Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 952

 

 

 

 

 

 

 2019           11           18                                      2019/ШЦТ/952

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Д.Пүрэвдагва,

           Шүүгдэгч: Л.М-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.М-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805024041099 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.М-, 1971 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуур хийдэг, ам бүл 2, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Л.М- нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт “онгоцны буудал дээр бичиг баримт мөнгөө хулгайд алдчихлаа, Турк улсаас ирэх барааны тээврийн зардлыг өгөх шаардлагатай байна” гэж хохирогч С.Э-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1700 доллар буюу 4.074.356 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Л.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч С.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...М- 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсад ирээд 3000 ам.доллар хулгайд алдсан, онгоцны буудал дээрээс мөнгөгүй болчихлоо, удахгүй Турк улсаас ачуулсан бараа Монголд ирнэ, тээврийн зардлыг нь би өгөх ёстой гэж хэлж байсан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр уулзаад гадуур явж байгаад Этүгэн буудалд хамт орж амарч байхдаа надад мөнгө байвал өгчих, бараа удахгүй ирнэ, ачаа авах мөнгө байхгүй, хэрэв өгөхгүй бол торгууль төлөгдөх гээд байна гэж хэлэхээр нь маргааш нь Саппорогийн тэнд буудалд байхад 1700 доллар өгсөн. Тэрнээс биш зүгээр М-д бэлэглэсэн, сайн дураараа өгсөн зүйл байхгүй. Тэрнээс хойш онлайнаар харьцаж байгаад гэнэт алга болсон, тэгэхээр нь бараа нь яг ирэх юм болов уу гээд Нисэхийн карго дээр ирээд М-тэй холбоотой ачаа байгаа эсэхийг асуутал Турк улсаас ирж байгаа бараан дунд байхгүй байсан. Тэгэхээр нь хэрэг биш боллоо гэж бодоод Нисэхийн цагдаа орж 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр онгоцны буудал дээр мөнгө алдсан хүн байна уу гэж асуухад тийм зүйл болоогүй гэж хэлсэн. Мөнгө өгөхөд бид хоёрын хажууд хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-18, 66-67/,

            Яллагдагчаар Л.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дээр явж байгаад халааснаасаа түрийвчээ алдчихсан юм. ...найз Энхцэцэгтэй уулзаж гадаад улсаар яваад ирсэн, мөнгөгүй болчихлоо мөнгө зээлээч гэхэд Энхцэцэг 2 хоногийн дараа уулзаж байгаад ярилцъя гэсэн юм. Энхцэцэгтэй уулзаад Турк улсаас бараа оруулж ирж байгаа юм, түүнийг оруулж ирэхэд бараа авчирч байгаа хүмүүст мөнгө өгөх хэрэгтэй байна гэхэд Энхцэцэг 1700 доллар байна гэхээр нь түүнийг нь авсан. Ингээд мөнгө авсан өдрийнхөө орой нь Сэлэнгэ аймаг руу унаанд сууж яваад Хиагтын боомтоор хил гарч явж байгаад буцаж ирсэн. Замын зардалд Энхцэцэгээс авсан мөнгө үрэгдээд дууссан. ...гаалиар бараа оруулж ирэхэд ашиглана гэж худал хэлж мөнгө аваад мөнгийг нь үрж дуусган бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн минь миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 75-76/,

            Хохирогчийн өргөдөл /хх 12/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 29, 36, 40, 55, 82-83, 92-101, 60, 105-121/ хохирогч, шүүгдэгч нарын хоорондын фэйсбүүк чатны зурган баримт /хх-н 41-50/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 77/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-н 102-103/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Л.М- нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт “онгоцны буудал дээр бичиг баримт мөнгөө хулгайд алдчихлаа, Турк улсаас ирэх барааны тээврийн зардлыг өгөх шаардлагатай байна” гэж хохирогч С.Э-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1700 доллар буюу 4.074.356 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,     хохирогч С.Э-ийн: “...М- 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсад ирээд 3000 доллар хулгайд алдсан, онгоцны буудал дээрээс мөнгөгүй болчихлоо, удахгүй Турк улсаас ачуулсан бараа Монголд ирнэ, тээврийн зардлыг нь би өгөх ёстой гэж хэлж байсан. ...2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр уулзаад гадуур явж байгаад Этүгэн буудалд хамт орж амарч байхдаа надад мөнгө байвал өгчих, бараа удахгүй ирнэ, ачаа авах мөнгө байхгүй, хэрэв өгөхгүй бол торгууль төлөгдөх гээд байна гэж хэлэхээр нь маргааш нь Саппорогийн тэнд буудалд байхад 1700 доллар өгсөн. Тэрнээс биш зүгээр М-д бэлэглэсэн, сайн дураараа өгсөн зүйл байхгүй. Тэрнээс хойш онлайнаар харьцаж байгаад гэнэт алга болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-18, 66-67/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Л.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.М- нь хулгайд мөнгөө алдсан, Турк Улсаас бараа ирнэ гэж хохирогч С.Э-ийг хуурч бэлнээр 1700 доллар буюу 4.074.356 төгрөг залилан авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь хохирол төлбөрт 4.080.000 төгрөг хүлээн авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж нотариатоор гэрчлүүлсэн баримт шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Л.М-ийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч 240 цаг буюу доод хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосноос доогуур цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л.М-ийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М- нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР