Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 107

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Хохирогч Б.У

Шүүгдэгч Б.А, Ж.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А , Ж.Б  нарт холбогдох эрүүгийн 1922001950131 тоот хэргийг 2019 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Жамъян овгийн Б-ын А

 

Шүүгдэгч: Хар ямаат овгийн Ж-ны Б

 

Шүүгдэгч Б.А , Ж.Б  нар нь бүлэглэн, 2019 оны 7 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дундговь аймгийн Өндөршил сумын 2 дугаар багийн нутаг ‘’У’’ гэх газарт Б.У-ын биед халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.Шүүгдэгч Б.А  шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 7 сарын 16-ны шөнө Өндөршил сумаас баруун тийш найзуудтайгаа байж байгаад У-ын ангийнхан дээр Б  гэдэг залуутай уулзах гэж очсон. Б-тэй овооных нь ард уулзаж байгаад муудалцаад буцаад явсан. Найзууд дээрээ ирчихээд буцаад У-ын ангийнхантай эвлэрье гэж бодож очсон. Бид нар болон тэд уусан байсан. Эвлэрээд юм ярьж сууж байгаад хоорондоо маргалдаж, муудалцаж байгаад Уранбатыг нэг алгадаад нэг өвдөглөсөн. Д, Б хоёр намайг салгаад аваад явсан” гэв.

2. Шүүгдэгч Ж.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 7 сарын 16-наас 17-ныг шилжих шөнө Өндөршил сумаас баруун урагш найзуудтайгаа нийлж байж байгаад шөнө унтаж байгаад сэрэхэд А , Д  нар ирчихээд явах гэж байхаар нь би хамт явсан. Өндөршил сумаас урагшаа 6 км орчимд байх айлд очсон. Тэнд архи ууж байгаад муудалцсан. Зодоон болоод байхаар нь А-г  Д  бид хоёр салгаад хохирогчийг сумын төв рүү явуулсан. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

3. Хохирогч Б.У  шүүхийн хэлэлцүүлэгт: Тэр өдөр наадам тараад найзуудтайгаа байж байсан. Ангийн хүүхдүүд Н-ийнх рүү очъё гээд 3 найзаараа ангийнхан дээрээ хүргүүлээд Н-ийнх рүү явсан. Н-ийнд очоод гэдэс өвдөөд байсан болохоор нь нойл явчихаад буцаад ирэхэд Б-ийг хүнтэй уулзаж байгаа гэж байсан. Дахиж нойл орчихоод ирэхэд хүмүүс нь явсан байсан ба дахиад гэдэс өвдөхөөр нь бие засчихаад нойлоос буцаад явж байхад манай ангийн У ирж авсан. У-тай гэрийн гадаа очиход олон хүн байсан. Дунд нь ороод мотоцикльтой зогсоход нэг нь намайг араас цохьсон. Тэрнээс цааш үйл явдлаа санахгүй байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Эмнэлэгт байхад эцэг, эх хоёр хоол зөөж байсан унааны зардал болон эмчилгээний бусад зардлаа нэхэмжилнэ гэв.

4. Гэрч Ө.О-ийн: “...Тэр өдөр манай ангийн 10 хүүхэд сумын төв дээр нийлээд Н  гэх ангийнхаа охиныд хөдөө гэрт нь очихоор болсон юм. Тэднийд 22 цагийн үед очиход Н  өөрийн найз залуу Н-тэй хамт байсан. Тэднийд хоол хийж идээд, юм яриад сууж байтал 12 цагийн үед манай ангийн Т  утсаар яриад сумын төвөөс ирээд аваач гэсэн. Тэгээд С, У , Ц , А  нар сум руу яваад удалгүй буцаад Т-ыг аваагүй ирсэн ба тэр дөрөвийг дагаад нэг мотоцикльтой 3 залуу ирсэн. Тэр гурав гэрийн гадаа Б , У  нартай уулзчихаад бага зэрэг муудах шиг болоод буцаад тэр нар яваад өгсөн. Тэгтэл 03 цагийн үед эргээд 2 мотоцикльтой тавуулаа болоод ирсэн. Ирчихээд хөвгүүдээ дууд гээд байхаар нь манай ангийн хөвгүүд гадаа гарсан ба муудалцаад байх шиг байсан. Тэгээд С  бид хоёр гэрээс гараад хартал У  мотоциклийн хажууд ухаан алдсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь хөвгүүдийг гуйгаад гэрт оруулсан. Гэрт ороод удалгүй байж байтал А  гэх сүүлд ирсэн залуу араас гэрт орж ирээд У-ыг нуруу руу нь 2-3 удаа өшиглөсөн. Тухайн үед У  таталт өгөөд байх шиг байхаар нь сум руу аваад явсан. Тухайн үед Н , Н , Б , У , О , У , У , Ц , А , А  бид нараас гадна тэнд сүүлд 5 залуу, нийт 17 хүн байсан. ...А  гэх залуу агсам тавиад манай ангийн хөвгүүдийг цохиод байсан. У зодуулснаас болж ухаан алдсан байх. Манай ангийнхан бүгдээрээ 6 ширхэг 2.5 литрийн пиво уусан байсан. Нөгөө 5 залуу бас архи уусан байсан....” гэх мэдүүлэг  /хх-6/

5. Гэрч О.У-ын: “...Н-д 22 цагийн үед очсон. Манай ангийн 11 хүүхэд болон Н-ийн нөхөр Н  гээд нийт 12-уулаа байсан. Тэднийд очоод байж байтал Т  намайг сумын төвөөс ирээд аваач гэж ярьсан ба түүнийг авчирхаар С , А , Ц  бид 4 хамт явсан. Тэгээд сумын төвийн урд овоон дээр хүлээж байтал нэг мотоцикльтой 3-н хүн ирсэн нь А , Т  болон танихгүй 1 залуу байсан. А  шууд бууж ирээд үгийн зөрүүгүй намайг баруун гараараа зүүн шанаа руу болон толгой руу бас нэг удаа цохисон. Намайг манай ангийнхан дээр дагуулж оч гэж зодсон. Тэгэхээр нь би хөдөлж яваад Н-ийнд ирэхэд араас тэр гурав дагаад ирсэн. Ирээд Б-тэй гэрийн гадаа уулзаад бас цохиод зодоод байсан. Тэгээд бид хэд салгаад учраа олоод тэр 3 буцаад яваад өгсөн. Тэгээд манай ангийнхан сууж байтал 5-уулаа болоод 2 мотоцикльтой ирсэн. Ирчихээд А гэх залуу нь манай ангийн банди нарыг гаргаад ир гэсэн. Тэгсэн манай ангийн банди нар гараад очтол А  намайг У  гэдэг залуугаа олж ир гэсэн. Тэгэхээр нь У  бие засч байхаар нь дуудаад авчиртал А  гэх залуу өшиглөж унагаад зодож, өшиглөөд байсан. Тухайн үед А  нь намайг барьчихаад тавихгүй байсан. Тэгтэл У  ухаан алдсан байхаар нь гэрт оруулсан. Тэгээд ухаан орохгүй байхаар нь машинд суулгаад сум руу авч явсан. Тэгтэл араас А  нь мотоцикльтой хөөгөөд урдуур хөндөлдөж зогсоод явуулахгүй байсан. Мотоцикльтой явж байсан С , А  нарыг бас нэг удаа жийсэн. Тэгээд суман дээр ирцгээсэн. Сүүлд ирсэн гэх тэр таван хүний нэг нь У-ыг бас нэг удаа хүзүүний ар хэсэг рүү нь цохисон. Тэр залуу дээлтэй байсан. У тухайн үед ухаан алдсан, бусад нь гайгүй байсан. А манай ангийн бүх банди нарыг цохиод байсан. Манай ангийнхан бүгдээрээ 6 ширхэг 2,5 литрийн пиво уусан байсан. Сүүлд ирсэн тэр 5-н хүн бас архи уусан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...А толгой, цээж, хэвлий, нуруу руу нь 7-8 удаа өшиглөсөн. Б  гэдэг нь 1 удаа толгойн ар хэсэг рүү нь баруун гараараа цохьсон... ” гэх мэдүүлэг  /хх-7, 53-54/

6. Гэрч Б.А-ийн: ‘’...Тэр өдөр манай ангийн 10 хүүхэд сумын төв дээр нийлээд Н  гэх ангийнхаа охиныд хөдөө гэрт нь очихоор болсон юм. Тэднийд 22 цаг өнгөрөөгөөд очиход Н  өөрийн найз залуу Н-тэй хамт байсан. Тэднийд хоол хийж идээд, пиво уугаад, юм яриад сууж байтал 00 цагийн үед манай ангийн Т  утсаар яриад сумын төвөөс ирээд аваач гэсэн. Тэгээд С , У , Ц , А  нар сум руу яваад удалгүй буцаж ирэхдээ Т-ыг аваагүй ирсэн. Тэгтэл тэр дөрвийг дагаад 1 мотоцикльтой 3-н залуу ирсэн. Тэр гурав Б-тэй уулзчихаад яваад өгсөн. Тэгээд бид нар байж байтал 5-уулаа болоод 2 мотоцикльтой эргэж ирээд гэрийн гадаа хөвгүүдтэй уулзаад байсан. Тэгээд гадаа гартал У ухаан алдсан хэвтэж байсан. Тэгэхээр нь манай ангийн хүүхдүүд машинд суулгаж аваад сум руу авч явсан. Би О , Н , Н  нартай үлдээд араас нь явсан. Бид нарыг суман дээр ирэхэд У-ыг эмнэлэгт хэвтүүлсэн байсан. Тэд нарыг ямар зорилгоор ирснийг нь мэдээгүй. Хөвгүүдтэй уулзаад байсан. Эхлээд ирэхдээ Б-тэй уулзах гэж ирсэн гэж байсан....’’ гэх мэдүүлэг /хх-8/

7. Гэрч Б.Б-ийн: ‘’ У  гэрт орж ирээд Б  чамтай гадаа хун уулзья гэж байна гэхээр нь гартал тэр гурав байсан. Тэгээд А-тай уулзсан. Бид 2 нэг цэргийн ангид алба хаасан учир тэр талаараа ярилцаж байгаад намайг 5-6 удаа гараараа цохиод байсан. Тухайн үед Б  хориод байсан. Тэгээд гар бариад би ингэе гэж ирээгүй шүү, уучлаарай гэж А  хэлээд тэр гурав буцаад яваад өгсөн. Тэгээд ангиараа сууж байтал 02 цаг өнгөрөөгөөд буцаад 5-уул болчихсон 2 мотоцикльтой хүрээд ирсэн. А  гэх залуу нь эр хүйстэй болгоноо гаргаад ир гээд байхаар нь хөвгүүд гадаа гарсан. Гадаа гараад сууж байтал нэг танихгүй хамт ирсэн хүн нь архи пиво гаргаад ирсэн. Хэдүүлээ энийг уугаад сайхан танилцаад салцгаая гэж А , А  нар хэлж байсан. Архийг нь тойруулж уугаад байж байтал А  бид нарыг У  гэдэг чинь хаана байна, аваад ир гээд байсан. У-ыг У-ыг олж ир гээд А  нэг удаа цохьтол У  за би олоод ирье гээд босоод явтал У  овооны цаанаас ирж байсан. У-ыг иртэл А  шууд зүүн шанаа руу нь цохиод ахиад нэг удаа цээж рүү нь өшиглөтөл У  газар унаад өгсөн. Тэгтэл Б  боль гээд А-г салгаад цааш нь аваад явсан чинь А  ахиж гүйж ирээд У-ыг газар уначихсан байхад нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь Б  ахиад салгатал А  У-ыг татаад дээшээ бос гээд байх шиг байсан. Тэгтэл А  ахиж ирээд У-ыг өшиглөөд байсан. Тэгээд У , О  2 У-ыг ухаан алдчихлаа гээд гэрт оруулсан. Гэрт оруулаад хэвтүүлээд байж байтал А  гэрт орж ирээд ахиад өшиглөсөн. Тэгээд А-г салгаад гадаа гаргачихаад У-ыг сум руу авч явсан. Сумын төв рүү явж байхад А  мотоцикльтой урдуур орж ирээд хашаад байсан. Тэгээд А-аас салаад эмнэлэг дээр ирсэн. ’’ гэх мэдүүлэг /хх-9-10/

8. Гэрч У.Б-ийн: ‘’ Тэр өдөр сумын наадам болж байсан ба сумын төвд А  гэх таньдаг гурван залуутай хамт явж байсан. Тэд нар Өлзийт сум явах гэж байгаа гэхээр нь гаргаж өгөх гээд сумын төвөөс баруун тийш гарсан юм. Орой болтол архи, пиво ууж байгаад өнөөдөр клубт бүжигтэй гэсэн. Тэрэнд орчихоод явъя гээд буцаад сумын төв рүү орсон. Тэгтэл кпубт юм болоогүй байхаар нь эргээд хөдөө гарч ууж байтал А  Б  гэх манай сумын залуутай уулзмаар байна гэхээр нь би дараа уулз, одоо хэрэггүй гэтэл нэг ирснийх уулзчихаад явъя гээд байсан. Б , А  бид 3 нэг цэргийн ангид алба хаасан юм. Тэгтэл Б-ийн ангийнхан сумын төвийн урд байгаа гэж сонсоод А  бас нэг танихгүй залуу бид 3 сумын төвийн урд овоон дээр иртэл Б-ийн ангийн Ц , С , У , А  нар байж байсан. Тэгтэл А бууж очоод У-ыг нэг өшиглөөд нэг цохиод авсан. Тэгэхээр нь би боль гээд салгасан. Тэгээд А , У  нар юм яриад зогсож байгаад Б-ийг Н-ийнд байгаа гэж сонсоод тэднийх рүү явцгаасан. Тэднийд очоод гэрийнх нь ард зогсоод Б-ийг дуудаж уулзсан. Тэгтэл А Б-ийг нилээн хэдэн удаа цохиод авахаар нь би салгасан. Тэгээд тэр 2 юм ярьж байгаад А , А-тай бас уулзаад байсан. Тэгээд А  гэрлүү ортол А  араас нь очиж байснаа замд О  гэх залууг бас хэд хэд цохиод автал бид хоёртой хамт явсан танихгүй залуу А-г салгаад явъя гэсэн. Тэгээд бид 3 сум руу явсан. Сум руу ойртож иртэл А , Т  нар өөдөөс ирсэн. Тэгтэл А Н-ийнх рүү эргэж явъя гээд байсан чинь Т  явах хэрэггүй гээд байсан. Тэгээд сумын баруун талд байсан газраа ирсэн. Тэнд Т  унтаад өгсөн. Тэгтэл А  ахиад тэр хэд дээр очьё гээд нэг шил архи болон нэг пиво аваад хамт очиж уугаад уучлалт гуйя гээд хамт байсан танихгүй залуутай сундлаад явсан. Араас нь А  бид хоёр явсан. Тэнд очоод хөвгүүдийг нь дуудаж гаргаж ирээд тойрч суугаад архи уусан. А  өөр эр хүйстэй хүн байгаа юм уу гэтэл У  нь У  байгаа гэсэн. Тэгтэл А  У-ийг У-аа олоод ир гээд байсан. Тэгж байтал У  гараад ирсэн. У  У-ыг дагуулаад иртэл А У-ыг цохиод автал У ойчоод өгсөн. Тэгээд нуруу хавь руу нь нэг өшиглөсөн. Тэгэхээр нь би А-г салгаад байж байтал А  нь надтай муудалцаад барилцаж аваад байж байтал хүмүүс салгасан. Тэр хооронд А  гэр лүү орчихсон байхаар нь би араас нь ороод А-г боль гэж хэлээд А-г гаргасан. Тэгээд У-ыг яасан юм гэтэл татаад байна гэж байсан. Тэгэхээр нь яаралтай сум руу эмнэлэгт хүргэж өг гээд Б-ийн машинд ангийнхан нь суулгаад явуулсан.Тэгээд би араас нь бас нэг залуутай сундлаад явсан.’’ гэх мэдүүлэг /хх-11, 51-52/

9. Гэрч А.Д-ийн ‘’ Тэр өдөр Б , А , Б , Т , Ц , Б  бид нар архи пиво ууж сууж байгаад намайг бие засаад иртэл А  урагшаа хүнтэй уулзчихаад ирье гээд Б , А , бид 3 сумын төвийн урд овоон дээр очтол У  болон 3 охин байсан. Тэнд А  У-тай юм ярьж байгаад 2 удаа алгадсан. Тэгээд тэнд эвлэрээд урагшаа нэг айлд тэд нартай хамт очихоор явсан. Тэнд А Б-эй уулзаад байсан. Би тэгэхэд мотоцикль дээрээ байсан. Тэнд А Б-ийг нэг удаа алгадсан. Тэгээд юм ярьж байгаа эвлэрээд бид 3 яваад өгсөн. Тэр айлд Б-ийн ангийнхан нийлж байсан юм шиг байна лээ. Бид 2 эргээд сумын баруун талд нөгөө үлдсэн хэд дээрээ ирээд ахиад ууж идээд юм яриад сууж байгаад эргээд нөгөө айл руугаа А , А , Б , Б бид 5 очсон. Тэнд очоод гэрийнх нь гадаа хөвгүүдтэй нь ууж сууж байгаад У  гэх залуу нь бие засчихаад ирж байсан ба тэрнээс хойш муудалцаж эхэлсэн. У  ирээд яах гэж яваа хүмүүс вэ гэтэл А  У-ыг нэг өшиглөөд бас нэг удаа өвдөглөсөн. Тэгээд А  У-тай муудалцаад байсан. Тэгэхээр нь би А-г салгаж авсан. Тэгээд салчихаад сум руу явцгаасан. Тэд нар машинтай А бид 2 мотоцикпьтой явсан’’ гэх мэдүүлэг /хх-13/

10. Гэрч Б.А-ийн ‘’ Тухайн өдөр би аймгийн төвд байж байгаад Өндөршил сумын наадамд барилдахаар ирсэн юм. Орой нь найзуудыгаа гаргаж өгөөд сумын төвийн баруунтаа байж байгаад манай найз болох А , Б  гэх залуутай очиж уулзъя гээд сумын төвөөс урагш яваад нэг айлд очоод пиво ууж сууж байгаад муудалцацгаасан юм. Би тухайн үед их согтсон байсан учраас болсон явдлыг сайн мэдэхгүй байгаа юм. Тухайн үед би найз болох А , Т , Д , Б  гэх залуустай дөрвүүл очсон. Тэр айлд эрэгтэй, эмэгтэй нийлсэн 10 орчим хүн байсан. Тэнд Өндөршил сумын У , У , А , А , Б , С , У  нар болон өөр танихгүй хүмүүс байсан. Юунаас болж муудалцсанаа мэдэхгүй байна’’ гэх мэдүүлэг /хх-16/

11. Гэрч Х.У-ийн: ‘’Тухайн өдөр манай сумын наадам болсон ба манай ангийнхан нийлээд сумын төвөөс 6-7 км-т байх Н  гэх ангийнхаа охиныд 22 цагийн үед 10-уулаа очсон. Тэднийд байж байтал Өлзийт сумын А гэх зүс таних залуу гурван найзын хамт 2 мотоцикльтой Н-д ирсэн. Тэр 4 ирчихээд манай ангийн Б-тэй уулзчихаад яваад өгсөн. Тэгээд 1 цаг орчмын дараа тэр 4 эргэж ирчихээд манай ангийн банди нарыг гадаа дуудаад байсан. Тэгээд манай ангийнхныг гадаа гаргачихаад дээрэлхээд цохиод байсан. Тэр 4-ийн нэг нь болох А  нь манай ангийн У-ыг олоод ир гээд байсан. Тухайн үед У  нойл орсон байсан. Тэгээд У  иртэл А  У-ыг шууд өшиглөөд эхэлсэн. Тухайн үед бид нар салгах гээд чадаагүй. У  тэгэхэд гадаа байхад ухаан алдсан ба Н-ийн гэрт нь оруулсан чинь А  араас нь орж ирээд гэдэс рүү нь 2 удаа өшиглөсөн. Тухайн үед А-тай хамт явж байсан 3-н залуу нь А-г хориод байсан. Тэгээд манай ангийнхан У-ыг сумын төв рүү эмнэлэг рүү аваад явсан. У  тухайн үед ухаан алдсан. Түүнийг их зодсон. Миний биед гэмтэл гараагүй. Бусдад гэмтэл гарсныг мэдэхгүй. ...А  манай ангийн У , О , У , Б  бид нарыг зодсон. Б У-ыг нэг цохисон. Өөр асуудал болсныг мэдээгүй...’’ гэх мэдүүлэг /хх-17, 49-50/

12. Гэрч О.Н-ийн ‘’Тухайн өдөр би өөрийн найз охин болох Н-тэй хамт хөдөө гэртээ байж байтал Н-ийн ангийнхан гээд 10 хүн 22 цагийн үед ирсэн. Тэгээд хоол унд идээд 6 ширхэг том пиво бүгд ууцгаасан. Би пиво уудаггүй ба тухайн үед уугаагүй. Тэнд байж байхад У , Ц , С , А  нар сумын төв орчихоод иртэл араас нь 3-н залуу ирээд Б , У  нартай уулзчихаад буцаж яваад, эргээд 4-үүлээ ирсэн. Би тэр 4-өөс Т  гэх манай сумын танидаг залуу байсан. Бусад гурвыг нь танихгүй. Тэд нар эргэж ирээд тэдний ангийнхны банди нарыг дуудаж гаргаж бүгдийг нь цохиод байсан. Тэгэхээр нь би гараад очтол У ухаан алдсан байхаар нь өргөж гэрт оруултал араас А  гэх залуу орж ирээд 2-3 удаа зүүн хавирга хэсэг рүү нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь салгаад гадаа гаргаад У-ыг сум руу эмнэлэг рүү авч явсан. Тэр А  гэх залуу тэдний ангийн бүх банди нарыг зодсон. Гэхдээ У-ыг илүү зодсон. Хамт явсан 3-н залуу нь зүгээр байсан. Би зодооны асуудалд оролцоогүй учир миний бие зүгээр. У  тухайн үед ухаан алдсан байсан. Бусдынх нь биед гэмтэл байгаагүй.’’ гэх мэдүүлэг /хх-18/

13. Гэрч А.С-ийн: ‘’ ....Тэгээд манай ангийн Б , У нартай уулзчихаад яваад өгсөн. Тэгснээ жоохон байж байгаад 4-үүлээ болоод эргээд ирчихээд манай ангийн хөвгүүдийг гадаа дуудаад байсан. Тэр үед Н  болон манай ангийн охидууд гэртээ байж байтал гадаа зодолдоод байх шиг байхаар нь гараад хартал У газар уначихсан ухаан алдсан байж байсан. Тэгэхээр нь өргөөд гэрт оруулсан юм. А  гэх залуу манай ангийн хөвгүүдийг зодоод байсан. У-ыг бас зодож ухаан алдуулсан байсан’’ гэх мэдүүлэг /хх-19/

14. Гэрч О.Н-ийн: ‘’ Тухайн өдөр би өөрийн найз банди Н-тэй хамт хөдөө гэртээ байж байтал манай ангийн 10 хүүхэд манайд 22 цагийн үед ирцгээсэн. Манайд ирээд хоол унд идээд 6 ширхэг 2,5 литрийн Нийслэл пиво хувааж уусан юм. Тэгээд байж байтал манай ангийн Т  утсаар яриад манайд очьё гэсэн. Тэгэхээр нь С , А , У , Ц нар явсан ба сумын ойролцоо байхад нь А  гэх танихгүй залуу замд таараад алгадсан гэсэн. Тэгээд тэр 4 манайд ирээд байж байтал тэр А  гэдэг залуу өөр 2 хүний хамт мотоцикльтой ирчихээд яваад өгсөн. Эргээд 2 цаг орчмын дараа 4-үүл болоод ирчихээд гаднаас манай ангийн хөвгүүдийг дуудаад гаргасан. Гадаа гаргаад бүгдийг нь цохьсон гэсэн. Тухайн үед гэрт манай найз залуу Н  болон охидууд байж байсан юм. Тэгэхэд бид нар гадаа гартал У  ухаан алдсан байдалтай газар хэвтэж байсан. Тэгэхээр нь гэрт оруулаад удалгүй сум руу авч явсан. А  гэх залуу нь манай ангийн хөвгүүдийг цохиод байсан. Хамт явсан 3 нь А-гаа хориод байсан. У  тухайн үед ухаан алдсан байсан. У-ын уруул нь хавдсан байсан. Б-ийн зүүн хацар нь хавдсан байсан. Бусад нь зүгээр байсан’’ гэх мэдүүлэг /хх-20/

15. Гэрч Д.А-ийн: ‘’ ...Тэгээд сумын төвийн урд овоон дээр байж байтал урдаас нэг танихгүй мотоцикльтой 3-н залуу ирсэн. Тэр гурвын нэг нь манай ангийн Б-тэй уулзана гэж байсан. Тэгснээ манай ангийн У-ыг алгадаад авсан. Тэгээд бид 4 Т-ыг ололгүй буцаад Н-ийн гэрт иртэл араас нөгөө 3 залуу хүрээд ирсэн. Тэгээд манай ангийн Б , У  бид гуравтай уулзчихаад яваад өгсөн. Тэгснээ жоохон байж байтал манай ангийн охин С  гэрийн араас 2 мотоцикль ирж байна гэтэл нөгөө гурван залуу дөрвүүл болоод ирсэн. Тэр үед охидууд нь Н-ийн гэрт байсан болохоор гадаа юу болж байгааг сайн мэдээгүй. Тэгтэл С , О  хоёр У-ыг гадаа ухаан алдаад унасан байна гэхээр нь гэрт оруулсан. Удаагүй байж байгаад 03 цаг өнгөрөөгөөд У-ын бие муудаад байхаар нь сумын төв рүү эмнэлэг рүү хүргэсэн. ...Т гэх манай сумын залуу байсан. А,  А  болон бас нэг танихгүй хүн байсан...’’’ гэх мэдүүлэг /хх-21/

16. Гэрч М.О-ын ‘’... Т  гэх банди яриад сумын төвөөс ирээд аваач гэхээр нь У , Ц, А , С  4 сум руу авахаар явсан. Тэгээд тэр 4 нэг их удалгүй эргээд ирсэн, араас нь танихгүй мотоцикльтой 3-н залуу ирсэн. Манай ангийн Б  тэр гуравтай уулзаад тэд нар яваад өгсөн. Тэгээд нилээн байж байгаад 2 мотоцикльтой 5-уул эргээд ирчихээд манай ангийн банди нарыг гараад ир гээд байсан. Тэгээд манай ангийн хөвгүүд гадаа гартал А  гэх залуу манай ангийн банди нарыг зодож эхэлсэн. Тэгснээ манай ангийн У-ыг нойл орчихоод эргээд ирж байхад нь А  гэх залуу нүүр лүү нь өвдөглөөд, бас нуруу руу нь өшиглөөд цохиод зодоод байсан. Хамт ирсэн А  гэх залуу нь бас У-ыг үсдэж чирээд байсан. Тэгтэл У  ухаан алдсан ба У  бид 2 У-ыг өргөөд гэрт оруулсан. Тэгээд гэрт оруулж ирээд байж байгаад сум руу эмнэлэг рүү авч явья гээд сум руу авч явсан. А  гэх залуу л манай ангийнхныг зодоод байсан. Миний бие зүгээр. У  тухайн үед ухаан алдсан байсан. Б-ийн уруул хавдсан, У-ын зүүн хацар нь хавдсан байсан. Бусад нь зүгээр байсан...’’ гэх мэдүүлэг /хх-22/

 17. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 сарын 26-ны өдрийн 8887 дугаартай: ‘’1.Б.У-ын биед тархи доргилт, цээж, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг  хугацаанд үүссэн байх боломжтой.  3. Шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-26/

         18. Шинжээч Г.Х-ийн: ‘’Б.У-ын тархи доргилт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Бусад буюу цээж баруун гуяны цус хуралт гэмтэл нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхэнд дурдсанаар тархины дунд зэргийн няцрал, тархины хаван гэснийг тархины доргилт гэж ойлгож болно. Тархины аксоны тархмал гэмтэл байж болзошгүй гэсэн нь сэжиглэсэн онош байна. Энэ нь багажийн шинжилгээгээр батлагдаагүй. Иймд дүгнэлтэд тусгах шаардлагагүй’’ гэх мэдүүлэг /хх-55/

         19. Хохирогч Б.У-ын өвчний түүх /хх-29-40/

          20. Хохирлын баримт /68-133/

          21. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдаж, хэрэгт авагдсан дээрхи баримтуудаар Б.А , Ж.Б  нар нь бүлэглэн, 2019 оны 7 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дундговь аймгийн Өндөршил сумын 2 дугаар багийн нутаг ‘’Улаан’’ гэх газарт Б.У-ын биед халдаж, зодсон үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч  нарын дээрхи үйлдлийн улмаас хохирогч Б.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 2019 оны 7 сарын 26-ны өдрийн 8887 дугаартай дүгнэлтээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А , Ж.Б  нарын үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгч нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

           Иймд шүүгдэгч Б.А , Ж.Б  нар нь бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм  буруутай байна гэж  шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч Б.А , Ж.Б нарын хувийн байдал болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялыг сонгон тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

  Шүүгдэгч Б.А , Ж.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.

 Шүүгдэгч Ж.Б  нь урьд Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 5 сарын 16-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар 10 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-т зааснаар эх Ц.Ц-ийн хяналтанд өгч, хяналт тавихыг Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн болох нь хэргийн 150-157-рт авагдсан шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

 Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Б.-д шүүгдэгч Б.А нь хохирол 800000 /хх-41/ төгрөг төлсөн болохыг дурдав.

 

Хохирогч Б.У болон түүний өмгөөлөгчөөс хохиролд нийт 4802420 төгрөгийг нэхэмжилнэ, үүнээс Б.А-ийн төлсөн 800.000 төгрөгийг хасч тооцно, хохирогч одоог хүртэл эмчилгээтэй байгаа гэсэн тайлбарыг гаргаж  байна

Хэрэгт авагдсан баримтыг судалж үзэхэд хохирогч Б.У нь 2019 оны 7 сарын 17-ны өдрөөс 2019 оны 7 сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Өндөршил сумын Эрүүл мэндийн төвд болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд, 2019 оны 7 сарын 24-ний өдрөөс 8 сарын 2,  9 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 сарын 2-ны өдрийг хүртэл   хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Б.А , Ж.Б  нар хариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэнд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Б.У  шаардах эрхтэй байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.У-аас гаргаж өгсөн хохирлын талаархи баримтуудыг судалж үзээд эмчилгээтэй холбогдон гарсан зардал 3.334.219 төгрөг, шатахууны зардал 738.754 төгрөг буюу нийт 4.072.973 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байна гэж  үзлээ.

Шүүгдэгч Б.А , Ж.Б  нараас 4.072.973 төгрөгийг гаргуулахдаа хувь тэнцүүлэн /4.072.973/2=2.036.486/ гаргуулж, Б.А-ийн  төлөх төлбөрөөс хохирогчид төлсөн 800.000 төгрөгийг хасч /2.036.486-800.000=1.236.486/ тооцох нь  зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Б.У-ын нэхэмжлэлээс хүнс, ахуйн хэрэглээ, эмнэлэгт хэвтээгүй үеийн шатахууны зардал нийт 729.831 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх  эрхтэй болохыг заав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.5 дугаар зүйлийн 1, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Жамъян овгийн Б-ын А , Хар ямаат овгийн Ж-ны Б нарыг  бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Жамъян овгийн Б-ын А-д 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр, Хар ямаат овгийн Ж-ны Б-д 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн  хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А , Ж.Б  нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.А , Ж.Б  нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Б.У-д шүүгдэгч Б.А  800000 /найман зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.А-аас 1.236.486 /нэг сая хоёр зуун гучин зургаан мянга дөрвөн зуун наян зургаан/ төгрөгийг, шүүгдэгч Ж.Б-аас 2036486 /хоёр сая гучин зургаан мянга дөрвөн зуун наян зургаан/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Дархан овгийн Б-ийн У-д олгож, хохирогч Б.У-ын нэхэмжлэлээс 729831 /долоон зуун хорин есөн мянга найман зуун гучин нэг/ төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.У  нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.А , Ж.Б  нараас нэхэмжлэх эрхтэйг заасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А , Ж.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ