Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2020/0297/З |
Дугаар | 221/МА2020/0537 |
Огноо | 2020-09-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2020/0537
Б.А-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 482 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.А-н нэхэмжлэлтэй, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайхан илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0482 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 2, 3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.А-н “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Гэрээг цуцлах тухай” А/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А давж заалдах гомдолдоо: Б.А-н нэхэмжлэлтэй, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-д холбогдох захиргааны хэрэгт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 482 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх “...Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2017 оны А/45 дугаар тушаалаар баталсан журам нь захиргааны хэм хэмжээний нэгдсэн санд бүртгэгдээгүй нь уг журмын дагуу анх сонгон шалгаруулалтад орох, гэрээ байгуулах, гэрээний нөхцөл шаардлагыг тогтоохтой холбоотой асуудалд уг журмыг баримтлах эсэхэд хамаарахаас бус журмын дагуу хүсэлтээ гарган, гэрээний нөхцөл шаардлагыг зөрчсөнийг нь зөвтгөх үндэслэл болж тайлбарлаагүй. “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын 2018 онд 1/1/885, 1/1/1503, 2019 оны 1/1/461 дүгээр албан бичгүүдээр түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон цахилгаан ус, дулаан зэрэг ашиглалтын төлбөрийг хүргүүлж байсан, өөрөөр хэлбэл гэрээг цуцлах үндэслэл бүрдсэнийг хариуцагч байгууллагаас удаа дараа мэдэгдсэн, дээрх мэдэгдлүүдийг хүлээн аваагүй гэж нэхэмжлэгч маргаагүй бөгөөд нэгэнт тухайн харилцаанд орохдоо байгуулсан гэрээнд заасан хаяг дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй байснаас тушаал гаргахдаа мэдэгдээгүй гэж хариуцагчийг буруутгахгүй. Хэдийгээр дамжуулан түрээслэсэн бичгийн нотлох баримтгүй ч зорилгот бүлгийг хамруулах төрийн өмчийн түрээсийн орон сууцыг гэрээнд заасан хамтран амьдрагчаас өөр этгээдүүдийг байрлуулсан зөрчлийг тогтоож гэрээг цуцлах үндэслэл болгосон нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцжээ. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй, энэ зөрчил нь удаа дараа давтагдсан, түүнчлэн зорилтот бүлгийг хамруулах төрийн өмчийн түрээсийн орон сууцыг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглаагүй буюу амьдран суугаагүй, гэрээнд заасан хамтран амьдрагчаас өөр этгээдүүдийг байрлуулсан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон эдгээр үндэслэл нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болохоор холбогдох журам болон гэрээнд тодорхой заасан, эдгээр үндэслэлээр төрийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх гэрээг цуцалсан хариуцагчийн тушаал үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Ингэхдээ анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, бүрэн бодитой үнэлээгүй гэж үзэж байна.
Гэрээнд заасан өөр этгээдүүдийг байрлуулсан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон гэж буруу дүгнэсэн. Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/27 дугаартай “Иргэн Б.А-тай байгуулсан гэрээг цуцлах тухай” тушаал нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2017 оны А/47 тоот тушаалаар баталсан “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын 6.2.1 дэх “Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй нь 2 ба түүнээс дээш удаа давтагдсан” заалтыг үндэслэн, тушаах нь хэсгийн 1 дэх заалтаар “...Б.А-тай байгуулсан Увс/ЗГБ-3 дугаар гэрээний 6.7 дахь “Орон сууцыг дамжуулан түрээслүүлэх, түрээсийн гэрээнд заасан хамтран амьдрагчдаас илүү тооны хүнийг байнга амьдруулахыг хатуу хориглоно” гэх заалтыг үндэслэн “Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх гэрээ”-г 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөр цуцалсугай...” гэсэн байдаг.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...манай байгууллагаас 2020 оны 02 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Увс аймагт очсон томилолтын ажлын хэсгийн албан хаагчид түрээслэгч Б.А-н 29 дүгээр байрны 5 давхрын 23 тоот байранд мөрийтэй тоглоомчдыг цуглуулж удаа дараа архидан согтуурдаг тухай иргэдийн мэдээллийн дагуу шалгалтаар очиход 15-20 орчим насны залуус цугласан мөрийтэй тоглож байсан...” гэдэг.
Нэхэмжлэгч түрээсэлж байсан орон сууцандаа гэрээнд зааснаас илүү тооны хүн амьдруулаагүй, бусдад дамжуулан түрээслээгүй, мөрийтэй тоглоомчид цуглуулаагүй, архидан согтуураагүй. Энэ үйл баримтын тухайд талууд маргадаг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргах өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь өөрийн гаргасан тушаал, хариу тайлбарын үндэслэлээ нотлох үүрэгтэй. Маргаантай үйл баримтын тухайд бусад эх сурвалжаар давхар нотлогдоогүй нэг талын баримтыг шийдвэрийн үндэслэл болгож болохгүй.
Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болон хариу тайлбараа нотлох зорилгоор өөрийн байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/21 дугаартай “Албан томилолтоор ажиллуулах тухай” тушаал, түүний хавсралт, томилолтын тайлан, гэрээт ажилтан Т.С гэх хүний гараар бичсэн мэдэгдэл, хэн болох нь тодорхойгүй 2 хүний дүрстэй зургийн нотлох баримтуудыг ирүүлсэн байдаг.
Иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалт хийсэн гэх боловч нэг ч иргэний гаргасан гомдол байдаггүй. Түүнчлэн 15-20 орчин хүмүүс цугларч архидан, мөрийтэй тоглосон гэх боловч мөн үүнийг нотолсон баримт байдаггүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийг “...А.Нямжав гэх хүнд орон сууцыг дамжуулан түрээслэсэн, шалгалтаар очиход А.Н хэлэхдээ манай зам ангийн ажилчид байрлаж амьдардаг...” гэх боловч үүнийгээ нотлох баримтыг гаргаж өгөөгүй.
Нэхэмжлэгч А.Н гэх хүнийг танихгүй, бусдад орон сууцаа дамжуулан түрээслээгүй, өөр хүн амьдруулаагүй хариуцагчийн тайлбарлаж буй дээрх зөрчлийг гаргаагүй байхад анхан шатны шүүх ямар баримтад үндэслэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон гэсэн нь ойлгомжгүй, буруу дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Төрийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх гэрээг цуцалсан хариуцагчийн тушаал үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй гэж буруу дүгнэлт хийсэн. “ТОСК” нь гэрээг цуцлах нөхцөл, үндэслэл бүрдээгүй байхад ямар ч баримт, нотолгоогүйгээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд халдан зохигчийн хооронд байгуулсан гэрээг цуцлах тухай тушаал гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “... шийдвэр нь үндэслэл бүхий байх...”, 56 дугаар зүйлийн 56.4-т “Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ” гэх шаардлагад нийцээгүй. Гэрээг цуцлах маргаан бүхий тушаал захиргааны акт болохын хувьд нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчих хуульд заасан үндэслэл байх шаардлагатай.
Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй нь 2 ба түүнээс дээш удаа давтагдсан гэх “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-н ерөнхий захирлын 2017 оны А/45 тоот тушаалаар баталсан “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалтыг маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон. Үндэслэл болгосон уг журам нь эрх зүйн үйлчлэлтэй, иргэнд хариуцлага хүлээлгэх боломжтой байхын тулд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж зааснаар захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдсэн байх ёстой.
Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3-2/50 дугаартай лавлагааны хуудсаар маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон журам нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй болохыг тодорхойлсон.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасны дагуу түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй нь 2 ба түүнээс дээш удаа давтагдсан гэх шалтгаанаар нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэх буюу түүнтэй байгуулсан гэрээг цуцлах боломжгүй юм.
Түүнчлэн хэрэгт цугларсан баримтаар түрээслэгч нь түрээсийн орон сууцанд амьдран суугаагүй тохиолдолд гэрээг цуцлах үндэслэл байхгүй байхад анхан шатны шүүхээс гэрээнд заасан зориулалтаар нь ашиглаагүй буюу амьдран суугаагүй гэж нэхэмжлэгчийг буруутган, түүний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хууль бусаар халдаагүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Хэдийгээр нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулсан тохиолдол байсан ч төлбөрөө бүрэн төлж, төлбөрийн үлдэгдэлгүй болох нь хариуцагчийн гаргаж өгсөн түрээсийн төлбөрийн тооцооны баримтаар тогтоогддог. Хариуцагч мэдэгдэх, сонсгох ажиллагааг Захиргааны ерөнхий хууль болон зохигчийн хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу зохих ёсоор гүйцэтгээгүй байхад хариуцагчийг буруутгаагүй тухай “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын 2018 онд 1/1/885, 1/1/1503, 2019 оны 1/1/461 дүгээр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг нэхэмжлэгчид баталгаат шуудангаар хүргүүлж байсан. Түүнчлэн хариуцагч байгууллага 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр маргаан бүхий захиргааны акт гаргахдаа нэхэмжлэгчтэй холбоо барьж, гэрээ цуцлах тушаалыг танилцуулсан. Энэ нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцлах тушаал гаргахаас өмнө түүнд мэдэгдэх боломжтой байсан ч энэ ажиллагааг зохих ёсоор хийгээгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцлахаас өмнө гэрээг цуцлах болсон тухай мэдэгдлийг баталгаат шууданд хийгээгүй, нэхэмжлэгч рүү залгасан гэх боловч дуудлага хийсэн эсэх талаар баримт байхгүй байхад нэхэмжлэгчийг хаяг дээрээ байгаагүй, утсаа аваагүй гэж анхан шатны шүүхээс буруутгаж байгаа нь хариуцагчийн хийх ёстой ажиллагааг зөвтгөх үндэслэл болох боломжгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 482 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Маргаан бүхий 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/27 дугаар актаар “Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2017 оны А/45 дугаар тушаалаар баталсан “Төрийн өмчийн түрээсийн орон сууцад зорилтот бүлгийн иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.А-тай байгуулсан Увс/ЗГБ-3 дугаар “Төрийн түрээсийн орон сууцад орон сууц түрээслүүлэх” гэрээг цуцалсан байна.
Б.А нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-тай 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Увс/ЗГБ-3 дугаар Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Увс аймгийн Улаангом сумын Галданбошигт хорооллын 29 дүгээр байрны 5 давхар, 23 тоот 36 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Б.А-н эзэмшилд шилжүүлжээ.
Нэхэмжлэгчээс “...хариуцагч мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй, гэрээг цуцалсан хариуцагчийн тушаал нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн, гэрээнд заасан зөрчил гаргаагүй...” гэж маргаж байна.
2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх” Увс/ЗГБ-3 гэрээгээр Иргэний хуульд заасан орон сууц хөлслөх гэрээний дагуу зөвхөн амьдран суух зориулалтаар ашиглах, орон сууцыг дамжуулан түрээслэхгүй байх, мөн түрээсийн орон сууцанд түрээслэгч өөрөө амьдрахгүйгээр түрээсийн гэрээнд заагдсанаас өөр өрхийг амьдруулахгүй байхаар заажээ.
Увс/ЗГБ-3 дугаар Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7-д “Түрээслэгч нь Монгол Улсын хууль, бусад хууль тогтоомж, энэ гэрээ болон Төрийн орон сууц корпорацийн баталсан түрээслэгчид хамаарах аливаа дүрэм, журам, зааврыг дагаж мөрдөх” гэж, 2.1.12-д “Түрээслэгч нь гэрээ байгуулснаас орон сууцыг амьдран суух зориулалтаас өөрөөр ашигласан, аж ахуйн үйл ажиллагаа явуулсан, энэ гэрээгээр тохиролцсон нөхцөлийг удаа дараа зөрчсөн, түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй, орон сууцыг хэвийн элэгдэл хорогдлоос илүүтэй гэмтээсэн бол гэрээг цуцлана” гэж, 2.1.13-д “Түрээслэгч нь улирал, хагас жил, жилийн төлөвлөгөө гарган түрээсийн орон сууцны хэвийн ашиглалт, хамгаалалт, элэгдэл хорогдол болон түрээслэгч иргэн орон сууцыг өөрийн амьдран суух хэрэгцээг ханган амьдарч байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор түрээслэгчид урьдчилан мэдэгдэж, эсхүл мэдэгдэлгүйгээр гэнэтийн шалгалт, үзлэг хийх эрхтэй” гэж тус тус заажээ.
Хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/1/885 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/1/1503 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1/1/461 дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгүүдээр нэхэмжлэгч Б.А-д “...түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй нь ажлын 5 ба түүнээс дээш хоногоор, 2 ба түүнээс дээш удаа давтсан бол тус гэрээ дуусгавар болно...” гэх талаар удаа дараа сануулж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах ажиллагааг явуулсан нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улмаар Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар “Төрийн түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэдийн түрээсийн гэрээний биелэлтийг хангуулах, түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй иргэдэд арга хэмжээ авах ажлын удирдамжаар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Увс аймагт 3 хоногийн хугацаатай албан томилолтоор тусгай актив хариуцсан мэргэжилтэн Ц.Б-ийг ажиллуулсан бөгөөд тус томилолтын хугацаанд “...Б.А нь түрээсэлж буй орон сууцаа бусдад дамжуулан түрээслэж, түрээсэлсэн иргэн нь тэндээ мөрийтэй тоглоомчдыг цуглуулж удаа дараа архидан согтуурдаг...” байсныг иргэдийн мэдээллийн дагуу шалгаж, тайлангаа гаргасан байна. Өөрөөр хэлбэл гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн, хариуцагчаас удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн байхад сонсгох ажиллагаа хийгээгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.
Анхан шатны шүүхээс “...Зорилтот бүлгийг төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамруулах харилцааг зохицуулах “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2017 оны А/45 дугаар тушаалаар баталсан журам нь захиргааны хэм хэмжээний нэгдсэн санд бүртгэгдээгүй нь уг журмын дагуу анх сонгон шалгаруулалтад орох, гэрээ байгуулах, гэрээний нөхцөл шаардлагыг тогтоохтой холбоотой асуудалд уг журмыг баримтлах эсэхэд хамаарахаас бус журмын дагуу хүсэлтээ гарган, гэрээний нөхцөл шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсны дараа гэрээний нөхцөл шаардлагыг зөрчсөнийг нь зөвтгөх үндэслэл болж тайлбарлагдахгүй...” гэж үндэслэл бүхий дүгнэлтийг өгчээ.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох үүргийн хүрээнд хариуцагчаас гаргасан “2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/27 дугаартай иргэн Б.А-тай байгуулсан гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон байна.
Хэдийгээр “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2017 оны А/45 дугаар тушаалаар баталсан журам нь захиргааны хэм хэмжээний нэгдсэн санд бүртгэгдээгүй ч талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөлөөр “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/45 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг үндэслэн гэрээг байгуулсан тул маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Тодруулбал, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлын тушаалын дагуу байгуулагдан ажилласан ажлын хэсгийн томилолтоор Б.А нь түрээсийн орон сууцыг зориулалтын дагуу ашиглаагүй болохыг тогтоосон бөгөөд зорилтот бүлгийн иргэдийг гэрээнд заасан хамтран амьдрагчтай нь амьдран суулгах зорилгоор түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд Б.А нь өөрөө орон сууцанд хамтран амьдрагчтайгаа хамт амьдраагүй, бусад этгээдүүдийг байрлуулсан зөрчил гаргасан нь Төрийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх гэрээг цуцалсан хариуцагчийн тушаал үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 482 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН