Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/362

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,

Шүүгдэгч Л.И- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.И-ад холбогдох эрүүгийн 1938007760463 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Л.И.

Шүүгдэгч Л.И- нь Хөвсгөл аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг “НИК” ШТС-аас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 110.000 төгрөгний А-92 бензин аваад өөрийн мөнгөгүй виза картыг түгээгчид өгч хуурч, эд зүйл ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Л.И- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг “НИК” шатахуун түгээх станцын түгээгч ажилтай А.А-г 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “карт уншуулж бензин авъя” гэж хуурч, ХААН банкны виза карт ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 110.000 төгрөгийн А-92 бензинийг авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
  • Хохирогч А.А-гаас Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан гомдол /хх-ийн 3 дугаар хуудас/,
  • 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр бичигдсэн шатах тослох материалын зарлагын падаан /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Эд мөрийн баримтаар шүүгдэгч Л.И-ын ХААН банкны ногоон өнгөтэй виза картыг тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6 дугаар хуудас/,
  • Хохирогч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хөвсгөл аймгийн Жаргалант сум дахь “НИК” ШТС дээр ажиллаж байхад манай сумын иргэн С- гэдэг хүн Зил-131 машинтай ирээд ажил явдал гарлаа, 312 литр А-80 бензин зээлээр авч яваад удахгүй данс руу чинь мөнгө хийнэ гэж хэлээд тэр чигээрээ таг болсон. Дараа нь С-тай тааралдаад зээлээр авсан 312 литр бензины мөнгөө төл гэхэд би аваагүй Л.И- ах өгнө гэхээр нь би 2019 оны 07 дугаар сард “С- чамаас 312 литр бензиний мөнгө аваарай гэсэн энэ үнэн юм уу” гэхэд “үнэн үнэн би авахуулсан юм удахгүй өгнө” гээд одоо болтол 312 литр бензины мөнгө өгөөгүй байгаа. Тэгээд Л.И- нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай ШТС дээр цагаан өнгийн жижиг суудлын автомашинтай ирээд бензин авъя гэхээр нь өмнөх өрөө өг гэхэд “110 мянгад карт уншуулаад бензин авъя” гэж хэлээд А-92 бензин 54 литрийг аваад ногоон өнгийн Хаан банкны карт өгсөн. Би картаас нь мөнгөө авах гээд Хаан банкны пос машинд уншуулахад уг картны дансан дахь мөнгө хүрэлцэхгүй байна гэхээр нь 5000, 10000 төгрөгөөр ч уншуулахад уг картанд мөнгө байгаагүй. Тэгээд өөрт нь хэлэх гээд түгээгчийн байрнаас гарахад Л.И- шууд яваад өгсөн. Би араас нь утасдаад энэ картанд мөнгө байхгүй байна гэхэд за би одоо яваад очлоо гэж хэлээд тэр чигээрээ алга болсон. Л.И- надад хоосон виза карт өгч бензин авснаас хойш 4 хоногийн дараа миний виза картыг өгч байгаарай би хаан банк ороод картнаасаа мөнгө аваад ирье гэх хэлээд картаа аваад одоог хүртэл алга болсон. Би картаа авахаар ирэхэд дахин пос машинд 5, 10 мянган төгрөгөөр уншуулахад бас л дансанд мөнгө байхгүй байсан. Би дараа нь Л.И-тай нүүр тулж 2, 3 удаа утсаар байнга мөнгөө нэхдэг би удахгүй явж ирээд өгнө гэж хэлдэг байснаа одоо бол бүүр утсаа авахаа байсан. ...Би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ... тоот дансаар Л.И-аас 693.440 төгрөг авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 13 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Л.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С- манай суманд байдаг НИК ШТС-аас зээлээр А-80 бензин 312 литрийг аваад ирлээ та мөнгийг нь өгөөрэй гэсэн. Би тэр үед нь би С-д би өөрөө төлнөө чи зээлээр аваад ир гэж хэлж байсан. Тэгэхэд С- зээлээр бензин аваад ирсэн байсан. Би С- гэх хүнээр 312 литр бензин авснаас хойш дахин 2 удаа бензин шатахуун авсан. Авсан шатахууны өр төлбөрөө боломж олдохгүй байсаар удсан. Би 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Жаргалант сумын төвд байдаг “НИК” ШТС-аас виза карт уншуулж 30 литр бензин шатахуун авсан нь үнэн. Тухайн үед миний дансанд мөнгө байхгүй байсан. Тухайн үед миний дансанд нэг хүн 400-500 мянган төгрөг хийх ёстой байсан тул тэр хүн тэр өдөртөө нөгөө мөнгөө хийгээгүй 2 хоногийн дараа хийсэн байсан. Би хүнтэй уулзах гээд яараад байна гэж хэлээд явсан. Тэгтэл түгээгч А.А- миний араас утсаар яриад энэ картанд мөнгө алга байна гэхээр нь за за одоо хүн мөнгө хийнэ гэж хэлсэн. ...Би нийт 693.400 төгрөгийг бензиний өртэй байж байгаад бүрэн төлж барагдуулсан хохиролгүй болгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 20 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Л.И-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 21 дүгээр хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад иргэдийн гэнэн итгэмтгий байдал, шүүгдэгчийн хууль зүйн болоод ёс суртахууны мэдлэг дутмаг байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Л.И- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь камерийн бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Л.И- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг “НИК” шатахуун түгээх станцын түгээгч ажилтай А.А-г 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “карт уншуулж бензин авъя” гэж хуурч, ХААН банкны виза карт ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 110.000 төгрөгийн А-92 бензинийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч А.А-гаас Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан гомдол /хх-ийн 3 дугаар хуудас/, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр бичигдсэн шатах тослох материалын зарлагын падаан /хх-ийн 4 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар шүүгдэгч Л.И-ын ХААН банкны ногоон өнгөтэй виза картыг тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6 дугаар хуудас/, хохирогч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11, 13 дугаар хуудас/, шүүгдэгч Л.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Л.И- нь шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилгыг агуулж, бусдыг хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Иргэд өөрсдийн эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандах, бусдад хэт итгэх, шүүгдэгчийн амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах санаа зорилго зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Л.И-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 110.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.И- нь хохирогч А.А-д 693.440 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлсөн нь хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 13/, ХААН банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 18/, Эвлэрлийн гэрээ /19/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.И-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан..” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй,  гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөргүй байдал, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Л.И- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Л.И-ад ял оногдуулахдаа шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, улсын яллагчаас шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтайгаар хялбаршуулсан журмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул улсын яллагчийн саналыг харгалзан, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.И-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Л.И-ын ХААН банкны виза картьг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.И-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.И- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Л.И-ын ХААН банкны ногоон өнгийн виза картыг өөрт нь буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

 5. Шүүгдэгч Л.И-ад оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.И-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ