| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2019/0101/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/96 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/96
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга А.Э,
улсын яллагч Ш.Б,
хохирогч Д.Э,
шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гийн Дт холбогдох эрүүгийн 1917001140086 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Гийн Д /РД:ЗБ93071112/, Д аймгийн Б суманд 1993 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, 6 байшингийн 23-01 тоотод оршин суух, “О,К” ХХК-д цонхны техникчээр ажилладаг, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Г.Д нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Г аймгийн С сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж” худалдааны төвийн үүдний коридорт хохирогч Д.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хөл рүү өшиглөх, нүүрэн тус газар гараараа цохих зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үдийн хойно Г аймгийн С сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж” худалдааны төвийн үүдний хэсэгт Д.Этэй урьдны таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хөл рүү өшиглөх, нүүрэн тус газарт гараараа цохин зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1 Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э гэх хүнтэй өмнө нь “О,К” ХХК-д хамт ажиллаж байхдаа таарамжгүй харилцаатай байсан. Би тухайн үед БНХАУ-д ажиллахаар явах бэлтгэлээ хангахаар Өгөөж зах руу ороход Э нь хэрүүл маргаан хийхээр нь би гарах гээд үүд рүү явж байтал араас ирээд толгойны ар дагз руу шууд цохиод гутал шидсэнээс болж зодоон эхэлсэн. Би Эийг харааж элдвээр хэлсэн зүйл байхгүй. Намайг яагаад цохиж байгаа юм бэ гэж асуусан. Ажлаас гарсандаа жаахан гомдож явсан юм шиг байсан. Би Эийн эрүү рүү нь 1 удаа цохисон. Зүүн талын хөл рүү нэг удаа өшиглөсөн. Хохирол төлөх гэсэн боловч шүүх хуралдаан дээр хохирол төлбөр нэхэмжилнэ гэсэн. Эийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Амьдралын төлөө зүтгэж байж жаахан зүйлээс болж ийм байдалд орсондоо харамсаж байна гэв.
1.2. Хохирогч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д өмнө нь “Осо констракшн” ХХК-д ажиллаж байхдаа надад хоёр удаа халдаж байсан. Энэ хүн надад өс хонзонтой байсан учраас Өгөөж зах дээр над руу дайрч элдвээр хэлсэн. Д нь манай лангууг өнгөрөөд хамгийн хойд талд очоод эргэж гаргахдаа намайг пизда, лалар, гичий авгай гэж хэлээд гарсан. Намайг гутал авч шидсэн гэж худлаа яриад байна. Хэрвээ би гутал авч шидсэн бол камерт бичигдэх байсан. Д нь үүдэнд У гэдэг хүний лангууны дэргэд зогсож байгаад пизда лалар, гөлөг, энэ муу Осо-оос хөөгдсөн гээд миний нэр төрд халдахаар нь миний тэсгэл алдаад араас нь гарч очоод чи олон нийтийн газар хараал хэллээ, гар гэсэн чинь уурлаад хөмхийгөө зууж байгаад үсэрч ирээд шууд намайг 2-3 удаа зүүн шанаа руу цохиж, 2-3 удаа хөл рүү өшиглөсөн. Миний уруул сэтэлж, гуя, толгой руу аймар цохисон. Тэр өдөр миний бие өвдөөд эмчид үзүүлээд эм бичүүлээд гэртээ 3-4 хоносон. Би “Осо констракшн” ХХК-наас хөөгдөөгүй, өөрийн хүсэлтээр гарсан. Маргааш нь цагдаа дээр хэрвээ би өнөө орой Эрээн явж чадахгүй бол чамайг шөнө очиж ална шүү гэж заналхийлсэн гэв.
1.3. Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үдээс хойш барааны тасгаас нэг залуу хараал хэлсээр ууртай гарч ирээд миний лангууны урд зогссон. Араас нь Э гарч ирээд тэр залуутай маргалдсан. Э тэр залуутай маргалдаж байгаад гараа түлхэхэд нөгөө залуу зөрүүлээд Эийн хөл рүү өшиглөхөөр нь би лангууны араас, О худалдааны тасгаасаа гарч ирээд салгалцсан. Тэр хоёр харилцан цохилцоод өшиглөлцөөд байсан. Хаана хаанаа цохисон талаар нь мэдэхгүй байна. Дараа нь Эийн зүүн талын завж хэсгээс нь цус гараад гараараа дарсан байгаа харагдсан. Мөн тэр залуу гутал авч шидээд байсан санагдаж байна. Эийн биед урд нь гэмтэл харагдаагүй. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-24 хуудас/
1.4. Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үдээс хойш Э нэг танихгүй залуутай маргалдаад барааны заалнаас гарч ирээд маргалдаж байгаад харилцан бие биеэ цохиод эхэлсэн. Э болон танихгүй залуу нар бие биеийхээ хаана цохисон талаар мэдэхгүй байна. Тухайн үед би тэр хоёрын голоор У эгчийн хамт орж салгасан. Дараа нь Э амаа дараад ам руу цохичихлоо гээд байсан. Тэр залуу Эийн хөл рүү өшиглөөд байсан. Мөн дээгүүр нь цохиод байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-26 хуудас/
1.5. Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өгөөж захын үүдний хэсэгт байх ломбард орж барьцаанд тавьсан юмныхаа хугацааг нь сунгаад зогсож байхад Өгөөж захын хойд талын хэсэгт байдаг барааны захаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн маргалдаад гарч ирсэн. Тэр хоёр юунаас болж маргалдсан талаар нь мэдэхгүй байна. Эмэгтэй нь тэр залуу руу хашгираад нэг удаа өшиглөөд авсан. Тэгээд хоорондоо бие биеийгээ цохилцоод эхэлсэн. Хэн хаана нь цохисныг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/
1.6. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Д над руу яриад Өгөөж зах руу ортол Э над руу гутал шидээд хамаг хувцас ураад хаячихлаа гэж хэлэхээр нь яваад очтол Э Дыг гаргахгүй гээд үүдний коридорт хорьсон байж байсан. Тэгээд цагдаагаас Э гэдэг цагдаа ирээд тэр хоёрыг аваад явсан. Би зодоон болох үед хажууд нь байгаагүй. Эийг харахад зүгээр, ил харагдах шарх гэмтэл байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/
1.7. Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 194 дүгээр дүгнэлтэнд: Д.Эийн биед тархи доргилт, доод уруулны дотор хэсэгт язрал, цус хуралт, хамрын баруун угалзанд зулгаралт, доод уруулын зүүн гадна булан, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 34 хуудас/
1.8. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 17-18 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Г.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Г.Дын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Э.С нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг тус тус дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Г.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8 000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд томографийн шинжилгээ өгсөн 220 000 төгрөг, Улаанбаатар ирж буцсан замын зардал нийт 62 400 төгрөг, эм тарианы 423 570 төгрөг, 3 сар ажилгүй байсан хугацааны цалин нийт 1 800 000 төгрөг, бүгд 2 513 970 төгрөг нэхэмжилж байна. Цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.
2.2. Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Дын хувьд хүнд их тусархуу, цайлган сэтгэлтэй, хүнд их итгэмтгий зантай. Д нь эхнэр хүүхэдгүй, ганцаараа амьдардаг. Ер нь элдэв янзын муухай ааш зангүй, ах дүү болон найз нөхөдтэйгөө эвсэг харьцаатай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/
2.3. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Дын хувьд түргэн ууртай болохоос өөр элдэв янзын муухай зан байхгүй. Цайлган цагаан сэтгэлтэй, өөрийн хариуцсан ажлыг сайн хийдэг, хүнтэй муудалцаж зодолдоод байдаггүй. Урьд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/
2.4. Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Дын хувьд найзархаг зантай, өөрийн хариуцсан ажлыг сайн хийдэг, хүнтэй их яриасаг. Дутагдалтай тал нь гэвэл хүний үг даадаггүй, түргэн ууртай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30 хуудас/
2.5. “О К” ХХК-ний тодорхойлолт /х.х-ийн 69 хуудас/
2.6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 58 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.С нь шүүгдэгч Г.Дыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох санал гаргасныг хүлээн авч, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдуулан гаргасан санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Г.Дыг 500 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Э нь гэм хорын хохиролд нийт 2 513 970 төгрөг нэхэмжилсэнээс
- Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзлэг шинжилгээ хийлгэхээр Чойр-Улаанбаатарын чиглэлд 3 удаа зорчиж нийт 62 400 төгрөг төлсөн болох нь УБТЗ-ын зорчих эрхийн тасалбар, хот хоорондын зорчих тасалбараар,
- Шинжээчийн дүгнэлт гаргуулах зардал 8 000 төгрөг төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар,
- “Мэик” Г салбараас 3 удаа нийт 423 570 төгрөгийн эм тариа авсан болох нь зарлагын баримтуудаар тус тус нотлогдож байх тул нийт 493 970 төгрөгийг шүүгдэгч Г.Даас гаргуулан хохирогчид олгох нь үндэслэлтэй байна.
Харин хохирогч Д.Эийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр 2019 оны 05 дугаар сард “О К” ХХК-наас өөрийн хүсэлтээр гарсан болох нь тогтоогдож байх тул түүний 3 сар ажилгүй байсан хугацааны цалин 1 800 000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хохирогч нь гэмт хэрэг гарахаас өмнө ажлаасаа гарсан байсан тул гэм хорын хохиролд хамаарахгүй байна.
Мөн Компьютер томографийн шинжилгээг 220 000 төгрөгөөр хийлгэсэн гэж шинжилгээний хариуг үндэслэн нэхэмжилсэн боловч уг шинжилгээ хийлгэхэд 220 000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдаагүй байна.
Хохирогч Д.Э нь одоо эмчилгээ хийлгэж байгаа ба цаашид гаргах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлтэй болохоо илэрхийлсэн тул 220 000 төгрөгөөр Компьютер томографийн шинжилгээ хийлгэсний төлбөр болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан саарал өнгийн DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Гийн Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Даас 493 970 /дөрвөн зуун ерэн гурван мянга есөн зуун дал/ төгрөгийг гаргуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг 32-2-4 тоотод оршин суух хохирогч Д.Эт олгож, Компьютер томографийн шинжилгээний төлбөр 220 000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан саарал өнгийн DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА