Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2016/01499

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 01-р хороо, Барилгачдын талбай 13, Бага тойруу 16-24 тоотод байрлах, “Хөрс авто сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 06-р хороо, Тоосгоны 24-63 тоотод байрлах, “ГБУС” ХХК-д холбогдох

гэрээний үүргийн гүйцэтгэлд 42 025 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Хөрс авто сервис” ХХК-ийн захирал Ч.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч “ГБУС” ХХК нь манай компанитай 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2015/23 тоот шатахуун худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаатай байгуулж авах шатахууны хэмжээ, үнэ төлбөр хийх хугацааг хавсралт гэрээгээр тохирсон. Гэрээний дагуу шатахуун худалдан авсан бөгөөд үнийг тохирсон хугацаандаа төлөхгүй байгаа учир арга буюу шүүхэд хандаж байна. Одоогийн байдлаар нийт 29 000 литр шатахууны үнэ 41 350 000 төгрөг төлөхөөс 20 000 000 төгрөгийг 24-228 хоногийн хугаца хэтрүүлж төлөөд одоо үлдэгдэл 21 350 000 төгрөг төлөгдөөгүй байна.

Иймд үндсэн төлбөр 21 350 000 төгрөг, алданги 10 675 000 төгрөг, нийт 42 025 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Хөрс авто сервис” ХХК-ийн захирал Ч.Гантулга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан ярилцаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар бидний эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд харшлахгүй гэж үзэж гэрээ байгуулсан. Үүнд “ГБУС” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн үнийн дүн 21 000 000 төгрөгийг төлж барагдуулсан ба алданги 10 675 000 төгрөгөөс 5 675 000 төгрөгийг татгалзаж, 5 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 368 000 төгрөг, нийт 5 368 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сард багтаан “Хөрс авто сервис” ХХК-д төлөхөөр эвлэрсэн гэжээ.

 

Хариуцагч “ГБУС” ХХК-ийн захирал Д.Гэрэлбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Манай зүгээс үндсэн төлбөр 21 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгчтэй тохиролцож алданги 5 000 000 төгрөгийг тэмдэгтийн хураамж 368 000 төгрөг, нийт 5 368 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сард багтаан төлөхөөр  эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Хөрс авто сервис” ХХК нь хариуцагч “ГБУС” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 42 025 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

“ГБУС” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Хөрс авто сервис” ХХК-тай шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 2015/04 тоот гэрээ гэсэн баримтуудаар  тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 21 000 000 төгрөгийг нэхэмжилчид төлж, нэхэмжлэгч нь алданги 10 675 000 төгрөгийн шаардлагаа багасгаж 5 000 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 5 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сард маргаангүйгээр төлөхийг зөвшөөрсөн тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигч харилцан тохиролцож хариуцагч улсын тэмдэгтийн хураамж 368 000 төгрөгийг бүрэн төлөхийн зөвшөөрсөн болохыг дурдав.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

          1. “Хөрс авто сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ГБУС” ХХК-д холбогдох 42 025 000 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч талууд хариуцагч нь 2016 оны 12 дугаар сард багтаан 5 000 000 төгрөгийг төлөхөөр  эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч “ГБУС” ХХК-иас 368 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 368 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  

          3. Шүүгчийн  захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

          4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ОЮУНЧИМЭГ