Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2016/01491

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчин 1-р гудамж 5 тоотод оршин суух, эмэгтэй, ЖИ93101504 регистрийн дугаартай, Боржигон овогт Энхтүвшингийн Гансувдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо, Толгойт 64-р гудамж 11 тоотод оршин суух, эрэгтэй, РД92022313 регистрийн дугаартай, Авга овогт Орхоны Болдсүхэд холбогдох

хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Гансувд, хариуцагч О.Болдсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Гансувд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь О.Болдсүхтэй 2010 онд танилцаж хамтын амьдралтай болсон боловч зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оны 04 дүгээр сараас тусдаа амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин Хандсүрэн, 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр охин Хулан нар төрсөн. 2016 оны 04 дүгээр сараас хойш хоёр охин маань миний асрамжинд амьдарч, өсч байгаа цаашид хамтран амьдар боломжгүй тул О.Болдсүхээс Б.Хулан, Б.Хандсүрэн нарын эцэг мөн болохыг тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Болдсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Э.Гансувдтай 2010 онд танилцсан ба бидний дундаас 2011 онд охин Хандсүрэн, 2015 оны 07 дугаар сарын 14-нд охин Хулан нар төрсөн. 2011 оноос 2015 оны хугацаанд би хадамынхаа гэрч амьдарсан. 2015 оны 10 дугаар сарын 15-наас тусдаа амьдрах болсон. Хамтдаа амьдрах хугацаанд Э.Гансувд нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр охиноо аваад явсан. Э.Гансувдтай хамтдаа амьдрах хугацаанд архи ууж эхнэр хүүхдүүддээ агсам согтуу тавьж байгаагүй. Надаас болж тусдаа амьдрах болоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв Э.Гансувд нь хүүхдүүдийг минь өсгөж чадахгүй бол би өөрөө өсгөх болно. Гэхдээ би хүүхдүүдээ тэтгэлэг төлнө, маргахгүй  гэв.  

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Б.Хандсүрэн, 2015 оны 07 дугаар сарын 14-ны өдөр төрсөн охин Б.Хулан нар нь О.Болдсүхийн охин болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Г-141, 1116004899 тоот төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э.Гансувд нь хариуцагч О.Болдсүхийг 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.Хандсүрэн, 2015 оны 07 дугаар сарын 14-ны өдөр төрсөн охин Б.Хулан нарын эцэг болохыг тогтоож, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг гаргасан.

Гэвч  Б.Хандсүрэн, Б.Хулан нарыг эцэг  О.Болдсүхоор овоглож төрсний гэрчилгээ олгогдсон байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар эцгийг захиргааны журмаар тогтоосон, шүүхийн журмаар эцэг тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Хариуцагч О.Болдсүх нь  2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.Хандсүрэн, 2015 оны 07 дугаар сарын 14-ны өдөр төрсөн охин Б.Хулан нарын эцэг болох нь тогтоогдсон тул хүүхдийн тэтгэлэг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин  Б.Хандсүрэн, 2015 оны 07 дугаар сарын 14-ны өдөр төрсөн охин Б.Хулан нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, тэднийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг О.Болдсүхээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ОЮУНЧИМЭГ