Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 954

 

 

 

 

 

  2019           11           18                                     2019/ШЦТ/954

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Мөнхтулга,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч: Ж.М-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ноён Ж.М-од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905020731044 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ноён Ж.М-, 2000 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Ж.М-нь 2019 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Начин заан” ломбардны орчим иргэн А.Б-ийн биед халдаж эрүүний ооч хэсгийн хугарал, баруун нүдний зовхи, доод уруул, шанаанд хаван, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Хохирогч А.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Т-тэй юм ярингаа баруун тийш алхаад явж байтал Мөнхбат үл таних 3 эмэгтэйтэй маргалдаж байсан. Юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд нөгөө үл таних 3 охиныг салгаж байтал хажуугаар үл таних хэдэн залуучууд өнгөрч байхдаа бид нарыг хоорондоо алалцаач гээд орилоод байсан. Тэгэхээр нь манайхнаас хэн нь хэлсэнийг мэдэхгүй нэг нь “та нарт ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн чинь нэг үл таних шар царайтай өндөр нуруутай бадируун биетэй залуу цамцаа тайлаад гүйгээд ирэхээр нь “за хөгшөөн зодоон хийгээд хэрэггүй байхаа, найзуудаа аваад явчих” гэхэд “чи ямар том пизда вэ” гээд миний эрүү рүү нэг гараараа цохиход би газар унасан. Тэгээд цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь газар хэвтэж байсан. Тэгээд зодоон дуусаад салцгаасан. Тэгээд гэртээ хариад унтах гэж байхад эрүү эвгүй болчихсон байсан. ...Нэг залуу нь миний эрүү рүү цохьсон өөр хүн цохиогүй...Намайг хамгийн анх цохьсон хүн л уг гэмтлийг надад учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 9/,

          Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ах Б болон найз М, Н нарын хамт уулзаад хороололд ирээд Өргөөгийн урд хоорондоо юм ярьж байгаад Парадоксын орчим байрлах нэгэн караокед ороод тэндээ М, Н 2 тус бүр нэг пиво аваад ах, бид 2 ус, ундаа авсан. Тэгээд тэндээ дуулж сууж байгаад гарцгаасан. Тэгээд бөөнөөрөө харих гэж Парадоксоос баруун тийш алхаад Начин заан ломбардны урд бөөнөөрөө юм яриад сууж байтал үл таних 4-5 залуу бид нар дээр ирээд бид нартай яриа өдөөд манай ахыг нэг махлагдуу шар царайтай залуу нь нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон. Тэгээд бид нар салгаад харьцгаасан. Тухайн үед манай ах Бийн шүд нь эвгүй болчихсон байх шиг байсан....Ахыг нэг удаа нүүр рүү нь цохьсон. Өөр хүнийг цохиогүй, намайг ч гэсэн цохиогүй. Тэгээд бид нар салаад явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,

          Гэрч Б.Б-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...явж байтал 4 охин 4 залуу хоорондоо маргалдаад байхаар нь бид нар хажуугаар нь өнгөрөхдөө харсан чинь нөгөө хэдээс нэг нь “юугаа хараав, дуугүй бай” гэхээр нь М-бид 2 нөгөө залуу дээр очоод юм ярьж байгаад маргалдах шинжтэй болсон. М-нөгөө залуутай маргалдаж байгаад нүүрэн тус газар нь нэг цохиход нөгөө залуу нь газар унасан. Тэгээд хамт явсан найзууд ирээд...салцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

Шинжээчийн 5522 тоот дүгнэлтэд: “...А.Б-ийн биед эрүүний ооч хэсгийн хугарал, баруун нүдний зовхи, доод уруул, шанаанд хаван, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 31/,

Яллагдагчаар Ж.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би нэг удаа нүүрэн тус газарт нь цохьсон, ийм гэмтэл учирна гэж мэдээгүй. ...гаргасан үйлдэлдээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 65/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хохирогчийн өргөдөл /хх-н 5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 28-29, 34, 40-46, 55-59/, хохирогчийн хүсэлт /хх-н 75/ зэрэг болно.                                  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ж.М-нь 2019 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Начин заан” ломбардны орчим иргэн А.Б-ийн биед халдаж эрүүний ооч хэсгийн хугарал, баруун нүдний зовхи, доод уруул, шанаанд хаван, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.Б-ийн: “...нэг үл таних шар царайтай өндөр нуруутай бадируун биетэй залуу цамцаа тайлаад гүйгээд ирэхээр нь “за хөгшөөн зодоон хийгээд хэрэггүй байхаа найзуудаа аваад явчих” гэхэд “чи ямар том пизда вэ” гээд миний эрүү рүү нэг гараараа цохиход би газар унасан. Тэгээд цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь газар хэвтэж байсан...Нэг залуу нь миний эрүү рүү цохисон өөр хүн цохиогүй...Намайг хамгийн анх цохьсон хүн л уг гэмтлийг надад учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 9/, гэрч А.Б-ийн: “...манай ахыг нэг махлагдуу шар царайтай залуу нь нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон...Тухайн үед манай ах Бийн шүд нь эвгүй болчихсон байх шиг болсон...Ахыг нэг удаа нүүр рүү нь цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 16/, гэрч Б.Б-ий: “...М-нөгөө залуутай маргалдаж байгаад нүүрэн тус газар нь нэг цохиход нөгөө залуу нь газар унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14/, шинжээчийн 5522 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.М-нь хохирогч А.Б-той маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Б-ийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 75/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ж.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.М-ын учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Ж.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хувийн байдал өмнө тухайн төрлийн гэмт хэргээр 2 удаа ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.М-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 5 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 01 хоногийг 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож эдлэх ялаас нь хасах нь зүйтэй.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ноён Ж.М-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ыг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ын урд цагдан хоригдсон 05 хоногийн 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 40 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд оруулан тооцож, үлдэх 210 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-нь шүүхээс оногдуулсан 210 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М-од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР