Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2016/00606

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, У овогт Дын Кын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн агуулга: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1979 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Д.К шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1979 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл барааны дэлгүүрийн худалдагчаар ажилласан. Тухайн үед ажилд орсон, гарсан тушаал гарсан боловч хөдөлмөрийн дэвтэрт тусгагдаагүй байна. Иймд нийгмийн даатгалын байгууллагаас ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1979 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 3 жил Ногооннуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.К шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би 1979 онд анх Завхан аймагт Худалдааны техникум төгсөж ирээд удирдах газрын тушаалаар Ногооннуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид хуваарилагдаж анх ажилд орсон. Ажилд орсны дараа эхлээд номын дэлгүүрт 3 сар ажиллаж байсан. Тэгээд солигдоод Аж үйлдвэрийн барааны дэлгүүрт худалдагчаар ажилласан. Уг дэлгүүрт 1982 оны 07 дугаар сар хүртэл ажиллаж байгаад ажлаас гарсан. Тэр үед ажилласан 2 жил хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй байна. Тийм учраас ажилласан дээрх 2 жилийг шүүхээр тогтоолгохоор хамт ажиллаж байсан ерөнхий нягтлан бодогч Д.А, худалдагч С.С, хүнсний дэлгүүрийн худалдагч Х.Х 3 хүний тодорхойлолт, холбогдох бусад нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгсөн. Тиймээс шүүхээс ажилласан 2 жилийг тогтоож өгөхийг хүсэж байна. Надад өөр гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Олдсон бүх нотлох баримтаа гаргаж өгсөн. Хамт ажиллаж байсан хүмүүстэй хамт авахуулсан зураг, шагнал авч байсан талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй гэв.

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Кын Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1979 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 381 дүгээр албан бичигт Ногооннуур сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1979-1982 оны баримтыг архивт шилжүүлээгүй тул иргэн Д.Кт холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй гэжээ.

Хүсэлт гаргагч Д.К нь тус шүүхэд нотлох баримтаар хамт ажиллаж байсан гэх Д.А, Х.Х, С.С нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт 3 хуудас, мөн Завхан аймгийн Худалдаа техникумын техник мэргэжлийн сургуулиас 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, тус сургуулийн захиргаанаас 1979 оны 6 дугаар сарын 29-ний өдөр олгосон худалдагчийн мэргэжлийн үнэмлэхийг гаргаж өгсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй хэмээн заажээ.

Хүсэлт гаргагч Д.Каас нотлох баримтаар гаргаж өгсөн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны дэлгүүрийн худалдагчаар авч ажиллуулсан болон ажлаас нь гаргасан тухай тэмдэглэл хийгдээгүй, мөн хамт ажиллаж байсан гэх Д.А, Х.Х, С.С нарын тодорхойлолт нь хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул хүсэлт гаргагч Д.Кын хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Завхан аймгийн Худалдаа техникумын техник мэргэжлийн сургуулиас 1979 оны 6 дугаар сарын 29-ний өдөр олгосон худалдагчийн №008919 дугаартай мэргэжлийн үнэмлэх нь хүсэлт гаргагч Д.Кын ажиллаж байсан байдлыг нотлохгүй болно.

Иймд хүсэлт гаргагч Д.Кын Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1979 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсныг нотлох баримт байхгүй учраас хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Кын Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1979 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Кын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК