Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 5272

 

 

 

 

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2016/05272

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Хилчний 55Б-43 тоотод оршин суух, Боржигин овогт Энхбаатарын Чимидлхам /РД: ЗИ86071601/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Аман хуур хотхон, 33В дугаар байр, 50 тоотод оршин суух, Олноор овогт Болдын Дамдин /РД: УШ89092779/-т холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Чимидлхам, хариуцагч Б.Дамдин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Чимидлхам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Дамдинтай 2009 онд танилцаж хамт амьдрах хугацаанд буюу 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бидний дундаас охин Д.Ану төрсөн. Хамтран амьдрах хугацаанд гэр бүлээ бүртгүүлээгүй бөгөөд таарч тохироогүйн улмаас 2012 оны 9 дүгээр сараас тусдаа амьдарсан. Тусдаа амьдрах хугацаанд Б.Дамдин нь охиноо тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй. Иймд Б.Дамдингаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Дамдин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. 

 

Хариуцагч Б.Дамдин шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Биднийг хамтран амьдрах хугацаанд Э.Чимидлхам бидний нийт 2 641 000 төгрөгийн эд хөгшлийг авч үлдсэн, мөн манай ээж, ааваас 8 000 000 төгрөгийг, тавилга авахад гарсан 2 220 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч Э.Чимидлхам сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

          

Нэхэмжлэгч Э.Чимидлхам нь хариуцагч Б.Дамдинд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Б.Дамдин нь нэхэмжлэгч Э.Чимидлхамд холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2009 онд танилцаж, улмаар 2009 оноос хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаанд буюу 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр охин Дамдингийн Ану төрсөн нь зохигчийн тайлбар болон төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, Д.Анугийн төрсөн эцэг хариуцагч Б.Дамдин мөн эсэхэд талууд маргаагүй байхаас гадна улсын бүртгэлд охин Д.Ануг эцэг Б.Дамдингаар овоглосон үйл баримтаас үзвэл захиргааны журмаар хүүхдийн эцэгийг тогтоосон байна.

 

Талууд хэдийн хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй байх боловч хүүхдийн насны онцлого, талууд тусдаа амьдрах үеэс хүүхэд эхийн асрамжинд байгаа нөхцөл байдлыг харгалзан хүүхдийн өсөж торнисон орчинг өөрчлөх шаардлаггүй байхаас гадна хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийг эхийн асрамжинд үлдээх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, хүүхдийг эхийн асрамжинд үлдээсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр охин Д.Ануд эцэг Б.Дамдингаас тэтгэлэг гаргуулж олгох нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс 10 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан нь түүний тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээрх үндэслэлээр охин Д.Ануг эхийн асрамжинд үлдээж, хүүхдэд тэтгэлэг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр охин Дамдингийн Ануг эх Э.Чимидлхамын асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр охин Д.Ануг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Дамдингаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Нэхэмжлэгч Э.Чимидлхамд холбогдох 10 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээс хариуцагч Б.Дамдин татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 175 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН