Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар ХШТ/2026/08

 

М.М-т холбогдох

эрүүгийн хэрэг

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар         

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/226 дугаар цагаатгах тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ДШМ/54 дүгээр магадлалтай, М.М-т холбогдох 2512000000187 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлээр 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.М.М, 1985 оны 12 дугаар сарын 29-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сумын *** багийн “***” гэх газар оршин суух хаягтай, /РД: ***/,

урьд, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан.

Шүүгдэгч М.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр *** аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтайгаар улсын дугааргүй “Мустанг-5” маркийн механикжсан тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Прокурор Б.Тулга хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “…Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн, түүнээс биологийн дээж буюу цус авч, шинжлүүлсэн байдаг. Гэвч энэхүү мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан шаардлага хангаагүй, шинжлүүлэгч этгээд өөрөө сайн дураараа цус авахуулахаар хүсэлтээ албан ёсоор бичиж өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй нь мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй, хийгдвэл зохих ажиллагаа бүрэн бодитой хийгдээгүй байна. Энэ нь “М.М амьсгал дахь спиртийн агууламжаа шалгуулахаас зайлсхийсэн этгээд” гэсэн төлөвт шилжинэ. Энэхүү үйл баримт нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ба М.М ял завших нөхцөл байдал үүсэж байна.

Гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар М.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогддог. Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй. Хэрэв согтуурлын хэмжээг шалгаж, тогтоох ажиллагаа зөрчилтэй, амьсгал дахь спиртийн агууламжаа зохих журмын дагуу сайн дураараа шалгуулсан гэж үзвэл тэрхүү баримт хэрэгт авагдаагүй байхад энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар цагдаагийн алба хаагч Ч.Алтанзул нь М.М-ийг тээврийн хэрэгсэл жолоодох үед нь зогсоож согтуурал шалгах ажиллагаа явуулж, драгер багажаар шалгах үед иргэн М.М нь шалгуулахаас татгалзаж сайн дурын үндсэн дээр цусны шинжилгээ өгөхөөр болсон.

Түүнээс биологийн буюу цусны дээж авч, шинжилгээг явуулахад 1.4 промиль спиртийн зүйл илэрч согтолтын хөнгөн зэрэг тогтоогдсон бөгөөд шинжээч дүгнэлт гаргах үед дээж хүрэлцээгүй бол татгалзах үндэслэл болох байсан. Шинжээч дээж хүрэлцээтэй гэсэн дүгнэлтийг гаргасан ба хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээд болох Н.М нь гэрчээр мэдүүлэхдээ “...М манай гэрт унтаад өглөө явсан. Удалгүй мотоциклоо хураалгачихлаа. Өчигдрийн уусан архи гараагүй байна гэж хэлсэн...” талаар дурдсан. Мөн яллагдагч М.М-оос мэдүүлэг авахад “...өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн бөгөөд түүнийг эрүүдэн шүүсэн, хүчээр гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлсэн талаар гомдол гараагүй, эрүүдэн шүүж мэдүүлэг авсан нөхцөл байдал тогтоогдоогүй гэдгийг дурдах нь зүйтэй.

2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн АРХ0325/196 дугаартай шинжээчийн дүгнэлтийг яллагдагч М.М-т танилцуулахад санал хүсэлт гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн байдаг. Эдгээр баримтууд нь М.М-ийг урьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон баримт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж тодорхой зааж, нотлох баримтаар тооцохгүй байх тохиолдлууд болон уг асуудлыг шийдвэрлэх журмыг мөн хуулийн 16.11, 16.12 дугаар зүйлүүдэд дэлгэрүүлэн заасан. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл тогтоогдсон талаар хууль зүйн дүгнэлтийг үндэслэл бүхий хийх шаардлагатай. Нотлох баримтаар тооцохгүй байх ажиллагааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж буй эсэхэд хууль зүйн болоод Эрүүгийн эрх зүйн онолын хувьд дүгнэлт хийсний дараа тухайн баримтыг үнэлэхгүй, тооцохгүй байх тухай ойлголт юм. Хэргийн бодит байдалд ямар нөхцөл байдал үүсгэж, үр дүнд хүргэж болох талаар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хэрхэн хангаж чадахгүй байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр, нотлох баримтыг үнэлж, дүгнэх журам зөрчсөн гэж үзсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор С.Батсүрэн шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжиж байна. Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй, нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдээгүй, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаагүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэснийг хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзсэн. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч урьд нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл хүлээсэн гэдгээ мэдсээр байж дахин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад гарсан бичгийн хэлбэрийн зөрчлийг дурдаж, “хэрэг хянан шалгах ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй” гэж дүгнэсэн. Гэтэл шүүгдэгчийн цусан дахь шинжилгээгээр 1.4 промиль спиртийн агууламж илэрсэн талаарх шинжилгээний дүгнэлт, гэрч Ч.А, Н.М нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөрдөгч нь хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй, М.М нь согтуурлаа шалгуулахаас татгалзаж, өөрийн хүсэлтээр биологийн дээж буюу цус өгөхөөр болсон талаар тэмдэглэл үйлдэж, ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн.

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахдаа Засгийн газрын гишүүний баталсан журмыг баримтлах хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв баримтлах нь чухал. Иймд мөрдөгч нь М.М-ийн зөвшөөрлийн үндсэн дээр биологийн дээж авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн, хуульд заасан журмын дагуу тогтоол үйлдэж, хэргийн оролцогч болох М.М-т танилцуулсан, түүнээс авсан дээжийг шинжилгээний байгууллагад хүргүүлсэн зэргийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Шинжилгээний байгууллагад шилжүүлсэн биологийн дээж нь “4 миллилитр” гэж тэмдэглэгдсэн хэдий ч шинжилгээний дүгнэлт гаргахад хангалттай хүрэлцэхүйц хэмжээтэй байсан тул шинжээч шинжилгээг хийж гүйцэтгэсэн байна.

Нотлох баримтыг шалгах, үнэлэхтэй холбоотой асуудалд нотлох баримтын хамаарал буюу хэргийн үйл баримттай холбоотой эсэх, түүний хангалттай байдал, хэрэгт ач холбогдолтой эсэх, үнэн, зөв эргэлзээгүй байдал зэрэгт дүгнэлт хийх ёстой. Энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хууль бус аргаар цуглуулж бэхжүүлсэн, хэн нэгний эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлтэй байна...” гэв.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:                                                                       

1.Прокурор Б.Тулгын хяналтын шатны шүүхэд бичсэн “хууль хэрэглээний зөрүүг арилгуулах” агуулга бүхий эсэргүүцлийг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.

Хяналтын шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг бүхэлд нь хяналаа.

2.Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг тогтоохдоо хуулийн хэм хэмжээний бүтэц, түүний элементүүд /гипотез, диспозиц/, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг онол, арга зүйн үүднээс задлан шинжилж, түүнд тулгуурлан хууль зүйн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг магадлах замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

“Хууль хэрэглээний зөрүү” гэдэгт шүүх хуулийн нэг зүйл, заалт, эсхүл эрүүгийн эрх зүйн онол, шүүхийн практикт тогтсон ойлголтыг агуулгын хувьд өөрөөр тайлбарласан, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй буюу хэрэглэх ёсгүй хэм хэмжээг хэрэглэсэн, улмаар хууль хэрэглээний асуудлаар хоёр шатны шүүх зарчмын зөрүүтэй шийдвэр гаргасан нөхцөл байдлыг ойлгоно.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, тэдгээрийн хууль ёсны байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч М.М-ийг цагаатгасан нь хуульд нийцсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “нотлох баримт” гэдэг нь зөвхөн мэдээлэл агуулсан баримт бичиг бус, харин хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, эх сурвалж нь тодорхой, шалгаж тогтоогдсон мэдээлэл байх учиртай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чанд сахих нь хууль дээдлэх зарчмын үндсэн хэмжүүр болдог.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байх гэсэн шалгуурыг зэрэг хангасан байхыг нотолгооны онолд шаарддаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх бус, харин хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль дээдлэх зарчмыг хангахад оршдог.

Хэрэв нотлох баримт нь хууль ёсны байх шалгуурыг хангаагүй бол түүний агуулга хэдийгээр хэргийн бодит байдлыг илэрхийлж байсан ч шүүх түүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

5.Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтуудыг харилцан хамаарал, цогц байдлаар үнэлж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн шаардлагад нийцжээ.

Тодруулбал, Замын цагдаагийн зохицуулагч Ч.Алтанзулын явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “М.М нь согтуурлаа шалгуулахаас татгалзаж, өөрийн хүсэлтээр биологийн дээж /цус/ өгөхөөр болсон тул дээж авах шаардлагатай”-г 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл”-д тусгагдсан байна.

Биологийн дээж авах ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтын эх сурвалжийг бүрдүүлэхэд чиглэсэн, хуульд нарийвчлан журамласан онцгой ажиллагаа бөгөөд уг ажиллагааг хуульд заасан журмыг зөрчиж явуулсан тохиолдолд түүнд үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлт нотлох баримтын ач холбогдолгүй болох эрх зүйн үр дагавар үүсдэг болно.

Дээрх үйл баримтаас үзэхэд, М.М согтуурлаа шалгуулахаас татгалзаж, өөрийн хүсэлтээр биологийн дээж өгөхөөр болсон нөхцөл байдалд цагдаагийн байгууллагын ажилтан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн захирамжилсан /императив/ хэм хэмжээг зөрчсөн байна.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч ...хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авахыг... прокурорын зөвшөөрлөөр явуулна” гэж, мөн хуулийн 22.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг явуулах саналыг мөрдөгч прокурорт гаргахаар тус тус хуульчилсан.

Энэ нь хүний бие махбод, халдашгүй байдалд халдах аливаа мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн хөндлөнгийн хяналттайгаар, хуулийн нарийн дэг журмын дор явагдах ёстой гэсэн хүний эрхийн баталгааны зарчим, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт юм.

Цагдаагийн байгууллагын ажилтан зөвшөөрснөөс бусдыг хориглох, процессын хэм хэмжээг чанд сахих үүрэгтэй. Хэдийгээр М.М амаар хүсэлт гаргасан гэх боловч энэ нь мөрдөгчийг хуульд заасан прокурорын зөвшөөрөл авах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болох эрхтэй хэдий ч прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг прокурорт бичгээр хүргүүлэхээр хуульчилжээ.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгчийн баримт, тайлбарыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэдэг.

Цагаатгагдсан этгээд М.М-ийн биеэс биологийн дээж авах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулсан хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэйд тооцуулах хуулиар хүлээсэн үүргээ мөрдөгч биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.

8.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтын зөвшөөрөгдөх байдлын шаардлагыг хангасан, хууль ёсны баримтад тулгуурах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим бөгөөд энэ гэмт хэргийн объектив талын заавал байх шинж болох согтуурсан эсэхийг тогтоохдоо хууль зөрчиж цуглуулсан баримтыг ашиглах нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зөвшөөрөлгүйгээр биологийн дээжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлд хамаарах тул хууль бус аргаар бэхжүүлсэн дээжид хийсэн шинжээчийн дүгнэлт нотлох чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Иймд М.М-ийг цагаатгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор Б.Тулгын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/226 дугаар цагаатгах тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ДШМ/54 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, прокурор Б.Тулгын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                                               ДАРГАЛАГЧ                                                    Ц.ОЧ

                                                ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                           М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                            Ч.ХОСБАЯР