Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н-д холбогдох 1916002220126 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, И овогт Б-н Н.

Шүүгдэгч Б.Н-н 2019 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө О.Ня-н зүүн нүд рүү гараараа цохиж зүүн нүдний битүү гэмтэл, нүдний эвэрлэгийн урагдал, судаслаг бүрхүүлийн хавчигдалт, шилэнцэрийн цус хуралт, болорын мултрал, нүдний хараа алдалт гэмтэл буюу  эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Н-н шүүх хуралдаанд өгсөн “...Тэр шөнө хацар руу нь цохих шиг болсон. Өөрөө сайн мэдэхгүй байна ... 5 сард болсон. Өдрийг сайн санахгүй байна ... Нүүр рүү нь хальт цохисон ...”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц-н шүүх хуралдаанд өгсөн “... Би ганц охинтой байсан. Энэ зодсон нь үнэн байсан. Тэр чигээрээ Шарга руугаа явсан байсан. Хамгийн буруу зүйл нь би эмнэлэгт үзүүлэхгүй олон хоносон. Хавдрыг нь бууруулах гээд олон хоносон. Эмч нь хавдартай байхад ирэхгүй яасан юм гэсэн. Эрүүл мэндийн дэвтрийг нь бичилт хийлгүүлээгүй байсан учраас болохгүй байх гэж бодоод байсан. Тэнд хагалгаа нэлээд удаан орсон. Явахгүй бол нүдгүй болно гэхээр нь би 2.000.000 төгрөгөөр явуулсан. Би 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хүнд арга хэмжээг авахуулмаар байна...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч О.Ня-н мөрдөн байцаалтад өгсөн “... Н 1 залуутай ирж, манай гэрт нэг шил архи тэр хүнтэйгээ хувааж уусан. Би чи одоо яв, өөр газар очиж архиа уу гээд хөөсөн чинь яадын пизда минь гээд уурлаад явсан. Тэгсэн 21 цагийн үед нилээн согтуу ганцаараа орж ирээд үгийн солиогүй миний зүүн нүд рүү цохиод унагаасан. Миний нүд юм харж чадахгүй, нүднээс цус гарсан. Намайг уначихсан байхад хэд хэд өшиглөчихөөд гараад явсан. Тэр шөнө би нүдээ усаар угаагаад ганцаараа гэртээ хоносон. Цагдаа болон эмнэлэгт хандаагүй, надад гар утас байхгүй байсан ... аав манай охинтой хамт орж ирсэн. Тэгээд яасан гэхээр нь Н зодсон гэж хэлсэн. Тэгээд ээжид хэлээд эмнэлэгт үзүүл гэхээр нь хавдар нь буухаар эмчид үеүүлье гэж бодоод 3-4 хоногийн дараа эмчид үзүүлсэн. Эмнэлэгт хэвт гээд хэвтсэн. Эмнэлэгт 5 хоног хэвтээд Улаанбаатар хот руу нүдний эмч Хашаатай хамт явж, 1-р эмнэлэг дээр хагалгаанд орсон. Миний зүүн нүд сохорсон байсан ...”  гэсэн мэдүүлэг /ХХ20-28/,

Гэрч Б.О-н мөрдөн байцаалтад өгсөн “... Эхнэр бид хоёрыг байхгүй хойгуур Н нь манайд ирээд Ня-г зодоод зүүн талын нүдийг нь хүнд гэмтээсэн байсан. Бид нар эмнэлэгт үзүүлж, хүнд гэмтэл авсан байсан тул Улаанбаатар хот руу явуулж нүдний хагалгаанд оруулсан. Одоо Ня-н зүүн нүд нь бараг сохорсон ... ” гэсэн мэдүүлэг /ХХ35-37/,

Гэрч Б.О-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 05 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Би Ня-н нүд рүү нэг цохисон чинь намайг цагдаад өгсөн байна. Та   хүрээд   ир гэж надад хэлсэн. Ня-тэй уулзсан  чинь зүүн нүд нь хөхөрч хавдсан байдалтай  байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ38-40/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц-н мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “... 2019 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө би дэлгүүр дээрээ хоночихоод 09-10 цагийн үед гэртээ очсон чинь охин Н гэртээ ганцаараа хэвтэж байсан. Гэрийн ширдэг, хувцас хунар нь цус болсон, зүүн нүд нь хавдаж хөхөрч хаагдсан байсан. Яасан, юу болсон гэхэд Н согтуу гарч ирээд намайг зодоод зүүн талын нүд гэмтээчихлээ. Би юм харж чадахгүй байна гэсэн … Тухайн үед Ня-н нүд их хавдартай байсан тул хавдар нь буухаар эмнэлэгт үзүүлье гэж байсаар байгаад 7-8 хоногийн дараа үзүүлсэн чинь хүнд гэмтсэн байна гээд шууд эмнэлэгт хэвтүүлсэн. Хүнд гэмтэл авсан байсан тул аймгийн эмнэлэгт 4-5 хоног хэвтүүлээд Улаанбаатар хот руу явуулж нүдний хагалгаанд оруулсан. Одоо манай охин Ня-н зүүн нүд нь сохорсон ...” гэсэн мэдүүлэг /ХХ44-46/,

Гэрч Х.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “...   2019 оны хавар манайд архи ууж байх үед Ня энэ Н миний нүд рүү цохиод нүд гэмтээсэн. Би одоо Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гэж байгаа. Нүд юм харахгүй байгаа гэж хэлж байсан. Тэр үед Ня-н зүүн нүд хавдаж, нилэнхүйдээ хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ54-56/,

Гэрч Т.Хаш-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “... О.Н 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр надад ирж үзүүлсэн. Нүдэндээ гэмтэл аваад удсан байсан … Тухайн үед надад үзүүлэхэд О.Ня-н зүүн нүдний хаван буусан, зүүн нүдний зовхи хөхрөлттэй байсан. Тэгээд би тэр өдөр мэс заслын тасагт хэвтүүлсэн. Зүүн нүдний битүү гэмтэл, мохоо зүйлээр цохигдоод лимбээр задарч, солонгон бүрхүүл хавчуулагдсан, шилэнцэр цустай байсан. Би эмнэлэгт хэвтүүлээд задарсан шархан дээр оёдол тавиад эмчилгээ хийж байгаад 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот руу өөрөө авч яваад 1 дүгээр эмнэлэгт хэвтүүлээд, торлог шилэнцэрт нь мэс заслын хагалгаа хийлгэх гэтэл цус ихтэй хагалгаа хийх боломжгүй, эмийн эмчилгээ хийж байгаад 1-2 сарын дараа мэс заслын хагалгаанд ор гэсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ57-59/,

Шинжээч О.Болороогийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 7844 дугаартай “...1. О.Ня-н  биед зүүн  нүдний  битүү гэмтэл, нүдний эвэрлэгийн урагдал, судаслаг бүрхүүлийн хавчигдалт, шилэнцрийн цус хуралт, болорын мултрал, нүдний хараа алдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн  зэрэг тогтоох журмын ерөнхий  хөдөлмөрийн  чадвар алдалтын  хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 31.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.   Нэг нүдний сохрол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид  65% нөлөөлнө...” гэсэн дүгнэлт /ХХ72/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь 2019 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө хохирогч О.Ня-н зүүн нүд рүү гараараа цохиж зүүн нүдний битүү гэмтэл, нүдний эвэрлэгийн урагдал, судаслаг бүрхүүлийн хавчигдалт, шилэнцэрийн цус хуралт, болорын мултрал, нүдний хараа алдалт гэмтэл буюу  эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н нь хохирогч О.Ня-н зүүн нүд рүү цохьсоны улмаас дээрх гэмтэл учирсан бөгөөд энэ нь тухайн хор уршгийг хүсэж үйлдсэн болохыг тодорхойлж байх тул шүүгдэгчийн үйлдлийг хүний эрүүл мэндэд санаатайгаар халдсан гэж үзнэ.

 Шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд санаатайгаар халдаж хүнд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...хараа алдалт, нэг нүдний сохрол гэмтэл гэж шинжээч дүгнэлт гаргасан. Энэ нь нэг ойлголт эсвэл өөр юм уу гэдгийг тодруулах шаардлагатай байна гэсэн хүсэлтийг хангах боломжгүй байна.

Учир нь шинжээч нь өөрийн хийсэн үзлэг болон эмнэлгийн бичиг баримтанд үндэслэн хохирогчид учирсан гэмтлийн зэргийг тодорхойлсон бөгөөд нэг нүднийхээ харах чадварын 65 хувь болон түүнээс дээш хувиар алдахыг нэг нүд бүрэн хараагаа алдах буюу сохрол гэж үзэхээр Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ХХ-117/, багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-110/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх гэрч Б.Б, Б.Ба, Б.О нарын мэдүүлэг, аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дансанд шилжүүлсэн 38.400 төгрөгийн гүйлгээний баримт /ХХ-144/, шинжилгээний төлбөр төлсөн 8.000 төгрөгийн баримт/ХХ-145/, Монос ГАА ХХК-аас эм худалдан авсан 16.960 төгрөгийн НӨАТ-ын баримт /ХХ-146/, Өлзийдэн ХХК-аас эм худалдан авсан 14.850, 6.000, 13.500 төгрөгийн НӨАТ-ын баримтууд /ХХ146-147, мэс заслын төлбөрийн 76.200 төгрөгийн баримт/ХХ-146/, Мөнхийн тун ХХК-аас эм худалдан авсан 10.000 төгрөгийн баримт/ХХ-146/, ХААН банкны данснаасаа 80.000 төгрөгийн зарлага хийсэн баримт /ХХ-147/, ГАА нэгдсэн эмнэлэгт 423.600 төгрөг төлсөн орлогын баримт /ХХ-150/, Космолайф ХХК-аас эм худалдан авсан 4.500 төгрөгийн НӨАТ-ын баримт /ХХ-147/ Авто тээврийн үндэсний төвийн тодорхойлолт /ХХ148-149/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н-н гэмт үйлдлийн улмаас хохирогч О.Ня-н эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан бөгөөд үүнээс үүссэн хор уршиг /зүүн нүд нь хараагүй/ бүрэн арилах боломжгүй болсон зэргээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод хорих ял оногдуулах нь нийцэхээр байна.

Шүүхээс дээрхи хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 2 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл хаалттай хорих ангиас болон нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих ангид үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр шилжүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц-н нэхэмжилсэн 2.000.000  төгрөгийн нэхэмжлэлээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон  675.210 төгрөгийн нэхэмжлэлийг ханган, шүүгдэгч Б.Н-с гарган хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох үндэслэлтэй байна.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлсөн 38.400 төгрөг нь Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн байдлаасаа үл шалтгаалан эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан хувь, хэмжээгээр заавал төлөх ёстой тул энэ хэрэгт хамааралгүй гэж мөн ХААН банкны данснаасаа 80.000 төгрөгийн зарлага хийсэн баримтыг энэ хэргийн хохирлын баримт гэж үзэх боломжгүй гэж шүүх үзэн 118.400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ямар нэгэн нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн 1.206.350 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг нээлттэй үлдээх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нь хохирол хор уршгийг арилгах талаар санаачилга гаргаагүй, хохирол төлөөгүй байх тул гэмт хэргийг улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгчийн өмчлөлийн 82-09 ГАА улсын дугаартай киа пронтер маркын автомашин, 6 үхэр, 70 хонь, 135 ямаа, нийт 222 тоооны малыг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Б-н Н- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 2 жил 6 сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Хохирогчийн хууль ёсын төлөөлөгч А.Ц-н нэхэмжилсэн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлээс 675.210 / зургаан зуун далан таван мянга хоёр зуун арван/ төгрөгийн нэхэмжлэлийг ханган, шүүгдэгч Б.Н-с гарган хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, 118.400 /нэг зуун арван найман мянга дөрвөн зуун/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 1.206.350 /нэг сая хоёр зуун зургаан мянга гурван зуун тавин/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор               Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА