| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2019/0103/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.7.1.1., 12.1.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат би, тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Прокурор Т.Төмөртулга
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Сайнжаргал, Т.Дашцэрэн
Хохирогч А.Д
Шүүгдэгч Ц.С, Ч.Ө нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.С-т Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн Тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар, шүүгдэгч Ч.Ө-д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С, Ч.Ө нарт холбогдох эрүүгийн 1922001600106 дугаартай хэргийг 2019 оны 11 сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Чонос овгийн Ч-ийн Ө
Шүүгдэгч: Сүүл овгийн Ц-ийн С
Шүүгдэгч Ч.Ө нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч А.Д-г 2018 оны 10 сард 2 удаа, мөн 2018 оны 11 сарын 28-ны өдөр болон 2019 оны 4 сарын 16-наас 17-нд шилжих шөнө тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2019 оны 6 сарын 9-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 00 тоот хашаанд байх гэрт иргэн А.Д , Ц.С нарыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 6 сарын 9-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 00 тоот хашаанд байх гэрт иргэн А.Д-г согтуурсан үед хүчиндэхийг завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Ө шүүхийн хэлэлцүүлэгт: Д-г 2018 оны 10 сард 2 удаа зодсон нь үнэн. Хавар бас зодсон, мөн гэрт тоосго авч шидэж, нуруунд нь цохисон. С ах, Д хоёр шалдан давхарласан хэвтэж байхаар нь уур хүрээд галын сийлтүүр аваад зодсон. Тэгж байтал айлын хүн орж ирээд намайг аваад цагдаа дуудсан. Хийсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт: Ө-той 2 хоног хамт архи уугаад, дараа нь тэдний гэрт очоод ийм хэрэг болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж, өөртөө гутарч, ичиж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсч байна гэв.
Хохирогч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Архи хэтрүүлэн хэрэгслээс болоод ийм хэрэг болсон учраас энэ хоёр хүнийг уучилсан. Нэхэмжлэх зүйл, санал гомдол алга. Энэ хоёр хүнд ялын доод хэмжээг оноож өгнө үү гэв.
А/ Шүүгдэгч Ч.Ө-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн талаар:
1.Хохирогч А.Д-гийн: ‘’Би 2019.04.16-ны өдрийн 18 цаг 15 минутын үед хамт ажилладаг Э-ийн хамтаар 5-р цэцэрлэгээс охиноо авах гээд очиход манай охин алга байсан. Би охин О-ын ангийн багшаас асуухад ангийнх нь багш танай айлын хүн аваад явсан, дараа нь нөхөр чинь нэлээд халамцуу ирсэн гэж хэлсэн. Ингээд Мандалын 00 тоотод байх гэртээ очиход хамтран амьдрагч Ө гэртээ Мандалын 00 тоотод амьдардаг Ш гэх эмэгтэй, бас Б гэдэг хүнтэй архи задлаад ууж байсан. Би гэртээ ороод яагаад гэр эзгүйчлээд архи уугаад байгаа юм, зайл гэж Ө-д хэлсэн. Тэгтэл Ө надад хандаж хуц янхан минь, хаагуур биеэ үнэлж яваад байгаа юм, аль өглөө гэрээсээ гарсан. Мөн би борцыг чинь зарж архи ууна, гэрийг чинь шатаагаад явна гэж заналхийлж байсан. Тэгээд би охин О-ыг дагуулаад ажил руу явсан. Ажил дээрээ очоод цагдаагийн газар руу утсаар залгаад Ө гэртээ үл таних хоёр хүнтэй архи уугаад байна, гэрт ирээд зохицуулаад өгөөч гэж хэлсэн. Удалгүй цагдаагаас над руу залгаад гэрт чинь ямар нэгэн асуудал болоогүй, нөхөр чинь гэртээ ганцаараа унтаж байна гэж хэлсэн. Би ажлаа хийж дуусгаад 22.00 цагийн үед гэртээ ирэхэд манай гэр харанхуй байсан. Би гэрлээ асаатал Ө намайг хаагуур банзалдаж яваад ирж байгаа юм бэ гэхээр нь ажлаа тараад ирлээ охин бид хоёр байна гэж хэлсэн. Ө гуравуулаа ороо засаад унтая гэж хэлсэн. Тэгээд ороо засаад унтаж байтал шөнийн 01.00 цагийн үед Ө надад хандаж охиноо цаанаа ав гэж хэлсэн. Би Ө чи согтуу байна, амар гэж хэлсэн. Би орноосоо босоод бие засая гэж хэлсэн. Ө гэрэл асаа гэхээр нь гэрлээ асаангуут Ө чи хэнтэй банзалдах гээд байгаа юм, алчихна шүү гэж заналхийлээд миний толгой руу хоёр гараараа ээлжлээд алгадаад байсан. Миний толгой өвдөөд байхаар нь Ө-д толгой өвдөөд байна гэж хэлээд толгойны эм хоёр давхарлаж уусан. Ө намайг эмэнд хордож үхэх нь үү гэж хэлээд миний зүүн гарын харьтанд гэрт байсан жижиг төмөр сандлын рамаар хоёр удаа цохисон. Би Ө-д хандаж өвдөж байна шүү дээ, хавдаж байна гэж хэлэхэд багадаж байна уу гэж хэлээд миний зүүн гуя дундуур дахин нэг удаа сандлаараа цохисон. Би Ө-д намайг битгий зодолдоо, би чамд хайртай шүү дээ гэж хэлээд аргадаж, үнсэж үзсэн, цаг орчим аргадсан боловч Ө ална гээд байсан. Тэгэхээр нь би бие засая гэж Ө-д худлаа хэлж гэрээсээ гарч зугтаагаад Мандалын 7-7 тоотод айлд очиж цагдаад дуудлага өгсөн. Би цагдаагийн машинтай гэртээ очиход Ө гэрээс гарч зугтсан, охин гэртээ ганцаараа байж байсан. Ингээд охиноо аваад дуудлагаар ирсэн цагдаагийн машинтай эмнэлэгт очиж үзүүлсэн. Ө намайг 2018 оны 10 сард хоёр удаа зодсон. Эхний удаад Өлзийт сумруу мотоцикльтой намайг сундлаад явсан юм. Би урьд өдөр нь архи уугаад миний шар тайлагдахгүй хэцүү байсан. Тэр үед Ө авч явсан архинаасаа өгөхгүй байхаар нь би мотоциклиос нь үсрээд буухдаа газар унаад хэвтэж байсан чинь Ө уурлаад миний нуруунд нэг өшиглөж, тэнд байсан банзаар ашгүй банз байна гээд нуруун дундуур цохисон. Цохиулаад газраас босч чадахгүй байсан чинь намайг хүчээр босгоод мотоцикль дээр сундлаад явсан. Тэр үед миний нуруу өвдөж лент наагаад байсныг манай дүү Д мэдэж байгаа. ...Сүүлд 2018.11.28-ны өдөр 15.00 цагийн үед Мандалын 00 тоотод гэртээ байж байсан чинь хамтран амьдрагч Ө хамаатныхаа залууг гэрт дагуулж ирээд хамт архи уусан. Тэгээд дагуулж ирсэн залуу Ж-г эмчилгээнд явах гэж байгаа гэж сонсоод бантан хийж өгөөд хажууд нь сууж байтал Ө намайг Ж-тай үнсэлцлээ гэж хардсан. Тэгтэл орны дор ивсэн байсан нэг ширхэг тоосгыг гартаа аваад надруу шидсэн чинь тоосго миний биеийн баруун талын хавирга хэсгийг оносон. Би Ө-д чи яаж байгаа юм бэ гэтэл чи яаснаа санахгүй байна уу гэхээр нь би бухимдаад нөгөө тоосгыг Ө руу шидсэн чинь хажууд нь унасан. Тэгтэл Ө заазуур аваад намайг ална гээд хоолойд заазуур тулгасан. Тухайн үед би цагдаад гомдол гаргаж шалгуулж байсан чинь Ө намайг гомдлоо татаж ав, хэрэг хаалга гэж хэлсэн. Миний толгой их хөндүүр байна. Зүүн гар тэрчигээрээ өвдөж байна, зүүн гуя их өвдөж байна. Мөн Ө намайг хүүхдүүд эзгүйг ашиглаж охин бид хоёрыг элэг барьж охиныг унтаагүй байхад архи уусан үедээ охины хажууд бэлгийн харьцаанд орохыг шаарддаг. Ингэж бэлгийн харьцаанд хоёр удаа орсон. ...Надад Ө-д холбогдуулан нэхэмжлэх хохирол байхгүй. Бид хоёр эвлэрсэн. Бид хоёр одоог хүртэл нэг гэртээ амьдарч байгаа. Ө энэ хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш хүчирхийлэл үйлдэхгүй байгаа. Гэмээ ухаарсан. Өөрийнхөө алдаа дутагдалд дүгнэлт хийсэн гэж надад хэлж байсан’’ гэх мэдүүлэг /хх-26-27, 80-83/
2. Гэрч С.А-ийн: ‘’...Манайх Мандалын 00 тоотод амьдраад 5 дахь жилдээ болж байна. Энэ хашаанд 2018 оны намар Д гэдэг эмэгтэй гэртэйгээ нүүж ирсэн. Энэ хашааны эзний хамаатан нь манай нөхөр Э юм. Д нүүж ирсэн цагаас эхлээд хамтран амьдрагч Ө-той гэртээ байх хугацаандаа байнга архидан согтуурдаг болсон. 2018 ны 10 сард Д гэрээ түгжээд явсан хойгуур Ө гэртээ ирсэн. Ө шөнө дунд манай гэрт архи ууж байгаад архиа баралгүй үлдсэн архиа гэрийн хөндийд тавиад унтсан байсан. ...Тэр өдөр шөнө дунд хажуу айлын Д манай гэрт согтуу орж ирэхээр нь би гэрэл асаасан. Тэгтэл Ө-ын үлдээсэн байсан архийг Д аваад гэрээс гартал Ө Д-ийн араас гарсан. Тэгтэл Д аллаа, аваарай гэж хашхирсан. Манай нөхөр Ө-д хандаж та эмэгтэй хүнийг ингэж болохгүй ш дээ гэж хэлж байсан. Ө тэр үед Д-ийн үснээс зулгаасан юм шиг байна лээ, Д ч бас Ө-ын үснээс зулгаасан юм шиг байна лээ’’ гэх мэдүүлэг /хх-30/
3. Гэрч А.Д-ийн: ‘’2018.10.09-ний өдөр манай төрсөн эгч Д өөрийн хамтран амьдрагч Ө охин О нарын хамт манай байрны гадаа машинтай ирсэн. Би тэд нарыг ирснийг мэдээд гадаа тосч авсан. Машинаас Д гарч ирэхдээ нэг талруугаа биеэ хазайлгаад, урагшаа бөгтийгөөд дээшээ гэдийж чадахгүй байдалтай бууж ирсэн. Би мэнд мэдээд яасан юм бэ гэж Д эгчээс асуухад хөдөө богончикноос буухдаа хальтраад гэмтсэн, нуруунд юм хавчуулсан юм шиг байна гэж хэлсэн. Тухайн үед Д юм өргөж зөөх чадваргүй байсан. ....Дараа нь Ө пиво уумаар байна гээд надтай хамт дэлгүүр ороод том савалгаатай 2 ширхэг пиво аваад манай гэрт орж уусан. Би хамт пиво ууж байгаад нойлруугаа тамхи татах гээд орсон. Миний араас Д орж ирээд надад хандаж яг үнэндээ Ө намайг зодчихсон юм, бусаддаа битгий хэлээрэй, цаадах чинь өөрөө биеэ нууж байгаа шүү гээд өмсөж явсан пудболкоо дээш нь сөхөж надад өөрийнхөө зодуулсан байдлаа харуулсан. Д-ийн биеийг харахад биеийнх нь нэг тал тэрчигээрээ хөл рүүгээ хүртэл хөхөрсөн, улайсан, хавирганыхаа хажууд хавдсан байсан. Би Д-д хандаж энэ чинь юу гэсэн үг вэ, ийм аймар зодуулчихаад байхад гээд цааш ярих гэхэд Д намайг чиш гэж долоовор хуруугаараа зангаад цаадах чинь сонсчихно шүү, мэдээгүй юм шиг байгаарай гэж хэлсэн. Үүний дараа би Д-г зодуулсныг нь мэдээгүй чигээрээ амарсан. Маргааш өглөө босоод хоол унд идэж уугаад манай ээж Л-ийн гэрт би Д, Ө-ын хамтаар очсон. ...Тэгээд манай дүү нар гэрт ирлээ гээд архи гаргаж өгсөн. Тэр архийг ууж байхдаа Ө , Д нар бие биеийнхээ үгийг даахгүй муудалцаад байсан. Тэр үед Д, Ө -д хандаж яг үнэндээ чи муу хулгайч намайг зодоо биз дээ, би одоо гэрийнхэндээ чиний үнэнийг хэлчихье гээд нэг л цагт би энэ хүний гарт үрэгдэнэ шүү гэж хэлсэн. Тэгтэл Ө би та нарт үнэнээ хэлье, би Д-г зодсон нь үнэн. Энэ хөдөөнөөс ирэхэд архи уучихсан байсан, би аргадаж байгаад унтуулаад маргааш өглөө нь Өлзийт сум руу явсан, замдаа архи нэхээд байсан, би чимээгүй яваад байсан чинь Д мотоциклиос үсрээд буучихсан, би тэр үед эрүүл байсан, би хэрэгт холбогдох вий гэж айсандаа энэ хүнийг хэд хэдэн удаа өшиглөсөн гэж ярихад Д хажуунаас нь чи муу модоор цохио биз дээ, би харин ч ‘’миний толгой руу битгий цохиорой’’ гэж толгойгоо хамгаалж үлдсэн шүү гэж хэлж байсан. Би наад зодоон, цохионыхоо асуудлыг эрүүл дээрээ ярь гээд зогсоосон. Маргааш нь би Ө-д хандаж наад асуудал чинь юунд ч хүргэж магадгүй шүү, наад хүн чинь архи уудаг ч гэсэн миний эгч зүгээр зодуулаад байхгүй шүү, архи ууснаас болоод ийм асуудал үүссэн, ахиж ингэвэл би зүгээр өнгөрөөхгүй шүү О гэж хэлэхэд миний өөдөөс би энэ хүнийг өөд нь татаад сайхан амьдарна гэж хэлээд явсан’’ гэх мэдүүлэг /хх-31-33/
4. Гэрч Н.Э /Ж/-ын: ‘2018 оны 11 сард би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад Мандалын 00 тоотод Э гэдэг дүүгийнхээ гэрт нь ирсэн. Тэр гэр цоожтой байсан. Тэгэхээр нь хажуу айл болох А.Д-ийн гэрт нь ороход Д, Ө нар байсан. Д надад эмчилгээ хийлгэж ирсэн гээд шөл хийж өгсөн. Ө архи гаргаж өгөөд Дуламсүрэн, бид гурав тэр өдөр 13.00 цагийн үед архи ууж эхэлсэн. Бид гурав 2 шил архи уусан. Би уусан архиндаа согтоод гэрийнх нь баруун хэсэгт унтсан. Нэг сэрсэн чинь Д аллаа, хядлаа гэж хашхирсан. Сэрээд хартал тэр хоёр гэрийн баруун хажууд Ө Д-ийн дээр мордоод суучихсан цаашаа хараад Ө ална, хядна гээд Д-г элдвээр хэлээд хашхираад байсан. Би гэрийн хоймор хэсэгт унтаж байгаад сэрээд хөөе болиоч гэж хашхирсан. Тэр хоёр миний хэлж байгаа үгийг тоохгүй байсан. Тухайн үед би гэдсэндээ хагалгаа хийлгэж ирээд шархтай байсан болохоор тэр хоёрт ойртохоос айгаад шархаа хөндүүлчих вий гэж бодоод гараад явсан. Архи ууж байхад нэгнийгээ зодоогүй.’’ гэх мэдүүлэг /хх-83/
5.Гэрч Б.О-ын: ‘’манай ээж Д 2013 онд намайг 10 жилд суралцаж байхад Ө гэдэг хүнтэй танилцаад хамтран амьдардаг болсон. Тэгж байгаад Ө шоронд яваад Өршөөлийн хуулиар сүүлд суллагдсан. Ингээд манай ээж Ө-той нийлж архи уудаг болсон. 2018 оны 10 сард гэртээ байж байхад манай гэрт Ө , Ж гэдэг хүнийг дагуулаад архитай ирж гэрт архи уух гээд байсан. Орой ажлаа дуусгаад хашаанд ортол ээж архи уусан байдалтай байсан. Тэгээд би гэртээ ороход эмх замбараагүй байсан, миний араас ээж Д орж ирсэн. Тэгээд Ө ээжтэй хэрэлдээд байсан. Намайг баруун орон дээр сууж байхад ээж миний хажууд ирж суусан. Тэгтэл Ө ээж бид хоёрлуу гартаа заазуур аваад шидсэн. Ээж Ө-той хэрэлдэж байгаад хөөж явуулсан. Тэр үед манай ээж тоосго шидсэн гээд хөхөрсөн хэсгээ надад харуулж байсан. Тэрнээс хойш 11 сард манай ээжтэй Ө хөдөө гэрлүүгээ хамт явж байгаад гэмтээсэн байсан. Ээж надад хэлэхдээ Ө-ын мотоцикль дээр сундлаад явж байгаад буучихсан чинь Ө намайг банзаар зодсон гэж хэлж байсан. Энэ оны 4 сард дүү О-ын хамт Адаацаг суманд айлд мал төллүүлж байхад Ө зодсон гэж байсан. Яг яаж зодсоныг мэдээгүй. Хамгийн сүүлд 6 сард бас Ө-д зодуулаад цагдаагаар шалгуулсан байсан. ...Манай ээж энэ муу намайг хүсээгүй байхад бэлгийн ажил хийх гээд байна гэж хэлдэг. Ө хөдөөнөөс аймагт ирэх үед байнга л хэлж байдаг ’’ гэх мэдүүлэг /хх-84/
6.Гэрч Н.Э-ийн: ‘’2018 оны намар эхнэр хүүхдийн хамт гэртээ унтаж байхад 23.00 цагаас 00.00 цагийн хооронд манай ээжийн дүүгийн хүүхэд болох Ө манай гэрт нэг шил архитай ирээд ганцаараа ууж байгаад баралгүй манай гэрийн зүүн хойд хөндийд архи тавиад, газар ор засуулаад унтсан. Шөнө дунд 02.00 цагийн үед хажуу айлын Д гэдэг эмэгтэй орж ирсэн. Манай эхнэр гэрэл асаасан. Намайг харахад Д архи уусан байдалтай согтуу байсан. Д Ө-ыг сэрээх гэж татсаар байгаад сэрээсэн. Тэгээд Д Ө-ын хажууд байсан архийг аваад манайхаас гарсан, Ө араас нь гарсан. Нэг их удалгүй гэрийн гадаа Д аллаа гэж хашхирсан. Би гэрээсээ сандраад дээл нөмрөөд гартал манай гэрийн үүдний амбаараас баруун урд зүгт 5-6 алхамын зайд Ө Д-ийн толгойны үснээс нэг гараараа зуурчихсан байсан. Харанхуйд тэгж харагдаж байсан. Би тэр хоёр дээр очоод салгасан. Д гэрлүүгээ орсон, Ө манайд орж унтсан’’ гэх мэдүүлэг /хх-85/
7.Гэрч Р.Б-ын: ‘’2018 оны намар 10 сарын эхээр өглөө 10.00 цагийн үед манай үеэл Ө хамтран амьдрагч Д-г аваад Өлзийт сум руу хөдөө явахаар болсон. Д архи уусан бололтой халамцуу байсан. Ө , Д хоёр нэг мотоцикльтой, би нэг мотоцикльтой Өлзийт сум руу явсан. Ингээд явж байгаад аймгаас 20 орчим км-т яваад зогссон. Тэгтэл Д архи ууна гэж хэлээд байсан. Ө ганзагнаасаа нэг шил 0.75 литрийн архи гаргаж ирсэн. Тэр архийг Д-д задалж өгөхөд ганцаараа шилээр нь хөнтөрч уугаад байсан. Тэгээд явж байгаад ахиад зогстол бас Д архи нэхээд нөгөө архинаасаа 4 хуруу хэртэй үлдээгээд цаашаа хөдлөөд явсан. Д улам их согтоод Ө-ын мотоцикль дээр гуйваж дайваад, хашхираад байсан. Ө мотоциклио зогсоогоод намайг Д-г сундлаад яв гэж хэлсэн. Тэгээд сундлаад явж байтал ард гуйваж, дайваад намайг араас татаад унагачих гээд байсан. Би их удаан явж байтал Ө ирээд хүн унагаж алах нь гэж хэлээд Д-г өөрөө сундлаад явсан. Би араас нь нэг хэсэг дагаж явсан. Ө Д-г сундлаад хурдтай явж байхад нь мотоциклийн араас Д гэнэт үсэрч буугаад толгойгоороо годройтоод явчих шиг болсон. Би тэр хоёр дээр очиход Ө уурласан байсан. Тэгээд Ө Д-ийн нуруунд нь гараараа хоёр удаа цохиод нуруунд нь нэг удаа өшиглөсөн. Өөр газар нь цохиогүй. Ө цааш сундлаад явсан. Д нуруу хөдөлж болохгүй нь гээд хашхираад, орилоод явсан. Ө Д-г ямар нэгэн модоор цохиогүй, Д-ийн унасан газар ямар ч мод байгаагүй’’ гэх мэдүүлэг /хх-86-87/
8.Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албан 2019.04.18-ны өдрийн 190200112 тоот шинжээчийн дүгнэлтэд: ‘’’1.А.Д-ийн биед зүүн шанаа, зүүн бугалга, шууд зулгаралт, зүүн бугалга, шуу, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ’’ гэжээ./хх-11/
Б/ Шүүгдэгч Ч.Ө-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн талаар
1.Хохирогч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт: Ө-д зодуулсан талаараа ерөөсөө мэдэхгүй. Нэг мэдсэн эмнэлэгт ухаан алдаад ирсэн, тариа хийлгээд байж байсан. Хүүхдүүд ирчихсэн байна. Их согтуу байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Ө-оос эмнэлгийн болон Өмнөговь аймаг явсан зардал нийт 540000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.
2. Хохирогч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Унтаж байхад Ө зодоод эхэлсэн. Намайг шургуулганы таг, галын сийлтүүрээр цохисон. Надад гомдол санал байхгүй. Тухайн үед том хүү ирээд ногоон иштэй заазуур цус болсон байсныг угааж цэвэрлээд хоол хийсэн гэж хэлсэн. Заазуураар С гуайн толгойг цохисон байх гэж би ойлгосон. С гуайн толгойноос их цус гарчихсан дараад сууж байсан. Хажууд нь заазуур байсан болохоор тэгж ойлгосон. Яг заазуураар цохисоныг хараагүй гэв.
3. Гэрч С.А-ийн: ‘’Би 2019.06.09-ний өдөр 14 цагийн үед Сайнцагаан сумын 9-р багийн Мандалын 00 тоотод байх гэртээ байж байтал манай хажуу гэр буюу Ч.Ө-д согтуу хүмүүс зодолдоод байхаар нь би цагдаагийн газарт дуудлага өгсөн. Би Ч.Ө-д хүмүүс хашхиралдаад байхаар нь гэрт нь ганцаараа ороход Ө , Д , С гэх хүмүүс бүгдээрээ согтуу байсан ба Ө нь гартаа галын хайч барьчихсан Д , С нарыг зодсон бололтой байсан. Мөн Д , С нар өмд, дотоож, гутлаа тайлчихсан гэрийнхээ зүүн талд газар хамт хэвтэж байсан. Тэгээд би Ч.Ө-оос болсон асуудлын талаар тодруулахад энэ муу С Д-ийн дээр гарчихсан байж байна гээд зогсож байсан. Тухайн үед С , Ө , Д нараас өөр хүн байгаагүй. Тухайн үед Д-ийн баруун гарын сарвуу хэсгээс нь цус гарсан, нүүр нь хавдсан, 2 хөл нь хөхөрсөн бололтой байсан. С-ын зүүн гуян дээр нь юмаар цохиулсан бололтой мөр харагдаж байсан. С , Д нар нь Ө-ын эрүүл мэндэд халдаж байхыг хараагүй. ...Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ хайч гэж андуурсан байна лээ. Тэр хоёр нэлээн согтуу харагдсан. Ө бас нэлээн согтуу байсан. ...Манай 4 настай хүү гэрт орж ирээд Ө ах хүн зодсон байна, цус гарсан байна гэж надад хэлэхээр нь би тэдний гэрт орсон юм.’’ гэх мэдүүлэг /хх-136-140/
4.Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019.06.14-ний өдрийн 148 дугаар шинжээчийн дүгнэлт: ‘’А.Д-ийн биед шуу ясны хугарал, тархи доргилт, баруун гарын ядам хуруу, доод уруулд шарх, зүүн гарын долоовор хуруу, амны баруун дээд доод хэсэг, зүүн хацар, хүзүү, баруун гуя, өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд зулгаралт, баруун нүдний алимны салст, дух, зүүн чих, 2 нүдний дээд доод зовхи, зүүн шанаа эрүү, амны зүүн доод булан, доод уруул, доод уруулын дотор салст, нуруу, баруун мөр, зүүн бугалга, зүүн сарвуу, зүүн гарын эрхий хуруу, баруун гуя, шилбэ, зүүн өгзөг, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтлүүд нь ир үзүүлтэй болон хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.А.Д-ийн биед үүссэн шуу ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэг, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, зулгаралт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна’’ гэжээ. /хх-158-160/
5.Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019.06.24-ний өдрийн 150 дугаар шинжээчийн дүгнэлт: ‘’Ц.С-ын рентгэн зурагт: шуу ясны хугарал, баруун 9-р хавирганы хугарал, Үзлэгээр: дагзанд шарх, хамар, зүүн хацар, зүүн чих, зүүн шуу, сарвуу долоовор, дунд, чигчий хуруу, зүүн гуя, зүүн өгзөгт зулгаралт, баруун доод зовхи, баруун зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтлүүд нь тухайн бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна’’ гэжээ. /хх-184-186/
В/ Шүүгдэгч Ц.С-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн талаар:
1. Хохирогч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Хүчиндэхийг завсан гэдэг асуудал дээр миний хувьд их согтуу байсан. Өөрөө сайн мэдэхгүй байгаа учраас хэлэх зүйл алга. Тухайн үед би хувцастайгаа унтсан. Тэгсэн шармай шалдан байсан гэдгийг хажуу айлын хүн А хэлсэн. Тухайн үед шалдан байснаа мэдээгүй. Одоогоор нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. С гуай өөрөө уучлалт гуйсан учраас өөрт нь гомдолгүй гэдгээ хэлсэн. Мөн зохих ёсны тусламж, 2 тооны мал авчирч өгсөн. Одоо баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй. С гуайн талаас миний биед учруулсан гэмтэл байхгүй. Согтуу архи уусан байсан учраас бэлгийн харьцаанд орсон эсэхийг мэдэхгүй байгаа. Тухайн үед хамтран амьдрагч Ө болиочээ гэхээр чинь харсан чинь С гуай дээр чинь гарсан байсан гэж хэлж байсан гэв.
2. Гэрч С.А-ийн: ‘’ Би Ч.Ө-д хүмүүс хашхиралдаад байхаар нь гэрт нь ганцаараа ороход Ө , Д , С гэх хүмүүс бүгдээрээ согтуу байсан. Мөн Д , С нар өмд, дотоож, гутлаа тайлчихсан гэрийнхээ зүүн талд газар хамт хэвтэж байсан. Тэгээд би Ч.Ө-оос болсон асуудлын талаар тодруулж асуухад энэ муу С Д-ийн дээр гарчихсан байж байна гээд зогсож байсан. Тухайн үед С , Ө , Д нараас өөр хүн байгаагүй. ...А.Д гэрийн зүүн талд газар толгойгоо хойшоо харуулсан байдалтай дээгүүрээ гэдэс нь ил гарсан хөхний даруулгатай, доогуураа дотоожгүй шалдан байсан харин хажуу талд нь С гэх хүн бас дотоожгүй шалдан газар зэрэгцээд хэвтэж байсан. ....Д ахыгаа ав гэсэн, тэрнээс хүчиндүүлсэн талаар огт юм хэлээгүй. Д, С нарыг бэлгийн харьцаанд орж байхыг хараагүй, шалдан байгааг нь харсан’’ гэх мэдүүлэг /хх-139-140/
3. Гэрч Ч.Ө-ын: ‘’2019.06.09-ний өдөр манай эхнэр Д, С бид нар хамтдаа 11 цагийн үед манай гэрт 0.5 литрийн багтаамжтай 2 шил архи хувааж уусан юм. Тэгээд С манай зүүн гэрт ороод унтахаар нь би бас нэлээд халамцсан байсан болохоор гэрийнхээ зүүн орны хажуугаар газар унтсан. Хэсэг унтаж байгаад сэрэхэд манай эхнэр А.Д болиоч гээд байх шиг байсан. Тэгээд би босоод иртэл манай гэрийн зүүн орон дээр С манай эхнэр Д-ийн дээр нь гарчихсан өмд, гутал, дотоожоо бүгдийг тайлчихсан бэлэг эрхтэнээ манай эхнэрийн эрхтэн рүү нь хийчихсэн хөдлөөд хүчиндэж байсан. Яг тухайн үед С дур тавьсан эсэхийг мэдэхгүй. Тэгэхээр нь би зуухны хажууд байсан галын сийлтүүр аваад С-ын хөл, гар, толгой хэсэгт нь цохисон. Би Д-д хандаж арчаагүй новш ашиглуулсан гээд уурлаад мөн хөл, гар, толгой хэсэгт нь галын сийлтүүрээр цохисон. Д , С нар миний эрүүл мэндэд халдаагүй. Тухайн үед бидний хажууд өөр хэн нэгэн хүн байгаагүй. Д-гийн нүүр хавдсан, С-т ямар гэмтэл учирсаныг мэдээгүй’’ гэх мэдүүлэг /хх-141-142, 143-144/
4. Гэрч Г.Ү-ийн: ‘’С гэх хүн манай төрсөн ээж Ц гэх хүний төрсөн ах нь байгаа юм. Миний нагац ах гэсэн үг. Энэ хүн эхнэр хүүхэд байхгүй ганцаараа амьдардаг бид нар харж ханддаг юм. Би орой 20 цагийн үед Б эгчээс утсаар сонсоод тэгээд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн тасагт очиж С ахтай уулзсан юм. Тухайн хүний архи нь гарч байсан, нилээн архи үнэртэж байсан юм. Тэгээд надад С ах хэлэхдээ Ө гэх хүн намайг эхнэртэйгээ хардаад тэгээд зодсон. Миний толгой руу цохиод авсан, тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Тэр эхнэр Д нь архи ууж байхад намайг өдөөд алцагнаад юм яриад, мөнгө төгрөг байна уу гээд асуугаад байсан. Тэгээд өөрөө хувцасаа тайлаад өвөрт нь ороод ирсэн, тэгээд тэр хүүхэнтэй унтах гэж байтал нөхөр нь цохиод авсан гэж ярьсан. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Би бодохдоо тэр хүнтэй тохиролцоод унтах гэж байсан юм байна гэж ойлгосон юм’’ гэх мэдүүлэг /хх-148-149/
5.Хохирогч А.Д-г гэрч Ч.Ө-той нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-151-152/
6.Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019.06.21-ний өдрийн 146 дугаар шинжээчийн дүгнэлт: ‘’А.Д-ийн үтрээ болон шулуун гэдсэнд үрийн шингэн болон эр бэлгийн эс илрээгүй байна. Тухайн цаг хугацаанд хурьцал үйлдсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. 4. А.Д-ийн бэлэг эрхтэн орчим гэмтэл тогтоогдоогүй. 5. А.Д нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна. Тэмбүү өвчин нь 2-р үе шатандаа байна. Өвчилсөн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй’’ гэжээ. /хх-170-172/
7.Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019.06.24-ний өдрийн 150 дугаар шинжээчийн дүгнэлт: ‘’1.Ц.С-ын бэлэг эрхтэнд ямар нэгэн өөрчлөлт байхгүй байна. 2.Ц.С нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. 3.Ц.С нь О /I/ бүлгийн цустай байна. 4.Ц.С нь хурьцал үйлдэх чадвартай байна’’ гэжээ. /хх-177-178/
8.Бактериологийн лабораторид шинжилгээ хийлгэх 4174 тоот илгээх бичиг /хх-179/
9.Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019.08.29-ний өдрийн 206 дугаар шинжээчийн дүгнэлт: ‘’Ц.С нь бэлгийн замын халдварт өвчингүй байна’’ гэжээ. /хх-192/
10.Шинжээч Д.Д-гийн: ‘’Бэлгийн замын халдварт тэмбүү өвчний халдварын нууц нь 3-4 долоо хоног байдаг. Халдвар авсанаас хойш 3-4 долоо хоногийн дараа халдварын анхны шинж тэмдэг нь тухайн халдвар авсан хүндээ илэрдэг. Шинжээч эмчийн 150, 206 дугаартай дүгнэлтэд бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. Эдгээр шинжилгээ нь хоорондоо 2 сарын хугацаатай хийсэн байсан.’’ гэх мэдүүлэг /хх-204/
11.Шинжээч Д.Д-ийн: ‘’Шинжээч эмчийн 2019.06.21-ний өдрийн 146 дугаартай дүгнэлтээр А.Д-ийн биед бэлгийн замын халдварт тэмбүү өвчний хоёр дугаар үе шатандаа байна гэж тогтоогдсон. Шинжлүүлэгч Ц.С-ын биед бэлгийн замын халдварт тэмбүү өвчин байгаа эсэх талаар 2019.06.12-ны өдөр, 2019.08.21-ний өдрүүдэд шинжилгээ авч дүгнэлт гаргахдаа эдгээр дүгнэлтүүдэд бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. Хэрэв Ц.С нь А.Д-тэй бэлгийн харилцаанд орсон байсан бол 2019.06.21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байсан ч 2019.08.29-ний өдрийн шинжээч эмчийн дүгнэлтээр бэлгийн замын халдвар тэмбүү өвчин илрэх байсан. Илрээгүй байгаа нь Ц.С нь А.Д-тэй бэлгийн харилцаанд ороогүй байх боломжтой... ’’ гэх мэдүүлэг /хх-208/
12. Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-115/
13.Хэрэгт цугларсан бусад баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.
Гэм буруугийн асуудал, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээрхи баримтуудаар шүүгдэгч Ч.Ө нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч А.Д-г 2018 оны 10 сард 2 удаа, мөн 2018 оны 11 сарын 28-ны өдөр болон 2019 оны 4 сарын 16-наас 17-нд шилжих шөнө тус тус зодсон, 2019 оны 6 сарын 9-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 00 тоот хашаанд байх гэрт иргэн А.Д , Ц.С нарыг зодсон,
шүүгдэгч А.С нь 2019 оны 6 сарын 9-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 00 тоот хашаанд байх гэрт иргэн А.Д-г согтуу унтаж байх үед нь хүчиндэхийг завдсан үйл явдлууд болсон болох нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Ө-ын 2019 оны 6 сарын 9-ний өдрийн үйлдлийн улмаас хохирогч А.Д, Ц.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шинжээчийн 148 /хх-ийн 158-160-рт/, 150 /хх-ийн 184-186-рт/ дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
А/ Хохирогч А.Д нь 2018 оны 10 сард 2 удаа, мөн 2018 оны 11 сарын 28-ны өдөр болон 2019 оны 4 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Ч.Ө-д тус тус зодуулсаны улмаас эрүүл мэндэд гэмтэл учирсан боловч уг гэмтэлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь шинжээчийн 190200112 /хх-ийн 11-рт/ дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ч.Ө-х, хохирогч А.Д нар нь хамтран амьдардаг болох нь тэдний мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч А.Д нь шүүгдэгч Ч.Ө-д зодуулсон 4 удаагийн үйлдэлийн улмаас түүний биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагчаа зодсон нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Шүүгдэгч Ч.Ө нь 4 удаагийн үйлдлээр хохирогч А.Д-г зодсон бөгөөд эдгээр үйлдлийн алинд нь ч Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулж байгаагүй байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 2018 оны 10 сард 2 удаа зодсон нь гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл биш гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайлбал: шүүгдэгч Ч.Ө нь 2018 оны 10 сараас эхлэн 2019 оны 04 сарын 16-17-нд шилжих шөнө хүртэл үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэх бөгөөд дээрхи 4 удаагийн хохирогч А.Д-г зодсон үйлдлээс аль нэг үйлдлийг нь салгаж зүйлчлэх боломжгүй үргэлжилсэн үйлдэл байна.
Б./ Шүүгдэгч Ч.Ө нь 2019 оны 06 дугаар сарын 9-ний өдөр хамтран амьдрагч А.Д болон Ц.С нарыг зодсоны улмаас тэдний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, уг гэмт хэргийг шүүгдэгч Ч.Ө үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Энэ нь шүүгдэгч Ч.Ө-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
В./ Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хохирогч А.Д-г согтууруулах ундаа хэрэглэсний улмаас биеэ хамгаалах чадваргүй байх үед нь хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Тухайн үйл явдал болох үед шүүгдэгч Ц.С, хохирогч А.Д түүний хамтран амьдрагч Ч.Ө нар хэрэг учрал болсон гэх гэрт байсан бөгөөд Ч.Ө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Тэгээд би босоод иртэл манай гэрийн зүүн орон дээр С манай эхнэр Д-ийн дээр нь гарчихсан өмд, гутал, дотоожоо бүгдийг тайлчихсан бэлэг эрхтэнээ манай эхнэрийн эрхтэн рүү нь хийчихсэн хөдлөөд хүчиндэж байсан...” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч Ц.С болон хохирогч А.Д нар нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрхи үйлдлийн талаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас санахгүй байна гэж мэдүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Ө-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг шалгах зорилгоор тодорхой ажиллагаануудыг хийсэн боловч шүүгдэгч Ц.С нь хохирогч А.Д-г хүчиндсэн гэдэг нь нотлогдоогүй, харин бэлгийн харилцаанд орохыг завдсан буюу шүүгдэгч нь өөрийнхөө болон хохирогчийн өмд, дотуур өмдийг тайлсан, биеийн доод хэсгээрээ нүцгэн байсан талаар гэрч С.А, Ч.Ө, хохирогч А.Д нар тус тус мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл хохирогч А.Д-д хийсэн шинжилгээгээр түүний үтрээ болон шулуун гэдсэнд үрийн шингэн болон эр бэлгийн эс илрээгүй, тэмбүү өвчин илэрсэн, шүүгдэгч Ц.С-т хийсэн 2 удаагийн шинжилгээгээр тэмбүү өвчин илрээгүй бөгөөд энэ нь түүнийг хохирогч А.Д-тэй бэлгийн харилцаанд орсон эсэхэд эргэлзээ төрүүлэх үндэслэл болж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасан бөгөөд дээрх баримтуудаар шүүгдэгч Ц.С нь хохирогч А.Д-г согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүчиндэх /бэлгийн харьцаанд орох/-ийг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ч.Ө-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу хамтран амьдрагч А.Д-г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч Ц.С-ыг бусдыг согтуурсаны улмаас биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндэх /бэлгийн харьцаанд орох/ гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ч.Ө-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар, шүүгдэгч Ц.С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Ө хохирогч Ц.С-т гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь болон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гарахад хохирогч нарын зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгдэгч Ч.С, Ч.Ө нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.Ө нь урьд Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2004.04.09-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаараар хорих ялаар тогтоож /2-р хх-16-19/ шийдвэрлэснийг Өршөөл үзүүлэх комиссын 2006.07.01-ний өдрийн 308 дугаар тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг баримтлан Ч.Ө-ын эдлээгүй үлдсэн 2 жил 11 сарын 28 хоногийн хорих ялыг өршөөн хасч /2-р хх-20-21/;
Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008.05.22-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн Ч.Ө-ийн биечлэн эдлэх ялыг 3 жил 4 сарын хугацаараар хорих ялаар тогтоож /2-р хх-16-19/ шийдвэрлэснийг Баянзүрх дүүгийн шүүхийн шүүгчийн 2009.12.30-ны өдрийн 26 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.1-д зааснаар Б.Ө-хын эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 24 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж; /2-р хх-20-21/
Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012.01.30-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж шийтгэснийг /хх-48-52/; Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015.11.05-ны өдрийн 297 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын хорих ялыг өршөөн хасч /2-р хх-29-30/ тус тус шийдвэрлэсэн байна.
Иймд шүүгдэгч Ч.Ө-д Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ‘’шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно’’ гэж заасныг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Ө-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Ө нь шүүх хуралдаанд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: Шүүгдэгч Ч.Ө-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж заасан байна.
Гэвч шүүгдэгч Ч.Ө-ийн үйлдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүний эрүүл мэндэд санаатай хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргүүд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй гэж заажээ.
Шүүгдэгч Ч.Ө нь 2019 оны 11 сарын 28-ны өдрөөс 11 сарын 29-ний өдрийг хүртэл 1 хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцно.
Шүүгдэгч Ц.С нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.С-т тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчилсөн нөхцөлд хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Ө нь хохирогч Ц.С-т 540000 төгрөг төлсөн, хохирогч А.Д , Ц.С нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ө-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн иштэй төмөр заазуур 1 ширхэг, төмөр нарийн хэлбэртэй сийлтүүр 1 ширхэг, гал тогооны шүүгээний модон таг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Чонос овгийн Ч-ийн Ө-ыг хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг, шүүгдэгч Сүүл овгийн Ц-ийн С-ыг бусдыг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчиндэх /бэлгийн харьцаанд орох/-ийг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн Тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.С-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Ч.Ө-д Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6/ зургаан/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.С-т тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчилсөн нөхцөлд хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
7. Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Ө нь хохирогч Ц.С-т 540000 /таван зуун дөчин мянган/ төгрөг төлсөн, хохирогч А.Д , Ц.С нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар 2019 оны 6 сарын 14-ний өдөр хураан авсан ногоон өнгийн иштэй төмөр заазуур 1 ширхэг, төмөр нарийн хэлбэртэй сийлтүүр 1 ширхэг, гал тогооны шүүгээний модон таг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ө-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авсугай.
10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдав.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ