| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0184/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/196 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож
Улсын яллагч Т.Өсөхболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг
Орчуулагч Ж.Оронбасар
Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.*******ад холбогдох эрүүгийн 1736001190201 дугаартай, 178/2019/0185/Э/ индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Ховд сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч А.******* нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-нд шилжих шөнө Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр Согоот хэмээх газраас иргэн А.*******ын 1 тооны адуу хулгайлж, А.*******ад 500.000 төгрөгний хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг,
-2017 оны 10 дугаар сарын 23-наас 26-ны өдрийн хооронд Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэр Өндөр цахир хэмээх газар бэлчээрлэж байсан иргэн Б.-ын 11 тооны адуунаас Б.-ын 2 тооны адууг, иргэн Т.гийн 1 тооны адууг тус тус хулгайлж Б.-т 1500000 төгрөгний хохирол, Т.д 800.000 төгрөгний хохирол тус тус учруулсан,
-2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр Бэлэн худаг хэмээх газраас иргэн Х.дийн 2 тооны адуу хулгайлж, 1600000 төгрөгний хохирол,
-2017 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрээс иргэн Е.ын 1 тооны адуу хулгайлж 600000 төгрөгний хохирол,
- 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрээс иргэн К.гийн 1 тооны ямаа хулгайлж, 50.000 төгрөгний хохирол,
- 2019 оны 01 дүгээр сард Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрээс иргэн М.ийн 2 тооны ямаа хулгайлж, 100000 төгрөгний хохирол тус тус учруулж мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлоо төлсөн гэх мэдүүлэг,
1.Шүүгдэгч А.******* нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-нд шилжих шөнө Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр Согоот хэмээх газраас иргэн А.*******ын 1 тооны адуу хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 09-19 х/
Хохирогч А.*******ын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би гэрээ нүүлгээд Согоотод очиход 13 цагийн үед манай адуу ус руу явж байгаад тааралдсан юм. Тэгтэл адуунд байсан хүрэн зүсмийн 5 настай морь, шарга зүсмийн 2 настай морь хоёрыг Хятад улсад үйлдвэрлэдэг цагаан өнгийн мяндас маягийн аргамжаар холбосон байсан ба үзүүр нь газарт чирэгдээд явж байсан юм. Тэгээд адуугаа бүртгэхэд 10 настай саарал зүсмийн сувай гүү алга болсон байсан юм. Тэгээд “Согоот” гэх газарт уулын бэлд нэг адуу алаад машинаар ачиж явсан тээврийн хэрэгслийн мөр байсан юм. Сэвсийг нь асгасан байсан ба саарал зүсмийн гүүний хялгас унасан байхаар миний гүүг алж авч явсан байна гэж дүгнэсэн юм. Уг гүүг 2013 онд Ховд аймгийн Чандмань сумаас махан зооринд нядалгаанд 5 настай, саарал зүсмийн зөв гуяндаа Ө үсэг хэлбэрийн тамгатай, түүний доод талд ташуур тамгатай гүү авч ирснийг 400.000 төгрөгөөр худалдаж аваад урд зөв хаа, зөв гуянд нь саран тамга дарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72-74х/
Гэрч М.Минатын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нүүхдээ А.*******ын адууг би Согоот гэх газар авч ирж орхисон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 27 х/
Шүүгдэгч А.*******ын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Согоот гэх газар очиж нэг азарга адуунаас гурван тооны адуу барьж хоёр адууг цагаан аргамжаар хооронд нь холбож нэгийг нь тэр газар гаргаж гэдэс дотрыг нь гаргаж хаяж, толгой шийрийг нь булсан. Тэгээд нөгөө хооронд нь холбосон хоёр адууг холбоотой чигт нь алдчихсан. Саарал зүсмийн нас гүйцсэн гүү байсан. Зөв талын гуяндаа ташуур тамгатай, тэрний дээд талд нь Ө үсэгтэй, хаа гуя хоёулан дээрээ жижиг саран тамгатай адуу байсан. Номхон тарган гүү байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 47-48 х/
Мал үнэлсэн тухай тайлан /1 дүгээр хх-ийн 52 х/- гүү-500.000 төгрөгийн үнэтэй болно гэх,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 65х/
Яллагдагч А.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 66-69 х/ зэрэг нотлох баримтуудаар,
2. 2017 оны 10 дугаар сарын 23-наас 26-ны өдрийн хооронд Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэр “Өндөр цахир” хэмээх газар бэлчээрлэж байсан иргэн Б.-ын 11 тооны адуунаас Б.-ын 2 тооны адуу, иргэн Т.гийн 1 тооны адууг тус тус хулгайлсан нь:
Хэрэгт эд мөрийн баримтаар цагаан өнгийн уяагаар хийгдсэн морины 2 ширхэг ногтыг иргэн Б.-оос хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 100-103х/
Яллагдагч А.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд //1 дүгээр хх-ийн 106-108 х/ . .
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 109-110 х/
Хохирогч Б.-ын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд манай эзэмшлийн 11 тооны адуу Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэрт байсан манай эзэмшлийн 3 тооны адуу алдагдсан, түүний дотроос хээр зүсмийн морь нь манай хүргэн болох Т.гийнх, нөгөө 2 тооны адуу нь миний эзэмшлийнх юм. Хар дэлтэй халиун үрээ, жижиг сартай хүрэн үрээ, бүгдээрээ зүүн талын гуян дээрээ ширээтэй чандмань тамгатай..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 118 х/
Хохирогч Т.гийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...тухайн алдагдсан гэх хээр зүсмийн 7 настай морийг манай хадам ах болох Б.- надад 2012 онд өгсөн гүүнээс гарсан унаган адуу байгаа юм. Тухайн үед манай ах болох Б.-ын адуунд хамт байсан юм. Шар хээр зүснийх нь миний морь байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 121-122х/
Шүүгдэгч А.*******ын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн “Өндөр цахир”-аас 11 тооны адуунаас хоёр адууг барьж ногтолж хөтлөөд бусдыг нь тууж ирж яваад замдаа нэг машины гэрэл харагдахаар ногттой хоёр морио тавиад нуугдаад дахиад адуугаа эргүүлж чадалгүй харгана руу хашиж байж гурван адуу арай гэж барьж үлдсэн адуунуудыг алдчихсан. Барьж авсан гурван адуугаа Ховд аймаг оруулж махан зооринд өгсөн. Шар хээр зүсмийн морь, нэг нь халиун морь, нэг нь хүрэн зүсмийн үрээ гурвуулаа ижилхэн ширээтэй чандмань тамгатай адуунууд байсан...” гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 149 х/
Мал үнэлсэн тухай тайлан /1 дүгээр хх-ийн 151х/ зэрэг нотлох баримтаар,
3. 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр “Бэлэн худаг” хэмээх газраас иргэн Х.дийн 2 тооны адуу хулгайлсан нь:
Хохирогч Х.дийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 17-ндах Байгейлд утсаар яриад 2 адуу алга байна шүү гэсэн. Тэгээд Бекенийг дагуулж гадаа гараад танайх хаанаас ямар адуу алсан юм бэ? Чи надад амбаараа онгойлгож үзүүл, хэрвээ адуу алсан бол ах нь арьсыг нь үзье гэсэн. Тэгсэн Бекен амбаараа онгойлгоогүй надад хашааны буланд асгасан аргалын доор булж нуучихсан цагаан уутанд хийж амыг нь уячихсан адууны ширийг гаргаж үзүүлсэн. Миний алдсан хоёр морины нэгнийх нь шир мөн байсан. Миний бор хээр зүсмийн 12 настай адууны шир байсан. Одоо үлдсэн “ац” тамгатай халтар морь байхгүй байна. Энэ хоёр морь нэг л өдөр хамт алга болсон. Энэ хүмүүсээс гарцаагүй...” гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 183-185х/
Гэрч И.Тойлаганы 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...өвөлжөөнд байхад манайд манай сумын Цагаан бургас багийн иргэн А.******* гэдэг залуу бор хээр зүсмийн их номхон морь хөтөлчихсөн ирээд манай нөхөр тэр өдөр аймаг явчихсан байсан. Надад танайх идшээ гаргасан юм уу? энэ морийг авах уу? гэж хэлсэн. Би нөхөр аймаг явсан, манайх авахгүй гэж хэлсэн. ******* ганцаараа зайдан морьтой явж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 190х/,
Гэрч К.Бекений 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай базын залуу А.******* өөрийнхөө адуу гээд хээр зүсмийн зөв талын хаандаа саран тамгатай морь авч ирээд танайх идшиндээ алж ав гээд надад алж өгөөд явсан юм...” гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 192-193х/
Гэрч Б.Хайролын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Манай эхнэрийн хэлснээр харанхуй болчихсон айл амьтан унтаагүй байхад А.******* нь хээр /халтар ч гэх/ зүсмийн зөв талын хаандаа саран тамгатай морийг зайдан унаж ирээд, адуу худалдаж авах уу 500.000 төгрөг гэж хэлсэн байдаг юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 196 х/,
Гэрч К.Гулнарайгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө байх 23 цагийн үед манайд ирээд нэг адуу хулгайлж авч ирлээ та нар алж ав гэхээр би зөвшөөрөхгүй чи наад адуугаа авч яв бид нар авахгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээрхх-ийн 198-200 х/
Шүүгдэгч А.*******ын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ байж байгаад Ховд сумын Баруун салаа багийн нутаг “Өргөн ширэг”-ийн “Бэлэн худаг” гэдэг газар луу явган явж очиж тэнд байсан адуунуудыг чулуун хашаанд хашиж байгаад дотроос нь 2 тооны морь хулгайлж авч нэгийг нь унаад нөгөөг нь хөтлөөд “Зам худаг" гэдэг газар байгаа Хайрол гэдэг айлд очоод адуу авах уу? гэж асуугаад авахгүй гэхээр нь сумын төв явсан. Намайг энэ айлд очиход нөхөр нь байхгүй эхнэр нь байсан Бекен гэдэг айлд очиж бор хээр зүсмийн морийг 500.000 төгрөгөөр зарахаар тохиролцож, тэндээ нядлалцаж өгсөн. Адууныхаа мөнгийг тавдугаар сард авахаар болсон. Миний авсан хоёр морь хоёулаа бор хээр зүстэй. Хоёулаа зөв талын хаа, гуяндаа урагшаа харсан саран тамгатай байсан.” гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 186-187 х/
Мал үнэлсэн тухай тайлан /1 дүгээр хх-ийн 205 х/ зэрэг нотлох баримтаар,
4. 2017 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрээс иргэн Е.ын 1 тооны адуу хулгайлсан нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 230-234 х/
Яллагдагч А.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 01-04х/
Хохирогч Е.ын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дүү болох Темержол утасдаад таны бор зүсмийн зөв талын гуяндаа 3-ын тоо тамгатай номхон 9 настай хонин жороо морь алга байна гэж хэлсэн юм. Тэгээд хайж явахад Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвсгэр Мардений хаваржаа гэх газарт айлын хаваржаанд хоёр хүн жижиг машинаар адуу тууж ирсэн машин, хүний гутлын мөр байсан юм. Тэр хаваржааны хашаанд барьж алаад сэвсийг нь асгаад арьсанд нь толгойг нь ороогоод боож булсан байсан юм. Тэгээд цагдаа дуудаад арьс толгойг нь гаргаж үзэхэд миний бор морь мөн байсан юм...” гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 10-12 х/,
Шүүгдэгч А.*******ын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Бараан зүсмийн адууг тууж том чулуун хашаа руу хашиж оруулаад адуун дотроос бор зүсмийн нэг морь барьж чулуун хашаан дотор гаргаж гэдэс, гүзээг нь хашааны хойморт өвсний үлдэгдэл байсан тэрний доор дарж нуугаад явсан. Бор зүсмийн 10 нас дөнгөж хүрсэн морь байсан. Зөв талын гуяндаа 3-ны тооны тамгатай...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 38 х/
Мал үнэлсэн тухай тайлан /2 дугаар ХХ-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар,
5. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрээс иргэн К.гийн 1 тооны ямаа хулгайлсан нь:
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар ХХ-ийн 63-66 дугаар хуудас/,
Хохирогч К.гийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай хүү Жайлаубай манай ямааны арьс байна гээд таниад ирсэн. Хэн өгсөн гэж асуухад А.******* авч ирж тушаасан гэсэн. А.******* “уучлаарай би өнгөрсөн шөнө танай хашаанаас нэг тооны шүдлэн ямаа хулгайлж авсан. Би ямааг алаад арьсыг нь дэлгүүрт өгсөн үнэн гээд хүлээсэн...” гэх мэдүүлэг 12 дугаар ХХ-ийн 72-73 дугаар хуудас/,
Гэрч С.Жайлаубайгийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нурланы дэлгүүрт очиж авсан арьснуудыг шалгах гээд очтол дэлгүүрт нь хайрцаганд хийсэн ганц ямааны арьс байсан. Арьсыг дэлгэж үзэхэд манай ямааны арьс мөн байсан, ...******* би авсан. Танай хашаанаас аваад Өнер багшийн гражны хажууд гаргаж арьсыг нь Нурланы дэлгүүрт өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 79х/
Гэрч Б.Нургүлийн 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...иргэн А.******* ямааны нэг арьс авч ирж, эгч арьс авах уу? гэсэн. Би 14.000 төгрөгөөр авч байна гэсэн. А.******* надад арьсаа өгөөд бэлнээр 14.000 төгрөг аваад явсан. Тэр өдрийн маргааш өглөө нь манай дэлгүүрт гийн хүүхэд Жайлаубай орж ирээд үүдний шаланд хаясан байсан нөгөө арьсыг аваад энэ арьсыг хэн өгсөн бэ гэж асуусан. Би тэр хүүхдэд ******* авч ирж тушаасан гэсэн.чинь нөгөө хүүхэд энэ манай урд шөнө хашаанаас алга болсон шүдлэн ямааны арьс байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 80 х/
Шүүгдэгч А.*******ын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагийн үед сумын төвд гэдэг айлын гадаа очиж хашаан дотор нь байсан 7, 8 тооны ямаанаас хар зүсмийн шүдлэн ямааг хулгайлж Өнер гэдэг айлын байшингийн буланд хүзүүг нь мушгиж алаад гаргаж арьсыг нь авч Нурланы дэлгүүрт аваачиж эхнэр нь Нургүлд тушаасан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 84-85х/
Мал үнэлсэн тухай тайлан /2 дугаар хх-ийн 87 х/ зэрэг нотлох баримт,
6. 2019 оны 01 дүгээр сард Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрээс иргэн М.ийн 2 тооны ямаа хулгайлсан нь:
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 103-104 х/
Хохирогч М.ийн 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А.*******тай тааралдаад асуухад ******* овогтой ******* надад танай хоёр ямааг би авсан, ...төлж өгнө чи цагдаад битгий өгөөрэй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 110-111х/
Насанд хүрээгүй гэрч Н.Еркинбекийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад өгсөн хоёр арьс нь хоёулаа хар зүсмийн арьс байсан. Би хоёр арьсыг нь 15.000 төгрөгөөр үнэлж авсан. Хоёулаа бага ямааны арьс байсан. Надад арьс өгөхдөө аймаг суманд арьсны үнэ нь ялгаагүй юм байна. Танайд өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 115 х/
Гэрч Х.Манатын 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нэг нь хар халзан, нэг нь хар шүдлэн ямаа байсан, ...манай сумын ******* гэдэг залуу манай хүү т танай 2 ямааг би хулгайлсан гэж хэлсэн гэсэн, Аав нь *******, дүү нь Хасха нар төлж өгнө гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хх- ийн 118-119х/
Гэрч П.Дөненбайгийн 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бид нар тухайн үед Ховдоос Улаанбаатар явах үед манай өвсний хашааны дотор арьсыг нь авчихсан хар зүсмийн ямааны сэг хаячихсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 122 х/
Шүүгдэгч А.*******ын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Би Манат гэдэг айлын хашаан дотор байдаг зоорьноос нэг тооны хар халзан шүдлэн ямаа хулгайлж Дөненбай гэдэг хүний хашааны хажууд гаргаж арьсыг нь Нурланы дэлгүүрт Еркинбек гэдэг хүүхдэд 15.000 төгрөгөөр өгсөн. Тэгээд тэр шөнө 23 цагийн үед дахиж Манатын зоорьноос дахиад нэг хар зүсмийн шүдлэн ямааг хулгайлж Така гэдэг хүний зооринд оруулж алж арьсыг нь Нурланы дэлгүүрт аваачиж 15.000 төгрөгөнд өгсөн. Хоёр ямааг хоёулангийн би ганцаараа хулгайлсан.” гэх мэдүүлэг 12 дугаар хх-ийн 1*******х/
Мал үнэлсэн тухай тайлан /2 дугаар ХХ-ийн 126 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч А.******* нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийт 6 удаагийн үйлдлээр бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байгаа ба Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-д “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно“ гэх заалтанд хамаарагдаж байгаа болно.
Шүүгдэгч А.******* нь хулгайлах гэмт хэргийг хууль бус гэдгийг ухамсарлаж байсан ч түүнийг өөрөө зориуд хүсч үйлдсэнээс хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч А.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /2-р хх-161х/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч М.ийн “...А.*******аас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, надад ямар нэгэн гомдол санал алга байна. Хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, хохирогч К.гийн хүсэлт, хохирогч Х.Баатаркелд, А.******* нараас шүүхэд ирүүлсэн хүсэлтүүдээр хохирол төлбөр төлөгдсөн нь тус тус тогтоогдож байна. Харин хохирогч Б.-, Т., Е. нарын төлбөр төлөгдөөгүй бөгөөд нөхөн төлж, хохирлоо барагдуулна гэснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.*******ын хувийн байдлын талаар гэрч Ж.Гүлмирагийн өгсөн “... А.*******тай 2011 онд танилцсан, даруухан дуу цөөнтөй, архи, тамхины зүйл хэрэглэдэггүй бага боловсролтой. 20-иод ямаатай өөр хөрөнгөгүй …гэх мэдүүлэг /2-р хх 153-р х/, гэрч Х.*******ын мэдүүлэг /2-р хх-151х/, Шүүх сэтгэцийн дүгнэлт №03 зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч А.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан зарим хохирогчдын хохирлыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч А.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн эзэмшлийн Сумстанг-5 маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикль битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн 2 ширхэг ногтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах гэх дүгнэлт,
Шүүгдэгч А.*******ын өмгөөлөгчөөс: “ А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан үлдсэн 3 хохирогчийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ял шийтгэл оногдуулж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч А.******* нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол болон хувийн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримт болох 2 ширхэг ногтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн эзэмшлийн Сумстанг-5 маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикль битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.*******аас 1500000 төгрөг гаргуулж хохирогч Б.-т, 800.000 төгрөг гаргуулж хохирогч Т.д, 600000 төгрөг гаргуулж хохирогч Б.д тус тус олгуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6-36.8,36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг 01 /нэг/ жил 06 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.*******ад оногдуулсан 01 /нэг/ жил 06 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эзэмшлийн Сумстанг-5 маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикль битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн 2 ширхэг ногтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.*******аас 1500000 төгрөг гаргуулж хохирогч Б.-т, 800.000 төгрөг гаргуулж хохирогч Т.д, 600000 төгрөг гаргуулж хохирогч Б.д тус тус олгуулсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form