Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 401

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багт оршин суух Цагаан дээлт овгийн Хоохорын Уянгын /РД: ДО76112307/ нэхэмжлэлтэй 
 Б.Сандагсүрэнтэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Х.Уянга нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Хоохорын Уянга нь 2001 онд Б.Сандагсүрэнтэй танилцаж, улмаар хамтран амьдрах болсон юм. Тухайн үед бид албан ёсоор хурим найраа хийж байгаад гэрлэлтээ батлуулна гэж ярьсан байсан учраас гэрлэлтийн гэрчилгээ аваагүй байсан юм. Саяхан 2016 оны 10 сард нөхөр маань өвчний улмаас нас барсан. Охин С.Атарцэцэг, хүү С.Бөхбаатар нарт тэжээгчээ алдсаны тэтгэлэг гаргуулах гэрлэлтийн баталгаа байхгүй улмаас тэтгэлэг гаргуулж чадахгүй байна. Иймд Б.Сандагсүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Уянгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Х.Уянга нь Боржигон овгийн Бүнчингийн Сандагсүрэнтэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Х.Уянга, Б.Сандагсүрэн нар нь 2001 онд танилцаж улмаар хамтын амьдралтай байсан болох нь Боржигон овгийн Сандагсүрэнгийн Атарцэцэг 2004 оны 05 сарын 17-нд Есөнбулаг сумын Нэгдсэн эмнэлэгт төрснийг иргэний гэр бүлийн төрсний бүртгэлд 2004 оны 06 сарын 11-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов, эцгийн нэр Боржигон овгийн Бүнчингийн Сандагсүрэн, эхийн нэр Цагаан дээлт овгийн Хоохорын Уянга гэх 0044915/30 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Боржигон овгийн Сандагсүрэнгийн Бөхбаатар 2010 оны 06 сарын 16-нд Есөнбулаг сумын Нэгдсэн эмнэлэгт төрснийг Эрдэнэ сумын төрсний бүртгэлд 2010 оны 07 сарын 15-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов, эцгийн нэр Боржигон овгийн Бүнчингийн Сандагсүрэн, эхийн нэр Цагаан дээлт овгийн Хоохорын Уянга гэх 0392181/39 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
 Б.Сандагсүрэнгийн охин С.Атарцэцэг, хүү С.Бөхбаатар нартай авахуулсан гэрэл зургаар тус тус нотлогдож байна. 
Иймд Х.Уянгыг Б.Сандагсүрэнтэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна гэж үзлээ. 
Гэвч Б.Сандагсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өвчний улмаас гэртээ нас барсан болох нь №0000129298 дугаартай нас барсны гэрчилгээ, хүсэлт гаргагч Х.Уянгын “...2016 оны 10 сард нөхөр маань өвчний улмаас нас барсан...” гэх тайлбараар тогтоогдож байна. 
Хүсэлт гаргагч Х.Уянга нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар эхийн нэр Цагаан дээлт овгийн Хоохорын Уянгыг Боржигон овгийн Бүнчингийн Сандагсүрэнтэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х.Уянгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ