| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0893/Э |
| Дугаар | 930 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.2., 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 930
2019 12 05 2019/ШЦТ/930
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Г.Анармөнх,
Өсвөр насны шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овгийн Батцэнгэлийн Хд холбогдох эрүүгийн 1911015370611 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-урт суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эмээ, авга ах нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх ял шийтгүүлж, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 3 сар 25 хоногийн өмнө суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Хатгин овогт Б Х /РД: ..........
Өсвөр насны шүүгдэгч Б.Хатанбүүвай нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Б.Х нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн орчимд иргэн А.Батхүслэнг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, “Самсунг Галакси Эс-7” загварын гap утсыг нь залилсан”,
2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэн Х.Содбилэгийг Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дагуулан явж, улмаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандухай" зочид буудлын ар талд нүүрэн тус газарт нь алгадаж, зодно шүү гэж заналхийлэн “Самсунг Жи-7” загварын гар утас, мөнгөн гинж зэргийг хууль бусаар авсан,
2019 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Нарлаг шандын 49-2 тоотод байрлах иргэн Н.Мөнхцэцэгийн гэрт хонохдоо “Самсунг эс-6 эджэ плас /Samsung s6 edge plus/, “Самсунг Эс-5” /Samsung s5/ загварын 2 ширхэг гаp утас, Хаан банкны виза карт зэргийг нууцаар, хууль бусаар авч яван виза картнаас нь 170,500 төгрөг бэлнээр авч хохирогч Дэлгэрмаад 580,500 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 15-16 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг, 21 дүгээр байрны тоглоомын талбайд насанд хүрээгүй хохирогч М.Тэмүүжинг хуурч, “Самсунг эс-7” загварын гар утас, цүнхтэй эд зүйлийг залилан авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь
Өсвөр насны шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ” гэх,
Насанд хүрээгүй хохирогч А.Батхүслэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...47 дугаар байрны урд талын сандал дээрээс үл таних нэг эрэгтэй хүн нааш ир гээд дуудсан. Дуудаад байхаар нь очтол утсаар чинь ганц удаа яричихъя гээд асуухаар нь би өөрийн гар утсаа өгсөн...Намайг өөртэйгээ хамт сагсан бөмбөгийн талбайруу явъя гээд явж байх үед сагсан бөмбөгийн талбайн хажуугийн мухар гудамжруу дагуулж ороод нөгөө хоёр найзыгаа дуудаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хүнд хандан би өөрийнхөө гар утсыг авчихаад явъя гэж хэлэхэд ална шүү, очоод тэр хоёр найзыгаа хурдан дуудаад ир гэж хэлсэн. Тэгээд би тухайн мухар гудамжнаас гараад алхаж яваад холдоогүй байхдаа эргээд харахад хашаа даваад зугтааж байсан. Араас нь би тэр хулгайчийг бариад аваарай гэж орилсон боловч тэр хүн зугтаагаад явчихсан...17-18 орчим насны 170 см орчим өндөртэй, туранхай биетэй, бор царайтай, хамрынхаа зүүн хэсэгт цоолсон, зүүн гартаа барын зурагтай өнгөгүй шивээстэй эрэгтэй хүн байсан...” гэх /хх-ийн 66-68х/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 69х/,
Өсвөр насны шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... 2019 оны 05 дугаар сарын би ганцаараа явж байгаад модны 2-ын тэр хавьд нэг хүүхэдтэй таараад утсаар чинь яриад өгье гэж хэлээд “Самсунг Жи-7” загварын гар утсыг авсан. Тэгээд тэр хүүхдийг дагуулаад гандангийн хажуугаар гараад Бөмбөгөр худалдааны төвийн урдуур ороод явж байхад нөгөө хүүхэд гар утсаа авъя гээд чь би гар утсыг нь авах зорилготой байсан болох гар утсыг нь өгөхгүй. Бөмбөгөр худалдааны төвөөс урд байрлах байран дунд “Мандухай” нэртэй” буудлын хажууд очоод надад гинжээ өгчих гэсэн чинь юм хэлэхгүй болохоор нь нэг удаа нүүрэн тус газар нь гараараа алгадсан чинь уйлаад байсан...” гэх /хх-ийн 24-25х/,
Насанд хүрээгүй хохирогч Х.Содбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... би ганцаараа сургууль орох гэж байхад шар өнгийн цамцтай, хар өнгийн өмд, цагаан өнгийн кет зэрэг хувцас өмссөн туранхай биетэй, баруун бил үү, зүүн гарын сарвууны ар хэсэгт бар шиг амыны дүрс бүхий шивээстэй. Хамар, хөмсөгтөө ээмэгтэй 20 орчим насны нэг ах намайг дуудаад гар утсаараа нэг яриулчих гэхээр нь би өөрийн “Самсунг Жи 7” загварын гар утсаа гаргаад өгсөн чинь тэр ах хүн рүү залгаад байх шиг байсан. Тэгээд байн байн залгаад байгаа юм шиг чихэндээ миний гар утсыг барьж байгаад намайг дагаад яв би утсыг чинь удахгүй өгнө гэж хэлээд намайг дагуулаад Төв гандангийн тэрүүгээр ороод Бөмбөгөр худалдааны төвийн урдуур яваад Cirkle түргэн хоолны хажуугаар яваад байрнуудын дунд хашаатай газар ирсэн...Ингээд байран дунд ирээд тамхи татаж байгаад миний гадуур хувцсыг тайлуулж өмсөж үзсэнээ багадсан хувцсаар ч би яахав гээд миний гадуур хувцсыг буцааж өгсөн. Тэгээд миний хүзүүнд байсан гинжийг мөнгөн гинж юм уу гэхээр нь би юм дуугарахгүй байсан чинь миний хацар руу гараараа 2, 3 удаа алгадсан. Тэгэхээр нь би уйлсан чинь миний гинжийг өөрөө тайлж авсан. Цагдаад мэдэгдэх юм дараа нь уулзана шүү дээр гэж хэлээд намайг айлгаад байсан Мөн миний хэвлий хэсэг рүү 2 удаа гараараа цохьсон...” гэх /хх-ийн 17х/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12х/,
эд зүйлийн үнэлээ /хх-ийн 27х/,
Өсвөр насны шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...М.Дэлгэрмаагийн гэрээс “Самсунг галакси эс 6 Эджэ”, “Самсунг галакси Эс-5” маркийн 2 ширхэг гар утас болон Хаан банкны виза карт зэрэг эд зүйлийг нууцаар авсан. Намайг хулгай хийхийн өмнө орой Дэлгэрмаа, Дөлгөөнөө бид гурав дэлгүүр орж ундаа авсан. Ундааны тооцоог картаа уншуулж хийсэн ба дэлгүүрийн худалдагч кодоо гэж асуухад Дэлгзрмаа кодыг хэлсэн. Тэр үед би кодыг нь цээжлээд авчихсан байсан болохоор картанд нь мөнгө байж магадгүй гэж бодоод тэр картыг авсан ” гэх /хх-ийн 241-242х/,
Хохирогч М.Дэлгэрмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манайд 2 хоноод 2019 оны 05 дугаар сарын 07-ны өглөө 06:00 цаг өнгөрч сэрэхэд өөрийгөө Пүүжээ гэж танилцуулж байсан залуу миний Самсунг эсб эджэ плас, манай дүүгийн Самсунг Эс-5 маркын гар гар утсыг миний Хаан банкны виза карттай аваад явчихсан байсан. Тухайн үед миний Хаан банкны виза картанд 175,000 төгрөг байсан. Хоёр гар утас Хаан банкны виза картаа хүлээн авсан. Гар утаснууд хэвийн ажиллагаатай байсан. Харин миний Хаан банкны виза картанд байсан мөнгө байхгүй байсан...” гэх /хх-ийн 83-84х/,
эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх- ийн 191-192х/,
үнэлгээний дүгнэлт /хх-ийн 194-196х/,
Өсвөр насны шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Бөмбөгөр худалдааны төвөөс урд байрлах байрны тоглоомын талбай дээр нэг хүүхэд сагсан бөмбөг тоглож байхаар би очоод хамт байж байгаад утсаар нь хүн рүү залгана гэж хэлж аваад байрны хажууд дагуулж очиж хамт сууж байгаад 1000 төгрөг өгч явуулаад шүдэнз аваад ир гэхэд нөгөө хүүхэд аваад шүдэнз авч ирээд надад хариулт мөнгө өгсөн. Тэгэхээр нь тэр хүүхдийг ахиад манай найз охин тэр самбарын тэнд байгаа очоод дуудаад ир гэж худал хэлж явуулаад, явангуут нь хар өнгийн цүнхийг нь “Самсунг Эс-7” загварын гар утастай нь аваад яваад өгсөн...” гэх /хх-ийн 54-55х/,
Насанд хүрээгүй хохирогч М.Тэмүүжин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг 21 дүгээр байрны сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байхад 15 цагийн орчим 20 орчим насны 170-175 см орчим өндөр улбар шар өнгийн малгайг буруу харуулан өмссөн бүдэг цзнхэр яак цагаан өнгийн фувболк хар өнгийн жинсэн өмд, хар пүүз, цагаан өнгийн оймстой, зүүн хөмсөгөнд ээмэгтэй, баруун хамрын нүхийг цоолоод ээмэг зүүсэн, зүүн гарын сарвууны ар хэсэг бугуй орчмоор 2 нүдтэй амыны дүрс юм шиг шивээстэй ах ирээд эхлээд надаас цаг асуухаар нь би 15 цаг 23 минуг болж байна гэж хэлсэн. Ингээд тэр ахтай сагс тоглож байгаад 10 орчим минугын дараа гар утсаа өгч бай хүн лүү залгаад өгье гэсэн тэгэхээр нь би өөрийн самсунг эс 7 загварын гар утсаа кодыг тайлаад нээж өгсөн. Тэр хүн нэг хүн рүү залгаж байгаа юм шиг чихэндээ утас барьж байгаад энэ дугаар луу чинь нэг хүн одоо буцаагаад загана тэр хооронд энэ утас чинь надад байж байг гэсэн. Тэгээд бид хоёр хамт сан бөмбөгийн талбайн хашаанаас гараад явж байгаад би гар утсаа авъя өнөөдөр манай эгчийн төрсөн өдөр эрт орох ёстой гэхэд хуцалгүй дагаад явж бай удахгүй утсаар ярьчихаад утсыг чинь өгнө гээд яваад байхаар нь би тэр ахыг дагаад яваад 28 дугаар байрны урд талд очоод тэр ах намайг шүдэнз аваад ир гээд 100 төгрөг өгөхөөр нь би гүйгээд шүдэнз аваад ир гээд 100 төгрөг өгөхөөр нь би гүйгээд шүдэнз аваад ирэхэд нөгөө ах байж байсан. Шүдэнзийг нь өгсөн чинь одоо чи яваад магнай найз охиныг аваад манай найз охин тэр харагдаж байгаа цаагаан өнгийн самбарын хажууд байгаа дагуулаад ир гээд ойролцоо харагдаж байсан самбарыг зааж өгөхөөр нь би өөрийн хар өнгийн цүнхтэй эд зүйлээ тэр ахын хажууд нь үлдээгээд гүйж очоод тэр самбар дээр нь очсон чинь эрэгтэй хүүхдүүд байсан эмэгтэй хүн байгаагүй. Тэгэхээр нь буцаад гүйгээд ирсэн чинь нөгөө ах миний цүнхийг гар утастай аваад явчихсан байсан...” гэх /хх-ийн 50х/,
Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 34-35х/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 51х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Х нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөртэй зэргийг харгалзан үзэж эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Хгээс нийт 360,500 төгрөг гаргуулж хохирогч М.Дэлгэрмаад 170,500 төгрөг, хохирогч А.Батхүслэнд 150,000 төгрөг, хохирогч Х.Содбилэгт 40,000 төгрөг тус тус олгуулах нь зүйтэй гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт нийт 188 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өсвөр насны шүүгдэгч Хатгин овогт Батцэнгэлийн Хг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар өсвөр насны шүүгдэгч Б.Хг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Хд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 60 хоног хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 60 хоногийн хугацаагаар биечлэн эдлэх ялыг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Хд оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Хгийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 188 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Хгээс нийт 360,500 төгрөгийг гаргаж хохирогч М.Дэлгэрмаад 170,500 төгрөг, хохирогч А.Батхүслэнд 150,000 төгрөг, хохирогч Х.Содбилэгт 40,000 төгрөг тус тус олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД