГОНБАЯР