| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2005023691552 |
| Дугаар | ХШТ/2026/06 |
| Огноо | 2026-01-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар ХШТ/2026/06
Ц.Б-д холбогдох
эрүүгийн хэрэг
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, иргэний хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч П.Сарантуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/440 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ДШМ/911 дүгээр магадлалтай, Ц.Б-д холбогдох 2005023691552 дугаартай эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Ц.Б, 1975 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “***” ХХК-ийн захирал гэх ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хорооллын *** дүгээр байрны *** тоотод оршин суух хаягтай, /РД: ***/,
урьд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 75,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж, хөнгөн ялыг хүнд ялд нь байгтааж 250,000 төгрөгөөр торгох ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/842 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан.
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчим *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй автомашины төвийн зогсоолд автомашин худалдан борлуулдаг иргэн Д.Э зарж борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулж, байрлуулсан 2017 онд үйлдвэрлэгдсэн, “***” арлын дугаартай, Lexus LX450d маркийн Монгол Улсын автомашины дугааргүй, хар хөх өнгөтэй хохирогч О.П-ийн эзэмшлийн автомашиныг “таны автомашиныг Хятад Улсын иргэн худалдаж авах гэж байна, үзүүлэх гэсэн юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар иргэн Д.Э-аас автомашиныг авч явах зөвшөөрлийн дагуу уг автомашиныг шилжүүлэн авч залилан 270,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
мөн хохирогч Г.Б-т Монгол Улсын Засгийн газрын 2007оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан мөнгөн ус /Нg/-ыг зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогчоос *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” худалдааны төвд байрлах АТМ-ээс өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот харилцах данснаас 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 7,000,000 төгрөгийг иргэн Г.Л-ын эзэмшлийн Хаан банкны *** тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилан, нийт 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Нийслэлийн *** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хорооллын *** дүгээр байрны *** тоотод Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан 5 ширхэг бортоготой мөнгөн ус (Hg)-ыг хууль бусаар хадгалсан,
2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр *** дүүргийн *** дүгээр хороо, *** хотхоны гадна зогсоол дээр байсан *** УБУ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан Б.Б-д 92,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан тус тус гэм хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож,
2017 онд үйлдвэрлэгдсэн *** арлын дугаартай, Lexus LX450d маркийн хар хөх өнгийн автомашиныг битүүмжилсэн Баянгол дүүргийн прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 156 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-ээс 35,000,000 төгрөгийг, иргэний хариуцагч С.Б-аас 35,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 70,000,000 төгрөгийг хохирогч О.П-д олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ДШМ/911 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/440 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “...2017 онд үйлдвэрлэгдсэн *** арлын дугаартай, “Lexus LX450d” маркийн хар хөх өнгийн автомашиныг битүүмжилсэн Баянгол дүүргийн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаартай тогтоол, мөн уг автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Баянгол дүүргийн прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 156 дугаартай тогтоолыг тус тус хэвээр үлдээсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 773 дугаар тогтоолоор Ц.Б-д холбогдох хэргийг гомдлыг үндэслэн хэлэлцээд хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулахаар бичсэн дүгнэлтдээ: “...Хэрэгт прокурорын даалгаврын дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах ажиллагаа явуулахад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.Б-аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 35,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хуулийг илт буруу хэрэглэсний улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн буюу шүүхийн шийдвэрийг хянуулах үндэслэлд тооцогдохоор байна.
Учир нь, О.П-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Оросын холбооны улсын иргэнээс худалдаж авсан Lexus LX450d маркийн хөр хөх өнгийн тээврийн хэрэгслийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ц.Б нь “Хятад улсын иргэнд үзүүлье, тухайн иргэд сонирхоод байна” гэж О.П-той утсаар холбогдон улмаар “***” нэртэй автомашины худалдааны төв дээр байрлуулсан байсан тухайн тээврийн хэрэгслийг авч явж, өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар бүрдүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр С.Б-д 2 сарын хугацаатай, сар бүрийн 9 хувийн хүүтэйгээр, 140,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатчаар Ц.Б-ээс С.Б-д “тээврийн хэрэгслийг бусдад худалдах” бүрэн эрхийг итгэмжлэлээр олгожээ. Уг автомашиныг зээлийн гэрээний хугацаа дуусмагц 140,000,000 төгрөгөөр бусдад зарсан талаар иргэний хариуцагч С.Б мэдүүлдэг. Энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч Ц.Б нь хохирогч О.П-ийн автомашиныг иргэний хариуцагч С.Б-д зээлийн барьцаанд барьцаалж, шилжүүлсэн байх бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хууль бус гэж үзсэн, нөгөө талаас иргэний нэхэмжлэгч С.Б нь гэрээнүүдийг хууль ёсны гэж үзэж байгаа бол барьцааны гэрээнд зааснаар барьцаалагч нь барьцаалуулагчийн эд хөрөнгийг худалдан борлуулахдаа өөрт нь мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байхад мэдэгдэхгүйгээр автомашиныг худалдан борлуулсан талаар мэдүүлсэн. Иймд хохирогч О.П-д учирсан гэмт хэргийн хохирлыг шүүгдэгч Ц.Б, иргэний хариуцагч С.Б нар нь хамтран хариуцах үндэслэлтэй...” гэж дүгнэжээ.
Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... иргэний хариуцагч С.Б-аас 35,000,000 төгрөг ...гаргуулж, ...хохирогч О.П-д олгосугай” гэж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.
Дээрх зохицуулалтаас харахад бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан буюу гэм буруутай болох нь тогтоогдсон этгээдээс гэм хорыг гаргуулахаар хуульд заасан байна. Уг хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон С.Б-ын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй энэ хэрэгт тогтоогдоогүй байна гэж үзлээ. С.Б /барьцаалагч/, иргэн Ц.Б /барьцаалуулагч/ нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 140,000,000 сая төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүрийн 9 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Lexus LX450d маркийн хөр хөх өнгийн *** арлын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж барьцааны гэрээ хийгджээ. Дээр дурдсан шүүхийн шийтгэх тогтоолд “...иргэний хариуцагч С.Б нь гэрээнүүдийг хууль өсны гэж үзэж байгаа бол барьцааны гэрээнд зааснаар барьцаалагч нь барьцаалуулагчийн эд хөрөнгийг худалдан борлуулахдаа өөрт нь мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байхад мэдэгдэхгүйгээр автомашиныг худалдан борлуулсан талаар мэдүүлсэн.
Иймд хохирогч О.П-д учирсан гэмт хэргийн хохирлыг шүүгдэгч Ц.Б, иргэний хариуцагч С.Б нар нь хамтран хариуцах үндэслэлтэй гэж дүгнэсэн ч хавтаст хэрэгт авагдсан барьцааны гэрээний 4.5 дахь заалтад “Барьцаалуулагч барьцааны зүйлийг худалдах, арилжих, бэлэглэх зэргээр захиран зарцуулах бол барьцаалагчид мэдэгдэх үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд барьцаалуулагч Ц.Б нь барьцааны зүйлийг худалдах, арилжих, бэлэглэх зэргээр захиран зарцуулах бол барьцаалагч С.Б-д мэдэгдэх үүрэгтэй болохоос С.Б /барьцаалагч/ нь Ц.Б /барьцаалуулагч/-д мэдэгдэх үүргийг гэрээгээр хүлээгээгүй байхад шүүхээс илтэд буруу дүгнэлт хийсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн барьцааны гэрээний 4.10 дахь заалтад “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангах үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалагчид барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрх үүснэ” гэж, 5.2 дахь заалтад “Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал нь бүрэн хариуцна” гэж заасан зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тул барьцаалагчид барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрх үүссэн гэж үзнэ. Зээлийн гэрээ есоор Ц.Б нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 9 хувийн хүү төлөх ёстой өгөөд тухайн үедээ хүүгээ төлөөгүй тул барьцаалагч гэрээ биелэгдэхгүй байх боломжтой, мөн Ц.Б-тэй холбогдох боломжгүй байсныг мэдсэн.
Ийнхүү гэрээ биелэгдэхгүй байх боломжтой байсан тул барьцааны эрхээ хэрэгжүүлэх арга хэмжээг гэрээний хугацаа дуусмагц авсныг буруутгах үндэслэлгүй байна. Иймээс С.Б-ын буруутай үйлдэл, эс үйлдэхүй гэрээний үүргээс үүдэн үүсээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь заалтад “Барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдах болсон тухай болон худалдах үнийн тухай өмчлөгчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй...” гэсэн заалт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон нь барьцаалагч барьцааны эд зүйлийг худалдан борлуулахдаа барьцаалуулагчид мэдэгдэх үүрэг хүлээхгүй болсон гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл барьцаалуулагч гэрээний үүргээ биелүүлээгүй үр дагаврыг барьцаагаар хангахаар тохиролцож барьцааны гэрээ байгуулсан бөгөөд үүрэг биөлэгдээгүй үр дагавраа барьцаалуулагч мэдэж байгаа учир үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэмжээ болсон барьцааг худалдахдаа дахин барьцаалуулагчид мэдэгдэх үүрэггүй болохыг ийнхүү тодорхой зохицуулан хуульчилсан байна.
Иймд барьцаалуулагч Ц.Б нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас барьцаалагч С.Б нь гэрээ ёсоор барьцааны эрхээ хэрэгжүүлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан “гэм хор учруулсан этгээд”-д хамаарахгүй байна. Ийнхүү гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд иргэний хариуцагчаар тогтоосон процесс нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас иргэн С.Б-ын эрх ноцтой зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн...” нөхцөл байдал тогтоогдвол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар хуульчилжээ. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/440 дугаартай шийтгэх тогтоолын 9 дэх заалтад “...иргэний хариуцагч С.Б-аас 35,000,000 төгрөг ...гаргуулж” гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
Прокурор С.Батсүрэн шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ: “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай бичсэн прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. Шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын хувьд дараах 2 үндэслэлээр дүгнэлтээ хэлье.
Нэгдүгээрт, шүүгдэгч Ц.Б нь бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зориуд итгэл эвдэж, хуурч мэхлэн өөрийн өмчлөлд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авч, бичиг баримтыг зориуд хуурамчаар үйлдэн барьцааны гэрээ байгуулж, улмаар уг эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар итгэмжлэл хийн өгч, 140,000,000 төгрөгийг авч, уг мөнгийг өөрөө зарцуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч бүрэн хариуцах хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “санаатай болон болгоомжгүй гэмт үйлдлийн улмаас учирсан гэм хорыг гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан. Эдгээр хуулийн зохицуулалтын хүрээнд шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээсэн байна.
Хоёрдугаарт, анхан шатны шүүх “иргэний хариуцагч С.Б-ын шүүгдэгчтэй байгуулсан гэрээг хууль бус” гэж дүгнэн, “гэрээнд зааснаар эд хөрөнгийг худалдан борлуулахдаа барьцаалуулагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэж шийдвэрлэснийг Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал, Иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлд хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох үндэслэл төрлүүдийг нэрлэн хуульчилсан бөгөөд С.Б-ын Ц.Б-тэй хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр бусад тооцогдох хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр бусд тооцуулахад сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр тооцуулж болохоор заасан, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдд учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан зэргээс дүгнэхэд, Ц.Б нь мөн адил С.Б-ыг хууран мэхэлж хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байгаа бөгөөд иргэний хариуцагчаас шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй. Мөн давж заалдах шатны шүүхээс иргэний хариуцагчийн гомдлыг хүлээн аваагүй үндэслэлдээ хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт иргэний хариуцагчаас 35,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрт шүүгдэгчээс гаргуулах өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шийдвэрийг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч П.Сарантуяа шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Өмгөөлөгчийн зүгээс жил гаруй хугацаанд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн талаар удаа дараа хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн прокурор хүсэлтийг хүлээн авч дүгнэлт бичсэнд баярлаж байна. Мөн шүүхийн алдааг тоо, тооцооллын алдаа гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тоо, тооцооллын алдааг шүүх хуралдаанаар шийдвэрлэдэг. Гэтэл шүүх хуралдаан бололгүй, өглөө нь өгсөн хүсэлтийн хариуг үдээс хойш нь өгсөн. Өмгөөлөгчийн зүгээс хохирлыг тооцохдоо буруу хуваарилсан гэж үзсэн.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн Ч.Хосбаяраас “шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар прокурор дүгнэлт гаргадаг” гэж албан бичгээр хариу ирүүлсэн тул прокурорын байгууллагад хандаж, улмаар прокуророос шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулахаар дүгнэлт гаргажээ. С.Б-ын эрх ашиг ноцтой зөрчигдсөн. Тэрээр О.П-д машины төлбөр 50,000,000 төгрөг гаргуулсан шийдвэрийг иргэний хэргийн шүүх хуралдааны үеэр мэдсэн. Миний бие үйлүүлэгчээсээ “ямар учраас О.П чамаас 50,000,000 төгрөг нэхэж байна вэ” гэж асуухад тэрээр “шүүхийн шийдвэр гарсан юм аа” гэсэн ба шийдвэрийг уншихад хамааралгүй зүйл байсан. Анхан шатны шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн. Өмгөөлөгчид хууль зүйн үндэслэлээ зөв гаргаж тайлбарлаагүй тул давж заалдах шатны шүүх тус асуудалд анхаарал хандуулаагүй болов уу гэж үзэж байна. С.Б группт байдаг бөгөөд халамжийнхаа мөнгөөр 6,000,000 гаруй төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үндэслэлгүйгээр төлсөн. Аливаа хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх учиртай тул алдааг засах боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолын зөвхөн С.Б-аас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг өөрчлөх боломжтой. Хуульд хэсэгчлэн буюу бүхэлд нь гэсэн үг байдаггүй юм байна лээ. Ц.Б ялаа эдлээд дуусгавар болгосон. Өмгөөлөгчийн зүгээс буруу шийдвэрлэсэн иргэний шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Прокурорын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. С.Б нь Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасан субъект биш, тэрээр О.П-ийг танихгүй. Шүүхийн буруутай шийдвэрийн улмаас иргэний эрх зөрчигдөж байгаа учраас алдааг залруулж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. Хэрэв шууд шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэргийн харьяаллыг тогтоож шийдвэрлэвэл давж заалдах шатны шүүхийг харьяалан тогтоож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Хяналтын шатны шүүхийн шатнаас оролцож байна. Прокуророос “хариуцагч гэм буруугүй тул түүнийг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэх агуулга бүхий дүгнэлт гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ дүгнэлтэд иргэний хариуцагч барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийг хэрхэн, хэнд, хэзээ, ямар үнэ өртгөөр борлуулсан, барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийг яасан бэ гэдэг нь тодорхой болж байж хүрэх учиртай. Гэтэл хэрэгт энэ талаар баримт байхгүй. Барьцааны эд хөрөнгө яасан бэ гэдэг талаар прокурор хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл хаана, хэнд байгаа нь одоо хүртэл тодорхойгүй байна. Прокурор хэрэгт авагдсан “Барьцааны гэрээ”-г үндэслэж дээрх дүгнэлтэд хүрсэн гэж үзэхээр байна. “Барьцааны гэрээ” нь нотлох баримт мөн боловч барьцааг шийдвэрлэх эрх зүйн үндэслэлийг тодорхойлсны дараа асуудлыг шийдвэрлэх ёстой. Тодруулбал, барьцааны эд зүйлийг худалдан борлуулахдаа Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж заасныг баримтлах учиртай. Иймээс прокурорын “барьцаалагч өөрийн барьцаанд байсан тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр худалдан борлуулсан нь зөв” гэх агуулга бүхий хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй.
Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулах шаардлага хангагдаагүй, өөрөөр хэлбэл, бичиг баримтын буюу гаалийн бүрдүүлэлт хангагдаагүй бол хэн нэгэнд худалдах, борлуулах боломжгүй.
Гуравдугаарт, хэрэгт авагдсан баримтаас харахад тээврийн хэрэгслийг “Арвижих Стимет” ХХК 270,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч анхан шатны шүүх тус үнэлгээг нотлох баримтаар тооцоогүй, үнэлгээг 170,000,000 төгрөгөөр тогтоосон. Хэргийн оролцогчийн хэн аль нь шүүхээс тогтоосон үнэлгээтэй маргаагүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс “иргэний хариуцагч шүүгдэгчтэй адил хувь тэнцүүлж хохирлыг гаргуулж байгаа нь буруу” гэж тайлбарлаж байна. Гэвч иргэний хариуцагчаас хохирлыг хувь тэнцүүлж гаргуулаагүй, тээврийн хэрэгслийг 170,000,000 төгрөгөөр үнэлээд 135,000,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б-ээс гаргуулсан бөгөөд тэрээр өөрт ноогдох төлбөрийг бүрэн төлсөн. Иймээс хохирлыг хувь тэнцүүлж гаргуулсан гэж үзэх үндэслэлгүй.
Дөрөвдүгээрт, прокурор болон хариуцагчийн өмгөөлөгчөөс “хариуцагч гэм буруутай нь нотлогдоогүй, шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа түүнээс 35,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж байна. Өмгөөлөгчийн зүгээс тус тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, иргэний хариуцагчаар тогтоохын тулд заавал гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон байхыг шаардахгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчтэй адил гэм бурууг нь нотолж тогтоохгүй. Иргэний хариуцагчийн гэм буруугийн асуудал биш 35,000,000 төгрөгийг төлөхгүй байх үндэслэл хэрхэн бий болж байгааг тодорхойлж байж л энэ асуудал яригдах учиртай. Иргэний хариуцагч “Барьцааны гэрээ”-ээс шалтгаалж хохирсон бол 35,000,000 төгрөгийг төлөхгүй байх, төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл бүрдэнэ. Иргэний хариуцагч нь гэм буруугүй гэдгээ нотолж биш харин барьцааны үйл ажиллагаа явуулснаар хэрхэн хохирсон болохоо нотлох ёстой.
Хэрэгт авагдсан баримтууд, шүүхийн хэлэлцүүлэг, шийдвэрээс харахад, иргэний хариуцагч барьцааны эд хөрөнгийг хэрхэн зарлагадсанаа бодит байдлаар тодорхойлоогүйгээс шалтгаалж мөрдөн шалгах ажиллагаа удааширсан, тодорхой хэмжээний саад бэрхшээл бий болсон, гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээ ихэссэн гэж үзэж байна. Иймээс иргэний хариуцагчаар татагдсан этгээд өөрийн барьцаанд байсан эд хөрөнгийг дур мэдэн зарцуулсан буруутай, үүний улмаас бий болсон хохирлын тодорхой хэсгийг иргэний хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлтэй” гэв.
Иргэний хариуцагч С.Б шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Би О.П-ийг танихгүй, прокурорын дүгнэлтийг маш зөв, шударга бичигдсэн гэж үзэж байна. Миний бие 35,000,000 төгрөгөөр хохирсноос гадна хүнээс зээлсэн 100,000,000 төгрөгийн хүүг төлөөд маш их хохирч байна. Түүнчлэн маргаан бүхий тээврийн хэрэгсэл зарагдсан. Машины эзэн нь хэзээ нэгэн цагт олдвол ахиад надаас 140,000,000 төгрөг нэхэх асуудал үүсээд байна. Би О.П-ийг танихгүй, мэдэхгүй, бидний хооронд ямар ч харилцаа байхгүй. Намайг иргэний хариуцагчаар татаж 35,000,000 төлүүлэхээр шийдвэрлэсэнд харамсаж байна. Маш их хохирч байна, надад учирсан хохирлыг шийдвэрлээгүйд гомдолтой байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболдын бичсэн дүгнэлтийг үндэслэн Ц.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
2.Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа шинэ нөхцөл байдал илэрсэн бол хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийн тулд уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг алдаа гарсан шатнаас эхлэн дахин шалгаж, шийдвэрлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой журмаар тогтоож өгсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч болон оролцогч нарын хууль бус үйлдэл, шүүхэд урьд мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй байсан бусад нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг зөвтгөж хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь дээрх ажиллагааны үндсэн зорилт юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох үндэслэлд тухайн эрүүгийн хэргийг шүүх хянан хэлэлцэх үед хэргийн үйл баримт, хууль хэрэглээнд ноцтой нөлөөлөхүйц, өмнө нь мэдэгдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан нөхцөл байдлууд хамаарна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн...” нөхцөл байдал тогтоогдвол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор хуульчилжээ.
“Хуулийг илт буруу хэрэглэсэн” гэдэгт шүүх хуулийн илэрхий, тодорхой зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эсхүл хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тохиолдлыг ойлгох ба тухайн хуулийн зохицуулалт нь ямар нэгэн салаа утгагүй, нэмэлт тайлбар хийх шаардлагагүй ойлгомжтой байх ёстой.
“Хүний эрх ноцтой зөрчигдсөн” гэдэгт хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах боломжгүйд хүргэсэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, нөхцөлийг хүндрүүлсэн, эсхүл гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй зэрэг үр дагаварт хүргэсэн зөрчлүүдийг ойлгодог болно.
Харин цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн нь тогтоогдсон байх учиртай.
3.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/440 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, 2017 онд үйлдвэрлэгдсэн *** арлын дугаартай, Lexus LX450d маркийн хар хөх өнгийн автомашиныг битүүмжилсэн Баянгол дүүргийн прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 156 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-ээс 35,000,000 төгрөгийг, иргэний хариуцагч С.Б-аас 35,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 70,000,000 төгрөгийг хохирогч О.П-д олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “...2017 онд үйлдвэрлэгдсэн *** арлын дугаартай, “Lexus LX450d” маркийн хар хөх өнгийн автомашиныг битүүмжилсэн Баянгол дүүргийн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаартай тогтоол, мөн уг автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Баянгол дүүргийн прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 156 дугаартай тогтоолыг тус тус хэвээр үлдээсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүх 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 733 дугаар тогтоолоор шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянт, С.Дэлгэрцэцэг, иргэний хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч Б.Баттуяа, О.Билгүүн нарын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
4.Прокурор “...С.Б-ыг бусдад гэм хохирол учруулсан гэж үзэхгүй бөгөөд түүнийг иргэний хариуцагчаар тогтоосон нь үндэслэлгүй, ...шүүх барьцааны гэрээний 4.5-д заасан үүргийг эсрэгээр нь тайлбарлаж, улмаар Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 163.2-т заасан барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэх үүргийг 2015 онд хуулиар хүчингүй болгосон байхад үндэслэл болгон хуулийг илт буруу хэрэглэсэн алдааг шүүх гаргасан гэж үзэн С.Б-аас 35,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах...” утга агуулга бүхий дүгнэлтийг гаргажээ.
5.Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай барьцааны нарийвчилсан хууль батлагдсанаар Иргэний хуулийн 163 дугаар зүйлийг мөн өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон байна.
Шүүгдэгч Ц.Б, иргэний хариуцагч С.Б нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 140,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүрийн 9 хувийн хүүтэй зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Lexus LX450d маркийн хөр хөх өнгийн *** арлын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан барьцааны гэрээг талууд Иргэний хууль, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг үндэслэл болгон байгуулжээ.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Барьцааны эрх хэрэгжүүлэх үндэслэл бүрдсэн бол барьцаалагч нь барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэл өгөх…”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Барьцааны шаардлагаа хэрэгжүүлэх мэдэгдэлд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагчийн барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацаа нь барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг барьцаалуулагчид хүргүүлснээс хойш 14 хоног байна” гэж хуульчилсан болно.
Талуудын хооронд байгуулсан Барьцааны гэрээний 4.11, 4.12 дахь заалтад дээрх хуульд нийцүүлэх замаар барьцааны эрх хэрэгжих нөхцөл бүрдсэн болон барьцааны эрхээ хэрэгжүүлж эхлэх тухай мэдэгдлийг барьцаалагч нь барьцаалуулагч /үүрэг гүйцэтгэгч/-д өгөх үүрэг хүлээж, тогтоосон хугацаа дууссан тохиолдолд барьцааны эрх хэрэгжүүлэх эрхтэй болжээ.
Анхан шатны шүүх “хохирогч О.П-ийн автомашиныг шүүгдэгч Ц.Б иргэний хариуцагч С.Б-д зээлийн барьцаанд барьцаалсан, барьцааны гэрээнд зааснаар барьцаалагч нь барьцаалуулагчийн эд хөрөнгийг худалдан борлуулахдаа мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байхад мэдэгдэлгүйгээр автомашиныг худалдан борлуулсан тул хохирлыг шүүгдэгч Ц.Б, иргэний хариуцагч С.Б нар хамтран хариуцах үндэслэлтэй” гэж дүгнэж, тус бүрээс 35,000,000 төгрөг гаргуулан хохирогч О.П-д олгож, С.Б Ц.Б-д мөнгө зээлүүлсэн асуудалд өөрт учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх иргэний хариуцагч С.Б-ын өмгөөлөгч Б.Баттуяа, О.Билгүүн нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянаад “анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд хохирол 70,000,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б, иргэний хариуцагч С.Б тус бүрээс 35,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч О.П-д шийдвэрлэснийг буруутгах боломжгүй” гэж дүгнэн гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.
6.Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболдын бичсэн дүгнэлтэд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгох үндэслэл, нотолгоог заагаагүй, шүүхийн шийдвэр болон барьцааны гэрээнд хүчингүй болсонд тооцсон Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсгийг баримтлаагүй, Барьцааны гэрээнд барьцааны эрх хэрэгжих нөхцөл бүрдсэн болон барьцааны эрхээ хэрэгжүүлж эхлэх тухай мэдэгдлийг барьцаалагч нь барьцаалуулагчид өгөх үүргээс чөлөөлөгдсөн шинэ нөхцөл байдал илэрсэнийг нотолсон баримт ирүүлээгүй байна.
Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүх хуулийг илт буруу хэрэглэсний улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
7.Иймд хяналтын шатны шүүхээс Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар гаргасан прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/440 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ДШМ/911 дүгээр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ц.ОЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ
Ч.ХОСБАЯР