Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 707

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Нийслэлийн Прокурорын газрын прокурор Ж.Г. 

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны улсын байцаагч Ц.Б /Хаяг: Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1 байр/,

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.О /Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 3 дугаар байр/ нарт холбогдох 

Гомдлын шаардлага: “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.О-ийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 000002 индекстэй, 0119974 дугаартай шийтгэвэр, Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны улсын байцаагч Ц.Б-ийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 19 индекстэй, 000020084 дугаартай шийтгэврийг тус тус хүчингүй болгуулах” дүгнэлт бүхий гомдлыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч О.О, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нийслэлийн Прокурорын газраас тус шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон Нийслэлийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”А” ХХК -ийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин геологи уул уурхайн хяналтын хэлтсийн Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч О.О 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчилд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасны дагуу 720,000 төгрөгөөр торгож, захиргааны шийтгэл ногдуулсан 000002 индекстэй, 0119974 дугаартай шийтгэврийн хуудас бүхий материал, Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны улсын байцаагч О.Б 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Газрын хэвлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн зөрчилд мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.9 дэх хэсэгт заасны дагуу 250.000 төгрөгөөр торгож захиргааны шийтгэл ногдуулж, 19 индекстэй, 000020084 дугаартай шийтгэврийн хуудас бүхий материалыг тус тус шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Зөрчил гаргагч “А” ХХК -ийг Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны улсын байцаагч О.Б хайгуулын ажлын тайлан ирүүлээгүй гэх зөрчилд 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Газрын хэвлийн тухай хуулийн 58.9 дэх хэсэгт заасны дагуу 19 индекстэй, 000020084 дугаартай шийтгэврийн хуудсаар 250.000 төгрөгөөр торгож шийтгэл ногдуулжээ. Улсын байцаагч О.Б нь шийтгэл ногдуулахдаа шийтгэврийн хуудсанд зөрчигдсөн хуулийн зүйл хэсгийг бичээгүй, зөрчлийн тухай тэмдэглэлд Газрын хэвлийн тухай хуулийн 32.8 дахь заалтыг зөрчсөн гэх боловч хуулийн уг зүйл заалтад “ажиллагчид болон хүн амын аюулгүй байдлыг хангах, газрын хэвлий, байгаль орчны бусад объект, барилга байгууламжийг хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх, аюул ослын үр дагаврыг арилгах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх, ордыг ашиглаж дууссаны дараа тогтоосон журмын дагуу дарах буюу улс ардын аж ахуйн хэрэгцээнд цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулах” гэсэн нь “А ХХК-ний “хайгуулын ажлын тайлан бүрдүүлээгүй” гэх зөрчилтэй хамааралгүй, зөрчигдсөн хуулийн зүйл заалттай тохирохгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчлийг шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүй, тухайн зөрчилд тохирсон хуулийн зүйл заалтаар шийтгэл ногдуулаагүй байна.

Зөрчил гаргагч “А” ХХК нь улсын байцаагч О.Б-ийн захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэврийн хуудсыг хүлээн авч мөн өдөр нь буюу 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр торгуулийн мөнгө болох 250.000 төгрөгийг Нийслэлийн байгаль орчны газрын Улаанбаатар хотын банкны 2611009642 тоот дансанд тушааж, ажлын тайлан төлөвлөгөөг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу төрийн захиргааны байгууллага болох Нийслэлийн байгаль орчны газарт гарган өгч, зохих журмын дагуу шийдвэрлүүлсэн байна.

Дээрх зөрчилд шийтгэл ногдуулснаас хойш буюу 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.О “А” ХХК -ийг мөн дээрх зөрчилд нь дахин Нийслэлийн Байгаль орчны газраас буруу хуулийн зүйл хэсгээр торгосон гэж Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасны дагуу 000002 индекстэй, 0119974 дугаартай шийтгэврийн 720,000 төгрөгөөр торгож, захиргааны шийтгэл ногдуулсан байх бөгөөд шийтгэврийн хуудас нь зөрчил гаргагч компанийг төлөөлөн Д.Б гэгч хүн гарын үсэг зурсан байна.

Дээрх байдлуудаас дүгнэн үзэхэд: Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагаас “А” ХХК -ийг хайгуулын ажлын тайлан төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд гаргаж өгч батлуулаагүй гэх 1 зөрчилд 2 шийтгэврээр захиргааны шийтгэл ногдуулсан гэж үзэж байна. “А” ХХК нь хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг батлуулахаар эрх бүхий захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагаас өмнө нь байгаль орчны улсын байцаагч үндэслэлгүйгээр шийтгэл ногдуулж торгуулийн арга хэмжээ авсныг мэдсээр байж шийдвэрийг хүчингүй болгож өөрчлүүлэх эсэх асуудлыг прокурорт мэдэгдэж, шийдвэрлүүлэх байтал зөрчил гаргагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж, нэг зөрчилд давхардуулан үндэслэлгүйгээр дахин захиргааны шийтгэл ногдуулсан нь эрх бүхий улсын байцаагч хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэл ногдуулаагүй, тухайн зөрчлийг үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хүчин төгөлдөр байтал дахин шийтгэл оногдуулжээ. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5 дахь заалт, 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч О.О нь шийтгэвэр болон зөрчлийн тэмдэглэлд зөрчил гаргагч компанийг төлөөлөн Д.Б гэгч хүнээр гарын үсэг зуруулсан байх боловч Д.Б нь “А” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн эсэх, уг компанид ямар албан тушаал эрхэлдэг, зөрчил гаргагч хуулийн этгээдийг төлөөлөх хүн мөн эсэхийг холбогдох баримт мэдээллийг авч, шалгалгүй гарын үсэг зуруулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 7.2 дугаар зүйлийн 6 дахь заалттай нийцэхгүй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ. Энэ хуулийн зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тус тус заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эрх бүхий улсын байцаагчаас шийтгэл ногдуулсан шийдвэрийг үндэслэлтэй эсэхийг Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь заалтад заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд прокурорын дүгнэлт бичиж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Монгол Улсын Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон хууль зөрчиж үндэслэлгүйгээр захиргааны шийтгэл оногдуулсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.О-ийн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 000002 индекстэй, 0119974 дугаартай шийтгэврийн хуудсаар 720,000 төгрөгөөр торгож, захиргааны ногдуулсан. Мөн Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны улсын О.Б-ийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 19 индекстэй, 000020084 дугаартай шийтгэврийн хуудсаар 250,000 төгрөгөөр торгож, захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэсэн прокурорын дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Газрын хэвлийн тухай хууль нь байгаль орчны хуулийн андагч хууль бөгөөд энэ хуулиас салбарлаад Ашигт малтмалын болон түгээмэл тархацтайн хуулиуд дэлгэрэн гарсан. Миний бие уг шийтгэврийг ногдуулахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2012 онд тус газар ажлын хэрэгцээнд зориулан олгосон 2012 онд хэвлэгдсэн Байгаль хамгаалах хууль тогтоомжийн эмхэтгэл” номыг ашиглаж, шийдвэрлэсэн юм. Гэтэл уг номонд 1995 онд орсон хуулийн өөрчлөлтийг тусгаагүй байсан тул зүйл заалтыг нь буруу бичсэн байна. Дээрх шалтгаанаар торгуулийн арга хэмжээг буруу заалтаар авагдсан үүний улмаас миний бичсэн шийтгэврийн хуудас, зөрчлийн тэмдэглэл хүчингүй болох үндэслэлтэй нь прокурорын хяналтаар тодорхой болсон” гэв. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.О-ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...“А” ХХК нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 15/R003 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд тусгай зөвшөөрөл авснаасаа хойш Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан мэдээ, тайлан ирүүлэх хэсгийг удаа дараа зөрчсөн байна. Иймд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулинд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол геологи, уул уурхайн улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гэсний дагуу тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтаар захиргааны арга хэмжээ авсан” бөгөөд энэхүү зөрчил нь одоо ч үргэлжилж байгаа. Прокурорын дүгнэлтэд дурдсан үндэслэлийн тухайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа боловсон хүчний талаарх мэдээллийг анх олгож байгаа Аймаг, Нийслэлийн Засаг даргад өргөдлийн хамт гаргаж өгдөг бөгөөд “А” ХХК нь боловсон хүчний талаарх мэдээлэлдээ “Ш” ХХК-ийн инженер техникийн ажилчдаар тайлан, төлөвлөгөө, ТЭЗҮ бусад уулын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байдаг. Намайг зөрчилтэй нь холбоотойгоор удаа дараа холбогдоход төлөөлөгчөө явуулья гэсэн хариуг өгч байсан бөгөөд ирсэн хүн нь “Ш” ХХК-ийн Д.Б байсан тул түүнд танилцуулж гарын үсгийг нь зуруулсан. Давхардаж торгууль тавигдсан талаар Газрын хэвлийн тухай хуулинд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын тайлан, мэдээ хоцроосон гэсэн зүйл, заалт байхгүй учир Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зөрчил гаргагч “А” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/254 дүгээр захирамжаар Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Элстэй нэртэй газарт 42.26 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх 15/R003 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороодын нутаг дэвсгэр, Баруун туруун нэртэй газарт 149 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх 16/R058 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус 3 жилийн хугацаатай эзэмшдэг байх бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан дагуу хайгуулын ажлын төлөвлөгөөг анх удаа хянан батлуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлснийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтэс 2015 оны 6 дугаар сарын 09-ны өдөр, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтэс /хуучин нэрээр/ 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус тус хүлээн авч хянан баталгаажуулж байжээ. 

Улмаар 2016 оны хайгуулын ажлын жилийн тайланг Газрын хэвлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасан хугацааны дотор гаргаж хүргүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны улсын байцаагчаас 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 19 индекстэй, 000020084 дугаартай шийтгэврийн хуудсаар “А” ХХК -ийг мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.9 хэсгийг үндэслэн 250.000 төгрөгөөр, 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 000002 индекстэй, 0119974 дугаартай шийтгэврийн хуудсаар хайгуулын ажлын жилийн тайлан болон төлөвлөгөөг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т заасан хугацааны дотор гаргаж, хүргүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр 720.000 төгрөгөөр тус тус торгосныг Нийслэлийн Прокурорын газраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон “...зөрчилд тохирсон хуулийн зүйл, заалтаар шийтгэл ногдуулаагүй, ...хайгуулын ажлын тайлан төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд гаргаж өгч батлуулаагүй гэх 1 зөрчилд 2 шийтгэврээр захиргааны шийтгэл ногдуулсан, зөрчил гаргагч хуулийн этгээдийг төлөөлөх хүн мөн эсэхийг шалгалгүй Д.Болдхуяг гэх хүнээр гарын үсэг зуруулсан” нь тус хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5, 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1 болон 7.2 дугаар зүйлийн 6 дахь заалтыг тус тус зөрчиж байна хэмээн маргаж хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ. 

Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, гомдол гаргагч болон хариуцагч нараас шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүнд хавсаргасан бичгийн нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ж.Гийн дүгнэлт бүхий гомдлын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 19 индекстэй, 000020084 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгох шаардлагын тухайд:

Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны улсын байцаагч Ц.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр үйлдсэн 0000330 дугаар зөрчлийн тухай тэмдэглэлдээ “А” ХХК -ийг Газрын хэвлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 8 хэсгийг зөрчиж, 2016 оны хайгуулын ажлын жилийн тайланг гаргаж, хүргүүлээгүй зөрчил гаргасан хэмээн үзэж 19 индекстэй, 000020084 дугаартай шийтгэврийн хуудсаар мөн хуулийн 58 дугаар зүйлийн 9-д зааснаар 250.000 төгрөгийн торгууль ногдуулсныг зөрчил гаргагч “А\” ХХК -ний Ерөнхий захирал Т.Х\ хүлээн зөвшөөрч, “зөрчлийг давтахгүй” хэмээн зөрчлийн тухай тэмдэглэлд гарын үсэг зурж, тухайн өдөртөө Нийслэлийн байгаль орчны газрын Улаанбаатар хотын банк дахь 2611009642 тоот дансанд 250.000 төгрөгийг төлсөн байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” ёстой. Гэвч Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны улсын байцаагчийн 19 индекстэй, 000020084 дугаартай шийтгэврийн хуудсанд дурдсан Газрын хэвлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 8 “ажиллагчид болон хүн амын аюулгүй байдлыг хангах, газрын хэвлий, байгаль орчны бусад объект, барилга байгууламжийг хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх, аюул ослын үр дагаврыг арилгах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх, ордыг ашиглаж дууссаны дараа тогтоосон журмын дагуу дарах буюу улс ардын аж ахуйн хэрэгцээнд цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулах” гэх хэсэг нь “А” ХХК-ний гаргасан “хайгуулын ажлын тайланг ирүүлээгүй” гэх зөрчилд хамааралгүй, торгуулийн арга хэмжээ ногдуулсан гэх Газрын хэвлийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 9 дэх хэсэг тус хуульд байхгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон тул “зөрчилд тохирсон хуулийн зүйл, заалтаар шийтгэл ногдуулаагүй” гэх прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна. 

Иймд, хэдийгээр Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 19 индекстэй, 000020084 дугаартай шийтгэврийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6.”иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”-д тус тус заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах боломжгүй тул гомдлын тус шаардлагыг хангаж, Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 19 индекстэй, 000020084 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

2. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 000002 индекстэй, 0119974 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгох шаардлагын тухайд: 

Хэрэгт авагдсан, улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 00003137 дугаартай зөрчлийн тухай тэмдэглэл, 000002 индекстэй, 0119974 дугаартай шийтгэврийн хуудас болон холбогдох бусад баримтаас үзэхэд, зөрчил гаргагч “А” ХХК нь 2015, 2016 оны хайгуулын ажлын жилийн тайлан болон 2016 хайгуулын ажлын төлөвлөгөөгөө Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т заасан хугацааны дотор гарган Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлээгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 болон 4 дүгээр зүйлд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эхэлсэн зөрчил шалгах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн явуулж, хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд “хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж тусгайлан заажээ. 

Гэтэл Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ж.Г нь “хайгуулын ажлын жилийн тайлан” болон “хайгуулын ажлын төлөвлөгөөгөөг” хуульд заасан хугацаанд гаргаж хүргүүлээгүй гэж хоёр тусдаа зөрчилд холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчаас “А” ХХК -нд 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 000002 индекстэй, 0119974 дугаартай шийтгэврийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсныг тодруулж үзэлгүй, Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 19 индекстэй, 000020084 дугаартай шийтгэврээр “2016 оны хайгуулын ажлын тайланг ирүүлээгүй” гэх зөрчилд нь холбогдуулан “А” ХХК -нд торгох шийтгэл оногдуулсантай адилтган үзэж, “1 зөрчилд 2 шийтгэврээр захиргааны шийтгэл оногдуулсан” гэж үзэж дүгнэлт бичсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Мөн түүнчлэн, хэдийгээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчаас 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн 00003137 дугаар зөрчлийн тухай тэмдэглэл болон 000002 индекстэй, 0119974 дугаартай шийтгэврийн хуудсыг иргэн Д.Б-т гарын үсэг зуруулан, хүлээлгэн өгөхдөө зөрчил гаргагч хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхийг шалгаж, тогтоогоогүй болох нь хариуцагчийн тайлбар болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байх боловч, “А” ХХК -ийн Ерөнхий захирал Т.Х нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т заасан хугацааны дотор 2015, 2016 оны хайгуулын ажлын жилийн тайлан болон 2016 хайгуулын ажлын төлөвлөгөөгөөг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гаргаж өгөх үүрэгтэй болохоо мэдсэн /мэдэх боломжтой байсан/ болох нь Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр үйлдсэн 0000330 дугаар зөрчлийн тухай тэмдэглэлд “зөрчлийг давтахгүй” хэмээн бичиж, гарын үсэг зурснаар нотлогдож байх тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 000002 индекстэй, 0119974 дугаартай шийтгэврийн хуудсыг шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.” зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон” үндэслэл бүхий захиргааны акт гэж үзэж, гомдлын тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ж.Г-ийн дүгнэлт бүхий гомдлын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 19 индекстэй, 000020084 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 000002 индекстэй, 0119974 дугаартай шийтгэврийг хуудсыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Г.МӨНХТУЛГА