Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 932

 

 

 

 

 

 

   2019          11           11                                     2019/ШЦТ/932

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Отгонжаргал,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

Шүүгдэгч: Б.А , түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _______ дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ____тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ____ тоот регистртэй,

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 10-239 тоотод Б.А-г тодорхой шалтаг шалтгаангүйгээр аяга шидэж нүүрэн тус газарт нь оносны улмаас биед нь зүүн нүдний зовхины гадна булан хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэртээ байхад дүү хүүхэдтэйгээ ирсэн. Хүүхэд нь жоохон  дураараа өссөн ба над руу янз бүрийн юм яриад байхаар нь би ахархаад ёворсон юм. Тэгтэл дүү уурлахаар нь би гараад явсан. Буцаад гэрт ирэхэд миний цүнхтэй хувцасыг гаргаад тавьсан, гэрийн хаалга онгойлгохгүй байхаар нь би уурлаад ороод аяга аваад шидсэн чинь нүүрэнд нь оносон” гэв. 

Хохирогч Б.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ажлаа тараад аавын гэрт очтол манай ах гэртээ байж байсан. Намайг хүүгээ дагуулаад гэртээ ороход ах Анхбаяр, манай хүү Б-тай юм ярьж байснаа манай хүүгийн хүзүү рүү ёврохоор нь би яагаад хүүхэд цохиж байгаа юм бэ гэж маргалдсан. Тэгээд цагдаа дуудна гэтэл А ах гараад яваад өгсөн. Тэгээд гэрээс гарч явчихаад буцаж согтуу орж ирээд надтай маргалдаж байгаад хуурай ногоон цай хийсэн байсан нарийхан шилэн стакан авч шидээд миний зүүн нүд хэсэгт онож миний хөмсөгийг сэтэлсэн, нүд хөхөрсөн...энэ гэмтлүүдийг миний биед манай ах учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21/,

Шинжээчийн 11289 тоот дүгнэлтэд: “...Б.А-гийн зүүн нүдний зовхины гадна булан хэсэгт зүсэгдсэн шарх, нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлүүдээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 11/,

Яллагдагчаар Б.А ын мөрдөн байцаалтад өгсөн: “...жоохон байж байгаад буцаад гэртээ ирсэн чинь миний цүнхтэй хувцасыг манай эмэгтэй дүү А хашаанд тараагаад шидсэн байсан. Би гэрийнхээ хаалгыг тогшсон боловч онгойлгохгүй, хаалганы цаанаас А цаашаа зайлаач цагдаа дуудлаа шүү гээд байсан. Тэгэж байгаад хаалга онгойлгосон. Би гэрт ороод А-тай маргалдсан. Би маш их гомдсон байсан учраас ширээн дээр байсан аяга аваад А руу шидсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 44/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 3-4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 22-38/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.А  нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 10-239 тоотод Б.А-тай ах дүүгийн хоорондын таарамжгүй харилцааны улмаас шилэн аяга шидэж нүүрэн тус газарт нь оносны улмаас биед нь зүүн нүдний зовхины гадна булан хэсэгт зүсэгдсэн шарх, нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлгүүд, хохирогч Б.А-гийн: “...ах А ...согтуу орж ирээд надтай маргалдаж байгаад хуурай ногоон цай хийсэн байсан нарийхан шилэн стакан авч шидээд миний зүүн нүд хэсэгт онож миний хөмсөгийг сэтэлсэн, нүд хөхөрсөн...энэ гэмтлүүдийг миний биед манай ах учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21/, шинжээчийн 11289 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.А ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн дүү болох хохирогч Б.А-тай маргалдаж улмаар түүн рүү аяга авч шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийн төрсөн дүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба гэрийн бүлийн харилцан хамаарал бүхий этгээдүүд хэн нэгэндээ гэмтэл учруулсан үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.А-гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд нүд аясаараа эдгэрсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.А ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул шүүх түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Б.А ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу ах, дүүгийн хоорондын тааламжгүй харилцаанаас үүдэлтэй үйлдэгдсэн, хувийн байдал буюу эрүүл мэндийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР