Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1066

 

 

 

 

 

 

 

  2019        12           16                                    2019/ШЦТ/1066

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

улсын яллагч С.Эрдэнэтуяа,

хохирогч О.Ган-Эрдэнэ,

            шүүгдэгч Л.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Лгийн Үд холбогдох эрүүгийн 1709021071116 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний дээд сургуулийн бага ангийн багш мэргэжлээр суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 51-39 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Лгийн Ү /регистрийн дугаар НГ00283009/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.Ү нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо “Сансар 32” худалдааны төв дотор хохирогч О.Ган-Эрдэнийг “гар утсаа өгчих, нэг яриад өгье” хэмээн хуурч “Хуавэй” маркийн гар утсыг шилжүүлэн авч, залилсан гэх хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч О.Ган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэхүү хэрэг нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болсон. Миний шүд өвдөөд байхаар нь “Сансар 32”-ын эмийн сангаас эм авах гэж явах замдаа Л.Ү, Б.Батчимэг хоёртой таарахад “гар утсаар чинь хүн рүү залгаад өгье” гэж хэлэхээр нь би утсаа өгөөд эмийн сан руу ороод гараад ирэхэд тэр 2 миний гар утсыг аваад явсан байсан. Тэгээд би Б.Батчимэгийн гар утас руу залгахад дуудаж байгаад холбогдохгүй болсон. Тэр орой нь найз охиндоо хэлсэн. Манай найз охин хаана байгааг мэдээд надад хэлсэн. Би Л.Үг писи тоглоомын газраас барьж авсан...” гэв.

 

Эрүүгийн 17009021071116 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Хохирогч О.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн үед шүд өвдөөд байхаар нь “Сансар 32” худалдааны төвийн эмийн сангаас эм авах гэж байгаад хоёр давхрын шатан дээр дүүгийн ангийн хүүхэд Л.Ү, Б.Батчимэг нартай таарсан. Л.Ү “гар утсаа өгөөч, нэг яриад өгье” гэж хэлэхээр нь гар утсаа өгөөд эмийн сан руу орсон ба эмийн сангаас гарч ирэх үед Л.Ү, Б.Батчимэг нар байхгүй байхаар нь би эгчийндээ очиж, эгчийнхээ гар утаснаас өөрийн дугаар луу залгахад дуудаж байгаа тасарсан, дахин залгахад утсыг унтраасан байсан. Маргааш нь найз охиноороо Б.Батчимэг рүү чат бичүүлж, хорооллын Панда гэх нэртэй тоглоомын газарт байгааг мэдээд Б.Батчимэг, Л.Ү нар дээр цагдаа дагуулж очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Үүрийнцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Жаргалантын 13-148А тоотод гэртээ байх үед манай найз залуу О.Ган-Эрдэнэ нь миний фэйсбүүкийн чат руу “миний гар утсыг нэг танил эмэгтэй аваад явчихлаа, би фэйсбүүк хаяг руу нь чат бичих гэсэн чинь намайг блок хийсэн байна” гэж бичээд гар утсыг авсан гэх эмэгтэйн фэйсбүүк хаягийг над руу явуулсан байсан... Маргааш өглөө нь нөгөө охинтой холбогдсон. Тэгээд нөгөө охиныг 3, 4 дүгээр хорооллын “Панда” тоглоомын газарт байгааг мэдээд О.Ган-Эрдэнэд хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

 

“Дамно” компанийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн СБ2-19-942 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 288000 /хоёр зуун наян найман мянган/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Л.Үгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Батчимэг бид хоёр тухайн өдрийн 21 цаг хүртэл гадуур явж байгаад Б.Батчимэг нь 32 тойрог дээр хамаатныхаа ахтай уулзахаар болж хүлээгээд байж байсан . Б.Батчимэгийн гар утасны цэнэг дууссан байсан... миний найз залуу О.Ган-Эрдэнэтэй “Сансар 32” төв дотор таарахад түүний шүд өвдөөд эмийн сан орох гэж явж байгаа гэдгээ хэлсэн. Би “манай найз Б.Батчимэгийн гар утасны цэнэг дууссан байна, ахтайгаа ярих гэсэн юм” гэж хэлээд О.Ган-Эрдэнийн “Хуавэй” маркийн гар утсыг авч, найз Б.Батчимэгт өгсөн. О.Ган-Эрдэнэ эмийн сан руу орсон байсан. Тэр үед Б.Батчимэг  утсаар ярьж зам хөндлөн гараад ахтайгаа уулзсан. Тухайн үед Б.Батчимэг, бид хоёр ямар нэгэн юм бодолгүй О.Ган-Эрдэнийн гар утсыг аваад явсан. Гэтэл Б.Батчимэг бид хоёр таксины мөнгөгүй болоод “Тэди” төв орж тухайн гар утсыг үл таних ченж залууд 40000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар  хуудас/,  

 

Шүүгдэгч Л.Үгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр хуудас/, Эдийн Засгийн Үндэсний дээд сургуулийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 87 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг үнэн зөв, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.  

 

Шүүхээс шүүгдэгч Л.Үд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Ү нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо “Сансар 32” худалдааны төв дотор хохирогч О.Ган-Эрдэнийг хуурч “Хуавэй” маркийн гар утсыг авч залилсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл шүүгдэгч Л.Ү нь “2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны “Сансар 32” худалдааны төв дотор О.Ган-Эрдэнийг хуурч, түүний гар утсыг залилан авсан болон хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогчид 288000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Л.Үгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Л.Үг хуурч, бусдын эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар нууцаар бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Ү нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч О.Ган-Эрдэнийн хохирлыг төлж барагдуулаагүй болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Л.Үг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Л.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгчээс 288000 /хоёр зуун наян найман мянган/ төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Лгийн Үг хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Үд 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Л.Ү нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Үгаас 288000 /хоёр зуун наян найман мянган/  төгрөгийг гаргуулж хохирогч О.Ган-Эрдэнэд олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Үд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ