Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00168

 

У.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02237 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2088 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч У.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 244 164 475 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэндийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг, нарийн бичгийн даргаар Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

­М.Баярмагнай нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 6 дугаар байр, 227 тоот хаягт байршилтай 88,4 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалж нэг жилийн хугацаатай 70 000 ам.долларыг нэг сарын 2,5 хувийн хүүтэйгээр У.Батсууриас зээлсэн. 

Зээлдэгч М.Баярмагнай нь өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ үл биелүүлэн үндсэн зээлийн төлбөр болох 70 000 ам.доллараас 60 000 ам.долларыг эргүүлэн төлөөгүй, мөн өнөөдрийг хүртэл 24 188 275 төгрөгийн хүүгийн үлдэгдлийг төлөөгүй байна. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөл зохих үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч М.Баярмагнай нь төлөх талаар ямар ч арга хэмжээ авахгүй байна. 

Иймд иргэн М.Баярмагнайгаас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 60 000 ам.доллар буюу 147 531 000 төгрөг, хүүгийн төлбөр 24 188 275 төгрөг, алданги 72 445 200 төгрөг, нийт 244 164 475 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчаас гаргуулах мөнгөн хөрөнгийг төлөх үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч М.Баярмагнай нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч У.Батсууриас 70 000 ам.долларын зээлийн гэрээг байгуулж зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 6 дугаар байр, 227 тоот 88,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж 1 жилийн хугацаатай, сарын 2,4 хувийн хүүтэй зээлийн гэрээ бичгээр байгуулж гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Тухайн зээлийн гэрээ байгуулах өдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр У.Батсууриас 70 000 ам.долларыг бэлнээр хүлээн аваагүй.

Анх 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр У.Батсууриас 35 000 ам.долларыг 3 сарын 2,5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж 35 000 ам.долларыг бэлнээр хүлээн авсан. /тухайн үеийн Монголбанкны долларын ханш болох 1 773.96 төгрөгөөр тооцвол 62 088 600 төгрөгийг хүлээн авсан./ Зээлийн гэрээний 3 сарын хүү болох 2 625 ам.доллар буюу 3 081 645 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид төлсөн. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл болох 35 000 ам.долларыг төлж чадаагүй бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч У.Батсууриас 25 000 ам.долларыг зээлж өмнөх зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 35 000 ам.долларыг нэгтгэж 60 000 ам.долларыг тухайн өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн мэтээр сарын 2,5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулсан. Тухайн өдөр миний бие У.Батсууриас 60 000 ам.долларыг бэлнээр хүлээн аваагүй бөгөөд 25 000 ам.доллар /тухайн үеийн Монголбанкны ханш болох 1 824.65 төгрөгөөр тооцвол 45 616 250 төгрөг/-г л хүлээн авсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтөд сар болгон 1 500 ам.долларыг төлдөг байсан бөгөөд 6 сарын хугацаанд 9 000 ам.доллар буюу 16 421 850 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний дагуу хүлээн авсан 25 000 ам.долларын 2,5 хувийн хүү болох сарын 625 ам.доллар буюу 1 140 406 төгрөг, 6 сарын хугацаанд 6 842 437 төгрөг нь 25 000 ам.долларын зээлийн гэрээний 6 сарын хүүд төлсөн. Үлдэгдэл 9 579 412 төгрөгийг үндсэн зээлд төлсөн.

Хариуцагч М.Баярмагнай нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэг ч доллар хүлээн аваагүй. Зээлийн эргэн төлөлтөд 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сар хүртэл 15 750 ам.доллар буюу 30 134 790 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид төлсөн. Үүнээс хойш дансаар төлдөг болсон бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Голомт банкны данснаас У.Батсуурийн эхнэр болох н.Баярчимэгийн 107400083735 дугаарын дансанд 1 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр У.Батсуурийн Хаан банкны дансанд 1 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 9 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 10 000 ам.доллар буюу тухайн үеийн ханш 1 950.3 төгрөгөөр тооцвол 19 503 400 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 21 000 000 төгрөг, 10 000 ам.долларыг төлсөн. 

М.Баярмагнай нь 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн У.Батсуурьд 90 006 895 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлсөн. 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 70 000 ам.доллар авсан эсэх талаар нотлохоор шүүхэд хүсэлт гаргасан. Гэтэл нэхэмжлэгч анх 35 000 ам.доллар, нэмж 25 000 ам.доллар, төлөөгүй хүүг 10 000 ам.доллар гэж тооцоод 70 000 ам.доллар болсон ба гэрээг нөхөн байгуулсан гэж зөвшөөрснөөр Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Үүнээс харахад шинэ гэрээ биш өмнөх гэрээ гэдэг нь нотлогдож байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02237 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч М.Баярмагнайгаас зээлийн гэрээний үүрэгт 171 719 275 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч У.Батсуурийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 016 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70 200 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2088 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02237 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Баярмагнайгаас 168 031 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Батсуурьт олгож, нэхэмжлэлээс үлдэх 76 133 475 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтыг “3” гэж, 3 дахь заалтыг “4” гэж дугаарлан, тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд М.Баярмагнайгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205055269 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж 6 дугаар байр 227 тоот хаягт байрлах 3 өрөө, 88.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “төлүүлсүгэй” гэснийг “төлүүлж, хариуцагч М.Баярмагнайгаас 998 105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Батсуурьт олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч У.Батсуурийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 086 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Б.Батсуурь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 244 164 475 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэрэгт тал бүрээс нь үнэн зөв бодитой дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргийг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч талаас 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 60 000 ам доллар буюу 147 531 000 төгрөг, хүү 24 188 275 төгрөг, алданги 72 445 200 төгрөг нийт 244 164 475 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд дээрх зээлийн гэрээний дагуу 70 000 ам долларыг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчид  бэлэн болон бэлэн бусаар хүлээлгэн өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальсан хэмжээнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Давж заалдах шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Талууд 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд өмнөх 3 зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан мөнгө хөрөнгө болох 70 000 ам.доллар дээр энэхүү зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн хүүг тохиролцсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээл болон зээлийн хүүг шаардах эрхтэй” гэж хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн. Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан байна. Энэхүү зохицуулалтаас үзвэл зээлдүүлэгчийн үндсэн үүрэг нь зээлдэгчид мөнгө, эсхүл бусад эд хөрөнгийг шилжүүлэх болон тохиролцсон хугацаанд захиран зарцуулах эрхийг олгосны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдохоор харагдаж байна.

Гэтэл нэхэмжлэгч нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу мөнгө эсхүл төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй байхаар хуульд заасан. 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч У.Батсуурь нь хариуцагч М.Баярмагнайд 70 000 долларыг бэлнээр болон бэлэн бусаар хүлээлгэн өгөөгүй байхад шүүх энэхүү гэрээний дагуу хүү алданги шаардах эрхтэй гэж дүгнэсэн үндэслэл муутай дүгнэлт болсон. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тухай Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт хууль тогтоогч хуульчилсан байна. Үүнээс үзвэл зээлийн гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн байхыг нэмж шаардаж байна. Ингэснээр зээлдүүлэгч нь зээлээ бодитойгоор олгоогүй байхдаа зээл, эсхүл хүүг төлөхийг шаардахаас сэргийлж байгаа хэрэг мөн. Хариуцагч нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр нэг ч доллар шилжүүлж авсан зүйл байхгүй бөгөөд энэ нь зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн өгөх зээлийн гэрээний урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзэхээр байна.

Мөн давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 218.1 дэх хэсэгт заасан заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж хуульчилсан. Талуудын хооронд 35 000 ам.долларын үүрэг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үүсэж, харин 25 000 ам.долларын үүрэг 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үүссэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс мөнгөний ханш өөрчлөгдсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэж нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцож хариуцагчаас 168 031 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч У.Батсуурь нь хариуцагч М.Баярмагнайд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 244 164 475 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй боловч татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна.

Зохигчид 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 35 000 ам.долларын, 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 60 000 ам.долларын, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 70 000 ам.долларын зээлийн гэрээ тус тус байгуулж, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10 000 ам.доллар хүлээлцсэн тухай баримт үйлджээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчээс 60 000 ам.доллар зээлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн боловч 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 70 000 ам.доллар хүлээж аваагүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Х.Батсуурь шүүхэд гаргасан шаардлагынхаа үндэслэлд 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг заасан ба энэхүү гэрээний дагуу 70 000 ам.долларыг хариуцагч М.Баярмагнайд шилжүүлсэн гэх байдал тогтоогдоогүй нь  талуудын хоорондох зээлийн гэрээний харилцааг бүхэлд нь үгүйсгэхгүй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж “тооцоо нийлсэн акт” гэгч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба энэхүү баримтыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, талуудыг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр өмнөх гурван зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, түүнд тооцох хүүгийн хэмжээг тохирсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасан шаардлагад нийцсэн гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

Харин талууд зээлийн гэрээний төлбөрийн талаар тооцоо нийлэхдээ үндсэн зээл, хүүгийн талаар тохиролцож, алдангийг тусгаагүй байх тул давж заалдах шатны шүүх алдангийн талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох, шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу хэвлэж гаргасан техникийн алдааны талаар хийсэн дүгнэлтийг өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2088 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 999 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН