Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 931

 

 

 

 

 

 

2019           11            11                                   2019/ШЦТ/931

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Мөнхтулга,

Улсын яллагч: Д.Пүрэвдагва,

Шүүгдэгч: Д.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ______ дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б, ___ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа ____ тоотод оршин суух, урьд Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1988 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 69 дугаартай таслан шийдвэрлэх тогтоогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 2, 3-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар 6 сар 10 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, _____ тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 80Б байрны жижүүрийн өрөөнд Б.Ж-ы зүүн гуянд хутгалах, нүүрэн тус газар цохих зэргээр эрүүл мэндэд нь гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...гэв.

Хохирогч Б.Ж-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80А байрны жижүүрээр ажилд ороод 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажилаасаа гараад цалингаа авсан. Тэгээд өөрийн хувцас хунараа 80Б байрны жижүүр О-ийн өрөөнд үлдээгээд явсан. 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гадуур явж байгаад орой 20 цагийн үед О над руу яриад би хувцас хунараа авах гээд 21 цагийн үед 80Б байрны жижүүр рүү очих замдаа хүнсний дэлгүүрээс 2 шил архи аваад орсон. Тэнд О мөн Б гээд зүс таних хүн байсан. Бид 3 архиа уугаад унтаж амарсан. Маргааш нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өглөө бид 3 шартаад байсан болохоор би нэг шил архи аваад Б тай хувааж уусан. О- гадуур хог цэвэрлээд явсан. Б надаас мөнгө нэхээд би байхгүй гэж хэлээд тэгээд бид 2 маргалдаад Б миний дээр гараад намайг цохьсон. О- тухайн үед орж ирээд бид хоёрыг салгаад би юм хэлэлгүй шууд гараад модны 2 руу дүү рүүгээ явсан. Тэгээд модны 2-т очоод өмд нойтон санагдаад хартал гуя хэсэгт хутгалсан байхаар нь цагдаа дуудаад, гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулсан юм. Б миний дээр гарчихсан цохьсон. Тэгээд бас гартаа хутга барьчихсан байсан. Би хутгалсан гэж тухайн үед бодоогүй, архи уучихсан байсан болохоор надад юм мэдэгдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 21/,

Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай СӨХ-н 80А байрны жижүүр Ж ах 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр жижүүрээсээ гарсан. Тэгээд манайд хувцас эд зүйл нь байсан. 2019 оны 9 дүгээр сарын 30-нд орой 21 цагийн үед Ж ах манай 80Б байрны жижүүрийн өрөөнд ирэхдээ 2 шил архитай ирсэн. Миний хамтран амьдрагч байсан Б манай гэрт ирээд 7 хоног болж байсан. Тэгээд Б , Ж ах бид 3 тэр хоёр шил архийг угаад хоносон. Маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өглөө Ж ах, Б хоёр гарч яваад нэг шил 0.5 литрийн архи аваад эргээд жижүүрийн өрөөнд орж ирсэн. Би байрны хог цэвэрлэх гээд гарсан. Би хогоо цэвэрлээд дуусаад жижүүрийн өрөөнд ороход Б , Ж ахын дээр нь гарчихсан ноцолдоод, Б ын гарт хутга байхаар нь би боль гэж уурлаж хутгыг нь аваад хоол хийдэг сав руу хийсэн. Тэгээд Б , Ж ах 2 салсан. Ж ах явлаа гээд түрүүлээд гарч явсан. Б бас удалгүй араас нь гарч явсан тэнд өөр юм болоогүй. Тэгээд өдөр 15 цагийн үед Ж ах над руу утсаар залгаад намайг Б хутгалсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Шинжээчийн 12024 тоот дүгнэлтэд: “...Б.Ж-ы биед зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйл болон мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэсэн дүгнэлт /хх-н 25/,

Яллагдагчаар Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг зөвшөөрч байна. ...Жижүүрийн өрөөнд Ж бид хоёр архи уусан. О- тэр архинаас нэг амсаад хогоо цэвэрлэнэ гээд гараад явсан. Ж бид хоёр архи ууж байгаад би согтоод яагаад гуянд хатгасан юм мэдэхгүй яадаг ч байсан гуянд нь хутгаар хатгасан тэрийг санаад байгаа. Би эмчилгээний зардалд 80.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-6/, хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-н 40/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 34-40, 54-57/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 80Б байрны жижүүрийн өрөөнд Б.Ж-ы зүүн гуянд хутгалах, нүүрэн тус газар цохих зэргээр эрүүл мэндэд гуянд нь хатгагдаж зүсэгдсэн шарх, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Ж-ы: “...Б надаас мөнгө нэхээд би байхгүй гэж хэлээд тэгээд бид 2 маргалдаад Б миний дээр гараад намайг цохисон. О- тухайн үед орж ирээд бид хоёрыг салгаад би юм хэлэлгүй шууд гараад модны 2 руу дүү рүүгээ явсан. Тэгээд модны 2-т очоод өмд нойтон санагдаад хартал гуя хэсэгт хутгалсан байхаар нь цагдаа дуудаад, гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулсан юм. Б миний дээр гарчихсан цохьсон. Тэгээд бас гартаа хутга барьчихсан байсан. Би хутгалсан гэж тухайн үед бодоогүй, архи уучихсан байсан болохоор надад юм мэдэгдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 21/, гэрч Б.О-ийн: “...жижүүрийн өрөөнд ороход Б , Ж ахын дээр нь гарчихсан ноцолдоод, Б ын гарт хутга байхаар нь би боль гэж уурлаж хутгыг нь аваад хоол хийдэг сав руу хийсэн. ...15 цагийн үед Ж ах над руу утсаар залгаад намайг Б хутгалсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 22/, шинжээчийн 12024 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ хохирогчтой маргалдаж түүний нүүр тус газар цохиж, зүүн гуянд хутгаар хутгалах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хохирлын мөнгө шүүгдэгч нь хохирогчид хүлээлгэн /хх-н 40/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял,” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ОТГОНБАЯР