| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00643/И |
| Дугаар | 184/ШШ2016/01518 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2016/01518
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 37-26 тоотод оршин суух, эрэгтэй, ОЮ58122116 регистрийн дугаартай, Цорос овогт Янживын Сүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, баруун түрүү 10 дугаар гудамж 25 тоотод оршин суух, эрэгтэй, УЖ66062316 регистрийн дугаартай, Раш бүрхэд овогт Дамдинсүрэнгийн Доржбатад холбогдох
гэрээний үүргийн биелэлт 52 800 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг, нарийн бичгийн дарга Т.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Я.Сүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Д.Доржбат нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 20.000 ам доллар буюу Монгол төгрөгөөр 40 сая төгрөгийг надаас 1 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэй зээлж 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн болно.
Гэтэл Д.Доржбат нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл буюу анх гэрээ байгуулсан өдрөөс хойш 1 жил 4 сарын хугацаа өнгөрөөд байна. Миний бие мөнгөө авахаар удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг, шалтгаан тоочиж хойшлуулсаар өнөөдрийг хүртэл надад нэгч төгрөг өгсөнгүй өдийг хүрлээ.
Миний хувьд Д.Доржбатад сэтгэл гаргаж, тус хүргэж ийнхүү их хэмжээний мөнгө зээлдүүлсэний улмаас эд хөрөнгө, ажил төрөл, бие сэтгэлээр асар их хэмжээгээр хохирч байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 281.1 Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлдэгч Д.Доржбат нь 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр буцаан төлөх үүрэгтэй.
Мөн хуулийн 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. ” гэж заасны дагуу 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээний 1 дэх хэсэгт заасны дагуу сарын 2 хувийн авахаар тохирсон болно.
Тэрээр Монгол Улсын Иргэний хууль болон Зээлийн гэрээний үүргээ ноцтойгоор зөрчиж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд миний хувьд гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлээгүй болохыг Д.Доржбат анхаарч нэхэмжлэлийн шаардлагыг саадгүй биелүүлнэ гэдэгт итгэж байна.
Гэрээний үндсэн дүн болох 40 сая төгрөгийн 2 хувь 800.000 төгрөг бөгөөд гэрээ байгуулсан өдрөөс өнөөдрийг хүртэл 1 жил 4 сарын 2 хувийн хүү болох 12.800.000 төгрөг, алданги зээлийн гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр тохирсон.
Гэрээний дагуу 40 саяын 0.5 хувийн алданги нь 200 мянган төгрөг бөгөөд гэрээг байгуулсан өдрөөс өнөөдрийг хүртэл 1 жил 4 сар буюу 485 хоногийг 200 мянгад үржвэл 97 сая төгрөг болж байна. Зээлийн гэрээний үндсэн төлбөр 40 сая төгрөг, зээлийн гэрээний хүү 12 800 000 төгрөг, алданги 97 сая төгрөг, нийт 149 сая 800 мянган төгрөг болж байна. Миний хувьд одоохондоо алданги 97 сая төгрөгийг нэхэмжлэхгүйгээр зээлийн үндсэн төлбөр болон хүүг нэхэмжилж байна. 2015 оны 3 дугаар сарын .25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг гүйцэтгүүлж, зээлийн гэрээний үндсэн төлбөр 40 сая, зээлийн хүү 12 800.000 төгрөг нийт 52 800 000 төгрөгийг Доржбатаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Я.Сүрэнг нь 52 800 000 төгрөгөөс 2 800 000 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 50 000 000 төгрөгийг хариуцагчаас авахаар тохиролцож байна. Хариуцагч Д.Доржбат нь 50 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн хугацаанд нэхэмжлэгч Я.Сүрэнд төлөхөөр эвлэрч байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Я.Сүрэн нь Д.Доржбатад 2015 оны 03-р сарын 25-ны өдөр 20.000 доллар буюу монгол мөнгөөр 40 сая төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэй зээлж 2015 оны 04-р сарын 25-ны өдөр хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон, мөн зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлж улмаар гэрээний үндсэн дүн 40 сая төгрөгийг сарын 2 хувийн хүү болон гэрээ байгуулсан өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл 1 жил 4 сарын 2 хувийн хүүг тооцож нийт 52.800.000 төгрөг нэхэмжилсэн байна.
Гэвч үнэн хэрэгтээ Д.Доржбат нь Я.Сүрэнгээс 20.000 доллар буюу монгол мөнгөөр 40 сая төгрөгийг зээлдэж аваагүй бөгөөд зээл авах хүсэл сонирхол огт байгаагүй юм. 2015 оны 03-р сарын сүүлээр Я.Сүрэн нь Д.Доржбатыг дуудаж гудамж төсөлд ажилладаг гэх хүүтэйгээ уулзуулсан. Тухайн үед Сэлэнгэ аймагт зам барих гэж байна танайх хийх үү гэсэн. Энэ ажлыг хийхийн тулд эхлээд авто замын бодлого төлөвлөлт хөгжлийн ассоциаци ТББ-ийн гишүүнээр элсэх шаардлагатай бөгөөд элсэхэд мөнгө хэрэгтэй гэсэн. Д.Доржбат нь тухайн үед мөнгө байхгүй чадахгүй гэж хэлэхэд Я.Сүрэн би эхлээд өмнөөс чинь гаргачихая дараа нь ажлаасаа өгчинхнө биздээ гэснээр хүү Буянаагийн хамтаар 20.000 долларыг авто замын бодлого төлөвлөлт хөгжлийн ассоциаци ТББ-д аваачиж тушаасан. Сүрэн бид нар анхнаасаа бизнес хийж ашгаа хувааж авахаар тохирсон бөгөөд манайх зам бариад Я.Сүрэн 3%-ийг манайхаас авахаар тохиролцсон байсан.
Улмаар 2016 оны 5-р сарын сүүлээр Сүрэн нь Доржбатыг нотариат дээр дуудаад надад гэрээ хийх хэрэгтэй байна гээд гэрээ хийлгэсэн. Энхээ гэдэг нотариат дээр нөхөж гэрээ хийсэн.
Д.Доржбат болон Я.Сүрэн нарын хооронд Иргэний хуулийн 281.1-т заасан зээлийн гэрээний шинж байхгүй, зээл авах гэсэн санаа зорилго анхнаасаа байгаагүй бөгөөд гагцхүү хамтарч бизнес эрхлэх зорилгоор Я.Сүрэн нь Доржбатын өмнөөс түр хугацаанд 20.000 долларыг авто замын бодлого төлөвлөлт хөгжлийн ассоциаци ТББ-д тушаасан л үйл явдал болсон.
Одоогоор Я.Сүрэнгийн бидэнд санал болгосон замын ажил нь шийдэгдээгүй хүлээлтийн байдалтай байгаа. Энэ талаар нэхэмжлэгч өөрөө сайн мэдэж байгаа бөгөөд яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаж мөнгө зээлсэн мэтээр шүүхийн байгууллагыг төөрөгдүүлж байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд Я.Сүрэнтэй байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганхөлөг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид шүүх хуралдааны үеэр эвлэрлийн гэрээ байгуулж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 52 800 000 төгрөгийн 2 800 000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 50 000 000 төгрөгийг хариуцагч нь 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Я.Сүрэн нь хариуцагч Д.Доржбатад холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 52 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Д.Доржбат нь 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Я.Сүрэнтэй зээлийн гэрээ байгуулж 20 000 ам.долларыг 1 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцсон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 52 800 000 төгрөгийн шаардлагаа багасгаж 50 000 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 50 000 000 төгрөгийг 3 сар буюу 90 хоногийн хугацаанд бүрэн төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Я.Сүрэнгийн нэхэмжлэлтэй Д.Доржбатад холбогдох 52 800 000 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч талууд хариуцагч нь 3 сар буюу 90 хоногийн дотор 50 000 000 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Д.Доржбатаас 211 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 422 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ